• Өнөөдөр 2024-05-17

ХУУЛЬЧ Ч.ӨНӨРЖАРГАЛ: МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ЗАНАЛХИЙЛЖ БАЙГАА ХУУЛИЙН ОЛОН ЗААЛТЫГ ӨӨРЧИЛЖ, СЭТГҮҮЛЧДЭЭ ХАМГААЛАХ ХУУЛЬТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ

2024-05-03,   655

СЭТГҮҮЛЧИД ЭХ СУРВАЛЖАА НУУЦЛАХ НЬ ҮХЛЭЭС Ч ҮНЭТЭЙ ГЭДГИЙГ ОЛОН УЛСЫН ЖИШЭЭНҮҮДЭЭС ХАРЖ БОЛНО 

      Хуульч Ч.Өнөржаргалтай сэтгүүлчийн мэдээлэл бэлтгэх эрх зүйн орчны талаар ярилцлаа.

-Сэтгүүлчийн мэдээлэл бэлтгэх аюулгүй байдлыг хангах эрхзүйн орчин дутмаг гэж мэргэжлийнхэн шүүмжилдэг. Та хуульчийн хувьд сэтгүүлчдийг эрх зүйн ямар орчинд ажилладаг гэж үздэг вэ?

     -Дэлхийн улс орнууд сэтгүүлч нарт Эрүүгийн хуулиар хариуцлага тооцохыг таталцдаг. Харин манай улс Эрүүгийн хуульд зааснаар илт худал мэдээлэл тараах гэмт хэргээр сэтгүүлч нарыг яллагдагчаар татах боломжийг хуулиар олгосон нь харамсалтай. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр ажилладаг сэтгүүлч нарт хамгаалалтын механизм бараг байхгүй. Сүүлийн жилд манай улсын ардчиллын индекс буурсаар байна. 2023 онд 180 улсаас 77 байрт байсан бол 81 байр буюу таван байраар ухраад байна. Энэ үзүүлэлтэд хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан үйлдлүүдтэй холбож үзэж болно. Эрэн сурвалжлах сэтгүүлчид иргэдийн мэдэх эрхийг хангах, нөгөө талаас нийгмийн бугшсан нуугдмал асуудлыг хөнддөг, тухайн асуудалд хууль хяналтын байгууллагын мэдэлд шилжүүлж өгдөг. Гэтэл эрэн сурвалжлах сэтгүүлч нарын хөндсөн асуудлыг манай хууль хяналтын байгууллага зохих ёсоор шийдвэрлэхгүйгээр өнгөрөх нь эрэн сурвалжлах сэтгүүлч нарын ажлыг эцсийн дүндээ үнэгүйдүүлэх тохиолдол байна. Хуульч хүний хувьд сэтгүүчдийг эрүүгийн хуулиар ял шийтгэхийн эсрэг байдаг. Харин тэднийг иргэний журмаар хариуцлага хүлээлгэх тогтолцоо байж болох асуудал юм. Иргэний шүүх нь сэтгүүлчдийн гаргаж тавьж байгаа асуудал нь тухайн хувь хүн, хуулийн этгээдийн эрх ашгаас дээгүүр, нийтийн эрх ашигт хамааралтай бол түүнийг дээр дурьдсанчлан эрх ашгийн эрэмбийг дараалуулан авч үзэн хариуцлага тооцох, хохирлын асуудал шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт шаардлагатай гэж үздэг.

-Сэтгүүлч хэн нэгний нэр хүндэд халдаж, гутаан доромжлоогүй гэдгээ батлахын тулд мөрдөн байцаагчийн шаардлагаар нууц эх сурвалжаа хэлдэг гэлээ. Тэгвэл мөрдөн байцаагч сэтгүүлчийг Хэвлэл мэдээллийн ёс зүйн үүргийг зөрчихөд хүргэдэг гэсэн үг үү?

        -Бусдын нэр хүндэд халдах, гутаан доромжлох гэдэг бол маш субьктив ойлголт. Хүний эрхийн зөрчил, улмаар нийгмээрээ мэдэх эрхийн хязгаарлалтанд орж байгаа хэрэг. Дээр хэлсэнчлэн энэ асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар бус иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх асуудал юм. Цагдаа шалгах нь сэтгүүлчдийн хамгийн чухал асуудал болох эх сурвалжаа илчлэхэд хүрнэ. Сэтгүүлчид эх сурвалжаа нууцлах нь “үхлээс” ч үнэтэй мэргэжлийн үнэ цэнэ гэдгийг олон улсын сэтгүүлчдийн кейсүүдээс харж болно.

 -Сэтгүүлч эх сурвалжаа найдвартай хамгаалдаг, хуулийн байгууллагынхан сэтгүүлчээс заавал эх сурвалжаа хэлэхийг шаардахгүй болгохын тулд ямар зохицуулалт хэрэгтэй вэ?

      -Сэтгүүлч нарын үйлдлийг эрүүжүүлэн шалгахаас зайлхийх л эрх зүйн тогтолцоо руу зорих хэрэгтэй. Мэдээж тэр хирээрээ редакциуд, сэтгүүлчид ёс зүйн кодоо барьж ажиллах хэрэгтэй. Өөрсдийнхөө мэргэжлийн үнэ цэнийг “шантаажны” арга хэрэгслээр төсөөлж болохгүй. Ёс зүйгүй сэтгүүлчидийн үйлдэл сэтгүүлчдийн нэр хүндэд маш ихээр нөлөөлж байгааг редакциуд болон хувь сэтгүүлчид анхаарахгүй өнгөрч болохгүй. Дээр нь сэтгүүлчид зах зээлийн эргэлтэд ороогүй тохиолдолд наад захын амьдралын баталгааг хангагдахгүй нь ойлгомжтой, энэ тохиолдолд мэргэжлийн бус байдал л зонхилж таараа шүү дээ. Сэтгүүлчийн үзэгний үзүүрт бусдын нэр төр, бусад эрх ашиг дагалдаж л явдаг. Гэтэл сэтгүүлчийн ёс зүйгээ зөрчин санаатайгаар бусдын нэр хүндэд халдчихаад эрх зүйн хамгаалалт шаардах нь зохисгүй асуудал гэдгийг сануулах нь илүүц байх.

 -Сэтгүүлч хэн нэгнийг нас барсан эсвэл гэмт хэрэгт холбогдсон гэх мэдээллийг хүргэхдээ гэрийн хаяг, нас, хүйсийг нь дурдсан тохиолдолд сэтгүүлчийг хүний эрхийн мэдрэмжгүй гэж шүүмжилдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?

      -Олон улсын Мэргэжлийн Сэтгүүлчдийн нийгэмлэгийн ёс зүйн кодоороо сэтгүүлчид уй гашууд автсан болон насанд хүрээгүй хүүхдүүдээс мэдээлэл бэлтгэхдээ тэдний эрх ашиг дахин гутаагдаж болзошгүй, сөргөөр хөндөгдөж болзошгүй байдалд оруулахгүй байх талаас мэдрэмжтэй хандаж ажиллахыг зөвлөсөн байдаг. Сэтгүүл зүйн бүтээлүүд нь хүн бүрт харилцан адилгүй байдлаар хүрдэг буюу эерэг болон сөрөг нөлөө хэрхэн үзүүлдэгийг шууд тодорхойлон хэмжихэд бэрхшээлтэй. Хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд хувийн мэдээлэл, хүний эмзэг мэдээлэл гэх мэт хуулийн нэр томьёог зааж өгсөн бөгөөд хүний хувийн мэдээлэл болон эмзэг мэдээллийг төрийн байгууллага ашиглах эрхийг тодорхой хэмжээ хязгаарыг зааж өгсөн байгаа. Сэтгүүлчдийн хувьд мэдээллийн эзний зөвшөөрөлтэйгээр л мэдээлэл бэлтгэхийг хуульчилсан. Мэдээллийн эзэн зөвшөөрөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл сэтгүүлчид, иргэд ч мөн цахим орчинд янз бүрийн байдлаар өөрсдийн үзэл бодлыг илэрхийлдэг. Үзэл бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй боловч тэрхүү эрхээ хэрэгжүүлэхдээ ямагт бусдын эрхийг хүндэтгэх, хөндөхгүй байхад анхаарах хэрэгтэй.

-Эрүүгийн хуулиар сэтгүүлчдийг хэвлэн нийтлэх эрх чөлөөгүй болгож байна гэж хэвлэлийнхэн үзэж байгаа. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

      -Эрүүгийн хуульд илт худал мэдээлэл тараах гэх гэмт хэргийг хуульчилж өгсөн байгаа. Энэ зүйл заалт нь хэвлэлийн эрх чөлөөг боомилж байгаа заалт л даа. Илт худал гэдэг ойлголтыг тогтооход бэрхшээлтэй. өөрөөр хэлбэл тухайн асуудлыг шалгахад субьктив нөлөөлөл шууд орох боломжтой. Сэтгүүлчид мэдээж өөрсдийн олж авсан мэдээллийн боломжит байдлаар шалгасны үндсэн дээр нийтлэх, түгээх үүрэгтэй. Гэвч түүнийг бүрэн нягтлах хэрэгсэл сэтгүүлч нарт байхгүй нь ойлгомжтой.

Хамгийн сүүлд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг мэргэжлийн үйл ажиллагаа явуулахыг шүүхээр хязгаарласан асуудал бол Монголд хэвлэлийн эрх чөлөөгүй гэж шууд үзэхэд хүргэж байгаа юм. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн 19.11 дүгээр зүйлд заасан төрийн нууцад хамаарах мэдээллийг хууль бусаар хадгалсан нь зүйл ангид буруутгаж байгаа талаар хэвлэлээс харсан. Энэ бол байж боломгүй асуудал. Сэтгүүлчид төрийн нууцтай харьцдаг ажилтан биш.

Сэтгүүлчид харин төрийн нууцад авах шаардлагагүй асуудлыг хууль бусаар төрийн нууцад авч улмаар төрийн нууц, үндэсний аюулгүй байдал нэрийн дор хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэгч нартай үзгээрээ тэмцдэг, хүний эрхийн хамгаалагчид юм. Сэтгүүлч нар мэдээлэл бүрийг төрийн нууцад авсан асуудлыг ч мэдэх бололцоогүй бөгөөд зүйлчлэн ял төлөвлөж байгаа нь нэг сэтгүүлчийн асуудал бус нийт сэтгүүлчид болон хэвлэлийн эрх чөлөөг боомилж байгаа асуудал.

-Сэтгүүлчдийг дарамталж, нийтлэл, нэвтрүүлгийг нь гаргадаггүй гэх асуудал байдаг. Ийм хэчнээн тохиолдол бүртгэгдсэн бэ?

        -Сэтгүүлчийн эс үйлдэхүй буюу тухайн бэлтгэсэн бүтээлээ түгээхгүйгээр бусдаас шан харамж авч байгаа асуудлыг ойлгох байх. Хэрвээ энэ тохиолдол байвал дээр дурьдсанаар сэтгүүлчийн ёс зүйгээ зөрчиж байгаа л асуудал. Сэтгүүлчийн ёс зүйгүй үйлдлийн үр дагаварыг тухайн сэтгүүлч өөрөө л хүртэнэ шүү дээ. Чөлөөт хэвлэлийн 30 жилийн түүхтэй байна шүү дээ. Салбарын хувьд хөгжлийн үе шатандаа л явж байна. Мэдээж эрх зүйн орчныг улам сайжруулахад сэтгүүлчид, хуульчид, шийдвэр гаргагчидын хамтын хүсэл зориг хэрэгтэй.


ХУУЛЬЧ Ч.ӨНӨРЖАРГАЛ: МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ЗАНАЛХИЙЛЖ БАЙГАА ХУУЛИЙН ОЛОН ЗААЛТЫГ ӨӨРЧИЛЖ, СЭТГҮҮЛЧДЭЭ ХАМГААЛАХ ХУУЛЬТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188