• Өнөөдөр 2024-04-24

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Шагналын хуртай хулгана жил улирч, сайхан цагийн бэлгэдэл үхэр жил гарлаа

ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайт долоо хоног бүр эх оронд болж өнгөрсөн үйл явдлуудаас онцлохыг нь нэрлэж, тоймлодог уламжлалтай. Хулгана жилийн сүүлийн, үхэр жилийн эхний өдрүүд тохиосон өнгөрч буй долоо хоногт баяр, гуниг хосолсон олон үйл явдал болж өрнөлөө. Тэдгээрээс тоймлон хүргэе.

ШАГНАЛЫН ХУР БУУЛАА

Улиран одож буй хулгана жилийн төгсгөлд төрийн одон медалиар шагналын хур буулаа. Ерөнхийлөгч зарлиг гарган,  хөдөө аж ахуй, боловсрол, урлаг соёл, спорт, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт хамт олноо түүчээлэн ажиллаж буй хүмүүсийг төрийн цолоор шагнаж, урамшуулснаар долоо хоног эхэлсэн. Тухайлбал, Төв аймгийн Баянжаргалан сумын малчин Х.Рэнцэндоржийг Хөдөлмөрийн баатар, Завхан аймгийн хөгжимт драмын театрын дуучин С.Батсүхийг  Ардын жүжигчин цолоор,  мөн Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор “Монгол” телевизийн нэвтрүүлэгч С.Чимгээ, Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор УДЭТ-ын жүжигчин, Олон улсын “Найрамдал” төвийн дэд захирал Б.Отгонбат, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар тэргүүтэй, нийт 32 хүнийг шагнаж урамшуулсан юм. Үүний зэрэгцээ элэг, бөөр шилжүүлэн суулгах, өвдөг, түнхэнд хиймэл үе суулгах, уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийн эмчилгээг Монголд нутагшуулсан эрүүл мэндийн салбарын дөрвөн бүтээлд Төрийн шагнал хүртээв.

 Мөн өнгөрсөн лхагва гарагт буюу хоёрдугаар сарын 10-нд Засгийн газрын  тогтоолоор 21 аймгийн 150 малчин өрхийг Улсын аварга малчин өрхөөр, 13 аймгийн 13 малчин өрхийг улсын хошой аварга малчин өрхөөр, зургаан аймгийн зургаан саальчинг улсын аварга саальчнаар, дөрвөн аймаг, нийслэлийн таван фермерийг улсын аварга фермерээр тодрууллаа. Мөн 14 аймгийн 21 иргэнийг улсын аварга тариаланчаар, найман аймгийн 12 аж ахуй нэгжийг улсын аварга тариаланч хамт олноор шалгаруулсан юм.

34 НАСТАЙ ЗАЛУУ ЗУЛЫН ГОЛ БОЛОВ

Талбайн нэг талд шагнал авсан, тэдний баярт мөчийг хуваалцахаар ирсэн хүмүүс цугларч, баяр хөөр болж байхад нөгөө талд нь 34 настай Э гэх залуу өөр дээрээ бензин асган, шүдэнз зурж, зулын гол болсон харамсалтай хэрэг гарав. Залуу Чингэлтэй дүүрэгт аав, дүүгийн хамт амьдардаг, CD, машины үнэртүүлэгч зардаг нэгэн байсан бөгөөд юуны учир ийн амиа хорлох болсон шалтгаан тодорхойгүй байгаа юм. Мөн тэрбээр ямар нэгэн тайлбар хийгээгүй нь түүнийг төмөр замын бүтээн байуулалтад оролцож, цалинг нь өгөөгүйгээс амиа хорлоход хүрсэн гэж улс төржүүлэх шалтгаан болсон. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа.

Энэ тухай нийтлэлийг эндээс уншаарай.

ЭРЭЛХЭГ ЦАГДАА Б.ДАВААЖАВ

 Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн алба хаагч Б.Даваажав, мөн хоёр залуу нас барсан залууг өөр дээрээ шатахуун асгаад, шүдэнз зурах гэж байгааг анх хараад, аврах гэж хар хурдаараа гүйж очсон ч тусыг эс олсон юм. Талийгаач Э-ийн амийг аврах гэж хичээсэн цагдаагийн алба хаагч Б.Даваажав “Тэр хүнийг ажихад сэжиг бүхий санагдаад шалгахаар очиж явтал гэнэт гал асаад эхэлсэн. Би тэр хүнээс ердөө хоёрхон алхмын зайтай явж байсан юм. Чадахаараа галыг унтраах гэж хичээсэн боловч харамсалтай нь тэр хүний амийг аварч чадсангүй. Үнэхээр, маш харамсалтай байна. Ойр хавьд явж байсан хэд хэдэн хүн надад ирж тусалсан.  Талийгаач тухайн үед юу гэж хэлснийг би сайн сонсоогүй. Маш хурдан, хэдхэн секундын хооронд л болсон үйл явдал. Ямар ч гэсэн тэр хүнийг “аварчих юм сан” л гэж бодож албан үүргээ гүйцэтгэсэн. Миний биеийн байдал хэвийн байгаа. Түлэгдэж, гэмтсэн зүйл бараг байхгүй” хэмээн харамсан, гашуудан хэвлэлд ярьсан юм. Б.Даваажав нь БНХАУ-д дунд сургууль, Монголдоо их сургуульд төгссөн, хятад хэлтэй эдийн засагч мэргэжилтэй ч хүсэл, сонирхлоороо цагдаа болжээ. Эрдэнэт хүний амь аврах гэж бүхий л чадлаараа хичээсэн тэр бол энэ цагийн эгэл баатруудын нэг юм.

ЦАГААН САРЫН ХӨЛ ХОРИО

Коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа болон Сар шинээр хүмүүс айл хэсэх магадлалтай учраас Засгийн газар, УОК-оос энэ сарын 11-23 хүртэл 12 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоохоор болсон.  Энэ хугацаанд 411420 өрхийн нэг гишүүнийг заавал шинжилгээнд хамруулах бөгөөд нийслэлийн 15184 албан хаагч үүрэг гүйцэтгэнэ хэмээж байв. Гэвч УОК-оос гаргасан шийдвэр нүдээ олоогүйгээс олон ээж баярын өдөр эргүүлд гарахад хүрч, тэднийг эргүүлд гаргахыг нь болиулснаас гадна төрийн албан хаагчид тухайн газартаа хэрхэн очих нь тодорхойгүй зэрэг хүндрэл үүсэж байна. Мөн зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн албан хаагчийг хувийн машинаар зорчиж болно гэсэн шийдвэрийг УОК-оос гаргасан ч цагдаа нар явуулахгүй байгаа нь шийдвэр нэг мөр болоогүй, нэгдсэн ойлголтод хүрээгүйг илтгэж байв. Түүнчлэн хөл хориогоор хийсэн ажлын үр дүнгээс монголчуудын цаашдын амьдрал хамаарах учраас энэ бол хамгийн чухал, эгзэгтэй үе юм. 

Х.БАТТУЛГА: БЭРХШЭЭЛИЙГ ЭВ ЭЕИЙН ХҮЧЭЭР ДАВАН ТУУЛНА

Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн мэндчилгээ дэвшүүлэхдээ "Тэнгэрийн салхи тэгш үгүйн адилаар хүж дэлхий, хүн зоны ахуй амьдрал төгс жаргалан дүүрэн байдаггүй цагийн учир шалтгаанаар тулж байгаа хүндрэл, туулж байгаа бэрхшээлийг гагцхүү эв эеийн хүчээр даван туулах нь гарцаагүй боллоо. “Эвт шаазгай буга барина” гэж эртнээс нааш сургасан өвгөд өтгөсийнхөө захиасыг Та бид ухаан сэтгэлдээ сэргээн сэрээж, үндэстнийхээ бадрал мандлын төлөө хамтдаа зүтгэх цаг нэгэнт иржээ" гээд үргэлжлүүлэн "Ирж байгаа Цагаагчин үхэр жил монголчууд Та биднийг амжилт бүтээлийн их дуудлагаар жигүүрлэж, урам зоригийг хөгжөөн хөгжлийн дардан зам руу хөтлөн зурайх болтугай. Өрх гэр бүрд баяр жаргал, эрүүл энх, саруул сайхан, бэлгэ ерөөл түгэн дэлгэрэх болтугай!" хэмээв.

Дэлгэрэнгүйг https://ergelt.mn/news/40/single/5479

 Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ИРГЭДЭЭ ВАКЦИНЖУУЛАХ АЖЛЫГ НЭН ТҮРҮҮНД ЭХЛҮҮЛНЭ

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монголчууд бид арван сарын турш энэхүү өвчнийг дотооддоо алдалгүй барьж чадсан ч энэхүү гамшиг биднийг бүтэн тойрсонгүй ээ. Цар тахлаас үүдэн нэгхэн жилийн өмнө 5.2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг маань  хасах зургаан хувь болж агшлаа. Энэ үзүүлэлтүүдээс улбаалж эдийн засагт, зах зээлд эргэх ёстой найман их наяд төгрөг гацсан байна. Монголчууд бид эрүүл мэндээ ч, эдийн засгаа ч эмчлэх хүндхэн сорилттой нүүр тулж байна. Бид хамтын итгэлцэл, тэсвэл тэвчээр, нэгдмэл “Алсын хараа”, сургаар биш судалгаанд үндэслэсэн цогц бодлогоор л энэхүү хүндрэлийг даван туулж чадна. Тиймээс ч Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг батлаж, хэрэгжүүлж эхлэхэд бэлэн боллоо. Энэ төлөвлөгөө хэрэгжсэнээр эдийн засаг сэргэж, иргэн өрх бүрийн амьдрал урьдын хэмнэлд орно гэдэгт Ерөнхий сайдын хувьд итгэл төгс байна" гэв. Мөн тэрбээр нийт иргэдээ вакцинжуулах ажлыг нэн даруй эхлүүлж, вакцинжуулалтын ажлыг шуурхай зохион байгуулснаар цар тахлаас улбаалсан эдийн засаг нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах болно гэдгийг онцолсон.

Дэлгэрэнгүйг https://ergelt.mn/news/37/single/5482

Г.ЗАНДАНШАТАР: ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛГҮЙ БАЙСАН АХМАДУУДАД НЭГ САЯ ТӨГРӨГ ОЛГОНО

УИХ-ын дарга Г.Занданшатар Сар шинийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ тэтгэврийн зээл аваагүй ахмад настнуудад ирэх тавдугаар сард нэг сая төгрөг олгоно хэмээн мэдэгдлээ. Тэрбээр "Өнгөрч буй хулгана жилийн босгон дээр ахмад настнуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг Улсын Их Хурал баталсан. Төр, түмнийхээ мэдэлд буцаан авсан Салхитын ордын баялгаар 763 тэрбум төгрөг босгож, ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэсэн бол, энэ долоо хоногт 105 тэрбум төгрөг Монголбанканд тушаалаа. Ирэх тавдугаар сард тэтгэврийн зээлгүй байсан иргэддээ нэг сая төгрөг хүртээхэд энэ мөнгө зарцуулагдах болно" гэсэн юм.

 Дэлгэрэнгүйг https://ergelt.mn/news/47/single/5492


ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Шагналын хуртай хулгана жил улирч, сайхан цагийн бэлгэдэл үхэр жил гарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188