• Өнөөдөр 2025-09-03

ТАТВАРЫН ДАРАМТЫГ БУУРУУЛАХААР АМЛАСАН ТӨСВӨӨС ХҮЛЭЭХ ХҮЛЭЭЛТ

2025-09-03,   286

         Г.Занданшатарын Засгийн газар 2026 оны төсвөө боловсруулан УИХ-д  хуулийн хугацаанд өргөн мэдүүлээд байна. Төсвийн төслийг боловсруулахдаа анх удаа Засгийн газар иргэдийн саналыг авч, тусгаж байгаагаараа онцлог болсон гэдгийг тодотгож буй. Тэгвэл ирэх жил улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд буюу нийт 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөсөн. Мөн ирэх онд нүүрсний борлуулалтыг нэмж, 90 сая тонн нүүрс борлуулах төсөөөлөлтэй байна.

    Өнгөрсөн жил нүүрсний борлуулалт геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж, бага зэрэг буурсан. Улмаар нүүрсэнд найдсан төсвийн орлого тасрах эрсдэлтэй байсныг санаж буй биз. Тэгвэл энэ жил нүүрсний экспортыг нэмэгдүүлж байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан “Сүүлийн долоо, наймдугаар сард нүүрсний экспорт идэвхжиж, хамгийн өндөр хэмжээнд гарч байна, урд талын зах зээлийн шалтгаантай холбоотой.

           Нүүрсний биет хэмжээ нэвтрүүлэх хүчин чадал, урд хөршийн хүлээн авах эрэлт хэрэгцээтэйгээ харьцуулах юм бол 90 сая тонн байтугайг экспортлох боломж бий. Ойрын хугацаанд 150 сая тонн, 200 сая тоннд ч хүргэх боломжтой. Хятад улсын нүүрсний жилийн хэрэгцээ манай гаргадаг эрчим хүчний нүүрсний жилийн хэрэгцээ дор хаяж таван тэрбум тонн. Таван тэрбумын эрчим хүчний нүүрсний хэрэгцээ байхад 100 сая тонныг нийлүүлэхгүй байна гэдэг маш бага хэмжээ. Тийм учраас нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилго тавьж байгаа. Үнийн тухайд энэ жилийн хамгийн бага үнээр буюу 70 ам.доллараар төсөвт тооцсон. Өнгөрсөн наймдугаар сард нүүрсний үнэ бага зэрэг өссөн.

       Энэ жил 85 сая тонн нүүрс экспортлох зорилттой. Одоогийнхоор бол 83 сая тоннд хүргэх боломжтой харагдаж байгаа. Төрийн компанидаа маш хатуу даалгавар өгсөн. Ирэх жил 90 сая тонн нүүрс экспортлох зорилт бол энэ жилийн гүйцэтгэлээс таван хувийн өсөлттэй зорилт. 90 сая бол хамгийн багадаа боомт бүрээр гаргавал боломж бий. “Чайна энержи”-тэй  том гэрээ хийж чадсан. биржээс гадна урт хугацааны гэрээнүүд шахалттай байгаа тул төлөвлөгөөндөө хүрэх боломжтой. Шивээхүрэн боомт дээр ирэх жилүдэд нүүрсний нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж байгаа. Ганцмод -Гашуунсухайтын төмөр замын тухайд хил холболтын бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа. Хил холболтын төмөр зам хоёр жилийн дараа ашиглалтад орно. Одоо байгаа боомтууд дээрээ шинэ гарцыг нэмсэнээр нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх боломжтой” гэх мэдээлэл өгсөн юм.

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ  ХОЁРООС ТАВАН ХУВЬ БОЛГОЖ НЭМЭГДҮҮЛНЭ

         Ирэх жилийн төсвийн бодлого макро түвшинд төсвийн тогтвортой байдлыг хангаж, төсвийн зардлын өсөлтийг хязгаарлах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг хүрсэн түвшнээс бууруулахгүй, сайжруулах төсөв болно гэдгийг онцолсон. Хоёрдугаарт, татварын ачааллыг багасгаж бууруулсан төсөв болсон гэж буй. Тэр хэмжээгээр төрийн оролцоог хумиж, хувийн хэвшилдээ илүү орон зай бий болгосон жижиг дунд бизнес, иргэдээ дэмжихэд чиглэсэн төсөв болно гэх амлалт өгөөд байна. Тэгвэл ирэх онд Төсвийн хуультай хамт НӨАТ -ын тухай хуулийг өргөн мэдүүлсэн. НӨАТ -ын буцаан олголтыг 2.5 дахин нэмэгдүүлж, нэг сая хүртэлх төгрөгийн худалдан авалтад таван хувийн буцаан олголт олгоно.  2027 оноос  НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь буюу 10 хувийг буцаан олгоно. Ингэж үе шаттайгаар татварын ачааллыг багасгаж, чинээлэг дундаж орлогоо дэмжинэ гэдгээ мэдэгдлээ.

ТАТВАРЫН АЧААЛЛЫГ БУУРУУЛНА

         Цаашлаад татварын  орлогоос чөлөөлөх бизнесийн орчинг бүрдүүлж, данс хаадаг бүдүүлэг үйлдлийг таслан зогсоохоо мэдэгдсэн. Тухайлбал, сарын 800 мянган төгрөг хүртэлх орлогыг татвараас 100 хувь чөлөөлнө. Жишээлбэл, 1.5 сая төгрөгийн цалинтай хүн байлаа гэхэд 800 мянгад 0, үлдэж байгаа 700 мянгад 10 хувь төлөхөөр 70 мянгыг төлдөг байх зохицуулалтыг тусгажээ. Жижиг дунд үйлдвэрийн татварын ачааллыг багасгана. Нийт 2.5 тэрбум төгрөгийн орлоготой жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хөнгөлөлт эдлэх боломжтой болох аж. Энэ талаар Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэдийгээр төсвөө хумьж танаж төсвийн зардлыг буруулсан ч гэсэн бид хүний хөгжлийг дэмжих чиглэлийг нэг жилийн төсөвт баримталлаа. Хүн төвтэй төсөв боловсруулахыг эрхэмлэлээ. Ийм үндсэн дөрвөн зарчмын дагуу төсвийн хэлэлцлийг УИХ-д өргөн барьлаа. Тиймээс энэ төсвийг би иргэдийн төсөв гэж нэрлэж байна. Үндсэн баримталсан зарчим маань төрийн мөнгө гэж байдаггүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж байдаг. Татвар төлөгчдөө дэмжсэн, татварынхаа ачааллыг бууруулсан, энэ хэмжээгээр төсвийн зардлыг танасан, хумьсан. Төсвийн хязгааргүй өсөлт, тэлэлтийг  анх удаа хязгаарласан ийм төсвийн төслийн хууль болсон” хэмээн онцлоод байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ДАХИН, БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЛЭЭ

           Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүллээ. 2025 онд боловсролын салбарын хөрөнгө оруулалт 513.3 тэрбум байсан бол 2026 онд нэг их наяд төгрөг болгон нэмэгдүүлжээ. Ингэснээр 73 цэцэрлэг, 117 сургууль, 32 дотуур байрыг шийднэ. 66.7 тэрбумын тоног төхөрөмж шийднэ. Багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд 100 тэрбум төгрөг нэмж төсөвлөөд байгаа аж. Харин эрүүл мэндийн салбарт 2025 онд 238.1 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн бол 2026 онд 1.3 их наяд болгож 5.5 дахин нэмэгдүүлсэн байна. Улмаар эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн том төслүүдээ урагшлуулах саналыг тусгажээ. Тухайлбал, “Хавдар судлалын үндэсний төв-2”-ыг барих барилгын ажил үргэлжилнэ. Мөн Робот заслын тоног төхөөрөмж худалдаж авах, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн их засвар,  хүчитгэлийг хийх, Эд эс эрхтэн шилжүүлэн суулгах төв байгуулах, 19 эмнэлэг шинээр ашиглалтад оруулж, тоног төхөөрөмжийг 49.7 тэрбумаар сайжруулах зэрэг эрүүл мэндийн байгууллагын нэн шаардлагатай санхүүжилтийг төсөвт тусгажээ.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ 3.9 ИХ НАЯДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ, ТОМ ТӨСЛҮҮДЭЭ УРАГШЛУУЛНА
 
         Эрчим хүчинд 3.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулж, 3515 мянган мВт цагаар үйлдвэрлэлээ нэмнэ. Бусдаас 663.4 мВт гэрэл цахилгаан доллараар авахаа болино. 900 тэрбум төгрөгөөр 2000 км шинэ зам, 1317 метр гүүр барина. 223 зам засна. Ашиг биш алдагдал үйлдвэрлэдэг, төрийн өмчит 22 компанийг татан буулгана. Төрийн албан хаагчдыг 13 мянгаар цөөлнө. Төрийн оролцоог хумьж, хувийн хэвшилд зам нээж, давхар авлига, хүнд суртал, цүнх баригчдыг онилно.  Таван боомтын хүчин чадлыг 2-3 дахин нэмж Ган хайлуулах, зэс боловсруулах төсөл эхлүүлэхээ болжээ.

 


ТАТВАРЫН ДАРАМТЫГ БУУРУУЛАХААР АМЛАСАН ТӨСВӨӨС ХҮЛЭЭХ ХҮЛЭЭЛТ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188