• Өнөөдөр 2025-10-26

ТАНИЛЦ: ТӨРӨӨС ХАМГИЙН ОЛОН УДАА ТЕНДЕР АВСАН ТАВАН КОМПАНИЙН ЭЗЭД

       Тендерийн будилаан, хээл хахууль, шан харамжийн “нүргээн” Монгол Улсыг бүрхээд байна. Тендерт оролцогч эгэл жирийн компанийн эздийн итгэл алдарч, эцэст нь компаниа татан буулгаж, бизнесээ дампууруулж байгаа нь энгийн үзэгдэл мэт боллоо. Танил тал, туршлага байхгүй л бол төрөөс тендер авна гэдэг холын мөрөөдөл болоод удлаа.

Тэгвэл бид энэ удаад төрийн тендерт хамгийн олон удаа оролцож, хамгийн олон удаа шалгарсан таван компанийг сонирхуулах үүднээс танилцуулж байна. Тодруулбал, төрийн тендерт толгой цохьдог компанийн эздийг танилцуулна гэсэн үг. Эхэнд нь сануулахад, эрүүл мэндийн салбарт хэдхэн компани “эзэн” сууж, оролцсон тендер бүртээ шалгардаг юм байна.


-“Монос трейд” ХХК- УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг

      УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн эцсийн өмчлөлд байдаг “Монос трейд” ХХК нийтдээ 112 удаагийн тендерт шалгарчээ. Өөрөөр хэлбэл, төрийн тендерт хамгийн олон удаа шалгарсан компаниудыг тэргүүлж байна гэсэн үг. Уг компани нь нийтдээ 14.253.596.446 төгрөгийн тендер авсан байна. “Монос трейд” ХХК нь 2017 оноос мансууруулах сэтгэцэт нөлөөт эм импортлох, ханган нийлүүлэх, эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, протез, урвалж оношлуур, вакцин импортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Байгуулагдаад найман жил болж байгаа ч төрийн тендерийг баруун, солгойгүй авч, үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа юм. Уг компани нь “Монос” группийн салбар компани билээ.  

            -Жити эко фүүд” ХХК- Д.Тогтохбаяр

Г.ГАНСҮХ, Д.ТОГТОХБАЯР НАР

            -Төрийн тендерт оролцож, хамгийн олон удаа шалгарсан компаниудын аман хүзүүнд иргэн Д.Тогтохбаярын “Жити эко фүүд” ХХК  байна. Уг компани нь Төв аймагт мах, сүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Дөрвөн жилийн өмнө буюу 2021 онд үүсгэн байгуулагдсан. Одоогийн байдлаар төрийн 108 тендерт шалгарч, 1.729.986.500 төгрөгийн санхүүжилт авчээ. “Жити эко фүүд” ХХК-ийн  эцсийн өмчлөгчөөр Д.Тогтохбаяр бүртгэлтэй байдаг. Харин гүйцэтгэх захирлаар нь Д.Тогтохбаярын нөхөр Г.Гансүх ажилладаг.

            “Чоногол трейд” ХХК- Санхүүгийн зохицуулах хорооны газрын дарга Д.Энхбаатарын эхнэр Ө.Байгалмаа  

            -“Чоногол трейд” ХХК нь 2007 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, тоног төхөөрөмж нийлүүлдэг. Уг компани нь төрийн 60 тендерт шалгарч, 16.307.332.373 төгрөгийн санхүүжилт авчээ. “Чоногол трейд” ХХК-ийг Санхүүгийн зохицуулах хорооны газрын дарга Д.Энхбаатарын эхнэр Ө.Байгалмаа, хүү Э.Эрхбилгүүн эзэмшдэг.

 

-“Мөнхийн тун” ХХК- Ерөнхий захирал Ц.Алтанцэцэг

            -Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын төлөөлөл нь “Мөнхийн тун” ХХК. Уг компани нь төрийн 84 тендерт шалгарч, 3.702.686.934 төгрөгийн санхүүжилт авчээ. Хэдийгээр санхүүжилтийн дүн байгаа ч оролцож, шалгарсан тендерийнхээ тоогоор эхний тавдугаарт бичигдэж байна. Тус компанийн ерөнхий захирлаар Ц.Алтанцэцэг ажилладаг. Харин гэр бүл, хүүхдүүд нь хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг ажээ. “Мөнхийн тун” ХХК 2005 оноос эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Эмийн сан, эм хангамжийн чиглэлээр 10 аймагт салбараа нээж, хот, хөдөөд 22 эмийн сангийн салбар нэгж ажиллуулдаг юм.

-“Сүвэн-Уул” ХХК- Ш.Шинэбаатар

            “Сүвэн-Уул” ХХК нь 2010 онд үүсгэн байгуулагдсан. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, тоног төхөөрөмж нийлүүлэх, засвар үйлчилгээ үзүүлэх, сэлбэг хэрэгслээр хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Сүвэн-Уул” ХХК нь төрийн 60 тендерт шалгарч, 37.393.502.609 төгрөгийн санхүүжилт авчээ. Тус компанийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчөөр Ш.Шинэбаатар, Г.Ганбаяр нар бүртгэлтэй байдаг.


ТАНИЛЦ: ТӨРӨӨС ХАМГИЙН ОЛОН УДАА ТЕНДЕР АВСАН ТАВАН КОМПАНИЙН ЭЗЭД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188