• Өнөөдөр 2025-11-09

"ШУДАРГА ТАВ"-ЫН НЭГЭЭС "ДАВХАР ДЭЭЛ"-ТЭЙ САЙД БОЛТЛОО ДЭВШСЭН Т.АЮУРСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ

2022-10-21,   630

        МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад Т.Аюурсайханыг томилохыг дэмжиж, УИХ-д оруулж ирээд байна. Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад томилогдсон УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл иргэдээ "ул"-ны айл хэмээн доромжилсон хэмээн үзэж, түүнийг сайдаас чөлөөлөх шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргасан. Улмаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын албыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан түр орлож байсан юм.
 
УИХ-ын чуулганы хуралдаанаар яг одоо түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад дэмжих эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. МАН-ын Удирдах зөвлөлөөс дэмжсэн тул түүнийг сайдаар томилох нь тодорхой болоод байна. Тэгвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан гэж хэн болохын танилцуулж байна.
 
Т.Аюурсайхан нь 1993 онд нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг төгсөж, 1995-1999 Турк Улсын Докуз ейлүл их сургуульд эдийн засагч мэргэжил эзэмшсэн байна. Улмаар 2004 Киргиз Улсын Бишкек хотод судалгааны арга зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн Сөүлийн Үндэсний их сургууль, Японы Олон улсын их сургууль Солонгос Улс, Япон Улс Магистр, Олон улсын хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй дүүргэсэн бөгөөд Монгол Улсад докторын зэргээ хамгаалсан байна.
 
Тэрбээр Аста Пресс ХХК Ерөнхий захирал, эдийн засагчаар ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах болж дэвшсэн нэгэн. Улмаар 2008-2012 онд нийслэлийн Чингэлтэй дүүрэг ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны даргын алба хашиж, 2012 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байв. 2016 оны сонгуульд тус дүүргээс нэр дэвшиж, хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдоод буй.
 
"ШУДАРГА ТАВ"-ЫН НЭГ САЙДЫН СУУДАЛД ОЧЛОО
     
      УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нь одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн асан Л.Болд, Ж.Батзандан нартай хамт “Шударга тав” гэх бүлгэм байгуулж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын унагааж байсан хүний нэг. Иймдээ ч тэрбээр тушаал дэвшиж, 2020 оноос УИХ-ын дэд даргын албыг хашиж, чамгүй олон чуулганы хуралдааныг даргалаад амжсан. Одоо харин “давхар дээл”-тэй сайдын суудалд дэвшээд байна.
 
       Тэрбээр улс төрийн карьераа Ерөнхийлөгч асан Н.Багабандийн туслахаас эхлүүлж байсан ч, Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох үеэр "Оюутолгой"-н ТУЗ-өөс нэн даруй Н.Багабанди гуайг гаргах шаардлагатай. Энэ хүн бол зарчимд нийцэхгүй. Хэвлэлээс бид түүнийг Засгийн газрын хэрэг эрхлэхийн даргыг дарамтлаад "Оюутолгой"-н ТУЗ-д үлдсэн гэдэг мэдээллийг аваад сууж байсан. Одоо Ерөнхий сайдыг дарамталж чадахгүй байлгүй" хэмээж байсан удаатай.
 
Улс төрд хөтөлж оруулсан хүнээ ийн хэлэхэд нь олон нийт шүүмжлэлтэй хандахад  "Н.Багабанди гуай нэгдүгээрт миний эзэн биш. Хоёрдугаарт намайг улс төрд дагуулж оруулж ирээгүй. Улс төрд би бор зүрхээрээ, бартаа саадтай замаар явж ирсэн. Туслахаар нь ажиллаж байхдаа би хийсэн ажлынхаа төлөө Монгол төрөөс цалингаа авсан" хэмээж байв.
 
Т.АЮУРСАЙХАН 1.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРОН СУУЦТАЙ
 
       Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад дэвшиж буй Т.Аюурсайханы хөрөнгө оруулгын мэдүүлэг нь 2015 оноос хойш огцом нэмэгдсэн гэдэг. Тэрбээр 2021 онд мэдүүлсэн хөрөнгө оруулалтын мэдүүлэгтэй
  • 235 сая төгрөгийн орлоготой,
  • 1.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нийтийн хоёр орон сууц, нэг зуслангийн байшинтай, нэг ферм, нэг авто зогсоолтой,
  • 118 сая төгрөгөөр үнэлэгдэх суудлын жижиг машин,Toyota, Prius XW30- 1,Суудлын жижиг машин,Mercedes Benz, GLE 400- 1 машинтай,
  • 498 сая төгрөгөөр үнэлэгдэх мал аж ахуйтай,
  • 36 сая төгрөгийн эзэмшил газартай,
  • 87 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 162 сая төгрөгийн хадгаламжтай, Эрдэнэс тавантолгой ХК, Адванседледэр солюшенс ХХК-д тус бүр хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.
 

"ШУДАРГА ТАВ"-ЫН НЭГЭЭС "ДАВХАР ДЭЭЛ"-ТЭЙ САЙД БОЛТЛОО ДЭВШСЭН Т.АЮУРСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188