• Өнөөдөр 2024-05-03

Гишүүд төсөл нэрээр төсвийн мөнгө “хумслах” нь уу

2020-10-28,   504

УИХ-ын чуулган болон байнгын хороодын хуралдаанаар ирэх оны төсвийн төслийн хэлэлцүүлгийг хийж байна. Ирэх жилийн төсвийн алдагдлыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулна гэж Сангийн яам тооцоолсон. Гэвч төсвийн хэлэлцүүлгийн үеэр алдагдалгүй төсөв батлах нь юу л бол гэж харагдаж байна. Татвар төлөгч бидний мөнгөөр улсын төсвийг бүрдүүлдэг. Гэвч ирэх онд шинээр хэрэгжих төсөл нэрээр өчнөөн тэрбум төгрөг төсөвлөөд байна. Тодруулбал, ирэх онд улсын төсвийн 368.1 тэрбум төгрөгөөр 389 төсөл шинээр  эхлүүлэхээр тусгасан байна. Төсвийн тухай хуулиар тухайн төслийн хаана хэрэгжих, хэдий хугацаанд, хэзээ дуусах зэргийг тодорхой заасан байх ёстой. Гэвч дээрх төслүүдээс 114.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 20 гаруй төслийн хаана, хэзээ, хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй байна. Тухайлбал, “Сум багийн хөгжлийг дэмжих” нэртэй төсөлд 100-200 сая төгрөг төсөвлөжээ. Энэ нь Монгол Улсын сайд буюу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын багцад хамааралтай бөгөөд хүчин чадал нь тодорхойгүй, хийгдэх ажил нь ерөнхий тусгагдсан байгаа юм. Дээрх төслийг Архангай болон Ховд аймагт хийхээр төлөвлөжээ. Сум, багийн хөгжилд ямар бүтээн байгуулалт хийх эсвэл ямар тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг нь тодорхой байх ёстой ч эдгээр төсөлд бүдгээс бүдэг байна.  
Мөн “Дижитал Эрдэнэт” төсөл нь Орхон аймагт 10 тэрбум төгрөгөөр хэрэгжихээр орж ирсэн. Мөн л төслийн танилцуулга дээр тодорхой зүйл тусгаагүй. Сангийн сайдын багцад гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүдийн Монголын талын хөрөнгө оруулалт гэх 64 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Үүнд төслийн танилцуулга болон хийгдэх ажлын жагсаалт нь мөн л байхгүй. 
Түүнчлэн Барилга хот байгуулалтын сайдын багцад сумын төвийн тохижилт нэрээр 200 саяас эхлээд 7.8 тэрбум төгрөгийн төсөв орж иржээ. Энэ мөнгөөр цэцэрлэг, эмнэлэг, сургууль барьж болно. Гэтэл юу барих нь тодорхойгүй, ерөнхий байгаа юм. Төсөв батлагдсаны дараа тохижилт нэрээр хэдэн хөшөө дурсгал, цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур гэх мэтээр үр ашиггүй зарцуулах вий гэсэн болгоомжлол байна. 
Мөн “Жишиг гудамж”, “Жишиг хороо” зэрэг төсөл ирэх жил нийслэлд хэрэгжихээр байна. Дээрх төслүүдэд нэг тэрбумаас 2.5 тэрбум төгрөгийн төсөв бичжээ. Мөн л хийгдэх ажил нь тодорхой бус ч зарцуулах хөрөнгө тавигдсан нь тодорхой байна. 
Түүнчлэн “Их соёл”, “Их үндэс” хөтөлбөрийг Дундговь аймагт хэрэгжүүлэхээр оруулж иржээ. Уг хөтөлбөрүүд Боловсролын сайдаас 300 сая, Соёлын сайдаас 200 сая төгрөгөөр санхүүжихээр орж ирсэн байна. Хоёр яамнаас төсөвлөсөн дээрх хөтөлбөрт юу хийх нь тодорхойгүй байна.  
Аливаа төсөл, хөтөлбөрийг аль нутаг дэвсгэрт хэрэгжих байршлыг нь тодорхой заах ёстой байдаг.  Тэгвэл ирэх онд хэд, хэдэн төсөлд тодорхой байршил заагаагүй байна. Тухайлбал, цэргийн албан хаагч болон тусгай чиг үүргийн хүүхдийн цэцэрлэгийн 150 ортой барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр барина гэж тусгасан ч хаана барих нь тодорхойгүй. Эндээс үзэхэд хаана ч хамаагүй нэг цэцэрлэг барих нь гэж ойлгогдохоор байгаа юм. 
Дөнгөж бүрдсэн Засгийн газар энэ мэтчилэн төсөл нэрээр өчнөөн тэрбум төгрөг хий төсөвлөж, түүнийгээ “хумслах” нь уу гэж хардаж болохоор байгаа юм. 

Гишүүд төсөл нэрээр төсвийн мөнгө “хумслах” нь уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-28 16:55:53
    Зочин: Төсвөө өөдрөгөөр төсөөлөхийн цаана ингэж байж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-28 08:42:12
    Иргэн: Угаасаа л тэгж иддэг биз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-28 08:42:10
    Иргэн: Угаасаа л тэгж иддэг биз
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188