• Өнөөдөр 2026-04-14

Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА

2026-04-14,   4

ОДООГООС 30 ЖИЛИЙН ӨМНӨ ААВ МИНЬ ЦЭЛ ЗАЛУУХАН ТАВАН ЗАЛУУГИЙН ХАМТ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ АЛТАН АМИА ӨРГӨСӨН ДӨӨ 

          ...Олон арван жил ургах гэж “тэмцсэн” моддыг, амьтдын үүр, малын хашаа хороо, хүмүүсийн амь, амьдралыг хормын дотор юутай хээтэй нь бүр мөсөн авч оддог байгалийн гамшиг бол ой, хээрийн түймэр. 1996 оны тавдугаар сард Орос, Монголын хил дагуух ой тайга тэр чигтээ шатаж, хил дамнасан их аюул нүүрлэсэн нь Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Бугант, Ялбага гээд бусад нэлээдгүй газрыг хамарсан байдаг. Тэр хавар хуурайшилт ихтэй байсан учир 10 гаруй аймгийн 40 орчим суманд хээрийн түймэр тархаж, байгаль дэлхий олон хоногийн турш сүйдэж, мал сүрэг, өвс тэжээл, хашаа,  хороо, айл гэр шатах нь битгий хэл олон хүний амь эрсдсэн хатуу жил болж өнгөрсөн байдаг. Зэрлэг амьтад хүртэл ойгоос дайжиж, Ерөө гол дагуу бууж ирээд хаачихаа мэдэхгүй бэмбэгнэн хуйларч байсан гэх. Энэ аюул Сэлэнгэ аймгийн Ерөө суманд л гэхэд бүтэн сар үргэлжилж, нутгийн ард түмэн хоолтой, хоолгүй, нойртой нойргүй, өдөр шөнийн алинд ч түймэр унтраах тэсвэр тэвчээр, эр зориг, чин үнэнч сэтгэл сорьсон ажилд дайчлагдаж байжээ. Тэдний нэг бол Ерөө сумын Засаг дарга Ц.Энхсайхан байлаа. Хэдийгээр сумын Засаг дарга ч гэлээ тэр их түймэрийг зүгээр хараад, гараа хумиад сууж чадалгүй өөрийн биеэр түймэр унтраах ажилд гар бие оролцож, олон хоног нойргүй гал манаж хоносон хүмүүсийн нэг нь байсан гэдэг. Харамсалтай нь тэрээр 1996 оны тавдугаар сарын 26-нд Ерөө сумын Минж Бадам уулын ард Хужиртын ам гэх газарт ихээхэн түймэрт нэрвэгдсэний улмаас цэргийн албанд татагдахаар бүртгүүлээд байсан цэл залуухан таван залуугийн хамт халуун амиа алдсан харамсалтай түүх байдаг. Одоогоос 30 жилийн өмнө эх орныхоо төлөө ажил үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа өргөсөн Ц.Энхсайханы том охин Э.Болортуяатай эр зоригтой, хөдөлмөрч, үнэнч аавынх нь тухай ярилцлаа.

/Ц.Энхсайхан гэргий Ц.Ундармаагийн хамт/

-1996, 1997 онд нэлээн олон аймаг, сумыг хамарсан их хэмжээний ой хээрийн түймэр гарч, Монгол Улсын хэмжээнд асар их хэмжээний хохирол учирсан гэдэг. Тэр дундаа 1996 оны тавдугаар сард гарсан ой хээрийн түймэр юунаас улбаатай гэж үздэг юм бэ?

         -Тэр жилүүдэд маш их хууршилттай байсан учир байгаль, цаг уурын онцлогоос болсон түймэр гарсан гэж үздэг юм билээ. Сэлэнгэ, Архангай аймгуудын нэлээн их ой, хэчнээн мянган га газар түймэрт өртсөн гэж ярьдаг. Түүний хэрээр хүн, амьтан, эд хөрөнгө байсан.

-Тэр жилийн Ерөө суманд хэдий хугацаанд үргэлжилсэн юм бэ. Аав нь түймэр унтраах ажилд өдөр бүр оролцож байсан уу?

         -Тэр түймэр манай суманд бүтэн сар үргэлжилсэн. Аав минь сум, орон нутаг удирдаж байсан хүнийхээ хувьд түймэр унтраах ажилд нэлээн үүрэг, рольтой оролцож байсан. Тэр үед би 18 настай айлын эхнэр болчихсон Сэлэнгэ аймагт амьдарч байсан юм. Аав минь бурхан болохоосоо хэдхэн хоногийн өмнө манайд ирэхдээ “Аав нь нэлээн түймэр унтраах ажилд оролцож байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл учраас санасны зоргоо амар унтарчихгүй л байна. Салхины хүч жаахан л нэмэгдэх юм бол цурам нь дүрэлзээд эхлэх юм. Аав нь түймэр унтраах ажилд дахиад явах гэж байгаа” гэж байсан юм. Аав минь хамгийн сүүлд түймрийн бүс рүү явахдаа цэрэгт татагдахаар бүртгүүлээд байсан таван залуутай хамт явсан байгаа юм. Тэднийг түймэрийн бүсэд буулгасан жолооч нь хүний дунд үймж байхдаа  тэдэнд хоол унд хүргэлгүй гурав хоног тэднийг мартчихсан байгаа юм. Тэгээд айж сандарсандаа бусдад хэлэлгүй хэсэг хайгаад олоогүй учир аймаг руу мэдэгдэж, аймгийн дарга нар улс руу мэдэгдсэнээр Сүрэндондов хурандаагаар ахлуулсан эрлийн баг тэднийг долоо хоног хайж, Хужиртын ам гэх газраас аавын минь цогцсыг таван залуугийнхтай хамт олсон юм.

-Эрлийн багийнхан олон хоног хайсны эцэст талийгаачдын цогцсыг олсон юм байна. Тэгэхээр тэднийг  хэдийд нь бурхан болсныг тогтоож чадсан уу?

         -Тухайн үед талийгаачдын цогцсыг арайхийж олсон болохоос биш яг хэчээн нь түймэрт өртөж, сүйдснийг нь тогтоож чадаагүй. Тэд ч танигдахын аргагүй үнс болтлоо шатчихсан байсан.

-Аавынхаа цогцос мөн гэдгийг яаж таньж байсан бэ. Шатаагүй үлдсэн зүйл байсан уу?

       -Аав минь дээл, хромон гутал их өмсдөг хүн байсан юм. Хэргийн газраас аавын минь баруун хөлнийх нь хромон гутал, гутлынх нь түрийн дэх тамхи, шүдэнз нь шатаагүй үлдсэн байсан. Харин бусад залуусын тэлээ, цамц, малгайных нь төмөр товч зэргээр таньж байсан санагддаг. Тэдний цогцсыг тус бүрд нь опо цуванд ороож, ЗИЛ-130 машин дээр ачаад сумын төвийн клубэд хадгалж байгаад, ажил явдлыг нь хийж байсан юм. Аавыгаа оршуулчихаад ирэхэд хээрийн түймэр унтраагүй, салхины аясаар дүрэлзэж байсныг нь тод санадаг.

-Одоогоос 30 жилийн өмнө ой хээрийн түймрийг нутгийн иргэд юугаар унтрааж байсан юм бэ?

      -Тэр үед одоогийнх шиг Онцгой байдлын газар ч гэж байгаагүй. Түймэр унтраах ямар ч хэрэгсэл байддаггүй байсан. Нутгийн иргэд хүрз, нойтон шуудай, дугуйны доторх хамераар савж унтраадаг байсан юм. Өдөржин суунаглах түймрийн утаа, хоолой, хамар хорсгосон утааны үнэр олон хүнийг айдас, уй гашууд автуулж, зарим хүний сэтгэлд хэзээ ч мартагдашгүй хар толбо болон үлдсэн дээ.

-Нутгийн иргэд олон хоног түймрийг бүрэн унтрааж чадаагүй ч гэлээ хэзээ мөдгүй унтрах юм шиг итгэл хүн бүхэнд төрж байсан байх?

        -Тэгэлгүй яах вэ. Би аавыгаа түймэрт өртөөд бурхан болчихно чинээ огт санаагүй. Аав минь л тийшээ явж байвал түймэрийг унтраагаад ирэх юм шиг үлдэж байж. Би аавдаа тэгж л их итгэдэг охин байж дээ. Яагаад гэвэл миний аливаа зүйлд дандаа үнэнч сэтгэлээр ханддаг байсан болохоор тэр шүү дээ. Харамсалтай нь тэр үед аав минь эх орныхоо төлөө өөрийгөө хэтэрхий, бүр дэндүү ихээр зориулчихсан юм билээ.

-Таны аав Засаг даргаар ажиллаад хэдэн жил болж байсан бэ?

         -Аав минь Ерөө сумын Засаг даргаар ажиллаад хоёр жил болж байсан. Түүнээс өмнө Сэлэнгэ аймгийн кино театрын даргаар ажиллаж байсан. Харин ээж минь төмөр замын эрхлэгчээр ажилладаг байсан юм.

/Ерөө сумын Засаг даргаар томилогдож байхдаа.1994 он/

-Ажил үүргээ гүйцэтгэж яваад эх орныхоо төлөө амиа өгсөн аавыг нь төр засгаас үнэлсэн үү?

          -Аавыг минь бурхан болсны дараахан эмээд минь сум орон нутгаас нэг бодон гахай өгч байсан гэдэг. Түүнээс хойш аавын тухай дурссан хүн ховор. Ерөө сумын 100 жилийн ойн номонд хүртэл аавыг минь тодорхой дурсаагүй байна лээ. Саяхан Ерөө сумын захиргаанд очтол өлгөөтэй байдаг аавын зураг ч үгүй болсон байна лээ. Бид тавдугаар сарын 26-нд Ерөө сумынд аавынхаа гэгээн дурсгалд зориулсан өдөрлөг зохион байгуулах гэж байгаа. Аав минь гар бөмбөг их сайхан тоглодог хүн байсан болохоор гар бөмбөгийн тэмцээн, ЕБС-ийн хүүхдүүдийн дунд Ерөө сумын тухай эссэ бичлэгийн уралдаан зарлахаар төлөвлөөд байгаа. Аавын минь эх оронч гавьяаг төр засгаас үнэлдэггүй юм аа гэхэд сум, орон нутгийнх нь хүмүүс, залуус хойш үе нь үеийн үед дурсан санаж, бахархаж яваасай гэж боддог.

4000 орчим хүн, 200 гаруй машин техник 300 гаруй хүн орон гэрээ алдаж мал өвс худаг шатаж


Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188