• Өнөөдөр 2024-05-05

ТӨРИЙН ТОМЧУУД ТЕНДЕРЭЭР ХӨЛЖДӨГ

2022-09-09,   657

-Тендер нэрээр компаниудад босго тавьж, түүнд нь хэн нэгэн эрх мэдэлтний хамаарал бүхий, танил талынх нь компани шалгарч, төсөв хөрөнгийг нь хувааж “цохичихоод” хийх ажлаа халтуурдчихдаг үзэгдэл бидний дунд хэдийнээ дасал болжээ-

         Төрийн эрхэнд суусан цөөн хэдэн улстөрч, бизнесийн бүлэглэлийнхэн улсын хөрөнгийг арга мэхээр хувааж “иддэг”, татвар төлөгчдөөр тэжээлгэдэг гажууд тогтолцоо манайд бий. Үндсэндээ ард түмний, татвар төлөгчдийн хөрөнгө шууд болон шууд бусаар төрийн эрхийг баригч, томчуудын халаас руу орчихдог нь нууц биш юм. Энэ байдал өнөөдрийн улс төрд арга нь нарийсаж, технологи нь хөгжөөд улам боловсронгүй болчихоод байна.

        Өнөөдөр манайх улсын чанартай аль өнгөтэй өөдтэй, их хөрөнгө зарцуулдаг ажлаа тендер буюу төрийн худалдан авах үйлчилгээг зарлаж, сонгон шалгаруулалтаар явуулдаг болсон. Улсын төсөвт төсөвлөсөн их хэмжээний хөрөнгө оруулалт бүхий бүтээн байгуулалтын ажлаас эхлээд, төрийн өмчит компаниудын цай, кофены сонголтыг хүртэл тендерээр шалгаруулна. Энэ нь томчуудын олз болж, ард түмний мөнгийг түрүүвчиндээ түнтийлгэх бас нэг заль нь болж хувирлаа.

       Үндсэндээ төрийн томчуудын улсын төсвийг хувааж хүртэх хамгийн цэвэрхэн арга нь тендер болчихсон гэхэд хол зөрөхгүй. Тодруулбал, тендер нэрээр компаниудад босго тавьж, түүнд нь хэн нэгэн эрх мэдэлтний, хамаарал бүхий, танил талынх нь компани шалгарч, төсөв хөрөнгийг нь хувааж “цохичихоод” хийх ажлаа халтуурдчихдаг үзэгдэл бидний дунд хэдийнээ дасал болжээ. Харамсалтай нь, үүнийг нь бид байдаг үзэгдэл мэтээр хүлээж авсаар тендерээр хөлжигчдийг даврааж орхилоо. Үндсэндээ тендерийн ард төрийн томчууд байдгийг мэдсэн ч мэдээгүй царайлж, харсан ч хараагүй юм шиг өнгөрөөгөөд сурчихсан гэсэн үг. Тэдэнд уул уурхайн том төслүүдээс эхлээд, авахгүй тендер, оролцохгүй салбар гэж үгүй. Тэр байтугай сурагчдын өдрийн хоолны тендерийг хүртэл авчих явдал ч гардаг. Томчуудын хамаарлын толгой компаниуд охин компани өндөглүүлж, түүгээрээ том жижиг санхүүжилтийг толгой дараалан хувааж иддэг технологи өнөөдөр бидний дунд бугшсан үзэгдэл болчихсон. Жирийн иргэн компани байгуулаад хоолондоо хүрнэ гэдэг өнөөгийн нийгэмд хүндхэн даваа, ховор үзэгдэл болоод байна. Үндсэндээ хэн нэг том улстөрчийн харъяалал биш л бол ямар ч төрийн ажлыг хувийн компани гүйцэтгэх боломжгүй гэсэн үг. Нэг талаараа төр иргэдээ дэмжиж ажиллах байтал төр нь иргэдийнхээ эсрэг том аппарат ажилуулдаг болчихсон байна. Төрийн томчуудаар ахлуулсан томчуудын хүрээлэл жирийн иргэний гэрт орж, тогоотой хоолыг нь булаахаас наагуур л амьдарч байна даа.

ЭРХ МЭДЭЛТНҮҮД ТЕНДЕРИЙГ ИНГЭЖ ЦОХИДОГ

        Төрийн худалдан авах үйл ажиллагаанд төрийн томчууд хууль бусаар оролцдог гэдгийг баталсан  баримтыг Эргэлт.мн мэдээллийн сайт цувралаар хүргэдэг билээ. Тэгвэл төрийн томчууд тендерийг хэрхэн өөрийн халаас руу оруулдаг талаарх хэд хэдэн баримтыг эргэн сануулъя.

    Одоогоос яг жилийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнөх Засгийн газарт ЗГХЭГ-ын дарга байх үед Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгох зорилт тавиад 40 сая жуулчин татах “Андлалын өргөөг” барьж байгуулсан түүхтэй. Гэвч улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн уг ажил олны шүүмжлэл дагуулж, төд удалгүй зохиогчийн эрхээр татгалзаж байна гэх шалтгаанаар анх эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлыг зогсоож байсан түүхтэй. Үүнээс хамгийн анхаарал татаж буй нь улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийг бүтээн байгуулалтын ажлыг хариуцаж байсан “Хос Санаа” ХХК тэр даруй гаргаж өгснөөр тендерийн будлианы түүх эхэлсэн. Угтаа бол улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын цаад эзэн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбогдсон түүхийг “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Херо” Б.Баатар нар “дүү”-дээ 1.9 тэрбумын тендер өгч, тоглуулсан түүх буюу “Андлалын луйвар” цуврал сурвалжилгаар хүргэсэн.

          Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Тэс Петролиум” ХХК-иараа төрөөс 14 тендерийг худалдан авсан байдаг.  Тэрбээр “Ойн бирж” ХХК, “Тэс петролиум” ХХК, “Жэй Эм Ойл” ХХК, “Сэлэнгэ петрол” ХХК тэргүүтэй шатахуун импортын компаниуд болон “Хөх ган” ХК, “Жаргалант төв” ХК, “Монгол шевро” ХХК, “Монгол эд импекс” ХК зэрэг компаниудад хувьцаа эзэмшдэг. Улмаар дээрх компаниудаараа дамжуулж, төсвийн хөрөнгийг цөлмөдөг баримтыг танилцуулсан билээ. Ингэхдээ тэрбээр, шатахуун түгээх компаниудаараа дамжуулж, шатах, тослох материал нийлүүлэх, шатахуун нийлүүлэх нэрээр худалдан авах ажиллагааны тендерийг гаргаахгүй авдаг байна.

МАН-ын ахмад гишүүдийн нэг, Барилга хот байгуулалтын яамны сайд асан Х.Баделхан ч мөн тендерийн гол тоглогч. Хамаарал бүхий компани нь он гарснаас хойш 9.7 тэрбум төгрөгийн тендерийг ямар ч асуудалгүй авчихсан баримтуудыг ил болсон. Тэрбээр 1994 онд үүсгэн байгуулсан "Жол" ХХК-иараа дамжуулан улсад хамгийн их хөрөнгө оруулалт шаарддаг замын тендерүүдийг тоглой цохин авдаг гэх.  Улмаар 2022 он гарсаар сүүлийн дөрвөн сард л гэхэд 9.7 тэрбум төгрөгийн тендерт шалгараад байна. Түүгээр зогсохгүй, өнгөрөгч дөрөвдүгээр сар зарлагдсан 5.3 тэрбум төгрөгийн хоёр тендерт материалаа хүргүүлсэн гэдэг.

        Мөн УИХ-ын гишүүн, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хоёрхон жилийн хугацаанд 9.5 тэрбум төгрөгийн тендерийг хамаарал бүхий компаниараа авсан баримт ч ил болсон

      Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сайд болсноосоо хойш хувийн бизнесээ бондойлгож, төрийн худалдан авалтыг алдахаа байсан баримтуудыг ил болгосон. Тордуулбал, Б.Батцэцэг сайдын компаниуд он гарсны дараа гэхэд л  улсын хөрөнгө оруулалт бүхий 12 тендерийг авсан байдаг.

      Төрийн албанд очуутаа тендер цохидог жишгийг Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх ч үргэлжлүүлээд авсан. Тодруулбал, тэрбээр эрчим хүчний шугам сүлжээ, дэд станцийн тендерүүдийг "Багануур энерги" ХХК-иараа дамжуулан авдаг, тус компанитай хамаарал бүхий баримтыг танилуулж байв.

Мөн БХБ-ын сайд Б.Мөнхбаатарын хадам дүү барилгын 8.8 тэрбум төгрөгийн тендер авсан зэрэг баримтууд бий.

     Энэ мэтээр төрийн томчууд тендер гэх том нэрний ард өөрсдөө нуугдаж, хамаарал бүхий компаниуудаар дамжуулж, улсын хөрөнгийг өм, цөм цөлөмдөг болчихсон нь өнөөдрийн бодти байдал болоод байна. Угтаа бол төрийн томчууд төрийн худалдан авах үйлчилгээ буюу тендер гэх “том сүлжээний бизнес” цэцэглүүлчихээд түүгээр түмний мөнгийг хэнэгчгүй хээв нэг цохидог шинэ жишиг манайд тогтчихлоо.

 


ТӨРИЙН ТОМЧУУД ТЕНДЕРЭЭР ХӨЛЖДӨГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-10 10:02:53
    дарлагдагч: бүгдийг нь аялцгаая!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-09 21:28:13
    Зочин: Бух салбарт Терийн нэрээр иднэ. Терийн бус нэрээр мен л еерсдее идэж бна шуудээ. Юун шударга ес, хариуцлага, хегжил бэ!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188