Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын ээлжит зургаадугаар уулзалт Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотод есдүгээр сарын 15-ны өдөр болов.
Талууд Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорын хэрэгжилтийг эрчимжүүлэх, гурван талын хамтын ажиллагааны тодорхой чиглэлд ахиц гаргах талаар хэлэлцлээ.
Түүнчлэн төмөр замын зүүн, баруун коридорыг байгуулах, хил, гаалийн чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг харилцан онцоллоо. Гурван улсын хооронд авто тээврийг хөгжүүлэн, Азийн авто замын сүлжээгээр гурван улсын хооронд тээврийг нэмэгдүүлэх талаар ярилцав.
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл нь гурван улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой болохыг талууд онцоллоо.
Төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллаж, төслийг хариуцсан холбогдох аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоог хангах нь чухал гэдэгт талууд санал нэгдэв.
Иргэд хоорондын харилцаа, хил дамнасан аялал, жуулчлалыг хөгжүүлэх нь гурван улсын харилцаанд чухал ач холбогдолтой гэдэгт Төрийн тэргүүн нар санал нэгдлээ.
“Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хугацааг таван жилээр сунгасныг Төрийн тэргүүн нар уулзалтын үеэр тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын газарзүйн байршлын онцлогт тулгуурлан олон улсын транзит тээврийг хөгжүүлэх, энэ хүрээнд гурван улсын эдийн засгийн коридорын хөтөлбөрт тусгасан төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь чухал байгааг онцлов.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийг бууруулж, тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд эдийн засгийн үр өгөөж өндөртэй, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь Монгол Улсад чухал буйг онцлон тэмдэглэлээ.
Энэ хүрээнд “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”, “Эгийн голын усан цахилгаан станц” байгуулах төслүүдэд хөрш орнуудтай идэвхтэй хамтран ажиллах саналаа илэрхийлсэн бөгөөд энэ чиглэлд шинжээчдийн түвшинд ажиллахаар болов.
Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгасан томоохон төслүүд хэрэгжиж эхлээд байгаа энэ үед 2018 онд тохиролцож байсны дагуу Хөрөнгө оруулалтын хамтарсан төвийг Улаанбаатар хотноо байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлэх саналыг дэвшүүлэв.
Үүнээс гадна шинжлэх ухаан, соёл, боловсрол, хүмүүнлэг, аялал жуулчлал, гамшигтай тэмцэх зэрэг гурван улсын хамтын ажиллагааны бусад салбарт анхаарал хандуулах хэрэгтэйг онцоллоо.
Талууд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын уулзалт амжилттай болж, хамтын ажиллагааны олон асуудлаар санал нэгдсэн гэдгээ дүгнэн тэмдэглэв.
Монгол Улс 2012 оноос эхлэн ОХУ, БНХАУ-тай гурван талаар эдийн засгийн салбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх транзит коридор байгуулах саналыг дипломат шугамаар илэрхийлж ирсний үр дүнд гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулах болж, Монгол, Орос, Хятадын гурван талт хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан болно.
Стратегийн түнш, хөрш орнуудын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, улс төр, эдийн засгийн гурван талт хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх зорилго бүхий энэхүү уулзалтыг 2014 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Уулзалтыг зохион байгуулж эхэлснээс хойш “Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг байгуулж, хэрэгжүүлэх чиглэлд гурван талаас томилсон Ажлын хэсгийн дарга нарын уулзалт болон шинжээчдийн түвшний уулзалтыг тогтмол зохион байгуулж ирлээ.
Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын уулзалт нь КОВИД-19 цар тахлын дэгдэлтээс үүдэн 2019 оноос хойш түр хугацаанд завсардаад байв.
Энэ жилийн Төрийн тэргүүн нарын уулзалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин даргалсан бөгөөд ирэх жилийн уулзалтыг БНХАУ-ын дарга, үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч даргална.
| Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүний уулзалт эхэллээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |