• Өнөөдөр 2025-11-09

Байнгын хороо ЗХЖШ-ын даргад бригадын генерал С.Ганбямбыг томилохыг дэмжив

2022-11-01,   548

      УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022.10.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцсэн.
 
      Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЗХЖШ-ын даргаар нэгдүгээр орлогчоор ажиллаж буй бригадын генерал С.Ганбямбыг томилох саналаа УИХ-д зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн билээ. Байнгын хорооны гишүүд үг хэлж дууссаны дараа Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар С.Ганбямбыг томилох саналын томъёоллоор санал хурааж, гишүүдийн олонх дэмжлээ.
 
     Иймд  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗХЖШ-ын даргаар С.Ганбямбыг томилох асуудлыг оруулахаар болов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэнэ. Хэрвээ гишүүдийн олонхын санал авч чадахгүй бол Ерөнхийлөгч дараагийн хүний нэрийг дэвшүүлэх юм.
 
Бригадын генерал С.Ганбямбын намтар
 
С.Ганбямба нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн, 1983-1993 онд Нийслэлийн 33 дугаар дунд сургууль, 1993-1997 онд Цэргийн их сургуульд “Артиллерийн команд-тактик”-ийн мэргэжил эзэмшин цэргийн ухааны бакалаврын зэрэг, 2007-2009 онд Батлан хамгаалахын удирдлагын академид “Стратеги-тактик, команд штаб”-ын мэргэжил эзэмшиж, цэргийн ухааны магистрын зэрэгтэй, “Онцгойлох үнэлгээтэй” төгссөн.
 
2017-2019 онд Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг “Төрийн цэргийн аюулгүй байдал” мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд одоо Үндэсний батлан хамгаалах их сургуулийн докторантурт суралцаж байна.
 
Бригадын генерал С.Ганбямба нь Бүгд Найрамдах Турк Улсад 2003 онд “Энхийг сахиулах ажиллагааны анхан шатны дамжаа”, 2006 онд “Батальоны захирагчийн дамжаа”,  2014 онд Канад Улсад “Англи хэлний анхан шатны дамжаа”-г дүүргэжээ.
 
 

 


Байнгын хороо ЗХЖШ-ын даргад бригадын генерал С.Ганбямбыг томилохыг дэмжив
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188