• Өнөөдөр 2025-02-05

Хошууч генерал О.ЭНХБАЯР: Ээж минь маш их баярласан ч Хошууч генерал цолыг сайн мэдэхгүй болохоор “За нэг таван хошуу нэмэгдэж байгаа юм байна даа” л гэсэн

2021-03-18,   10422

          Монгол Улсын Ерөнхийлөгчийн цэргийн дээд цол гардуулах тухай зарлигийн дагуу Зэвсэгт хүчний салбарт шинэ хошууч генерал, бригадын генерал нар “төрсөн” билээ.

          Уншигч та бүхэнтэй энэ удаад Ерөнхийлөгчийн зарлигаар хошууч генерал цолоор шагнуулсан Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлагч, хошууч генерал О.Энхбаярыг уулзуулж байна. Хөдөөгийн тал нутаг, эцэг, эхийн гараас эх орны хүү болсон түүний дурсамж дүүрэн амьдралын түүхийг хуваалцъя.

-Зэвсэгт хүчний салбарт зүтгэсэн хөдөлмөрөө үнэлүүлж, хошууч генерал цолоор шагнуулсанд баяр хүргэе.  Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

       -Баярлалаа. Миний бие 1979 оноос хойш 40 орчим жил Зэвсэгт хүчний салбарт ажиллаж байна.  Энэ бүх хугацааны дараа хошууч генерал хэмээх эрхэм цолоор шагнуулж байгаадаа их баяртай байна. Намайг хошууч генерал цолоор шагнуулж байгаа тухай мэдээ шагналаа авахаас өмнө цахим орчинд тарчихсан учраас гэр бүлийнхэн, хамаатан садан, танилууд маань баяр хүргээд л байсан. Хэдий мэдчихсэн байсан ч Ерөнхийлөгчийн тамгын газраас яриад энэ мэдээг дуулгахад маш их баярласан. Цол хүртээх зарлиг дээр гуравдугаар сарын 18 буюу Монгол цэргийн өдрөөр огноолсон байсан нь их сайхан санагдсан. Ерөнхийлөгчийн зарлигаар хошууч генерал цол хүртсэнд надаас илүү хамт олон, хань ижил маань л их баярлаж байх шиг санагдаж байлаа даа. Ялангуяа ээж минь их сайхнаар хүлээж авсан.

-Ээждээ хошууч генерал цолоор шагнуулж байгаагаа дуулгахад хэрхэн хүлээж авсан бэ?

      -Ээж маань өдгөө 87 настай сайхан буурай бий. Хошууч генерал цол гэхлээр нэг сайн мэдэж өгдөггүй “За ямар ч байсан нэг таван хошуу нэмэгдэж байгаа юм байна даа” гэсэн (инээв). Ээж маань их баярлаж, юу хэлэх учраа мэдэхгүй л байсан шиг байгаа юм. Манай удамд цэргийн хүн цөөн. Би 17, 18 настайгаасаа гэрээсээ гарч, өнөөг хүртэл цэргийн албанд зүтгэж байна. Би ч эцэг, эхийн гараас шууд эх орны хүү болж байлаа.

-Таны ард үргэлж “асаалттай танк” болж зогсож байдаг гэр бүлийнхээ тухай ярихгүй юу. Монгол Улсын аюулгүй байдал гэж явсаар гэр бүлдээ ч зарим үед цаг гаргаж чаддаггүй байх?

-Эхнэртэйгээ гэрлэж, гэр бүл болоод 36 жилийг үджээ. Манай хүн бид хоёр нэгнийгээ аль 10 жилийн сургуулиасаа л мэднэ. Нэг охинтой. Охин маань бид хоёрыгоо хоёр хүүхдийн өвөө, эмээ болгосон доо.

-Таны бага нас хаана, хэрхэн өнгөрч байв. Бага насны гэгээн, гэрэлт дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцаач?

       -Миний аав Очир гэж их даруу, дөлгөөн хүн байлаа. Ерөнхий боловсролын сургуулийн багш байсан юм. Одоо байхгүй ээ бурхны оронд очсон. Ээж маань ч мөн багш хүн. Би сургуульд сурахаасаа өмнө хөдөө нутагт бусад хүүхдүүдийн л адилаар өссөн. Би дээрээ нэг эгч, доороо таван дүүтэй. Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул хүн.

-Жирийн нэгэн сумын амьдралаас хошууч генерал цолонд хүрчээ. Харин Зэвсэгт хүчинд элсэхээс өмнөх таны хүсэл, мөрөөдөл юу байсан талаар уншигчдад маань ярьж өгөөч?

       -Надад бага наснаасаа л цэргийн хүчин болно гэх бодол байгаагүй юм. 1979 онд улс, эх орон даяар Зэвсэгт хүчний салбараа өргөтгөх том ажил зохион байгуулсан. Гэтэл тэр үед дөнгөж 10 жилийн сургуулиа төгсөөд байсан манай үеийнхнийг цэргийн анхан шатны бэлтгэл хийлгээд л армид элсүүлсэн юм. Хөдөөгийн сургуульдаа гайгүй онц сурлагатайдаа ордог ч байсан юм уу, дээд сургууль, МСҮТ, Техникумд орох бүр болохгүй бол нэгдэл малчин болох мөрөөдөлтэй байсан хүн дээ (инээв).

-Монгол Улсын Зэвсэгт хүчний салбарт агаарын цэргийн үүрэг нөлөө их байгаа байх. Энэ төрлийн цэргийн командлал Монголын зэвсэгт хүчний салбарт ямар үүрэг гүйцэтгэж, хэрхэн хөгжиж байгаа юм бэ?

       -Зэвсэгт хүчний салбарт хуурай зам, агаарын зам гэсэн хоёр төрөл байгаа. Хуурай замын танк, хуягт гэхээсээ илүүтэй агаарын зам нь онгоц, нисдэг тэрэг гээд асар их хөрөнгө шаардагддаг. Хамгийн наад зах нь л гэхэд онгоц шатахууныг тонн тонноор нь “иднэ” шүү дээ. Энэ утгаараа агаарын замын цэрэг Монгол Улсын эдийн засагт том байр суурь эзэлж байгаа. Нөгөөтээгүүр, 1960 оны үеэс Зөвлөлтийн цэрэг манайд байлаа. Тухайн үед агаарын хил, орон зайн аюулгүй байдлыг хойд хөршдөө даатгадаг байсан юм. Харин хойд хөршийн цэргүүд Монгол Улсаас гарсны дараа манайд энэ салбартаа бие даах том үүрэг ногдсон. Учиргүй сөнөөгч онгоц ашиглаж, пуужин харваад байхгүй ч гэсэн улсынхаа агаарын хил, орон зайг бат хамгаалах чадвартай болсон шүү дээ.

-Зэвсэгт хүчний салбарт 40 орчим жилийн амьдралаа зориулсан тухайгаа хэлсэн дээ. Таныг анх энэ салбарт ажиллаж байх үеийн болон өнөөгийн агаарын хүчний хооронд хэр их ялгаа гарч байна. Хэр их өөрчлөгдсөн байна вэ?

-Асар том өөрчлөлт гарсан. Нийгэм ямар байгааг дагаж, Зэвсэгт хүчний салбар ч хөгжиж, өөрчлөгдөж, дэвжиж байдаг. Агаарын хүчний салбарт техникийн хувьд асар том өөрчлөгдсөн зүйл бага ч шинэчлэгдсэн зүйлүүд олон бий. Өмнөхөөсөө илүүтэй асуудлыг аргачлалаар өөрчилж чаддаг болсон ч гэх юм уу. Энэ салбарын залуу үеийнхэн юмыг илүү ухаалгаар хүлээн авч, олон талаас харж чаддаг болжээ.

-Өнөө цагт залуус цэргийн албанд татагдах дургүй болж, өөрчлөгдөж байх шиг. Энэ тухай та ямар бодолтой байдаг вэ?

       -Зэвсэгт хүчний нэр хүндтэй холбоотой асуудлыг зөвхөн нэг талаас нь харж, түүнийг нь дэвэргэж байгаа нь залуусын урмыг мохоож байна. Өнөөгийн нийгэмд сэрдэсхийлгэх гэмт хэрэг, муу, муухай зүйлс олон гарч байгаа. Харин тэр дунд Зэвсэгт хүчин дэх өөрийгөө ухамсарлаж чадаагүй хүмүүсээс болж эх орны ирээдүй урам зориггүй болж байна. Гэхдээ өнөөгийн цаг үе, нийгэмд энэ төрлийн асуудалд зодож, нүддэг байдлаар хандмааргүй байна. Бид ч цэрэг биш эх орны хүн болж, эх орон биднийг харж байдаг. Айхтар нийгэм, соёлын баялаг бүтээхгүй ч улсынхаа аюулгүй байдлын цаана байж байх ёстой.

       -Ярилцлагынхаа төгсгөлд зэвсэгт хүчний салбар, гэр бүл, хамт олон, найз нөхдөдөө зориулж үг хэлэхгүй юү?

-Юун түрүүнд надад баяр хүргэж, баярын сэтгэгдлийг маань хуваалцаж байгаа танай хамт олонд үнэхээр их талархаж байна. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ойтой давхцаж, Монгол Улсын Зэвсэгт хүчний салбарын 100 жилийн ой тохиож буй. Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, мөрдөс зүүсэн бүхий албан хаагчдадаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхэн бол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа болсон хүмүүс шүү гэж хэлмээр байна.


Хошууч генерал О.ЭНХБАЯР: Ээж минь маш их баярласан ч Хошууч генерал цолыг сайн мэдэхгүй болохоор “За нэг таван хошуу нэмэгдэж байгаа юм байна даа” л гэсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 27
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-29 13:06:13
    иргэн: Израйль шиг агаарын хамгаалалттай болох боломж бгаам уу?????????????
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-28 13:58:21
    Зочин: Агаарын цэрэгтагаараа болон агаараас хамгаалах чадавхитай болоорой л гэж захьмаар байдаг юм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-08 11:18:37
    Баяр: 1979 онд ГСТ. 3 ротын 2р салаанд байсан Энхбаяр мөн шиг бна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-07 21:45:32
    Н.Доржбат: Даргадаа баяр хүргэе. Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-07 20:55:25
    Юра Баяраа: 1979он..цаг хугацаа мөнч хурдан юумда...он жавдаа баяр хүргэж ажилын амжилт сайн сайханыг хүсё....
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-07 17:37:44
    Д.Батболд: Онжавдаа эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Дэслэгч генерал болсон эхнэрт нь бас баяр хүргэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-07 01:34:17
    дугар одончимэг: нутаг орны минь бахархал болсон эрхэм таньд эрүүл энхийг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-07 00:29:17
    Ядаж: Ядаж ганц сөнөөгч онгоц олж авна байгаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-06 20:02:15
    Ц.Тунгалаг: Эрхэм генералын амрыг эрэе! Ажлын амжилт сайн сайханыг хүсэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-06 17:21:27
    Г.Жаргасайхан: За эрхэм генералд баяр хургэе Ажлын ондор амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-06 13:25:52
    Б.БЦэцэгмаа: Буурал багшдаа ийм сайхан хүү төрүүлж өсгөсөнд нь баяр хүргэе .ангийн анддаа баяр хүргэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-06 10:38:21
    Энхсайхан: Баяр хүргэе дарагдаа цэрэг нь байсан болохоор сурч мэдэх зүйл их байсан ажилт нь өндөр амжилт хүсье эрүүл энхийг сайн сайхан бодсон бүхэн биелж байхийг ерөөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-06 10:37:38
    Энхсайхан: Баяр хүргэе дарагдаа цэрэг нь байсан болохоор сурч мэдэх зүйл их байсан ажилт нь өндөр амжилт хүсье эрүүл энхийг сайн сайхан бодсон бүхэн биелж байхийг ерөөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-05 17:52:39
    Дашравдан Жаргалханд: Сайн байна уу та сайхан хаваржиж байн уу ? Таньд аз жаргал сайн сайхныг хүсье. Та нутгийнхаа бахархал болсон эрхэм хүн шүү .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-05 17:33:11
    Энхээ: Мундаг хүн шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-05 17:09:15
    Ононцэцэг.Пүрэвочир: Манай сумын бахархал...Эрүүл энх сайн сөйхан бүхний дээжийг хүсэe
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-05 17:09:10
    Ононцэцэг.Пүрэвочир: Манай сумын бахархал...Эрүүл энх сайн сөйхан бүхний дээжийг хүсэe
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-05 12:11:42
    Хурандаа.Л.Баатарзоригт : Энэ хүн хэзээч хувирдаггүй нэг араншингаараа байдаг зангаараа араншин бусад генералуудаас өөр танд амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-05 10:19:45
    Зундуй Ганхуяг: Манай командлагч их сайхан хүн шүү хал нь гадна байдагч хайр нь дотор буцалж байдаг эр ноён нуруутай эрдэм мэдлэг сайтай танд өндөр амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-05 06:52:41
    Enkhbaatar: Dargadaa bayar khurgej, eruul enkh sain saixniig khusie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-05 01:31:14
    Баярлалаа, Эргэлт.мн: Мундаг хүн шүү, танд эрүүл энхийг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-04 23:04:30
    Таны цэрэг: үнэхээрийн мундаг дарга шүү эрүүл энх хамгийн сайн сайханыг хүсье урт наслаарай дарга
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-04 22:03:20
    Таны цэрэг: Нэгэн үе таны удирдлага доор ажиллаж явлаа таныг хүндэлж бахархаж явдаг нэгэн байна. Та ямар ч хүнтэй дарга шиг биш хүн гэдэг утгаар аав шиг, ах шиг, найз шиг л дотно харьцдаг учраас таньтай илэн далангүй байдаг байж билээ. Өдөр автобусны мөнгөгүй болчихоод хэнээс асуух вэ гэж бодож бодож таниас асуутал тухайн үед 1 байтугай 4 удаад автобусанд суух мөнгө өгөөд дээрээс нь май ид гээд хуушуур өгч байж билээ. Ккк та бол мундаг дарга. Тандаа амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-04 21:38:30
    ganchimeg: dargadaa bayar hurgie ger buld ni eruul enh saihan ajliin undur amjilt husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-04 20:53:33
    Хурандаа Б.ОТГОНБАЯР : ergelt.mn сайтын сэтгүүлч, сурвалжлагч Та бүхэндээ маш их баярлалаа. Нийгэмд оюун санааны дархлааг төгс болгох, сайн сайхныг дэмжих уриагаа биелүүлж, эерэг зөв, үнэн бодит мэдээлэл өгдгийг тань мэдэрлээ. Та бүхнийхээ хэвлэн нийтлэх эрх чөлөөнд амжилтын дээдийг ерөөе. Маш их баярлалаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-04 19:13:40
    Ангийн хүүхэд байгалаас: Ангийнхаа хүүд маш их баярлаж иим том шагналын эзэн болсонд баяр хүргэж амжилтын дээдийг ээрүүл энхийг хүсэe
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-04 16:47:52
    Д.Хүрэлбаатар: Багын найз, онжав О. Энхбаяртаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөхийн ялдамд энэ эрхэм цолонд өөрөө хүрсэн мэт сэтгэл өндөр байгаагаа энэхүү хуудсаар илэрхийлэхийг хүссэн юм.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188