• Өнөөдөр 2025-06-27

"МОН-УРАН"-Ы Б.НАРАНХҮҮГИЙН ТУСЛАХААС ГАЗРЫН НАЙМААЧИН БОЛСОН УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХБАТ ТАНХАЙН ХЭРГЭЭР ТАВАН ЖИЛИЙН ЯЛ СОНСОЖ БАЙЖЭЭ

2025-06-27,   712

 
-ТАНХАЙН ХЭРГЭЭР ТАВАН ЖИЛ ХОРИГДСОН Ц.МӨНХБАТ ТӨРИЙН ОРДОНД ЗАЛАРСАН НЬ-
 
          Төрийн ордонд залрахын тулд тэрбумаар нь хандив цуглуулж, өндөр настай аавынхаа тэтгэврийг хүртэл зээлүүлээд зүтгэсэн УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат “Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн туслах байлаа, саяхан. Улс төрийн арвин туршлагагүй, сайдын зөвлөх, “Сатилайт повер” компанийн захирлаас өөр намтаргүй түүнийг Б.Наранхүү 2017 онд дэргэдээ авсан байдаг. Бие төлөөлөгч, туслахаараа гурван жил ажиллуулж байгаад Дундговь аймгийн АН-ын дарга “болгосон”. Шуудхан хэлэхэд, Ц.Мөнхбат гишүүн Б.Наранхүүгийн цүнхийг барьж, сүүдэрт нь гүйснийхээ хариуд аймагтаа “томорч”, ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын суудалд тухалж, өдгөө УИХ-д заларсан гэхэд хилсдэхгүй. 
 
Ц.МӨНХБАТЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ТУСЛАХУУДАД ХУУЛЬ БУСААР ОЛГОСОН ГАЗРУУДЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААЖЭЭ
 
      УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат Б.Наранхүүг үг, үйлдэлгүй дуурайж, улс төрд орж ирснийг нь батлах ганцхан жишээ нь газрын наймаа. Б.Наранхүүг нийслэлд нэртэй газрын наймаачин гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэгвэл Ц.Мөнхбат Дундговь аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас хахууль авч, их хэмжээний газар олгосон “хулгай”-н хэрэгт холбогдсон байдаг. Тодруулбал, Ц.Мөнхбат нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын туслах, хамтрагч Г.Түвшинжаргал, Д.Мөнхбадрал нарын хамтын эзэмшлийн “Супрема бүтик лоджес” ХХК-д 2000 мкв газрыг хууль бусаар олгосон хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байв. Хууль бусаар их хэмжээний газар авч, хахууль өгсөн гэгдээд байгаа “Супрема бүтик лоджес” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Х.Баттулгын туслах, ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгч Б.Саруул ажиллаж байсныг нэмж дурдах нь зүйтэй. Ингээд Ц.Мөнхбатад Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Сонирхолтой нь, тэр шүүхийн “умгар” өрөөнд шүүгдэхээсээ өмнө төрийн түшээ болж амжсан. Яллагдагчаар татагдаж, ял авах нь тодорхой болохоос ердөө хэдхэн хоногийн өмнө халдашгүй эрхээр хамгаалагдсан гэсэн үг. Тэгвэл Ц.Мөнхбатад холбогдох хэргийг 2024 оны долдугаар сарын 4-нд буюу УИХ-ын сонгуулиас ердөө зургаа хоногийн дараа Дундговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүсэн ноцтой баримтыг хүргэе. 
 
     Тодруулбал, Сайнцагаан сумын төвийн долдугаар багийн нутаг дэвсгэр (Цагдаагийн газрын зүүн урд талд Г.Чагдаржавын IV гудамж 4076 тоотод) байршилтай 2000 м.кв (0.2 га) газрыг “Супрема бүтик лоджэс” ХХК-нд Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх захирамж гаргаж, тус хуулийн этгээдэд давуу байдал болгосон гэмт хэргийг шүүлээ. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллагдагч Ц.Мөнхбатад холбогдох хэргийг прокурорт буцаалаа. Хэргийг прокурорт очтол яллагдагч Ц.Мөнхбатад урьд авсан “Хувийн баталгаа гаргах”, “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ” гэжээ. Харин тус хэргийг хянаж байсан прокурор Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж, 2024 оны аравдугаар сарын 2-нд хянан хэлэцсэн ч Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Өөрөөр хэлбэл, Ц.Мөнхбатыг яллагдагчаар татаж, хэргийг прокурорт буцаасан гэсэн үг. Үндсэндээ, Ц.Мөнхбат эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын туслахуудад давуу байдал олгосон хэрэгтээ ял авах нь цаг хугацааны асуудал болжээ. 
 
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХБАТ ТАНХАЙН ХЭРГЭЭР ТАВАН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ СОНСОЖ БАЙЖЭЭ
 
         Өөр нэг ноцтой баримт танилцуулахад, Ц.Мөнхбат өмнө нь бусдын эрүүл мэндийг санаатайгаар хохироож, эд эрхтнийг нь ноцтой гэмтээсэн танхайн хэргээр таван жилийн хорих ял эдэлж байжээ. Тодруулбал, Ц.Мөнхбат Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны наймдугаар сарын 08-ны өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, таван жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж байсан байна. Баримтыг хүргэе. 2005 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл, амь биед нь аюултай гэмтэл учруулсан буюу хараа, сонсголгүй болгосон, эрхтнээс нь хагацуулсан, ажиллагаагүй болгосон, нүүрийг засаршгүй эвдэж, дүрсийг алдагдуулсан, хүүхэд дутуу гаргуулсан буюу ураг зулбуулсан, сэтгэцийн өвчтэй болгосон, түүнчлэн хөдөлмөрийн чадварыг бүрмөсөн алдагдуулсан бол таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, Ц.Мөнхбат бусдын биед ноцтой халдаж, эд эрхтнийг нь санаатайгаар гэмтээсэн нь тогтоогдож, хорих ял сонссон гэсэн үг. 
 
      Хамгийн ноцтой нь, Ц.Мөнхбат гишүүний танхай, балмад, сагсуу зан одоо ч засраагүй гэнэ. Түүнийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, Б.Наранхүүгийн араас газрын наймаачин болохоор зүтгэж байхад нь ч аймгийнх нь иргэд итгэл хүлээлгэсэн. Гэвч тэр балмад, танхай зангаа УИХ-ын гишүүнийхээ хувиар тойрогтоо ажилласан эхний өдрөө л гаргасан. Тодруулбал, өөрийнхөө халааг авсан Засаг даргаа олны өмнө зад загнаж, иргэдийн нүдэн дээр “Чи УИХ-ын гишүүн болчихоод надтай мэтгэлц” хэмээн томроод авсныг уншигчид мартаагүй биз ээ.  
 
     Харин одоо бизнесийн тухайд Ц.Мөнхбат гишүүн “Сатилайтповер” ХХК-ийг Чагнаадоржийн Болдбаатартай хамтран эзэмшдэг. “Сатилайтповер” ХХК-ийг судалж үзвэл, хувь, хувьсгалын долоон тендерт оролцож, гуравт нь шалгарч байсан түүхтэй юм байна. Сонирхуулбал, 2013 онд буюу Ц.Мөнхбатыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханы зөвлөхөөр ажиллах хэдхэн сарын хугацаанд “Сатилайтповер” ХХК Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээнээс зарласан “Бэхжүүлсэн шилэн хөндийрүүлэгч нийлүүлэх” 100 сая төгрөгийн төсөвтэй тендерт шалгарчээ. Мөн 2014 онд Сэлэнгэ аймгийн сумдад интернэт холболт хийх 567 сая төгрөгийн тендер, 2018 онд Төвийн бүсэд шилэн кабелийн сүлжээ байгуулах 541 сая төгрөгийн тендерт тус тус шалгарчээ. Өөрөөр хэлбэл, Сайнцагаан сумын ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа ч төрийн тендерээс “хумсалж” явсан гэсэн үг. 

      Нэмж сонирхуулахад, Ц.Мөнхбатыг аймгийн Засаг дарга, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаанд Ц.Мөнхбатын ах Ц.Мөнхбаатарын эзэмшлийн “Гансор” ХХК төрийн хэд хэдэн тендерт шалгарч байсан бол дүү Ц.Мөнхболдынх нь “ЭМЭСЭНСИ” ХХК Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Сум хөгжүүлэх сан”-гаас зээл авч байжээ. Өөрөөр хэлбэл, төрийн албыг эрх ашгийн зөрчилтэй хашиж байсан ч түүнд Монголын хууль үйлчлээгүй гэсэн үг. 

       Эцэст нь, Ц.Мөнхбат гишүүн тэрбумын хандиваар сонгуулийн сурталчилгаа хийсэн цөөн улстөрчийн нэг. Сонгуульд нь хандив өгсөн хүмүүсийн жагсаалтаас харвал “О.Цагаанхүүгээс 10 сая төгрөг, тэтгэврийн зээл” гэсэн утгатай шилжүүлэг бий. Өндөр настай аавыгаа тэтгэврийн зээл хийлгүүлж, дээрээс нь ах Ц.Мөнхбаатар, дүү Ц.Мөнхболдоосоо ч 20 сая төгрөгийн дэмжлэг авчээ. Мөн 13 компаниас хандив авч, төрд суудалтай, бизнесийн толгой баячуудтай дүйцэх хэмжээний хөрөнгө босгож, сонгуулийн сурталчилгаандаа зарцуулжээ. Аав, ах, дүү, амраг саднаа “хоослон” барин улс төр рүү улайрсан Ц.Мөнхбатын зорилго, эрх ашиг юу болохыг ирэх он жилүүдэд харах л үлдлээ. Хэрэв тэр “Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн дүрмээр “тогловол” газрын наймааны хулгай нь гаарч, гар дүрэхгүй хэрэг гэж түүнд байхгүй болох биз ээ.  

"МОН-УРАН"-Ы Б.НАРАНХҮҮГИЙН ТУСЛАХААС ГАЗРЫН НАЙМААЧИН БОЛСОН УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХБАТ ТАНХАЙН ХЭРГЭЭР ТАВАН ЖИЛИЙН ЯЛ СОНСОЖ БАЙЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-27 12:21:47
    Зочин: SEKSEER BOOB XOXOJ BOOW DOLOON SEKSEER UILCHLI VANXANDAAD ANUSDI80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188