• Өнөөдөр 2025-11-09

Б.ЖАВХЛАН: Төсвийн алдагдлыг 800 гаруй тэрбум төгрөгөөр бууруулж байгаа

2022-10-07,   498

      УИХ-ын өнөөдрийн чуулганаар  2023 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж байна. Төслийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

 УИХ-ЫН ГИШҮҮН О.ЦОГТГЭРЭЛ: Бид өнөөдөр төсөв мөнгөний бодлого хэлэлцэж байна. Эдгээрийг харахаар хүндрэл бэрхшээл гэхэд багадахаар хямралын байдалтай тоотой тулаад ажиллаж байна. Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар төсвийн болон төлбөрийн дансны хос алдагдал гэх зүйл болж байна гэсэн. Товчхондоо төсвийн алдагдал гэдэг төр томроод байна гэсэн утга байна. Төлбөрийн дансны алдагдал гэдэг бид валют болж чадахгүй байна гэдэг л зүйл. Үндсэндээ экспорт хийх ажил, гадаадын хөрөнгө оруулалт татах ажлыг муу хийж байгаатай холбоотой. Харин ганц сайн хийж байгаа ажил нь өр, зээл тавих. Ер нь сүүлийн үед төр яагаад томроод байгаа юм бэ. Төрийн оролцоо эдийн засагт жилээс жилд томроод байгаагийн учир юу вэ. Мөн төрөлжилт гэх зүйл бүр байхгүй боллоо.  Төсвийн номын 71-р хуудаст байгаа 2022 оны арваннэгдүгээр сар буюу өнөөдөр 2023 оны арванхоёрдугаар сар буюу төсөөлөл гэх хоёрын хооронд 28 их наядаас 39 их наяд буюу 11 их наядаар өр нэмэгдэнэ гэсэн тоо байна. Үндсэндээ Засгийн газар дотоодоосоо гурван их наядыг авч, гадаадаас таван их наядыг авна. Засгийн газрын өрийн баталгаа гээд 3.7 байна. Шууд мөнгөөрөө найман их наядыг зээлнэ гээд байна. Үүнд тайлбар өгөөч. Статистикийн газрын даргаас ядуурлыг сүүлд хэр тооцсон байгаа талаар мэдээлэл авья.

 САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН: Таны асууж байгаа тоо бол хязгаарын тоо. Мөн ирэх жилүүдэд зээл авах төслүүд ч бий. Бид дунд хугацааны стратегийг  УИХ-аар батлуулаад, хуулийнхаа дагуу явна. Ашиглаагүй байгаа 20 гаруй их наяд төгрөгийн зээлийн гэрээ байна. Эндээс шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төсөвт зайлшгүй шаардлагатай зээл аваад явна. Ханшийн зөрүүгээс нэмэгдсэн тооцооллууд байгаа. Гэхдээ бид төсвийн тусгай шаардлагын хүрээнд дотоодын бүтээгдэхүүний 50  хувиас хэтрүүлэхгүй аваад явж байгаа. Төсвийн алдагдлыг шат дараатай бууруулж байгаа. Энэ удаа гэхэд энэ оныхоос 800 гаруй тэрбум төгрөгөөр бууруулж байна. Төсөв төржөөд төрөлжихгүй байна гэдэг шүүмжлэлийг бид бодох ёстой зүйл. Тэгэхээр бид цаашид шинэ сэргэлтийн бодлого гэдэг төсөвтөө биш харин дотоодын нөөц бүтээгдэхүүн, эдийн засгийнхаа суурийг тэлэх бодлого руу чиглэн ажиллаж байна.

   ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ГАЗРЫН ДАРГА Б.БАТДАВАА: Ядуурлын тооцоог Үндэсний статистикийн хороо Дэлхийн банктай хамтраад хоёр жил тутамд тооцон гаргадаг. Тооцооны ерөнхий аргачлал хүн амын өрхийн нэг хүнд ногдох хэрэглээнд үндэслэн тооцдог. Ингэхдээ хүнсний хэрэглээ гэхэд тухайн нэг хүнд ногдох хүнсний хэрэглээ, тухайн хүний өдөрт авах илчлэгийн хэмжээг хангаж чадаж байна уу гэдэг үндэслэлээр тооцдог. Хамгийн сүүлд  2020 оны байдлаар ядуурлыг тооцсон байгаа. Тус тооцооллоор Монгол Улсын нийт хүн амын 27.8 хувь буюу нийт 903.4 мянган иргэн ядуу амьдарч байна гэдэг тооцоолол гарсан. Энэ жил өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар бид авч үзэж байгаа. 2023 оны эхний хагаст багтаагаад 2022 оны тоог зарлахаар байгаа.

     УИХ-ЫН ГИШҮҮН О.ЦОГТГЭРЭЛ: Сангийн сайд та, хязгаарын тоо гээд хэтэрхий зөөлжилж хэлээд байна. Энэ тоо баримт чинь арай л худлаа харагдаад байна.

  САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН: Уучлаарай, би ойлгуулж чадахгүй байх шиг байна. Бид төсвийн тусгай шаардлагаа хуульчилсан байдаг. Тэгэхээр бид хуулийн хүрээнд ажиллана. Орон зай гарвал зээлийг ашиглах эрх, үүрэг нь Засгийн газарт байгаа. Ямар зээлийг ашиглаж болох вэ гэх дунд хугацааны жагсаалтыг бид Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банкнаас ийм төсөлд авч болно гээд УИХ-аар батлуулсан. Үүнийгээ бид дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, төлөгдөж байгаа зээл гээд үүсэж байгаа хязгаарынхаа орон зайнд УИХ-аар батлуулсан зээлээ эрэмбэлж байгаад, ашиглаад явдаг зарчимтай.

 

 


Б.ЖАВХЛАН: Төсвийн алдагдлыг 800 гаруй тэрбум төгрөгөөр бууруулж байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188