• Өнөөдөр 2025-11-09

Ч.ХҮРЭЛБААТАР: МОНГОЛ, ЯПОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ӨРГӨЖҮҮЛЭХЭД ХАРИЛЦАН САНАЛ СОЛИЛЦСОН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

2022-11-30,   840

          Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсад төрийн айлчлал хийж байна. Энэ онд Монгол, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа билээ. Айлчлалын хүрээнд Монгол-Японы Төр, хувийн хэвшлийн аравдугаар зөвлөлдөх уулзалт болж байгаа юм. Хуралдааны үеэр Монгол Улсын Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар үг хэллээ.
 
         Тэрбээр Монгол-Японы Төр, хувийн хэвшлийн аравдугаар зөвлөлдөх уулзалт хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог байна. Монгол Улсын гуравдагч хөрш, томоохон хөрөнгө оруулагч болсон Япон Улс нь манай улсын эдийн засагт гол түншлэгч орон билээ. Анх хоёр орны эдийн засгийн харилцаа 1977 оноос эхэлж, өнөөдрийг хүртэл өргөжин, тэлж байна. Монгол Улс анх удаа чөлөөт худалдааны хэлэлцээр буюу эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Япон Улстай хамтарч хэрэгжүүлсэн нь манай улсын гадаад худалдааны хүрээг тэлэхэд хувь нэмэр оруулсан. Ингэснээр манайх дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдсэн. Гаднын хөрөнгө оруулалтын статистик мэдээллээс үзэхэд 1990 оноос хойш Япон Улсаас манайх нийт 1.5 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт оруулжээ. Аж ахуйн нэгжийн гаднын хөрөнгө оруулалтын дөрвөн хувийг эзэлж байна. Цар тахал болон геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж, дэлхий даяараа элийн засгийн томоохон сорилттой тулгарсан цаг үед энэ чуулга уулзалт болж буй гэдгээрээ онцлогтой байна. Энэ нь хоёр орны эдийн засгийн урт хугацааны хамтын ажиллагаа, цаашдын гарц шийдлийг тодорхойлоход чиглэсэн бүтээлч үр дүнтэй уулзалт болно гэдэгт итгэлтэй байна.
 
        Цар тахлын үеэр Монгол Улсын Засгийн газар "Шинэ сэргэлт"-ийн бодлого арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд нийт 94 хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээрийг хэрэгжүүлэхэд урьдчилсан байдлаар 25 тэрбум ам.долларын хөрөнгө санхүүжилт шаардах юм. Улмаар нийт төслийн 90 хувийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийнэ. Мөн гаднын шууд хөрөнгө оруулалт манайд шаардлагатай байгаа. Төр, хувийн хэвшлийн тухай хуулийн төслийг ч УИХ-аар хэлэлцүүлнэ. Монгол Улсын Засгийн гаднын хөрөнгө оруулагч нарын эрхийг хамгаалах тал дээр хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч байна. Үүний хүрээнд гадаадын хөрөнгө оруулагч нараас ирсэн гомдлыг шийдвэрлэх, шалгалтын явц удааширч байгаа асуудалд анхаарал хандуулж байна. Үүний хүрээнд Япон Улсын иргэдээс гаргасан гомдлуудыг шийдвэрлэх талаар хууль хяналтын байгууллагуудад хүлээлгэж өгсөн. 
 
Өнөөдрийн уулзалтаар хоёр улсын эдийн засагт тулгамдаж байгаа асуудлыг нээлттэй ярилцана. Монгол-Японы Төр, хувийн хэвшлийн аравдугаар зөвлөлдөх уулзалтаар хоёр улсын эдийн засгийн хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх тал дээр харилцан санал солилцсон ач холбогдол бүхий уулзалт болно гэдэгт итгэлтэй байна” гэв.
 

Ч.ХҮРЭЛБААТАР: МОНГОЛ, ЯПОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ӨРГӨЖҮҮЛЭХЭД ХАРИЛЦАН САНАЛ СОЛИЛЦСОН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188