• Өнөөдөр 2025-11-09

Н.ТАВИНБЭХ: Нэн түрүүнд Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах нь чухал байна

2022-08-08,   575

         Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар холбогдох албаны хүмүүсийн хамт Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа.
        Анх 1991, 1996, 2007 онд Засгийн газраас 220 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барихаар шийдвэрлэсэн ч тодорхой шалтгааны улмаас түр саатжээ. Улмаар 2013 онд Эгийн голын усан цахилгаан станц барих тухай Засгийн газрын шийдвэр дахин гарч, 2014 уг станцыг 315 МВт-ын хүчин чадалтай байхаар техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж байв. 2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барилга угсралтын ажил эхэлсэн ч ОХУ НҮБ-ын ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд  гомдол гаргаснаар ажил саатсан юм.
 
Тэгвэл Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Манай улсын эрчим хүчний эх үүсвэрийн 17 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэж байна. Тэр дундаа 1.7 хувийг усан цахилгаан станц гаргаж байна. Улсын хэмжээнд усан цахилгаан станц байгуулах 11 байршил бий. Үүнээс эрчим хүчний сэргэлтийн хүрээнд нэн тэргүүнд Эрдэнэбүрэн, Эгийн голын УЦС-ыг ашиглалтад оруулах чухал. Үр дүнд нь манай улс оргил ачааллын үед импортын эрчим хүч авахгүй болж, эрчим хүчний аюулгүй байдал дээшилнэ. Олон улсын компаниар хийлгэж буй "Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийн судалгаа" ирэх аравдугаар сард дуусна. Уг судалгаанд тулгуурлаж ирэх онд болох ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 46-р чуулганаар нааштай шийдвэр гаргуулахаар ажиллаж байна" гэлээ.
 
     Эгийн голын усан цахилгаан станц баригдсанаар 606 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, төвийн бүсийн нэгдсэн сүлжээний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангаж, системд нэн шаардлагатай горим тохируулгын үүрэг гүйцэтгэнэ. Жилд 50 гаруй сая ам.долларын цахилгаан эрчим хүч импортоор авдаг байсныг дотоодоосоо хангаж, жил бүр 4.2 сая ам.доллартай тэнцэхүйц татварын орлого бүрдэх зэрэг эдийн засгийн ач холбогдолтой юм.

Н.ТАВИНБЭХ: Нэн түрүүнд Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах нь чухал байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188