УИХ-ын сонгуулийн XII тойрог буюу Хан-Уул дүүрэг гурван мандаттай. 2020 оны УИХ-ын сонгуулиар Хан-Уул дүүргээс УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин болон УИХ-ын гишүүн Т.Доржханд сонгогдсон. Ирэх сонгуулиар Д.Сарангэрэл зодог тайлж, Элчин сайдаар явах яриа Тусгаар тогтнолын ордон хавиас дуулдах болсон. УИХ-д дахин дэвшсэн ч “улныхан” түүнийг нь зөвшөөрөхгүй л болов уу. Харин Г.Амартүвшин Хан-Уулаар хөлөө “хөлтөл” гүйж байгаа ч Хөгжлийн банкны “хар түүх” нь түүнийг хойш чангааж буй. Тэгэхээр ирэх сонгуулиар Хан-Уул дүүрэгт Эрүүл мэндийн сайд асан, Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, Соёлын сайд Ч.Номин, Засаг ноён Ж.Алдаржавхлан гурав нэр дэвших таамагтай байна.
ЦАГААН ХАЛАДТАЙ БАРИЛГАЧИН
Эрүүл мэндийн сайд асан, Ерөнхийлөгчийн зөвлөх Тогтмолын Мөнхсайхан- 2008 оноос хойш ГССҮТ-ийн их эмч, Мэс заслын тасгийн эрхлэгч, Ерөнхий захирал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал, “Ковид-19” халдварт тахлын эхний жил буюу 2020-2021 онд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж төрд орж ирсэн. 2021 оноос хойш Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Эрүүл мэнд хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа.
Бизнесийн тухайд, Т.Мөнхсайханы аав Б.Тогтмол нь Засгийн газрын 38-р баазыг зах зээлийн дараа хувьчилж авч, улмаар “Хүчит шонхор” хүнс, махны зах болгосон. Одоо Т.Мөнхсайхан “Хүчит шонхор” зах буюу “Хүчит шонхор” ХХК-ийг эгч Т.Сайнхүүтэйгээ хамтран эзэмшдэг.
Цаашилбал, Т.Мөнхсайхан аав Б.Тогтмолтойгоо “Тэнгэрийн шонхор” ХХК-ийг хамтран эзэмшдэг бөгөөд гүйтгэх захирлаар нь Т.Мөнхсайханы эхнэр Ц.Уянга ажилладаг. Тэгвэл “Тэнгэрийн шонхор” ХХК нь Хан-Уул дүүргийн IV хороо, Яармагийн “Хүннү молл”-ын зүүн талд залгаа байрлах 2800 айлын “Ханбогд” хороолол, “Хүннү мол”-ын замын эсрэг талд байрлах 16 давхар “Dream plaza” апартмент зэргийг барьж худалдсан.
Харин Т.Мөнхсайханы ах Т.Батмөнх нь 2022 он хүртэл НДЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан, 2023 оноос Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж буй. Тэгвэл Т.Батмөнх нь “Батмөнх констракшн” ХХК-аараа Хан-Уул дүүргийн IV хороо, Яармагт “Happy apartment” хотхон, “Арцат апартмет” хотхон, “Арцат вилла” хаус хотхон, 16 давхар “Төгөлдөр” хотхоныг тус тус барьж худалдсан. Мөн Яармагт “Happy village” хаус хорооллыг барьж байгаа. Товчхондоо, гэр бүл, ах дүүгээрээ махнаас барилга руу орчихоод буй.
11 ТЭРБУМЫН ОРОН СУУЦ, 23 ТЭРБУМЫН АВЛАГА, 24 КОМПАНИЙН ХУВЬЦАА..., Ч.НОМИН
Соёлын сайд Чинбатын Номин- 2003 оноос хойш аав Л.Чинбатынхаа “Гацуурт” ХХК-ийн Гадаад харилцаа хариуцсан захирал, “Тэрэлж” зочид буудлын гүйцэтгэх захирал, “Монгол телевиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байгаад 2021 онд Соёлын сайдаар томилогдсон.
Онцлог нь, Ч.Номин одоогийн Засгийн газрын хамгийн хөрөнгө сайд гэх тодотголтой. Тиймдээ ч, Сүхбаатар, Сонгинохайрханы тойргийг “голж”, Хан-Уул дүүрэг нэр дэвшихээр горилж буй. Соёлын сайд Ч.Номингийн хөрөнгийг жагсааж үзвэл, 11.4 тэрбум төгрөгийн найман орон сууцтай, 1.1 тэрбум төгрөгийн зургаан автомашинтай, дотоодын дансандаа 1.9 тэрбум, гадаад дахь дансандаа 887 сая төгрөгийн хадгаламжтай, бусдаас 23.7 тэрбум төгрөгийн авлагатай, 750 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 24 компанид хувь, хувьцаа эзэмшдэг дүн гарч байна.
Хэрхэн ингэж хөлжсөн түүхийг нь товч сөхье. Ч.Номингийн аав Л.Чинбат, хадам аав Т.Ганхуяг хоёр нь 1993 онд “Гурвангол” ХХК-ийг хамтран байгуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг байх Гацууртын амны алтны шороон ордыг ухаж эхэлсэн. Ингээд 1998 онд Л.Чинбат “Гурвангол” ХХК-аасаа “Гацуурт” ХХК-ийг салбарлуулан байгуулж, харин Т.Ганхуяг “Гурван гол” ХХК-аа хариуцаж эхэлсэн түүхтэй. Одоо Л.Чинбатын “Гацуурт” ХХК нь алтны уурхай, нүүрсний уурхай, газар тариалан, телевиз, хүнсний ногоо, барилга, мал аж ахуй гээд бүх салбарт салбарт ноёлж буй. Харин Т.Ганхуяг “Гурвангол” ХХК-ийгаа “Гурвангол холдинг” ХХК болгосон. “Гурвангол холдинг” ХХК нь “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийг эзэмшдэг. Харин “Баян-Айраг эксплорэйшн” ХХК нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт байх “Баян айраг” гэх алтны асар том уурхай ажиллуулдаг. “Баян-Айраг эксплорэйшн” ХХК нь зургаан удаа цианид алдаж, Завхан аймгийн Дөрвөлжин сумын хүн, амыг хордуулж, байгаль орчин ноцтой хохирол учруулсан гэгдэж хэвлэлээр гарч, хууль шүүхийн хаалга татахдаа тулж байсан ч үйл ажиллагаа явуулсаар буй.

АХ НЬ АН-ААС, ДҮҮ НЬ МАН-ААС БУЮУ Ж.АЛДАРЖАВХЛАН
Хан-Уул дүүргийн Засаг дарга Жуковын Алдаржавхлан- Ааваараа Увс аймгийн Түргэн сумын уугуул. 2001 оноос УИХ-ын Тамгын газарт референт, Сангийн яаманд зөвлөх, “Орон сууцны санхүүжилтийн корпораци”-ийн Гүйцэтгэх захирал, “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байгаад 2016 онд Хан-Уул дүүргийн Засаг дарга болсон. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуулиар Хан-Уул дүүрэгт Г.Амартүвшин, Д.Сарангэрэл хоёртой хамт нэр дэвшсэн. Гэвч Г.Амартүвшин, Д.Сарангэрэл хоёр нь сонгогдож, Ж.Алдаржавхлан Т.Доржхандад ялагдсан. Ингээд намар нь НИТХ-ын төлөөлөгчөөр дахин сонгогдож, Хан-Уул дүүргийн Засаг даргаараа улирсан.
Бизнесийн тухайд, Ж.Алдаржавхлан өөрийнхөө нэр дээрээ компанигүй, гэхдээ дүү Ж.Оюун-Эрдэнийнхээ эзэмшдэг “Эвсэг монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2005 оноос хойш одоог хүртэл бүртгэлтэй байгаа. Мөн Ж.Алдаржавхлангийн ах Ж.Баяржавхлан нь “Эвсэг монгол” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, “Эвсэг монгол” ХХК нь ах дүү гурвын 2005 онд анх байгуулсан дундын компани гэж харагддаг. Харин “Эвсэг монгол” ХХК нь цаашаа олон компани болж задарсан. Тодруулбал, Ж.Алдаржавхлангийн дүү Ж.Оюун-Эрдэнэ нь өдгөө “Эвсэг монгол” ХХК-аас гадна “Эвсэг монгол групп” ХХК, “Эвсэг майнинг” ХХК, “Эвсэг импэкс” ХХК, “Эвсэг проперти” ХХК тэргүүтэй 12 компани эзэмшдэг. Харин Ж.Алдаржавхлангийн ах Ж.Баяржавхлан нь өдгөө “Пауэр бласт” ХХК, “Пауэр бласт групп” ХХК, “Пауэр автомотив” ХХК тэргүүтэй 11 компанийг эзэмшдэг. Ж.Баяржавхлангийн “Пауэр бласт” ХХК нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт тэсрэх бодисын үйлдвэртэй, төрийн өмчит “Шивээ-Овоо” ХК, “Багануур” ХК, “Тавантолгой” ХК, “Эрдэнэс силвер ресурс” ТӨХК, “Цемент шохой” ТӨХК-иудын тэсэлгээний ажлыг хариуцаж ирсэн.
Сонирхуулахад, Ж.Алдаржавхлангийн ах Ж.Баяржавхлан нь 2020 оны сонгуулиар Чингэлтэйд бие дааж нэр дэвшээд унасан. Харин ирэх сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшихээр горилж буй.
XII ТОЙРОГ: “ХӨРӨНГӨТНИЙ ТОЙРОГ” ГЭГДЭХ ХАН-УУЛД МАН-ААС Ч.НОМИН, Т.МӨНХСАЙХАН, Ж.АЛДАРЖАВХЛАН ГОРИЛЖ БАЙНА |
|