• Өнөөдөр 2024-10-06

ТАРИАН ТҮРҮҮ БОЛОВСРОХ ТУСМАА МЭХИЙНЭ

2024-09-14,   643

- "Алтан өд"-ийн шагналт зохиолч, яруу найрагч Ц.Гончиг

 

Сумын төвийн хуучин зочид буудлын өрөөнөө бүдэг бадагхан үүр тэмдэгрэх ахуйд хүүгээ үүрд алдсан тухай мэдээг хүлээн авсан нэгэн эр тамхи татаад, цонхоор ширтэж зогссоныг харсанаас хойш хэдийнэ 10 гаруй жил улирчээ.  

       “...Ах нь ингээд шууд хөдөллөө...” гэж эрс хэлээд богц болтол элэгдсэн ширэн цүнхээ мөрлөж, бор цэмбэн хүрэмний хормой дэрвүүлэн буудлын өрөөнөөс гарч одсон тэр өдрөөс хойш бид хоёр хурал цуглаанаар голдуу уулзалдаж, алба ажлаар түлхүү зөвлөлдөж, ах дүүсийн хувиар дотночилсоор өдийг хүрчээ.

Уулзаад салах бүрийн ар дээр тамхиа нэрж аваад мөнөөх л ширэн цүнхээ мөрлөж, цэмбэн хүрэмний хормой дэрвүүлэн ажил төрөл хөөцөлдөхөөр, аль эсвэл “...Ах нь ингээд шууд хөдөллөө...” гэх өнөөх л үгээ хэлээд албаныхаа бор ногоон УАЗ-469 машиндаа суугаад жилийж өгнө.

Ийн салах бүрийд харин надад мөнөөх үүрээр цонхны дэргэд эмтэрч зогссон түүний бараа дүр нь үе үес бодогдоно.

Тэгэхэд би Тариалан суманд улс төрийн судалгааны ажлаар очиж билээ. Очсон даруйдаа  Ц.Хөвсгөлдалай даргын өрөөнд орж хэрэг зоригоо танилцуулав. Энэ үед би Хөвсгөл аймгийн Монгол Ардын Намд улс төрийн ажилтнаар ажиллаад жил гаруй болчихсон байсан тул бид хэн хэнээ овоо гадарлана.

Хүмүүсийн дуудаж авгайлсанаар “Хөөеө” дарга Тариалан сумын Засаг даргын ажлыг эрхлэхээс гадна сумынхаа намын даргаар ажиллах тул миний судалгааны ажилд дэмжлэг болох бүхий л зүйлийг жин тан төлөвлөсөн ажээ. 

Ажлын цаг дуусаж байсанд намайг хуучны хоёр давхар зочид буудлын дээд давхарын өрөөнд биечлэн байрлуулаад цонхоор зааж “Энүүхэн харагдаж байгаа манайх. Би хоол болохоор чамайг дуудъя. Гуанз энэ тэр гэснээс тэр нь шулуухан биз дээ. Айн” гэж асуух тушаахын завсар хэлэв. Би ч зөрсөнгүй ээ. Шуудангийн унаа оройтсоноос аль өглөөгүүр идсэн хоол шингэж өлсөж байгаа ч гэж жигтэйхэн.

Удалгүй утас жингэнэж урилга ирэв. Хөөеө даргын гэргий Мөөжиг эгч сайхан гурилтай шөл зэхжээ. Би хоолны ширээнээ дэвссэн тунгалаг хулдааны доогуур эгнүүлэн шургуулсан сонингийн хайчилбаруудыг уншингаа тэднийд оройн зоог барив.

Тухайн жилийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдээс эхлээд засаг төрийн мэдээ сэлт, хүлэмж барих, ногоо даршилахаас өгсүүлээд ахуй амьдралын элдэв зөвлөгөө, өөрийгөө таних сонжоо, хөнгөн инээх онигоог хүртэл хайчлан хийжээ.

       Бидний яриа сум орон нутгийн иргэдийн ахуй амьдралаас, төрийн бодлого шийдвэр хүртэлх өргөн сэдвийг хамарч бараад Хөвсгөлдалай даргын ар амьдрал дээр нэлээн тогтож жаал хуучилсан юмдаг. Тэр орой би тэдний дөрвөн хүүхдийн том нь юутай ч гадаад оронд ажиллаж амьдардагийг мэдсэн билээ.

 

Удалгүй миний утас жигнэж уулзахаар товлосон нөхөд буусан буудалд ирсэнийг дуулаад өглөө ахин ирж цайлаад ажилдаа шуудрахаар тохирон тэднийхээс гарав.

 

Журмын нөхөд надад шимийн дарстай иржээ. Бид хөзөр дэлгэж, дарс хөнтөрч бас жаахан нэмж даврав. Тэд гарахдаа өрөөг хуучин хэвэнд цэгцэлж, тарьсан хогоо хүртэл барьж ирсэн уутандаа ширхэгчлэн хийгээд авч гарахдаа “Аягүй бол Хөвсгөлдалай дарга өглөө ороод ирж мэдэшгүй” тул энэ нь найдвартай хэмээлдэхүй. 

            Гэтэл Хөөеө дарга өглөө биш үүрээр буудлын өрөөнд орж ирсэн нь тэр билээ. Хөвсгөлдалай дарга урд орой нь  дурсаж суусан Чех Улсад амьдардаг том хүү нь зуурдаар өөд болсон мэдээг намайг гэрээс нь гарсаны дөнгөж дараахан нь авчээ. Шөнө унталгүй хойно үлдэх ажлаа зохих хүмүүст хариуцуулан өгч цэгцэлсээр төгсгөлд нь над дээр ирсэн нь энэ аж.

            Өглөө хаана цай уухаас эхлээд өөрийг нь орлож үлдсэн хүнтэй уулзах, ажил төрлөө гүйцэтгэж дуусаад хэрхэн учраа олж буцах хүртэлх хэрэг явдлыг товчлон тайлбарлаж өгсөний дараа тэмдэгрэж буй үүрийг өрөөний цонхоор ширтэн тамхилж аваад “...Ах нь ингээд шууд хөдөллөө...” хэмээгээд гарч одсон нь тэр билээ.

            “Хүний хэд нь ийм байх билээ дээ. Ийм мэдээ сонсвол тул загас мэт тулбиран  гаслахаас илүүг бид хийж чадна гэж үү" Хөвсгөлдалай дарга харин тэгсэнгүй. Гашуудлын мэдээг аваад л засаг төрийн ажлаа бодож шөнөжин гүйж. Хөөрхий. Ингэхдээ намайг ч бас мартсангүй. Уг нь би яав л гэж дээ. Ажлаа амжуулаад л буцна биз. Ийн атал алгасаж орхисонгүй дээ”  гэж бодсоор нойр хулжив. Үүр даруй тодрон гийж  төдөлгүй өглөөний наран манддагаараа мандлаа. 

Харин миний дотор Хөөеө даргын гэрт оройн зоог барих ахуйдаа ширээн дээрх сонины хайчилбарууд дунд нэлээн удсан нь болов уу гэмээр шарласан тасархайнаас уншсан “Тариан түрүү, эрдэмт хүмүүн хоёр боловсрох тусмаа мэхийнэ... Япон ардын үг” хэмээсэн үгс дурайсаар үлдэж билээ. 

Үүрийн тэр уулзалтаас Хөвсгөлдалай даргатай таарах бүрдээ түүнд гүнээ мэхийн хүндлэх сэтгэл цээжин цаана тунан үлджээ.

Тэр өдрөөс хойш Тариалан суманд ажил, төрөл залгуулахаар хэчнээн очсоноо одоо тоолж санах нь өнгөрчээ. Очих бүрийд ажил хэргийн сэжим яаж ийгээд л Засаг даргатай шууд холбогдож орхино. Ц.Хөвсгөлдалай даргыг албан хаагчид нь төдийгүй ард иргэд нь хүндэтгэх гэж жигтэйхэн. Ерөөс Тариалан сумын ард иргэд нь  төр, захиргааны албан хаагчидаа гойд хүндэтгэн бараг бүгдийг нь “дарга” хэмээн гэж дуудах нь элбэг.

Газрын даамлыг газрын дарга, Иргэний бүртгэлийн ажилтнаа иргэний бүртгэлийн дарга гэж өөд нь татах бөгөөд  байгаль орчны байцаагчаа хэн нэгнээсээ “Байгаль орчны дарга байна уу” хэмээн Тамгын газрын үүдээр сураглана. Эхлээд чихэнд нэг л дасаж өгөхгүй “Яасан бялдууч зусар улсав” гэх юм уу эсвэл энэ албан хаагчид нь яасан “даргархаг” хүмүүс вэ" гэсэн бодол төрнө. Гэхдээ энэ бүхний учрыг нарийн тодлон анхаарч харвал ердөө л төр нь төр шиг байх тул иргэд нь хүндэтгэдэг аж. Албан хаагчид нь хэдий “дарга” хэмээн дуудуулсан ч огшиж бадраад байдаггүй хийх ёстойгоо жин тан хийж улсын үйлчилгээгээ чирэгдэлгүй хүргэдэг нь анзаарагдана.

Ийм хэв жаяг, үйлчилгээ, төрийн ажлын нэр хүнд тогтож үлдсэн нь Хөөеө даргатай шууд холбоотой гэхэд дэгс болохгүй. Ц.Хөвсгөлдалай дарга Тариалан суманд тасралтгүй 20 жил Засаг даргаар сонгогдон ажиллажээ. Нэг суманд тасралтгүй 20 жил Засаг даргаар ажилласан тохиол манай улс ардчилсан чөлөөт сонгуулийн тогтолцоонд шилжсэнээс хойших 30 гаруй жилд Тариалан сумаас өөр сум, Хөөеө даргаас өөр хүнд гарсан нь үгүй. Өмнө нь ч бас юу л бол.  

       Нэг удаа “Та Засаг дарга хийхээсээ өмнө юу хийж байсан билээ” гээд сонирхонгуй асуутал, “Сумын Засаг даргын Тамгын газрын дарга”, “Түүнээс өмнө”, “Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн дарга”, “Тэрний өмнө” гэж лавуулахад “Залуучуудын эвлэлийн хорооны дарга” гэхэд нь “Та арай 10 жилийн сургуульд байхдаа ангийн дарга хийж байсан юм биш биз” гээд цаашлуулах байртай асуутал “Бүр 10 жил хийсэн гээч” гэж тоглосон шинжгүй хариулж билээ.

Санхүүгийн техникумд ч очоод мөн л ангийн дарга болчихсон гэдэг. Та ер нь дарга байх л хувь тавиланд төржээ гэхэд минь “Цэрэгт очоод зургаан сар болоод л жагсаалын дарга болчихсон юм. Гурван жилийн цэрэгт очоод зургаан сарын дотор цол авчих тохиолдол тийм ч элбэг биш байх. Дээрээ хоёр оны цэрэгтэй бэрх л байлаа. Халагдах цэргүүд ч намайг нэг их тоохгүй. Харин хоёр жил болсон “асман” юмнуудтай их үздэг байж билээ. Дарга байх хувь тавилан гэж юу байх вэ. Хүмүүс л намайг сонгочихдог юм. Би дарга болно гэж гүйж байсан нэг ч юм байхгүй” гэнэ.

 

“Тариаланд сумын төв дэлгүүрийн өмнө хоёр халамцуу залуу улайрсан бух шиг сүр бараатай мөргөлдөж байж л дээ. Найз нөхөд, садан төрлүүд нь ч салгаж барахгүй хий л тойрч тойголсоор сүүлдээ тэр хоёрыг салгаж чадангүй дээ цугласан улс нэгэнт эвлэрч үзэгчидийн байр байдалд шилжсэн байв. Гэтэл хэн нэгэн нь “Хүүе, Хөөеө дарга” гэхэд ана мана зодолдож  байсан хоёр нам гүм болчихжээ. Булан тойрч гарч ирсэн Ц.Хөвсгөлдалай дарга цугласан олны хажуугаар өнгөрхөд өнөөх хоёр чухам хагацашгүй нөхөр мэт аяглаж байв гэнэ. Хөөеө даргыг явж өнгөрсний дараа өнөөх сүрхий зодооноо үргэлжүүлэх гэж нэг үзээд нэгэнт эрч нь буурчихсан тул олигтой зодоон ч гарах шинжгүй болж үзэгчид ч таран одсон гэнэ”

 

 

 -Танай сумынхан таныг өөр зуураа “Догшин хар” гэж хочлох юм та тийм ширүүн догшин хүн үү

“Шаардлага өндөртэй л байх. Залуудаа ч яах вэ, жаахан ширүүн хандчих юм байсан байсан. Архи дарс уусан юмнууд, ажлын хариуцлага алдсан хүмүүсийг цалин мөнгө, ажил албатай нь ярихаар цаад амьдрал нь бодогдоод бас хэцүү. Ганц нэг алгадчихсан  нь бараг шулуун, үр дүнтэй ч байх шиг санагддаг л юм. Одоо тэгээд нас яваад, нийгэм өөрчлөгдөж хүний эрхийн асуудал яригддаг болчихоод больсон, больсон”

-Танд догшин хараас өөр хоч бий юу юү

-“Уурын зуухныхан намайгаа харин “Хадам эцэг” гэж байдаг байгаа. Үдэш бүхэн ажлыг нь шалгаад байхаар “Хадам эцэг” гэж байхгүй юу. Би  унтахаасаа өмнө заавал сумынхаа уурын зуухаа эргэдэг юм. Хүйтэнд хөлдөөчихвөл ёстой баларсан юм болно. Зуух зогслоо л бол энэ сумын эмнэлэг, сургууль цэцэрлэг юу болно гэж бодож байна. Маш онцгой обьект. Ер нь тэгээд засаг дарга хүн гэдэг бүх юманд л санаа тавьж байх ёстой байдаг.

“1980 оны эхээр хөрш зэргэлдээ Тариалан, Эрдэнэбулган сумдын атманууд нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцах болж. Юунаас ч эхэлсэн юм мэдэхгүй их л айхтар хагарч. Улмаар сумын холбоон дээр нэгнээ ээлжлэн дуудуулж утсаар ярьсаар уулзах газар, цаг нараа ч нарийн товложээ. Товлосон өдөр нь нойтон цасан шамрагатай өдөр таарч. Хуртай ч хугацаандаа, бороотой ч болзоондоо гэж жигтэйхэн хүйтэн цасан шуургатай өдөр тал талаасаа унаа хөсгөө түрэх нь түрж чирэх нь чирсээр Чичингийн дөрөлж дээр  хоёр сумын залуус гарч ирж. Зам зуур цасан шуурганд нүдүүлсээр хамаг тамираа барчихсан амьтад юуных нь зодолдох байхав. Сайхан танилцаж өвөртөлж ирсэн юмсаа задалж хуваагаад салсан гэдэг”

-Энэ “ажил хэрэгч” маягын уулзалтанд Тариалан сумын хамгийн том атман Ц.Хөвсгөлдалай гээд гялалзсан нүдтэй, шөвгөр бор залуу ирж байсан гэж таны үеийн Эрдэнэбулган сумын томчуул нэгэнтээ хуучилж билээ. “Та тийм атман явсан юм уу” гэхэд Хөөеө дарга “Юм хоёр талтай. Би залуудаа аймгийн сагсан бөмбөгийн шигшээд таван жил тоглосон хүн шүү. Хөдөлгөөнтэй ч байсан. Тэр үед залуучуудын эвлэлийн дарга ч байсан л байх. Хэдэн юм явуулчихаад юу болно гэж хүлээж суухав гээд л явсан байх даа.”

-“Хэрэв цасан шуургатай өдөр таараагүй бол, эсвэл яг зодолдох дээрээ тулсан бол та яах байсан юм бэ” гэхэд  “Ойлгомжтой шүү дээ” товчхон хариулна.

–Аймгийн сагсан бөмбөгийн шигшээд байсан гэхээр спортод бол сайн л байж. “Ингэхэд та ер нь дуулж хуурдах талдаа ямар вэ” гэж асуухад “Өө муу муу. Гэхдээ би нэг удаа тайзан дээр гурван удаа дахиулсан шүү”

–Тэгвэл ч шаггүй дуучин юм гэхэд минь “Жилдээ хоёр удаа Тамгын газрынхантай хөдөөгийн багууддаа өдөрлөг зохион байгуулдаг юм. Төр засгийн хууль дүрэм сурталчилна. Иргэдийн санал бодол, тулгамдсан асуудлыг судална. Тэгээд орой нь явсан бүрэлдэхүүн урлагийн тоглолтоор үйлчилнэ. Нэг удаа намайг дуу л гээд. Албан шахалтаар дуулсан юм. Манай сумынхан яах вэ, хүний мууд дуртай улс намайгаа бүр гурав дахиулаад. Тэрнээс миний дуулах гэж хаашаа харсан юм байх вэ” гээд инээж билээ.

Хэнийг ч алгадаад авах догшин дүртэй даргын царайны цаана хэнэггүй, хариуцлагагүй залуугийн хэтэвчинд орох талхны мөнгө, хэтийн ирээдүйд нь санаа зовсон эцгийн ухаан нь мань хүнд ойворгон нөхдийн хоморгонд оройлж явахдаа осолдчихвий, алдчихвий гэж дагаж явж асан залуу цагаас нь үлджээ.

“Догшин харын маань дотор нь цагаан юм” гээд Тариалангийнхан Хөөеөдөө хир халдаахгүй.

Тариалан сум ажил үйлсээрээ аймагтаа ёс юм шиг л магнайлна. Хөөеө дарга тамгын газрынхантайгаа ирж ажлаа дүгнүүлээд цом, туг, шагналын хэдэн төгрөгөө хамж аваад “...Ах нь ингээд шууд хөдөллөө...” гэсээр гарч одно. 

2014 онд Тариалан сум жин өгсөж барилдах боллоо. 2009 онд батлагдсан Улсын тэргүүний сум шалгаруулах журамд заасан болзолын дагуу тайлангаа жибийлгэжээ. Хоёр жил тутамд улсын тэргүүний сумыг шалгаруулан алдаршуулах тус журмын дагуу тайланг аймагтаа хэлэлцүүлж холбогдох бичиг баримтыг дагалдуулан хангайн бүсэд илгээв.

Орхон, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл гэсэн зургаан аймгийн шилдэг сумдаас зөвхөн нэг сумыг тодорхойлон засгийн газарт өргөн мэдүүлэх заалтыг дагуу шийдвэр гарч санал нэгтэйгээр Хөвсгөл аймгийн Тариалан сумын материалыг илгээсэн тухайгаа бүсийн зөвлөлөөс мэдэгджээ.

 

Мань эрийн царай додигор, алхаа ажуу, сэтгэл амарсан бололтой явна. “Улсын тэргүүний сумын шагналд хэдэн төгрөг дагадаг юм бэ” гэж асуухад “100 сая төгрөг” гээд царайд нь мишээл тодорно. “Зад наргих нь дээ” гэж намайг амны алдаа гаргахад “Чишш тэр чинь бас журамтай эд хөөе. 10 хувийг нь л шагналд зарцуулж болно гэж байгаа юм. Үлдсэнээр нь хөрөнгө оруулалтын ажил хийнэ” хэмээн залруулна. “90 сая төгрөгөөр юу хийх вэ” гэхэд “Сумын төвийн гол гудамжаа яаж ийгээд хуччих юм сан” гээд тамхиа шившинэ.

 

Удалгүй “Цагийн хүрд”-ээр засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Байдал өөрөөр эргэжээ. Өнөөх хангайн бүсээс гарцаагүй шалгараад явсан ганц сумын нэр нь байдаггүй. Оронд нь өөр аймгийн өөр сумын нэр тодорчээ.

Маргааш нь Хөөеө дарга руу залгавал тун ч цухалдуу “Өвөрхангайн бүсийн комисс руу залгасан яах аргагүй танай сумын материал явсан. Засгийн газрын хуралдаанаас тодорсон гээд байгаа сумын материал нь одоо хүртэл миний ширээн дээр байж л байна” гэж байна. “Хаана байна тэр шударга ёс. Хаана байна тэр нээлттэй засаг. Хаана байна тэр хууль журам. Хаана байна”.

       Асуудал тодорхой ажээ. “Нэг сайд нь өөрийн тойргын сумын материалыг ханцуйлж ороод Тариалан сумыг баллуурдчихжээ” гэхэд “Ард иргэдийн ариун цагаан хөдөлмөр, ахин дэвжих хүслийг албан тушаалтан баллуурдаггүй юм. Хэл, хөл хоёроо хүрэх газраа явна даа” гээд утсаа салгачихав.

Аваагүй шагналынх нь мөнгийг алаагүй баавгайн арьс шиг хуваан ярьж хуурмаг найдвар нэмж суусандаа би жаахан гэмшиж билээ.

Тэр жил Тариаланд ажлаар очоод Хөөеө даргын өрөөнд ороход ханан дахь сумынхаа газрын зураг дээр баахан өнгийн цаасан дээр он сар, хүний нэр бичээд наачихсан байж билээ.

“Энэ ямар учиртай эд вэ” гэхэд “Манай сумын жирэмсэний хяналтын карт байгаа юм. Жирэмсэн эхчүүд байршил бүрээрээ байна. Цагаан нь хяналтанд ороод удаагүй байгаа эмэгтэйчүүд,   улаан нь хугацаа дөхсөн нь хүмүүс, зурагны дор тогтоосон жижиг хайрцагт төрсөн эхчүүдийн нэрс” гэнэ.

“Тэгвэл энэ ногоон нь ямар учиртай юм бэ” хэмээн тодруулахад “Наадуул чинь жаахан хүндрэлтэй төрөөд байдаг юм аа. Тэр шар өнгийн цаасан дээрх нэрс нь анхны төрөлтүүд. Бороо ус их орвол энэ айлд очиж эмнэлэгийн тусламж үзүүлэхэд хэцүү болчихдог юм. Тэхээр нь би хэдий анхны төрөлт биш ч гэсэн шар цаасан дээр биччихсэн” хэмээн хашир жанжин газрын зураг дээр байлдааны ажиллагаа тайлбарлах шиг л яриж өгөв. Бичсэн нэрсийн дор хяналтын үзлэгт орох хугацаа, төрөх хугацааг нь тэмдэглэжээ.

“Та ч бүр Тунгалаг тамирын Итгэлт баян шиг дундаа цэгтэй дөрвөлжин нь хээлтэй гүү гэдэг шиг л дансалжээ.” гэж намайг омтгойрход “Эх нярайн эндэгдэл гаргагүй л гэж хичээж байна. Энэ улс орны Хүний хөгжлийн индексийг дундаж наслалт тэр дундаа энэ нярайн эндэгдэл л хойш нь татаж байна шүү дээ. Улсын хөгжил сумаас эхэлдэг л гээд байдаг. Сумандаа ядаж эх нярайн эндэгдэлгүй байвал улс орны үзүүлэлтийг дээш нь татдаггүй юмаа гэхэд доош нь унагагүй байж болмоор санагдаад л ийм юм хийж сууна” гэж билээ.

Улсынхаа хүний хөгжлийн индексийг унагачихгүй юм сан гэж суугаа сумын даргын хэл, хөл хоёр тэр жил яаж ч яваад засгийн шийдвэрийг өөрчлөж “Улсын тэргүүний сум” болж чадаагүй юм.

       Харин “Ард иргэдийн ариун цагаан хөдөлмөр, ахин дэвжих хүслийг албан тушаалтанаар баллуурдуулахгүй.” гэсэн үгэндээ хүрч түүнээс дөрвөн жилийн дараа 2018 онд Тариалан сум улсын тэргүүний сумаар шалгарсан билээ.

 

Тариалан сумын Засаг даргаар 20 жил тасралтгүй ажиллаад гавьяаны амралтандаа суухад нь төр засаг “Үйлчилгээний гавьяат ажилтан” цол тэмдгээр Ц.Хөвсгөлдалай даргыг шагнажээ.

 

Зарим нэг алдартан лугаа нэрний нь өмнө эсвэл хойно нь “Гавьяат аа” хэмээн дуудвал огтхон ч зохимооргүй мэт санагдах боловсорч гүйцсэн хөх буудай шиг эгэл нэгэн эр Тариалан сумынхаа хүн зоны дунд хуучин цагийн төрийн сүлдийг эмжсэн тариан түрүү лугаа мэхийн амьдарч явна.

 

2024.07.10

 


ТАРИАН ТҮРҮҮ БОЛОВСРОХ ТУСМАА МЭХИЙНЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-11 01:20:55
    ганаа: нүдэнд харагдаж гарт баригдтал бичжээ. үнэхээрийн төрийн хар хүн дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-10 22:56:29
    Э.Зоригт: Аавтай минь олон жил ажилласан ах даа. Одоо би ч хамтдаан улс төрд суралцаж ажиллаж байна. Хааяаа даа ганц нэг шанаадуулж л явлаа. Би энэ хүнээс нэг л зарчмыг сурсан. Аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийх. Ээ дээ мөн чиг сайн дарга даа..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-10 21:50:08
    ИРГЭН: Эрхэм дүү мөнч сайхан бичжээ Ёстой дотор нь орж бүхнийг нь уудлан гаргах шиг бүхий л үнэнийг нүдэнд харагдаж чихэнд сонсогдож буй мэт бичжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-10 21:22:34
    Иргэн : Манай сумын даргыг яг л голыг нь олоод бичсэн бна. Жирэмсэн эхчүүдийг хүртэл давхар хянадаг байсан юм даа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188