• Өнөөдөр 2022-06-30

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭРДЭНЭБАТЫН ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ

2022-06-26,   326

       Шоронгоос сонгогдсон анхны УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын эрүүгийн хэрэг өнгөрсөн нэг жил гурван сарын хугацаанд огт яригдсангүй, олон нийт ч мартаж орхилоо. Уг нь УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэрэг эцэслэгдээгүй, Улсын дээд шүүхээс тэдний хэргийг эхнээс нь шалгуулахаар прокурорт буцааж шийдвэрлэсэн. Гэвч тэр шоронгоос гарч ирмэгцээ УИХ-ын гишүүний тангараг өргөснөөр эрүүгийн хэрэг нь ийнхүү мартагдаж орхилоо. 
 
Эхлээд, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын есөн сар хоригдсон, өнөө ч эцэслэгдээгүй эрүүгийн хэргийг эргэн сануулъя. 
 
       Ж.Эрдэнэбатыг цагдан хорих шүүхийн шийдвэр 2020 оны зургадугаар сарын 11-нд гарч, 13-нд нь албадан баривчилж байв. Тухайн үед Ж.Эрдэнэбат гурав дахь удаагаа Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгуульд нэр дэвших мандатаа авч, сонгуулийн сурталчилгаагаа явуулж эхлээд байсан ч ийнхүү баривчлагдсан. Ингээд тэр УИХ-д сонгуульд шоронгоос оролцсон, басхүү шоронгоос ялалт байгуулсан анхны улстөрч болсон.
 
       Харин Ж.Эрдэнэбатын холбогдсон эрүүгийн хэргийн тухайд, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байх “Улаан сайр-2” хэмээх 1463.82 га талбай бүхий тусгай зөвшөөрлийг “Элбэг орд” ХХК-иас өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” ХХК-д шилжүүлж авсан, зургаан сарын дараа цааш нь зарсан, мөн Засгийн газрын 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар ашиг малтмал хайх найман тусгай зөвшөөрөл олгож, тус компанид давуу байдал олгосон гэж буруутгасан байдаг. 
 
      Ингээд Ж.Эрдэнэбат ба түүний хамт баривчлагдсан Д.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох хэргийг 2020 оны долдугаар сарын 6-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүх хянан хэлэлцсэн. Анхан шатны шүүхээс С.Мандахбатыг цагаатгаж, Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн 22.1.3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, зургаан жил хорих ял ногдуулсан. Мөн Б.Отгонбаатарт зургаан жил, Д.Түвшинжаргалд таван жил, Д.Ганбатад гурван жилийн хорих ял тус тус ногдуулсан. 
 
      Улмаар 2020 оны есдүгээр сарын 15-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тэдний хэргийг хянан хэлэлцсэн. Ингээд анхан шатны шүүхийн тогтоолд зарим өөрчлөлт оруулж, Д.Түвшинжаргалын ялыг гурван жил болгон бууруулж, Д.Ганбатын ялыг 30 сая төгрөгөөр торгон болгон өөрчилж, Ж.Эрдэнэбат, Д.Отгонбаатар нарыг хорих ялыг хэвээр үлдээсэн. 
 
       Харин 2021 оны нэгдүгээр сарын 15-нд Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан байдаг. 
 
         Гэвч “Улсын дээд шүүхийн тогтоолыг НПГ хүлээж авахгүй байгаа” гэх шалтгаанаар удтал маргаан дагуулж, сар хагасын хугацаанд үргэлжлүүлэн хоригдсоор байсан. Ингээд 2021 оны гуравдугаар сарын 3-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.Эрдэнэбат нарт авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх өмгөөлөгч нарынх нь хүсэлтийг хэлэлцэж, суллах шийдвэр гаргасан. 
 
Ингээд шоронд есөн сар гаруй хугацаанд хоригдоод суллагдсан Ж.Эрдэнэбат 2021 оны гуравдугаар сарын 18-нд УИХ-ын гишүүний тангараг өргөсөн. Тухайн үед Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Одоогийн нөхцөл байдлаар, хэргээ шүүхээр эцэслэн шийдүүлээгүй, эрүүгийн хэрэг үссэн байхад яарч тангараг өргөх хэрэг байна уу. УИХ-ын гишүүд парламентад орж ирээд хамгаалагддаг боллоо” гэж байв. Харин хариуд нь УИХ-ын дарга Г.Занданшатар “Бүрэн эрх нь хэрэгжиж байгаа нөхцөлд УИХ-ын гишүүнийг цагдан хорих нь Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг нотой зөрчсөн асуудал гэж үзээд тухайн үед мэдэгдэл гаргаж байсан. Тухайн үед Ж.Эрдэнэбат гишүүний бүрэн эрх хэрэгжиж байсан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 23.2-т УИХ-ын гишүүний бүрэн эрх төрийн сүлдэнд тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар шинээр сонгогдсон гишүүн тангараг өргөснөөр дуусгавар болно. Дээрээс нь Анхдугаар чуулганы нээлтэд оролцож амжаагүй гишүүн өөрийн оролцсон анхны хуралдаанд тангараг өргөхөөр хуульд заасан тулд өнөөдөр тангараг өргөж буй нь хуульд нийцсэн үйлдэл” хэмээж байлаа. 
 
      Ингэж Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөснөөр түүний бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн. Бүрэн эрх нь хэрэгжиж эхэлснээр тэр хуулийн хамгаалалтад шууд орж, эрүүгийн хэргээ мартуулсан гэж болно. Учир нь УИХ-ын тухай хуулийн 9.1-т “УИХ-ын гишүүнийг гэмт үйлдлийн явцад эсхүл гэмт хэргийн газар нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа Улсын ерөнхий прокуророос УИХ-д хүргүүлж, шийдвэрлүүлэх” агуулгатай заалт бий. Өөрөөр бол, УИХ-ын гишүүний үйлдсэн гэмт хэргийг үйлдэл дээр нь бариагүй л бол бусдаар баривчлах, шалгах, хорих, шүүх нь бүрэн эрхэд нь халдсан хэрэг болж хувирна. 
 
       УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын хувьд "М.Энхболдын хүн" гэх хаягтай, МАН доторх М.Энхболдын фракцын гол төлөөлөл. Тиймдээ ч Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан төдий намтартай атлаа Сангийн сайд болж, улмаар Ерөнхий сайд болж дэвшсэн нэгэн. Цаашлаад, Ж.Эрдэнэбатыг тангараг өргүүлэх, эсэх асуудал Ардын нам дотор ид яригдаж байх үед М.Энхболд том тохироо хийсэн ч гэх яриа бий. 

Үүнээс ургаж, хэд хэдэн асуулт гарч ирж байна. Анхан шатны шүүхээс зургаан жилийн хорих ял ногдуулж байсан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан эрүүгийн хэрэг нь УИХ-ын гишүүн болмогц нь мартагддаг байж болох уу. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэх хуулийн хамгаалалтаар дөрвөн жил эцэслэгдэхгүй хүлээгдэх үү. Дараагийн сонгуульд дахиад сонгогдчихвол яах вэ. Илүү ноцтой нь, өнөөдөр хэрэгжиж буй хууль нь өөрөө авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг хамгаалахад чиглээд, УИХ нь өөрөө хуулийн нэрээр авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдогсдоо хамгаалдаг, орогнуулдаг газар болчихсон юм биш үү. Өөрөөр хэлбэл, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдчихсэн этгээд УИХ-ын гишүүнээр сонгогдоод "УИХ-ын гишүүний бүрэн эрхэд хууль ч байсан халдахгүй шүү" гээд ял завшаад суух боломжтой юм бишүү. 

 


УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭРДЭНЭБАТЫН ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188