• Өнөөдөр 2026-10-04

ЖҮДО БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН СУГАЛАА БОЛЖ, ОНООЛТ ГАРЛАА

2026-10-04,   216

Азербайжан Улсын Баку хотод жүдо бөхийн 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. Өчигдөр аравдугаар сарын 3-ны өдөр тамирчдын сугалаа явагдаж, жин тус бүрийн оноолт гарлаа. ДАШТ аравдугаар сарын 4-10-ны өдрүүдэд явагдаж өндөрлөнө. Энэ удаагийн ДАШТ-д 93 орны эрэгтэй 335, эмэгтэй 287, нийт 622 тамирчин өрсөлдөх гэж байна. ДАШТ-ий эхний өдөр Б.Сүхбат, Т.Түмэнжаргал, Ё.Басхүү, Ө.Бямбасүрэн, Б.Нармандах, Б.Баасанхүү, Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, Б.Хорлоодой нар барилдана.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ-Д Б.СҮХБАТ,Т.ТҮМЭНЖАРГАЛ

   Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 43 тамирчин барилдана. Манай улсаас ОУХМ Бямбасүрэнгийн Сүхбат, Түвшинтөрийн Түмэнжаргал нар өрсөлдөх юм. ОУХМ Б.Сүхбат “С” хэсгийн нэгдүгээр тойрогт амаргүй, хүчтэй өрсөлдөгч Украины Artem LESIUK-тай таарсан. Хэрэв түүнийг ялж чадвал хоёрдугаар тойрогт Хятадын Jiahao SUN-тай барилдана.

    Т.Түмэнжаргал “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Узбекистаны Bakhrom BOTUROV-тай таарсан. Түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Азербайжаны Ahmad YUSIFOV-той хүч үзнэ.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-Д Ё.БАСХҮҮ, Ө.БЯМБАСҮРЭН, Б.НАРМАНДАХ

    Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 48 тамирчин өрсөлдөнө. Манай улсаас МУГТ Ёндонпэрэнлэйн Басхүү, залуу тамирчин Өлзийбаярын Бямбасүрэн, АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Баянмөнхийн Нармандах нар барилдана. Ө.Бямбасүрэн “А”хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Киперийн Georgios BALARJISHVILI, Тайванийн Chong-You LIN нарын хэн ялсантай барилдах юм.

МУГТ Ё.Басхүү “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Английн Charlie YOUNG, Унгарын Bence PONGRACZ нарын хэн ялсантай барилдана.

    АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Б.Нармандах “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Аргентины Joaquin TOVAGLIARI-тай барилдана. Түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Испанийн David GARCIA TORNE-той хүч үзнэ.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48 КГ-Д Б.БААСАНХҮҮ, Ж.АНУДАРЬ

    Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 38 тамирчин өрсөлдөнө. Манай улсаас МУГТ Бавуудоржийн Баасанхүү, ОУХМ Жамсрангийн Анударь нар барилдана.          Ж.Анударь “А”хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Бразилын Clarice RIBEIRO-той таарсан. Хэрэв түүнийг буулган авч чадвал гуравдугаар тойрогт Энэтхэг болон Прагвай Улсын тамирчдын хэн ялсантай барилдах юм.

   МУГТ Б.Баасанхүү “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Казахстаны Galiya TYNBAYEVA, Тайваний LIN Chen-Hao нарын хэн ялсантай хүч сорино.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ-Д М.НАНДИН-ЭРДЭНЭ, Б.УРАНЗАЯА, Б.ХОРЛООДОЙ

     Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 37 тамирчин өрсөлдөнө. Манай улсаас ОУХМ Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ,залуу тамирчин Баянмөнхийн Уранзаяа, АНЭУ-ын нэр дээр барилдаж буй ОУХМ Бишрэлтийн Хорлоодой нар барилдана.

    Б.Уранзаяа “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Канадын Evelyn BEATON-той таарлаа. Түүнийг ялах юм бол гуравдугаар тойрогт Унгарын PUPP Reka, АНЭУ-ын Б.Хорлоодой нарын хэн ялсантай хүч сорино.

   М.Нандин-Эрдэнэ “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын HWANG Suryeon-той барилдана. Хэрэв түүнийг ялах юм бол гуравдугаар тойрогт Германы Mascha BALLHAUS, Хорватын Tihea TOPOLOVEC нарын хэн ялсантай өрсөлдөнө.

   Б.Хорлоодой “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Унгарын PUPP Reka, Хонконгийн Shuk Ki TSUI нарын хэн ялсантай барилдана.

 

 

 

 


 

 


ЖҮДО БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН СУГАЛАА БОЛЖ, ОНООЛТ ГАРЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188