• Өнөөдөр 2025-05-21

УИХ-ЫН ГИШҮҮДИЙН БАЙР СУУРЬ: УЛС ТӨРИЙН НАМУУД СЭТГҮҮЛЧДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛЖ, ДЭМЖИЖ АЖИЛЛАХ ЁСТОЙ

2024-05-03,   405

         1993 оноос хойш Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 31 дэх жилдээ тэмдэглэж байна.  Харин Монголд хэвлэлийн эрх чөлөө өдөр бүр хумигдсаар байгаад сэтгүүлчид шүүмжлэлтэй хандаж, дуу хоолойгоо нэгтгэдэг. Тийм учраас өнөөдөр Сүхбаатарын талбайд сэтгүүлчид “Хэвлэлийн эрх чөлөө гавлагдлаа” акц зохион байгуулж байгаа билээ. Харин сэтгүүлчийн мэдээлэл бэлтгэх эрх зүйн орчин ямар байгаа, сэтгүүлчдийг ямар хуулиар хамгаалах боломжтой талаар зарим улстөрчийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.МӨНХЦЭЦЭГ: ШУДАРГА ЁСНЫ ДУУ ХООЛОЙ БОЛСОН СЭТГҮҮЛЧДИЙГ ХУУЛИАР БООМИЛЖ БОЛОХГҮЙ 

    УИХ-д сэтгүүлч мэргэжлээр төгссөн хэд хэдэн гишүүн байдаг. Тэдний төлөөлөл болох УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хэвлэлийн эрх чөлөөний талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хааж боогдуулах болон хуулийг урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах зорилгоор Эрүүгийн хуулийн 13,14 заалтад өөрчлөлт оруулахаар нэр бүхий гишүүд санал гаргасан. Энэ саналаар бол улстөрд нөлөө бүхий этгээдийн албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй холбогдуулж хардсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй гэж өөрчлөхийг дэмжиж байна. Ер нь бол Эрүүгийн хуулийн энэхүү заалтаар худал хуурмаг, нэр төрд халдсан баримтыг тухайн мэдээллийг тараагч нь худал болохыг мэдэхгүйгээр олон нийтэд тараахад эрүүгийн хуулиар шийтгэх эрсдэл дагуулж байна. Манай хэвлэл мэдээллийнхэн баталгаатай эх сурвалждаа найдснаас эсвэл баримтыг гүйцэт нягтлаагүйн улмаас тараасан мэдээлэл худал болохыг мэддэг тохиолдол байдаг шүү дээ. Тиймээс сэтгүүл зүйн салбарт сэтгүүлч мэргэжлийн ажлаа хийхдээ санамсаргүй алдаа нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл болохгүй гэж үзэж байна. Сэтгүүл зүйн салбарын эрх зүйн орчныг улам сайжруулах шаардлага бий.

   Дээрх Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг зөөлөрүүлэхээс эхлээд сэтгүүлчийн бодит мэдээлэл олж авах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Ялангуяа төрийн байгууллагуудаас мэдээлэл олж авахад тийм амар биш байна. Мөн эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжлийг дэмжихэд сэтгүүлчдийн мэдээлэл авах, эх сурвалжаа нууцлах, олон нийтэд түгээхэд дарамт шахалтгүй байх, тухайн редакцийн бодлогод халдахгүй байх зэргээр хуульчлан баталгаажуулах хэрэгтэй. Бид гуравдагч засаглал хэмээн өргөмжилдөг боловч энэ салбарт ажиллаж буй сэтгүүлчдийн эрхийг хамгаалахад хамтран тэмцэх ёстой. Мөн сэтгүүлчдийн нийгмийн баталгааг хангах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах талаар ажил олгогч эзэдэд нөлөөлөх хөшүүрэгийг буй болгох боломж бий. Сэтгүүлчийн мэргэжил бол нэг талаас маш их хариуцлага, ур чадварыг шаарддаг. Энэ мэргэжилд “арын хаалга” гэж байдаггүй гэцгээдэг. Үнэхээр сайн сэтгүүлч бол зөвхөн өөрийн хөдөлмөр, авьяас чадвараараа өрсөлдөөн дундаас төрөн гардаг. Тиймээс сэтгүүлчийн олон жилийн хөдөлмөр зүтгэлийг дэмжиж, хөгжүүлэхээс бус хуулийн хатуу заалтаар хяхан эрх чөлөөнд нь халдахын эсрэг байна. Онц ноцтой л гэмт хэрэгтнүүдийг шийтгэдэг хуулийн заалтаар сэтгүүлчдийг хэрхэвч шийтгэж болохгүй. Сэтгүүлч бол хардах эрхтэй. Хардаж, таамаглаж бичих нь ч сэтгүүлчийн ур чадвар учраас гэмт хэрэгтэн болох суурь биш юм.  Сүүлийн үед сэтгүүлчдийг хорьж цагдаж, яллах энүүхэнд боллоо. Нийгмийн шударга ёсны дуу хоолойг ингэж боомилж үл болно. Хэрэв сэтгүүлчид олон нийтэд мэдээллээ түгээхээс эмээж, нуун дарагдуулвал ардчиллын хамгийн том үнэт зүйл үгүй болно. Өнөөгийн Хөгжлийн банк болон Нүүрсний хэргийн булхай луйвар, ногоон автобусны хэргүүдийг илчлэхэд сэтгүүлчид л шүгэл үлээсэн. Тэгэхээр улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрт гэлтгүй өдөр тутмын бодлого, үйл ажиллагаандаа сэтгүүлчдийн эрхийг хамгаалах, тэднийг дэмжих, хөгжүүлэх талаар ажиллах хэрэгтэй юм. Ингэж чадсан улс төрийн нам, эвсэл олон нийтийн байх эрхэм үүргээ гүйцэтгэж чадаж байна гэж ойлгож болно.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ: ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД 9.9, 9.10 ЗААЛТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙГАА

      Хэвлэл мэдээллийн зөвлөлийн зүгээс Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарт Шүгэл үлээгчийн тухай хуулийн төсөлд санал хүргүүлсэн. Үүнд 9.9 дэх “Шүгэл үлээгч эрх бүхий байгууллагад мэдээлэл өгсөн асуудаар олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага нь шүгэл үлээсэн асуудлыг мэдээлсэн эрх сурвалжаа нууцлах эрхтэй” гэсэн заалтыг “Шүгэл үлээгч эрх бүхий байгууллагад мэдээлэл өгсөн асуудлаар сэтгүүл зүйн хэвлэл мэдээллийн байгууллагад хандсан бол тухайн хэвлэл мэдээллийн байгууллага, ажилтан эх сурвалжаа нууцлах эрхтэй” хэмээн өөрчлөх. 9.10-т “Хэвлэл мэдээлийн байгууллага, ажилтныг шүгэл үлээгчийн өгсөн мэдээлэлтэй нь холбогдуулан гэрчээр болон бусад байдлаар байцаах нөхцөл байдлыг тодруулах зорилгоор мэдүүлэг, тайлбар авах, шүгэл үлээгчийн хувийн мэдээллийг шаардахыг хориглоно” гэсэн заалт нэмэх санал хүргүүлсэн. Энэ заалтуудыг Шүгэл үлээгчийн тухай хуулийн төсөлд оруулахаар ажиллаж байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН П.АНУЖИН: ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДАХ НЬ СЭТГҮҮЛЧИЙН ГЭЛТГҮЙ НИЙТ ИРГЭДИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДАЖ БАЙГАА ХЭРЭГ

      Хэвлэлийн эрх, эрх чөлөөнд халдах нь зөвхөн сэтгүүлчид ч биш нийт иргэдийн үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдаж байгаа хэрэг болдог. Ардчилсан улс оронд амьдарч байгаа хэн боловч энэхүү заягдмал эрхийнхээ төлөө тэмцэж, хамгаалах нь зүйн хэрэг болов уу. Бас ямар ч нам, ямар засаглалын үед үүнийг сануулж, акц хийж байх нь эрүүл үзэгдэл гэж бодож байна. Нэг талаасаа сэтгүүлчид үүнийг өөрсдийн ажил хөдөлмөрийн хүрээнд хийж байгаа мэт харагдах ч том зургаараа ардчилсан улс орны иргэдийн суурь эрхийн төлөө хийж байгаа алхам гэж бодож байна. Энэ эрхийг хязгаарлан боомилох нь ардчиллын үнэт зүйлээсээ ухарч буйн илрэл байдаг.  Үүний сахин хамгаалагч нь сэтгүүлч, сэтгүүл зүйн үйл ажиллагаа байдаг. Ер нь сэтгүүл зүйн үйл ажиллагааг Эрүүгийн хуулиар шийтгэнэ гэдэг нь зөвхөн сэтгүүл зүйн үйл ажиллагааг хязгаарлаад зогсохгүй бүх нийтийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хаан боогдуулах оролдлого гэж олон улсад үздэг. Бусад хуулийн заалтаар зохицуулагдаж байхад заавал Эрүүгийн хууль заалтаар шийтгэх шаардлагагүй гэдэгтэй санал нэг байдаг. Иргэдийн мэдэх эрхийг хангах, үг хэлэх эрх чөлөөг баталгаажуулах нь төрийн үүрэг мөн.  МСНЭ-ээс гаргасан шаардлага зөвхөн сэтгүүлчийн  эрхийг хамгаална гэсэн утгаар биш болов уу. Харин нийт иргэдийн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалж мэргэжлийн байгууллагын хувьд байр сууриа илэрхийлж байна гэж ойлгож байна. Сэтгүүлчид өөрсдийнхөө эрх ашгийг гэхээсээ нийгмийн аль хэсэг ямар хүмүүсийн эрх зөрчигдөж байгааг анхаарч, анзаарч явдаг улс. Тэр ч утгаараа Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр энэ чиглэлд анхаарч байна гэж ойлгож байна. Эрхийг хамгаална гэхээсээ хяхаж хясч, боомилохгүй, угаасаа тэр эрхэд халдахгүй байх хамгийн чухал юм даа” гэв.

 

 


УИХ-ЫН ГИШҮҮДИЙН БАЙР СУУРЬ: УЛС ТӨРИЙН НАМУУД СЭТГҮҮЛЧДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛЖ, ДЭМЖИЖ АЖИЛЛАХ ЁСТОЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-03 13:25:42
    [зочин: Сэтгүүлчдын эрх ашгийг хамгаалах талд 4 жил юу ч хийсэнгүй, ядахдаа хоригдож буй сэтгүүлчдыг өмөөрч ганц дуугарсангүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-03 13:11:50
    Зочин: Тэгээд яагаад дуугарахгүй байгаа юм бэ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188