• Өнөөдөр 2025-11-09

П.САЙНЗОРИГ: Өнгөрсөн хугацаанд 268 хэргийг Дампуурлын тухай хуулиар шийдсэн

2022-10-14,   660

                    УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

   УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА: Хууль хэрэгжсэнээр жилд хэдэн хэрэг шүүхэд очно гэж бодож байна вэ. Дампуурлын тухай хууль үйлчилсэн хугацаанд хэчнээн компанийн асуудлыг шийдвэрлэсэн бэ. Энэ асуудлаар мэргэшсэн хүмүүс бий юу. Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд, койн гаргасан компани яах вэ.  2021 оны тавдугаар сараас хойш бол койн гаргасан хөрөнгийн бирж нь хариуцлага үүрэх юм байна. Үүнээс өмнөхийг нь хэрхэн зохицуулах юм бэ. Компани нь дампуураад шүүх дээр очиход, өр авлагынх нь араас шүүх хөөцөлдөж чадах уу.
 
  ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР: Койнтой холбоотой асуудлын хувьд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг УИХ баталсан. Тухайн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид Санхүүгийн зохицуулах хороонд өөрийн үзүүлж буй санхүүгийн үйлчилгээнийхээ талаар мэдээлэл хүргүүлнэ. Улмаар Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, үйл ажиллагаа явуулна. Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид тухайн хороотойгоо хамтарч тайлангаа гаргана. Цахим залиланг бие даасан гэмт хэрэг болгож оруулж ирнэ. Дампуурлын тухай хуулийн гол агуулга нь мөнгөн төлбөрөө зургаан сараас дээш хугацаагаар төлж чадаагүй тохиолдолд хүсэлт гаргаад шийдвэрлүүлнэ.
 
МОНГОЛБАНКНЫ ХУУЛЬ ЭРХЗҮЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ Д.АЮУШ: Банк буюу тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг татан буулгах хоёр заалт бий. Сайн дураараа татан буугдаж буй банканд Дампуурлын тухай хууль үйлчилнэ. Харин Монголбанкны шийдвэрээр буюу албадан татан буулгасан банкны хувьд Банкны тухай хуулиар явна.
 
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА П.САЙНЗОРИГ: Удахгүй шүүх байгуулах тухай хуулийг Шүүхийн ерөнхий зөвлөлтэй зөвшилцөж оруулж ирнэ. Иргэний шүүх дотор арилжааны танхим байгуулах асуудал буюу бизнесийн маргаанд мэргэшсэн шүүгч ажиллуулах, эдийн засгийн шинжээчид ажиллуулдаг болох асуудалд илүү анхаарч байна. Засгийн газраас удахгүй он гарахаар Иргэний процессын хуулийг өргөн барина. Иргэний процесс дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэмж оруулж ирнэ. Шүүх хэрэг маргааныг үүсгэсэн бол дуусах хүртэл шүүхийн шийдвэрээ биелүүлдэг процессоо хянах хуулийг оруулж ирнэ. Өнгөрсөн хугацаанд 268 хэргийг Дампуурлын тухай хуулиар шийдсэн. Гэтэл манай улсад 200 мянган хуулийн этгээдийн 70 орчим мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. 130 мянга нь үйл ажиллагаа идэвхгүй байдалд, татан буугдах арга зам нь байхгүй болоод гацсан байна. Өр барагдуулах асуудалд шүүх оролцоно. Нуугдмал хөрөнгийг олж илрүүлэх зэрэг дээр хэрэг гүйцэтгэгчдийг мэргэшүүлэх шаардлагатай.

П.САЙНЗОРИГ: Өнгөрсөн хугацаанд 268 хэргийг Дампуурлын тухай хуулиар шийдсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188