• Өнөөдөр 2025-09-03

АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН

2025-09-03,   837

     УИХ-ын гишүүн Л.Энхнасангийн удамд АН ч бий, МАН ч бий. Жишээ нь, Л.Энхнасангийн ээжийнх нь төрсөн дүү буюу нагац ах Л.Галбадрах нь 2000, 2004 оны УИХ-ын сонгуульд АН-аас Говь-Алтай аймагт нэр дэвшиж байлаа. Мөн Л.Галбадрах АН-ын анхны дарга Д.Дорлигжав, удаах дарга М.Энхсайхан хоёрын зөвлөхөөр ажиллаж байлаа. Дараа нь, Х.Баттулгыг Зам тээвэр, хот байгуулалтын сайд байх үед зөвлөхөөр нь ажиллаж байгаад Лаос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож байв.

    Харин Л.Энхнасангийн аавынх нь төрсөн дүү буюу авга ах Р.Болд нь МАН-ын экс дарга нар болох С.Баяр, Сү.Батболд хоёрыг Ерөнхий сайд байх хугацаанд Тагнуулын ерөнхий газрын даргаар таван жил ажиллаж байв. Дараа нь МАН-ын буянаар Австрали, Туркэд тус тус Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байлаа. Энэ мэтчилэн Л.Энхнасангийн ээж талынхан АН-ынх, аав талынхан МАН-ынх, аль, аль тал нь л АН, МАН-даа нэр, нөлөөтэй хүмүүс.

    Сонирхолтой нь, УИХ-ын гишүүн Л.Энхнасан өөрөө ХҮН намынх. 2020 оны УИХ-ын сонгуулиар өвөө Ч.Лодойдамбынхаа нутаг Говь-Алтай аймагт “Зөв хүн электорат эвсэл”-ээс буюу одоогийн ХҮН намаас нэр дэвшээд унаж байлаа. Үнэхээр ч МАН-ын Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд хоёр хол тасархай сонгогдож, хотоос очсон Л.Энхнасанд ямар ч боломж байгаагүй. Аз болж өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгууль холимог системээр явагдсан тул Л.Энхнасан ХҮН намын жагсаалтын хоёрт буюу дарга Т.Доржхандынхаа араас бичигдэж, УИХ-ын гишүүн болсон түүхтэй.

 “ТЭДИ”-ГИЙН ЖИНХЭНЭ ЭЗЭН

     УИХ-ын гишүүн Л.Энхнасан аав Р.Лутаагийнхаа үүсгэн байгуулж, өвлүүлж үлдээсэн “Тахько” ХК-ийг төрсөн дүү Л.Буянбаттайгаа хамтран эзэмшдэг. Ингэхдээ “Тахько” ХК-ийн ТУЗ-ийн даргаар төрсөн дүү Л.Буянбат нь, гүйцэтгэх захирлаар нь Л.Энхнасан өөрөө ажиллаж ирсэн

    Түүний “Тахько” ХК нь Чингэлтэй дүүргийн V хороо, Урт цагааны ард байрлах 1.1 га газартай, 11.880 м2 талбайтай зургаан блок барилгыг бүхэлд нь эзэмшдэг. УИХ-ын гишүүн Л.Энхнасан энэ барилгуудаа 2004 оноос хойш “Ньюком проперти” ХХК, “Мобиком корпораци” ХХК, “Скайтел” ХХК-уудад гэрээгээр түрээслүүлж ирсэн. Өөрөөр бол, “Тэди” төвийг “Мобиком корпораци” ХХК-ийнх гэж олон нийт ойлгодог боловч, үнэндээ жинхэнэ эзэн нь УИХ-ын гишүүн Л.Энхнасан гэсэн үг юм. Сонирхуулахад, Л.Энхнасангийн барилгуудыг 2004 оноос хойш түрээсэлж буй үндсэн түрээслэгч “Ньюком проперти” ХХК-ийн захирал нь УИХ-ын гишүүн асан, БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболдын гэргий Д.Даваамаа гэж хүн бий.

УИХ-ын гишүүн Л.Энхнасан “Тахько” ХК-ийнхаа барилгуудыг дээрх компаниудад түрээслүүлснийхээ хариуд жилдээ 3-4 тэрбум төгрөгийн орлого олдог гэх. Тиймдээ ч Л.Энхнасан өнгөрөгч 2023 оны байдлаар 2.4 тэрбум төгрөгийн гурван орон сууц, 315 сая төгрөгийн жийп автомашин, хурдан удмын 25 адуу, 155 сая төгрөгийн үнэт эдлэл гэж мэдүүлсэн, товчхондоо түрийвч түнтгэр түшээдийн нэг юм.

 

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХНАСАНГИЙН АВГА АХ Р.БОЛД ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГААР ТАВАН ЖИЛ АЖИЛЛАЖ, ЭНЭ ХУГАЦААНД БАЙРНЫ ДҮҮ “ЖАСТ”-ЫН Ш.БАТХҮҮ НЬ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙГ СТАНДАРТ БАНКАНД БАРЬЦААНД ТАВЬЖ БАЙЛАА

      УИХ-ын гишүүн Л.Энхнасангийн аав Р.Лутаагийн төрсөн дүү буюу авга ах нь Р.Болд гэж бий. 1997 онд МАХН-аас Н.Багабанди Ерөнхийлөгчөөр сонгогдож, тэр даруйдаа тухайн үеийн Батлан хамгаалах яамны харьяа Стратеги судалгааны хүрээлэнд ажиллаж байсан Р.Болдыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл\ҮАБЗ\-ийн даргаар томилж байв. Ерөнхийлөгч Н.Багабанди Р.Болдыг 2003 он хүртэл зургаан жил дэргэдээ ажиллуулаад, АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар илгээж байлаа.

      Харин 2007 оны арваннэгдүгээр сард Ерөнхий сайдаар томилогдсон С.Баяр анхны тушаалаараа АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Р.Болдыг дуудан авчирч, Тагнуулын ерөнхий газрын даргаар томилж байв. С.Баяр, Р.Болд хоёр Дөчин мянгатын IV байранд хамт өссөн багын найзууд. Тиймдээ ч Тагнуулын ерөнхий газрын даргаар тавьсан нь энэ. Гол нь, Ерөнхий сайд С.Баяр, Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд хоёр 2007-2009 онд Дөчин мянгатын IV байранд хамт өссөн хуурай дүү “Жаст” хочит Ш.Батхүүг төрд ёстой л туйлуулсан. Эхлээд Ш.Батхүү “Маркентал хаус” ХХК-аараа “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалыг гадагшаа зөөдөг болсон, бүр “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаанд тавьж, Африкийн Стандарт банкнаас 109 сая ам.долларын зээл авсан. Ингэж гэнэт баяжсан Ш.Батхүү Хадгаламж банкийг 33 сая ам.доллараар, Монгол шуудан банкийг 26 сая ам.доллараар худалдаж авсан. Алдарт Ц.Мянганбаяраас “Олон овоот”-ийн ордыг ч худалдаж авсан. “Жаст” хочит Ш.Батхүүгийн энэ олон “галзуурал” ердөө 2008-2009 оны хооронд буюу С.Баярыг Ерөнхий сайд, Р.Болдыг Тагнуулын ерөнхий газрын дарга байх үед өрнөсөн. Улсын төсвийн талыг бүрдүүлдэг “саалийн ганц үнээ” болох “Эрдэнэт үйлдвэр”-ийг хаа байсан Африкийн Стандарт банканд барьцаанд тавиад 109 сая ам.долларын зээл авч байхад Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд мэдээгүй байх боломжгүй. Энэ мэт захын сэжүүрээс л Ерөнхий сайд С.Баяр, Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд хоёр байрныхаа хуурай дүү “Жаст” хочит Ш.Батхүүгээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийг зөөлгөх, “Эрдэнэт үйлдвэр”-ийг Стандарт банканд барьцаанд тавиулах, түүгээр хоёр том банкийг худалдаж авхуулах гэх мэтээр “могой бариулсан” нь тов тодорхой харагддаг. Гэхдээ “Жаст” хочит Ш.Батхүү хэзээ ч С.Баяр, Р.Болд гэх хоёр ахынхаа талаар ам алдаагүй бөгөөд хожим 2023 онд шүүхээс есөн жилийн ял сонсож, бүх хэргийг ганцаараа үүрэхээр ачигдсан түүхтэй.

     Харин Р.Болдын тухайд, 2012 онд Тагнуулын ерөнхий газрын даргаас бууснаасаа хойш 2012-2016 онд Австралид суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, 2017-2021 онд Туркэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тус тус томилогдож ажилласан. Одоо Үндэсний аюулгүй байдал, дипломат алба, тусгаар тогтнол тэргүүтэй том том сэдвүүдээр судалгаа хийж суудаг гэх.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХНАСАНГИЙН ҮЕЭЛ Б.ЖАРГАЛСАЙХАНААС ХУРААЖ АВСАН 50 ГА ГАЗАР ДЭЭР ХАВДРЫН ШИНЭ ЭМНЭЛЭГ БАРИНА

     УИХ-ын гишүүн Л.Энхнасангийн том авга ах нь Р.Батаа гэж байсан. Дээр дурсан Р.Болдын төрсөн ах нь. Хуучин нийгмийн үед МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнхийн туслах, ардчиллын дараа анхны Ерөнхийлөгч П.Очирбатын зөвлөх, мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл\ҮАБЗ\-ийн Нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан. Сонирхуулахад, П.Очирбатын үед Р.Батаа, Н.Багабандийн үед Р.Болд буюу төрсөн ах дүү хоёр Ерөнхийлөгч дамжин ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар ээлжилж ажилласан тохиолдол төрийн түүхэнд ганц байдаг нь энэ юм.

     Тэгвэл Р.Батаагийн хүү буюу УИХ-ын гишүүн Л.Энхнасангийн үеэл нь Батаагийн Жаргалсайхан гэж хүн бий. Б.Жаргалсайхан нь УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн хүргэн. Жаргалсайханы эхнэр Бадамдамдингийн Орхонтуяа нь олны сайн мэдэх “Бөмбөгөр” I, II худалдааны төвүүдийг эзэмшиж, удирддаг. Харин Б.Орхонтуяагийн төрсөн дүү Б.Баттүвшин нь ХХААХҮЯ-ны харьяа ЖДҮХС-гийн Гүйцэтгэх захирал, Төрийн банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, мөн мөрийтэй тоглоомын хэрэгт ч холбогдож байсан зартай залуу.

     Харин Б.Жаргалсайханы хадам аав Р.Бадамдамдингийн тухайд бичигдэх баялаг түүхтэй нэгэн. Тодруулбал, Р.Бадамдамдин 1996-2000, 2004-2008 онд Өвөрхангай аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Дараа нь, 2009-2011 онд ураны ордуудыг хариуцдаг “Мон-Атом” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тухайн үед Р.Бадамдамдин Монголын стратегийн 16 ордын нэг, тэр тусмаа ураны гуравхан ордын нэг болох Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших “Дорнод”-ын ураны ордыг Канадын “Хан ресорсез” ХХК-д ашиглуулахаар хамтран ажиллах санамж бичиг байгуулснаараа багагүй хэл аманд өртөж, удалгүй ажлаа өгч байв.

    Гол нь, УИХ-ын гишүүн Л.Энхнасангийн үеэл Б.Жаргалсайхан, түүний хадам аав Р.Бадамдамдин хоёр авлига, албан тушаалын гэмт хэрэг, газрын наймааны загалмайлсан эцэг гэгддэг Т.Бадамжунайн гол хамтрагчид нь. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн хүргэн Б.Жаргалсайхан, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайгийн хүргэн Э.Жаргалсайхан хоёр “Ёда инвестмент” ХХК, “Женерал ассетс” ХХК-уудыг хамтран эзэмшдэг. Тэгвэл Б.Жаргалсайхан, Э.Жаргалсайхан хоёрын “Ёда-Инвестмент” ХХК-ийнх нь маш ноцтой баримтыг танилцуулъя.

    Тодруулбал, Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ажиллаж байсан Т.Бадамжунай 2004 онд Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Дараа жил нь 2005 оны арваннэгдүгээр сарын 29-нд УИХ-ын гишүүн Т.Бадамжунай тойргийнхоо буюу Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Л.Найдангаар 259 дугаартай захирамж гаргуулж, Сонгинохайрхан дүүргийн 34-р хороо, Найрамдал зуслан өгсөх зам дагуух 72 га газрыг сууцны зориулалтаар “Ёл хангай” ХХК-д олгуулсан байдаг.

    Улмаар Т.Бадамжунай “Ёл хангай” ХХК-ийн нэр дээр авсан 72 га газраа таван жил хав дарж байгаад 2010 оны арваннэгдүгээр сарын 30-нд “Ёда инвестмент” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Дараа жил нь буюу 2011 оны арванхоёрдугаар сарын 28-нд Т.Бадамжунай “Ёда инвестмент” ХХК-ийн эзэмшлийн 72 га газраас 20 га газрыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Ти Си Ди” ХХК-д 2.5 тэрбум төгрөгөөр худалдсан. Энэхүү 2.5 тэрбум төгрөг нь “Ёда-Инвестмент” ХХК-ийн данснаас “Авшиг-Од сэр” ББСБ-ын данс руу орсон. Харин “Авшиг-Од сэр” ББСБ нь энэ 2.5 тэрбум төгрөгийг цаашаа 5-8 хувийн хүүтэй орон сууц, автомашин барьцаалсан зээл болгож иргэдэд тараах байдлаар угаасан байдаг.

    Ингэж Т.Бадамжунайгийн газрын наймааны гол гүйцэтгэгчээр оролцсон “Ёда-Инвестмент” ХХК-ийг дээр дурдсанчлан Т.Бадамжунайгийн хүргэн Э.Жаргалсайхан, Р.Бадамдамдингийн хүргэн Б.Жаргалсайхан хоёр хамтран эзэмшдэг. Харин “Ёда-инвестмент” ХХК-аас 2.5 тэрбум төгрөг авч, цааш нь хүүтэй зээл болгож угаасан “Авшиг-Од сэр” ББСБ-ыг Т.Бадамжунайн хүргэн Э.Жаргалсайхан нь эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, тэд эхлээд өөрсдөд хамааралгүй гэж харагдах компанийн нэр дээр хууль бусаар газраа аваад, дараа нь өөрсдийн компанид шилжүүлээд, дараа нь хэсэгчлэн худалдаад, худалдсан мөнгөө хүүтэй зээл болгож угаах байдлаар маш нарийн зохион байгуулалттай ажилласан нь дээрх баримтуудаас тодорхой харагдаж байгаа байх.

    Тэгвэл Р.Бадамдамдингийн хүргэн Б.Жаргалсайхан, Т.Бадамжунайн хүргэн Э.Жаргалсайхан хоёрын “Ёда-Инвестмент” ХХК-ийн асуудал ингээд дуусаагүй. Дээр дурдсанчлан, тэд анх 72 га газар авсныхаа 20 га-г нь хятадуудад 2.5 тэрбум төгрөгөөр худалдсан. Харин үлдсэн 50 га газрыг Б.Жаргалсайхан, Э.Жаргалсайхан хоёр худалдаагүй, “Ёда-Инвестмент” ХХК-ийнхаа нэр дээр эзэмшсээр ирсэн. Гэтэл гол зохион байгуулагч Т.Бадамжунай нь 2023 оны дөрөвдүгээр сард Филиппинээс Засгийн газрын “Шувуу” ажиллагааныханд баривчлагдаж ирсэн. Ингээд хууль хяналтынхан Т.Бадамжунайгийн газрын наймааны хэргүүдийг эхнээс нь сөхөж шалгахад өнөөх 72 га газрын хэрэг нь илэрч, хав дарж хадгалсан 50 га газар нь ч баригдсан. Улмаар 2023 оны наймдугаар сард Хотын дарга Г.Сумъяабазар Р.Бадамдамдингийн хүргэн Б.Жаргалсайхан, Т.Бадамжунайн Б.Жаргалсайхан хоёрын “Ёда-Инвестмент” ХХК-ийн 50 га газрыг эрхийг цуцалсан.  Харин  “Ёда-Инвестмент” ХХК-аас хурааж авсан дээрх 50 га газар дээр энэ оны нэгдүгээр сард Хавдар судлалын үндэсний төв-II буюу 600 ортой Хавдрын шинэ эмнэлэг барих шийдвэр гарч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар тус газар дээр очиж үзсэн байдаг.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХНАСАНГИЙН НЭР, НӨЛӨӨГӨӨ НЭМЭХ ЗАЛЬ БУЮУ ТЭР “ТАХЬКО” ХК-ИЙНХАА ТУЗ-ИЙН ГИШҮҮДЭЭР УЛСТӨРЧИД, ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХАМААТНУУДЫГ АЖИЛЛУУЛДАГ

     УИХ-ын гишүүн Л.Энхнасан аав Р.Лутаагаасаа өвлөж авсан, төрсөн дүү Л.Буянбаттайгаа хамтран эзэмшдэг “Тахько” ХК-ийнхаа гүйцэтгэх захирлаар 2010 оноос хойш тасралтгүй ажилласан. Ингээд Л.Энхнасан өнгөрөгч 2024 онд УИХ-ын гишүүн болмогцоо “Тахько” ХК-ийнхаа Гүйцэтгэх захирлаар өөрийнхөө оронд Даваадашийн Минжмааг томилсон. Д.Минжмаа нь 2016 оноос хойш “Тахько” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажилласан нэгэн бөгөөд 2024 оноос ийнхүү Л.Энхнасанг орлож эхэлсэн.

     Тэгвэл Л.Энхнасангийн “Тахько” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Минжмаа нь “УБТЗ” ХХН-ийн дарга асан Д.Жигжиднямаа агсны үеэл дүү. Тиймдээ ч  Д.Жигжиднямаа үеэл дүү Д.Минжмаагаа 2018 оноос хойш “УБТЗ” ХНН-ийн Хууль зүйн албаны Орлогч даргаар ажиллуулж байсан. Гэвч “УБТЗ” ХНН-ийн Хууль зүйн албаны орлогч дарга Д.Минжмаа 2022 оноос албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр АТГ-аас шалгагдаж эхэлснээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Улмаар 2023 онд АТГ-аас түүний хэргийг прокурорт шилжүүлсэн гэх мэдээллүүд гарч байсан ч хэрхсэн нь тодорхойгүй замхарсан. Гэтэл өдгөө Д.Минжмаа УИХ-ын гишүүн Л.Энхнасангийн “Тахько” ХХК-ийг удирдаад явж байна.

    “Тахько” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр 2017 оноос хойш Лувсансамбуугийн Дашмягмаржав ажиллаж байгаа. Л.Дашмягмаржав нь 2019 оноос МХЕГ-ын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн даргаар, 2022 оноос Эрчим хүчний зохицуулах хорооны Зохицуулагчаар ажиллаж байгаа. Гол нь, Л.Дашмягмаржав нь төрийн албанд хэрж ургасан хамгийн том ургийн модны нэг мөчир гэж хэлж болно. Жишээ нь, Л.Дашмягмаржавын төрсөн ах, дүүс болох Л.Бямбасүрэн нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар, Л.Төмөрбаатар нь Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаар, Л.Жамбасүрэн нь Төрийн банкны дэд захирлаар тус тус ажиллаж байсан. Эргэн сануулахад, 2021 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ИНЕГ-ын даргаар ажилласан Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөл. Ер нь цаашид том толгойлсон дарга нарт хариуцлага тооцож байх хэрэгтэй” гэдэг үүрэг өгснөөр Л.Бямбасүрэн ИНЕГ-ын даргаар тасралтгүй таван жил ажилласан албан тушаалаасаа чөлөөлөгдөж байв. Харин Л.Төмөрбаатарын тухайд, 2019 оноос хойш Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байгаад 2021 оны нэгдүгээр сард У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагасан алдарт “тавчиктай эмэгтэй”-н асуудалд хариуцлага тооцуулж албан тушаалаасаа чөлөөлөгдөж байв.

      “Тахько” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр 2014 оноос хойш Базаррагчаагийн Сийлэгмаа гэх эмэгтэй ажиллаж байгаа. Б.Сийлэгмаа нь УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэлийн хүү А.Тулгын эхнэр буюу бэр нь. Б.Сийлэгмаагийн нөхөр А.Тулга нь “Аглут” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Цутгуурын цехийн элчийн боловсруулалтын тасгийн өргөтгөл барих 27.9 тэрбум төгрөгийн тендер, “Зорчигч тээвэр нэгтгэл”-ийн Депогийн их засварыг гүйцэтгэх 2.3 тэрбум төгрөгийн тендер, Сонгинохайрхан дүүргийн III хороонд Спорт цогцолбор барих 5.0 тэрбум төгрөгийн тендер, Сонгинохайрхан дүүргийн V хороонд Соёлын ордон барих 8.5 тэрбум төгрөгийн тендер гэх мэт том тендерүүдийг түүж ирсэн.

     Энэ мэтээр УИХ-ын гишүүн Л.Энхнасан өөрийн “Тахько” ХК-ийн ТУЗ-ийн гишүүдээр улстөрчид болон төрийн өндөр албан тушаалтнуудын ах дүү, хамаатан садан, хүргэн бэрийг томилон ажиллуулж, цалинжуулдаг. Магад, улстөрчид, төрийн албан тушаалтнуудын хүрээлэлд нэр, нөлөөгөө нэмэгдүүлэх гэсэн бяцхан заль нь энэ биз ээ.

 

 


АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-03 13:13:23
    Наран: Ийм муухай аалзны тор шиг төрөл садан гэр бүлээрээ холилдсон аймшгийн иддэг уудаг системийг яанаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-03 11:06:12
    Одончимэг: Аймшигтай юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-03 03:43:23
    DR. ADITY: IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000.00 CONTACT THIS HOSPITAL EMAIL: [email protected]
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-03 03:43:23
    DR. ADITY: IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000.00 CONTACT THIS HOSPITAL EMAIL: [email protected]
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188