• Өнөөдөр 2025-11-09

ТАНИЛЦ: УИХ-ЫН БАЙНГЫН ХОРООДЫН ДАРГА НАР

2022-08-30,   851

     УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдаж, дарга нарыг шинээр томилсон юм. Тодруулбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Б.Саранчимэг, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Т.Энхтүвшин, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Анужин, Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Э.Батшугар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Г.Мөнхцэцэг, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Б.Баттөмөр, ууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар байнгын хорооны даргаар Л.Мөнхбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Б.Энх-Амгалан, Төсвийн байнгын хорооны даргаар Б.Тэмүүлэн, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ж.Ганбаатар нарыг дэмжсэн байна. 

БОХХААБХ-НЫ ДАРГА Б.САРАНЧИМЭГ

    УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон тул УИХ дахь олонхийн бүлгээс тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Батсүхийн Саранчимэгийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэснийг танилцуулсан юм.

     Б.Саранчимэг нь 1987-1993 онд ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан техникийн их сургуульд удирдлагын автоматжуулалтын системийн инженер, 2012-2013 онд ШУТИС-ийн магистр, 2014 онд Харвардын их сургуулийн удирдлагын хөтөлбөр, 2014-2017 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. 1994-1999 онд УИХ-ын Тамгын газарт мэдээллийн технологийн инженер, 2006-2009 онд “Шинэ зуун Улаанбаатар” ТББ-ын тэргүүн, 2011 оноос Нийслэлийн нийгмийн ардчилал, эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, 2008-2016 онд НИТХ-ын төлөөлөгч бөгөөд тэргүүлэгч,  2010-2015 онд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн захирал, 2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зөвлөх, 2016-2020 онд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, 2020 оноос УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга, Олон улсын парламентын холбооны Ардчилал хүний эрхийн байнгын хорооны дэд ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан, ажлын туршлагатай гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулгадаа дурдлаа. 
 
    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг сонгохыг дэмжье гэдэг томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь дэмжив. 

ҮЙЛДВЭРЖИЛТИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА УИХ-ЫН ГИШҮҮН Т.ЭНХТҮВШИН

     Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн сайдаар томилогдсон тул түүний оронд УИХ-ын гишүүн Төмөртогоогийн Энхтүвшингийн нэрийг дэвшүүлэв. Т.Энхтүвшин нь 1990 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар сургууль, 1992 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр, 1999 онд Орхон их сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр, 2004 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн.

    1992-1996 онд “Эм импекс” компанид нягтлан бодогч, 1997-2001 онд Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт шалгалтын газарт Улсын ахлах байцаагч, хэлтсийн дарга, 2001-2003 онд Дорноговь аймгийн ЗДТГ-ын Эдийн засаг үйлдвэрлэлийн хэлтсийн дарга, 2003-2004 онд Дорноговь аймгийн ЗДТГ-ын Стратеги төлөвлөлт, бодлого хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга, 2004-2007 онд Дорноговь аймгийн ЗДТГ-ын Тамгын газрын дарга, 2007-2011 онд Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, 2011-2012 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, 2012-2014 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналтын хэлтсийн дарга, 2014-2015 онд “Сайхан Улаан Оргил” ХХК-ийг үүсгэн байгуулагч, захирал 2015 оноос Дорноговь аймгийн МАН-ын хорооны дарга, 2016-2020 онд Дорноговь аймгийн Засаг дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

    Нэр дэвшигчээс асуулт асуух, үг хэлэх гишүүн гарсангүй. Ингээд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Төмөртогоогийн Энхтүвшинг сонгохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 10 гишүүн 100 хувь дэмжлээ.

НББХ-НЫ ДАРГА П.АНУЖИН

    Пүрэв-Очирын Анужинг Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшүүллээ. Тэрбээр 1977 онд төрсөн, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, олон улсын эрх зүйч мэргэжилтэй. Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн П.Анужинг сонгохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд олонх дэмжлээ. 

ИННОВАЦ, ЦАХИМ БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА УИХ-ЫН ГИШҮҮН Э.БАТШУГАР

      Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал сайд болсон тул түүний оронд УИХ-ын гишүүн Энхбаярын Батшугарыг тус хорооны даргад нэр дэвшүүлж буйг бүлгийн дэд дарга Х.Булгантуяа танилцууллаа. Энхбаярын Батшугар нь АНУ-д бүрэн дунд боловсрол эзэмшсэн, эдийн засагч, санхүүч мэргэжилтэй. Нэр дэвшигчээс асуулт асуух, үг хэлэх гишүүн гараагүй. Ингээд Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Э.Батшугарыг сонгохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд олонх дэмжлээ.

БСШУСБХ-НЫ ДАРГА УИХ-ЫН ГИШҮҮН Г. МӨНХЦЭЦЭГ

     УИХ дахь МАН- ын бүлгээс УИХ-ын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад нэр дэвшүүлэв. Г.Мөнхцэцэг нь утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй, хэл шинжлэлийн магистр зэрэгтэй. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгийг сонгохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд олонх дэмжлээ.

ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Б.БАТТӨМӨР

    УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ сайд болсон тул түүний оронд УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн нэрийг дэвшүүлэв. Б.Баттөмөр нь УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх, санал хэлэх гишүүн байгаагүй ба Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрийг сонгохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Л.МӨНХБААТАР

     УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар байнгын хорооны дарга С.Бямбацогт ЗТХ-ийн сайд болсон тул түүний оронд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын нэрийг дэвшүүлэв. Л.Мөнхбаатар МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, “Отгонтэнгэр” их сургуульд суралцан эрх зүйч бакалавр, хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. 2015 онд МУИС-д хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

    Нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, ХЗДХЯ-наас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг цаг алдалгүй хэлэлцэн шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг хүссэн. Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг сонгохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. 

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Б.ЭНХ-АМГАЛАН

    УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.08.30/ хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлгээс тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн нэрийг дэвшүүлснийг бүлгийн дэд дарга Х.Булгантуяа танилцуулав. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг сонгохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжлээ. 

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА УИХ-ЫН ГИШҮҮН Г.ТЭМҮҮЛЭН

    УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдсон тул тус байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүсэв. Иймээс Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ганзоригийн Тэмүүлэнг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Г.Тэмүүлэн нь 2003 онд АНУ-д олон улсын харилцааны бакалавр, 2005 онд АНУ-д олон улсын удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан. 2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн, 2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн, 2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга, 2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал, 2013-2015 онд “Оюутолгой” ХХК-д  ТУЗ-ийн гишүүн, 2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн дэд сайд, 2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2016 оноос хойш Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

    Нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь асуулт асууж, үг хэлсний дараа Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнг сонгохыг  дэмжье гэдэг томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон 17 гишүүний 16 нь дэмжив.

 ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ЦЭРЭНПУНЦАГ

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон тул Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Цэдэндамбын Цэрэнпунцагийн нэрийг дэвшүүлж байгааг танилцуулав. Ц.Цэрэнпунцаг нь 1988 онд Завхан аймгийн Б.Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1997 онд ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийг тус тус төгссөн. 2013 онд АНУ-ын Доминиканы их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

     1999 оноос “Жем Групп”-ийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч, 2005-2010 онд “Жи-Мобайл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, 2008-2016 онд “Ddish TV” ХХК-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, 2008 оноос “Жем Нет” ХХК-ийг үүсгэн байгуулагч, 2013 оноос “SPS TV” ХХК-ийг үүсгэн байгуулагч, зөвлөх, 2018 оноос “Хужирт Тур” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байна. Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжлээ.

      Байнгын хорооны даргад нэр дэвшиж, олонхийн дэмжлэг авсан дээрх 10 гишүүний асуудлыг УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батламжлах юм.


ТАНИЛЦ: УИХ-ЫН БАЙНГЫН ХОРООДЫН ДАРГА НАР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188