• Өнөөдөр 2024-10-15

МАН-ААС СОНГУУЛЬД ГОРИЛОГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ

2024-04-29,   1598

         Парламентад үзэл бодол, үйл хэргээрээ  манлайлах эмэгтэй улстөрч  үгүйлэгдэж байна. Тэр тусмаа жендэрийн тэгш байдлыг хангахад, эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэхэд УИХ-ын эмэгтэйчүүдийн төлөөллийн ур чадвартай байх нь юу юунаас илүү чухал байна. Одоогийн парламентад лидер гэгдэх эмэгтэй улстөрч үнэндээ алга. Тиймээс л улс төрд орох эмэгтэйчүүдийн босго жил ирэх тусам өндөрсөж, квотоо хязгаарлах хүртэл арга хэмжээ хэрэгжиж байгаа нь нууц биш. Тиймдээ ч иргэд улс төрд горилох эмэгтэйчүүдийг чих тавин хүлээж сууна. Өмнөх дугаартаа бид УИХ-ын сонгуульд АН-аас горилох эмэгтэйчүүдийг танилцуулсан билээ.

      Тэгвэл УИХ-ын ээлжит сонгуульд тойрог болон жагсаалтад багтахаар МАН- аас горилж буй эмэгтэйчүүдийн хэн хэн болохыг танилцуулъя.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ

         Сүүлийн үед МАН-ын урдаа барьдаг эмэгтэйчүүдийн нэг болоод буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг УИХ-ын сонгуульд I  тойрогт горилж байна. Баянхонгор аймгийн уугуул, Дархан хотын 13 дугаар дунд сургуулийг төгсөж, МИУС-д олон улсын харилцаа, Санхүү эдийн засгийн дээд сургуульд бизнесийн удирдлагаар суралцаж төгссөн. Мөн Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг дүүргэсэн гэх намтартай нэгэн.

      “Мөнхийн үсэг” компанийн гэх тодголтой түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрд хөтлөн оруулсан гэгддэг. Тодруулбал, Ерөнхийлөгчийг 2010 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаанд Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр томилогдож, улс төрийн замналаа эхлүүлсэн. Улмаар 2011 оноос Гадаад харилцааны яаманд хэлтсийн даргаар ажиллаж, дэд сайд болон дэвшиж, өдгөө Гадаад харилцааны сайдаар томлогдон Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллаж буй.

      Түүний Мөнхийн үсэг ХХК сурагчдын сурах бичгийн тендерийн “түүхээс” гадна “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК нь сонгуулийн саналын хуудсыг хэвлэдэг цөөн хэдэн компаниудын нэг. Тус компанийг Гадаад харилцааны сайд Батмөнх Батцэцэг, түүний нөхөр Баярсайхан Ганболд, Довдон Ганбат, Батмөнх Сэргэлэн, Батмөнх Лхагвадорж нар эзэмшдэг. “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК нь мөн төрийн тендерүүдийг түүдэг толгой компани юм.

    Хамгийн ойрын жишээг татахад л “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК нь 2023 онд хамгийн өндөр үнэлгээтэй хоёр тендер буюу Согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэг хэвлэн нийлүүлэх 4.0 тэрбум, Тамхины онцгой албан татварын тэмдэг хэвлэн нийлүүлэх 5.6 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан байгаа юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАЯРСАЙХАН

        УИХ-ын 2020 оны сонгуулиар Завхан аймагт Ц.Цэрэнпунцагтай баг болж намаасаа дэвшсэн Б.Баярсайхан олонхын саналаар авч парламентад дөрвөн жил суусан. Ам ташсан хэрээ 13 дахина гэгчээр томсгосон тойргийн II тойрогт тэр дахин горилохоор сонгуулийн кампанид ажилдаа орчихсон гүйж явна. Түүний хувьд Улаанбаатар хотын харъяат харин аав Ц.Балжинням нь Төв аймгийн Эрдэнэсант сумынх. Ээж Я.Гармаа нь Завхан аймгийн Алдархан сумын уугуул гэгддэг. Тиймдээ ч ээжийнхээ талыг бараадан 2020 оны сонгуулиар Завхан аймагт нэр дэвшсэн бололтой.

        Нийслэлийн 51 дүгээр дунд сургуулийг дүүргэж, багш мэргэжил эзэмшсэн. Тэрбээр 1999 онд IV цэцэрлэгийн хөгжмийн багшаар ажиллаж, Хэвлэлийн хүрээлэнд сэтгүүлчээр сурсан. Сэтгүүлчээр сурсанаасаа хойш МҮОНРТ-ийн Өглөө хөтөлбөрийн хөтлөгч, редактор ажиллаж хэвлэл мэдээллийн салбарт хөл тавьсан. Улмаар MCS группэд РR менежер, Ийгл ТВ-ийн борлуулалт, маркетингийн албаны даргаар ажиллаж, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон гэх намтартай. Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаа жил хүрэхгүй хугацаанд хүлээлгэн өгч, сонгуульд нэр дэвшихийнхээ өмнө Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Угтаа бол улс төрд тун богино хугацаанд ажиллаж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Парламентад суух хугацаандаа тойргоо услахдаа тунг нь хэтрүүлчих дөхсөн. УИХ-ын чуулганы хуралдаан дээр “Завхан аймгийн төв рүү нисэхээр нислэгийн суудал дүүрчихсэн. Тиймээс Тосонцэнгэлд нисэх онгоцны буудал бариулмаар байна” хэмээн олны шүүмжлэлд өртсөн удаатай.

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.БОЛОРМАА

     Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “крандаж” намаасаа дэмжиж буй залуучуудын нэг нь Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа. Түүнийг УИХ-ын сонгуулийн II тойрогт дэвшүүлэхээр зүтгүүлж буй.

     Ховд аймгийн Мөст сумын уугуул. Аав А.Энхбат нь 1987 оноос хойш төрд алба хашиж, Сэлэнгийн Бугантын мод үржүүлгийн газрын дарга, БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч гэх мэтээр удирдах албан тушаал эрхэлж ирсэн.  Харин Э.Болормаа 2015 онд Колумбын их сургуульд сурч байхдаа тухайн үед АНУ-ын Харвардын их сургуульд сурч байсан Л.Оюун-Эрдэнэтэй танилцаж, тэр цагаас нөхөрлөж эхэлсэн. Улмаар Л.Оюун-Эрдэнэ 2021 онд Ерөнхий сайд болмогцоо Э.Болормааг Бээжинд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд ажиллаж байхад нь дуудаж авчраад, Ажлын албаны даргаараа томилж байв. Л.Оюун-Эрдэнэ 2022 оны намар найз, Ажлын албаны дарга Э.Болормаагаа Ховд аймгийн Засаг даргаар томилсон нь олны анхаарал татаж байлаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМ

    Сэлэнгэ аймгаас 2020 оны сонгуульд нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон Ч.Ундрам томсгосон тойрогт V тойрогт горилж байна. Түүний аав нь Монголын толгой бизнесмэнүүдийн нэг Ч.Чинбат.

    Угтаа бол уул уурхайн салбарын “магнат” гэгдэх “Өсөх зоос” ХХК-ийн захирал Ч.Чинбат нь МАН-ын гол санхүүжүүлэгчдийн нэг.. Хэдийгээр гэр бүлийн таагүй харилцаа нь олон нийтийн сүлжээнд цацагдаж, ёс зүйн асуудал нь сөхөгдсөн ч сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод буй. Тиймдээ ч Ч.Ундрам зүүн бүсэд нэр дэвших эрхээ ногоон гэрлээр “өвөртлөөд” сонгуульт ажилдаа орчихсон тойргоо услаж явна. УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбат өдгөө “Өсөх зоос” ХХК-аараа Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байх Хүрэн шандын нүүрсний уурхай, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байх Эрвэй хошууны уурхай болон Дорноговь аймгийн Даланжаргал сумын нутагт байх Бор толгойн орд, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт байх Хөх булагийн ордыг тус тус эзэмшиж буй. Ч.Ундрам нийслэлийн 23 дугаар сургуулийг төгсөж, АНУ, Англи, Япон Улсад мэргэжил дээшлүүлсэн, эдийн засагч мэргэжилтэй. МУИС-д тэнхимийн эрхлэгчээ эхлээд  Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал хүртэл хийсэн тэрбээр УИХ-ын гишүүн болтлоо дэвшсэн нэгэн.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ӨНӨРБОЛОР

    “Сөүл Өнөрболор” гэх нэр зүүх хүртлээ Солонгосжсон УИХ-ын гишүүн Д.Өнөрболор 1996 оноос хойш “Сөүл групп”-ын Ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2020 онд М.Энхболдын нөмөр, нөөлгөөр УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

    Д.Өнөрболор тун удахгүй Төрийн ордонд болох “газрын наймаа”-ны нээлттэй сонсголд гарцаагүй дуудагдах хүмүүсийн нэг. Мөн “Зайсангийн зиндаархал” гэгчийг эхлүүлсэн хүн бол Д.Өнөрболор. Тодруулбал, Д.Өнөрболор 2000-аад оны эхээр М.Энхболдын газрын “ченж” байсан Б.Наранхүүгээс БЗД-ийн 1-р хороо, Чингис зочид буудлын арын 1.0 га газрыг авч, тус газар дээрээ “Рояал кастле” хотхон, “Сөүл” бизнес төвийг барьснаар тансаг зэрэглэлийн барилгын бизнесээ анх эхэлсэн түүхтэй. Дараа нь Д.Өнөрболор зэлүүд шахуу байсан Зайсангийн амыг тансаг зэрэглэлийн хотхон, хорооллоор дүүргэхээр ханцуй шуусан. Зайсан толгойн урд талын газруудыг бүхэлд нь туслах Г.Идэрхүүгийнхээ “Бизибий” ХХК-ийн нэр дээр авсан.  Улмаар Д.Өнөрболор Зайсан толгойн урд хаяг дэрлүүлэн “Роял Грийн Вилла” хотхон, “Сөүл Роял Каунти Вилла” хотхон, “Роял Кровн Вилла” хотхон, “Роял Хилл Каунти” хотхон гэх тансаг зэрэглэлийн дөрвөн хотхон барьж худалдсан. Зөвхөн “Роял Хилл Каунти” хотхон л гэхэд 9.9 га эзэмшил газартай, 29 хаустай гэхээр тэр Зайсангийн амны “эзэн” гэдэг нь тодорхой харагдана. АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг Дархан цаазат Богд хан уулын Зайсангийн аманд их хэмжээний газар хууль бусаар авч эзэмшин, улмаар тансаг зэрэглэлийн орон сууц барьж, асар их ашиг олсон үндэслэлээр хуулийн байгууллагаас шалгаж байлаа.

УИХ-ЫН ГИШҮҮН П.АНУЖИН

     Дээлийн өнгийг хуульчлах санаачилга гаргаж, “Мацагтан Монгол” хэмээн олонд танигдсан Монгол тулгатны зуун эрхэм нэвтрүүлгийг санаачлагч, хөтлөгч П.Анужин УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж, энэ удаагийн парламентад хууль сахиулагчаар сууж байна. Тэрбээр ирэх сонгуульд дахин Сонгинохайрхан дүүрэгт горилохоор зүтгэж, хийсэн ажлынхаа тайланг тавихаар сандарч явна. Ямарсайндаа 12 дугаар сургуулийн байрыг бариулсан гээд автор болчих санаатай гүйсэн ч тойргийн гишүүддээ “гадуурхагдаж” цахим хуудсаар хөлийнхээ улыг эргэтэл гүйснээ тайлбарлаж, матрын нулимс унагаж сууна. П.Анужин УИХ-д сонгогдсоныхоо дараа албан тушаалын хэрэгт нэр холбогдсон удаатай. Тодруулбал, УИХ-ын гишүүн П.Анужинг АТГ-аас эрх мэдэл  албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж байв.    Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Р.Будын хүүтэй хамтарч, нийтийн эзэмшлийн газрыг албан тушаал, эрх мэдлээ ашиглан, хүч түрэн булаан авч, эзэмшсэн гэх хэргээр хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан. Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах Доржийн гудамжны нийтийн эзэмшлийн газар дээр тэд “Лүнда” нэртэй барилга барьж, цэнгээний газар, биллияард, авто угаалгын ил зогсоол ажиллуулсан гэдэг. Гэвч энэ хэргийн явц ямар шатандаа яваа вэ гэдэг нь тодорхойгүй байна.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ

       Чингэлтэй дүүргээс хоёр ч удаа горилж, олонхын саналаар УИХ-д найман жил сууж буй М.Оюунчимэг гандах буурсангүй, дахин дэвших хүсэлтээ илэрхийлээд байгаа юм байна. Хөвсгөл аймгийн харъяа тэрбээр ОХУ, Ленинградын улсын их сургуулийн сэтгүүл зүйн факультет, сэтгүүл зүйн мастер, АНУ, Оклахома мужийн Улсын их сургууль, сэтгүүл зүйн мастер хамгаалсан. Монголын үндэсний телевиз, “ММ” агентлаг редактор, ахлах редактор, тоймч, “ММ” агентлагийн ерөнхий редактор-захирал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар томилогдсон.

       Улмаар  Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, Монгол ардын намын бүлгийн ажлын албанд зөвлөх, Монгол ардын намын Нарийн бичгийн дарга, “Монголын мэдээ” агентлагийн захирал, Монголын хөгжлийн стратегийн хүрээлэн УЗ-ийн гишүүнээр ажилласан. Улмаар 2016 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж буй. Энэ хугацаанд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар тус бүр ажилласан.

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН

“Гачуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатын Номин ирэх сонгуульд Хан-Уул дүүрэгт горилохоор бэлдэж буй бололтой. Телевизийн захирлаас төрийн сайд болж мандах ховор хувь заяа Чинбатын Номинд тохиосон Монголын толгой баяны ганц охин гэх амьдралын “автор”-той, “Тэрэлж” зочид буудлын менежер, “Монгол телевиз”-ийн захирал гэх ажлын нимгэн намтартай нэгэн.

       Улс төрд ажилласан туршлагагүй тэрбээр Төрийн сайдад жижигдсэн үү, ямартай ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас хамгийн их шүүмжлэл хүртсэн сайд биз. Гэвч гандан буурахгүй улс төрд эргэлт буцалтгүй зүтгэхээр шийдсэн бололтой. Түүнийг Соёлын сайдаар ажиллаж байх хугацаанд Ч.Чинбат машинаар хүн хөөж, олны дургүйцлийг хүргэсэн. Цаашлаад охиных нь албан тушаалын асуудлыг ч олон нийт сөхөж байлаа. Цар тахлын хямрал хаалга “балбаж” байхад “10 тэрбум төгрөгөөр ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэсэн” зоригтой нэгэн.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ОЮУНХОРОЛ

     УИХ-д “унтаа” гишүүн хэмээн олны шүүмжлэлд өртсөн Д.Оюунхорол 2020 онд сонгуульд нэр дэвшилгүй өнжиж, сонгуулийн дараа Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар томилогдсон удаатай. Харин өнгөрсөн нэгдүгээр сард тэрбээр хариуцсан ажлаа хүлээлгэн өгснөөр сонгуульд горилж байгаа нь тодорхой болсон. Тэрбээр тойрогт нэр дэвшихгүй жагсаалтад багтахаар зүтгэж эхэлсэн гэх нь бий.

       УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа тасралтгүй сонгогдож, БОАЖ-ын сайдаар “дээл давхарлаж” хүртэл суусан түүнд монголын төр өртэй биш л байлтай. Гэвч дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэгчээр дахин Их хурлын гишүүн болохоор улайрч эхэлсэн энэ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол БОАЖ-ын сайдаар ажиллах хугацаанд Богд уулын аманд хамгийн их газар олгосон гишүүдээс хоёрдугаар эрэмлэгдэж байна. Тодруулбал, 2014-2017 оны хооронд хоёр ч удаа энэ салбарын сайдаар томилогдсон тэрбээр давхардсан тоогоор нийт 27,738 га талбай олгосон баримт бий. Түүнчлэн УИХ-ын гишүүнээс буусан даруйд нь түүнийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байх хугацаандаа пентхаус барих нэрээр төрийн албан хаагчдын мөнгийг залилсан Мөн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, нөхөртөө Богд уулнаас их хэмжээний газар ашиглах зөвшөөрөл олгосон гэх хэд хэдэн үндэслэлээр шалгаж байсан удаатай. Улмаар хууль хяналтын байгууллагад шалгуулж байх хугацаандаа цар тахлын үед тусгай үүргийн онгоцоор хил даван “зугтсан” гэх нь ч бий. Энэ мэт хэрэг нь хэрхсэн нь тодорхойгүой атал дахин УИХ-ын сонгуульд горилж байгаа бололтой.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА

         Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын суудалд сууж “давхар дээл” нөмөрсөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ирэх сонгуульд  Баянзүрх дүүргээс горилно. Архангай аймгийн харъяат тэрбээр 1998 онд Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль, 2000 онд МУИС-ийн Математикийн сургууль, 2006 онд БНХАУ-ын Дундад Хятадын шинжлэх ухааны их сургууль, 2008 онд АНУ-ын Ейлийн их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Хөгжлийн эдийн засаг, олон улсын эдийн засгийн ухааны магистр. Сангийн дэд сайдаас УИХ-ын гишүүн болж, Боомтын сэргэлтийн сайдаар томилогдон Л.Оюун-Эрдэнийн Засгийн танхимд багтсан. Улмаар сайд нь тогтохоо больсон ХНХ-ын сайдад сэлгэн суух болсон.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа намтраа хуурамчаар бичсэн байж болзошгүй гэх баримтыг бид дэлгэж байлаа. Х.Булгантуяагийн ээж Гончигийн Оюунгэрэл нь Эдийн засагч мэргэжилтэй, Сангийн яаманд ахлах эдийн засагч, газрын даргаар ажиллаж байсан. Улмаар 2003 оноос Дэлхийн банкнаас Монголд 5.5 сая ам.долларын санхүүжилттэй “МОG-3803” нэртэй төслийг хэрэгжүүлж эхлэхэд Г.Оюунгэрэл тус төслийн монгол дахь менежерээр ажиллаж эхэлсэн.

Хамгийн ноцтой нь, Г.Оюунгэрэл нь Дэлхийн банкнаас Монголд хэрэгжүүлсэн уг төслийн менежерээр ажиллаж байхдаа охин Х.Булгантуяагаа цалинтай дадлагажигчаар дур мэдэн ажилд авч, тэгээд болоогүй төслийн зөвлөхийн албан тушаалд хууль бусаар дэвшүүлж, цалин өгч байсныг нь Дэлхийн банкны төлөөлөгчид Монголд ирэхдээ илрүүлж, улмаар Х.Булгантуяагийн ээж Г.Оюунгэрэл  Дэлхийн банкнаас Монголд хэрэгжүүлэх ямар нэг төсөлд оролцохгүй байх сахилгын шийтгэл авсан байдаг.

ХНХ-ЫН САЙД АСАН А.АРИУНЗАЯА

      Үндэсний статистикийн хорооны даргаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн танхимд ХНХ-ын сайдаар очсон А.Ариунзаяа ирэх сонгуулиар намын жагсаалтад багтах бололтой. Өдгөө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн албыг хашиж буй тэрбээр саяхан “Би тойргоос нэр дэвшихгүй” хэмээн ам алдсан удаатай. Ерөнхий сайд асан Д.Жасрайгийн зээ хэмээн улс төрд өвөөгийнхөө нэрээр гарч ирсэн А.Ариунзаяа танхим нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байхад торойж үлдснээрээ Засагт “том артай” гэдэг нь тодорхой болсон. Сүүлд дуулиан намжсаны дараа сайдын суудлаа хүлээлгэж өгсөн ч намынхаа “гал тогоо”-г хариуцаж байгаа гол хүмүүсийн нэг болоод буй. Тэрбээр өнгөрсөн өвөл хотын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээр огцроход “Намынхаа шилдэг гишүүдийг фронтод илгээж байгаа” хэмээн мэдэгдсэн нь олны дургүйцлийг хүргэж байлаа.

     Түүнчлэн ХНХ-ын яамны сайдаар ажиллаж байх хугацаанд нь намын ахмад гишүүд нь А.Ариунзаяаг шүүмжилж, УИХ-ын гишүүн С.Чинзориг “А.Ариунзаяа сайдыг би зургаан сар дэмжиж ажилласан. Нэг ч удаа хатуухан үг хэлээгүй. Залуу хүн сураг гээд нэлээд ажигласан. Тодорхой үр дүн гарахгүй байна. Фэйсбүүкээр ажлаа хийхээ болих хэрэгтэй. Мориноосоо буумаар байна. Амьдрал дээр буумаар байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан иргэдийг ажил, орлоготой болгох асар олон ажил бий. 150 мянган ажлын байр бий болгох, ядуурлыг хоёр дахин бууруулах гээд сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон. Энэ рүүгээ одоо ормоор байна. Бодит ажил руугаа ормоор байна. Зургаан сар би таныг ажиглалаа. Төрийн албан хаагчдыг халж, солино гээд бужигнуулаад байдгаа болимоор байна. Энэнээс өөр ажил хийсэнгүй. Ийм замаар ажил хийвэл цаашдаа хатуу шаардлага тавина. Хариуцлага тооцох асуудлыг сөхөж тавина гэдгийг хатуу анхаарч ажилламаар байна" хэмээн хатуухан сануулга өгч байсан удаатай.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.САРАНГЭРЭЛ

       Улс төрд “Хатан ижии” цол хэргэм авах хүртлээ намынхаа томчууд крандуулсан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл намын жагсаалтад багтахаар горилж байгаа сурагтай. Ерөнхийлөгч ойрын хүн гэгддэг тэрбээр У.Хүрэлсүхийн танхимд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж, улмаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт дахин “давхар дээл” өмссөн ч  “Ул”-ны гэж ард түмнийг доромжилсон шалтгаанаар сар хүрэхгүй хугацаанд сайдын суудлаа хүлээлгэж өгсөн. Их хуралд сэтгүүл зүйн салбарыг төлөөлж суудаг гишүүдийн нэг. Цар тахлын үед сайдаар ажиллаж байсан түүнийг саяхан болсон эмийн сонсголд гэрчээр дуудсан ч ирээгүй. Улмааар цар тахлын үед хамгийн өндөр өртөгтэй худалдаж авсан эмнүүд буюу 9.2 тэрбум төгрөгийн эм, тариаг устгалд оруулахаар болсон тухай асуудал ч сөхөгдөөд амжсан. Цар тахлын үеийн төсвийг ил болговол хамгийн түрүүнд дуудагдах гишүүдийн нэгээр түүнийг нэрлээд буй.

“ЭРДЭНЭТ”-ИЙН ЭЗЭГТЭЙ Д.ҮҮРИЙНТУЯА

       Доржсүрэнгийн Үүрийнтуяа нь 1982 онд Төв аймгийн 2003 онд Хөдөө, аж ахуйн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, 2009 онд Удирдлагын академийг удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгсөж, 2007 онд Хөдөө, аж ахуйн их сургуулийн бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 2013 оноос мөн сургуулийн докторантурт суралцаж байсан. Мэргэшсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн зөвлөх. Мэргэжил дээшлүүлэлт:  2005 онд Сангийн яамны санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, 2005, 2006 онд Дэлхийн банкны “Төсвийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг чадавхжуулах” төсөлд улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, 2017 онд Компанийн засаглалын, 2018 онд Австрали Улсын Сидней хотод нягтлан бодох бүртгэлийн сургалтад тус тус хамрагдан мэргэжил дээшлүүлсэн.

Түүнийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн санхүүтэй холбоотой асуудлыг тэр чигт нь “мэддэг” тул “Эрдэнэтийн эзэгтэй” хэмээн хочлох нь бий.  Түүнийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан зөвлөхөөр ажиллаж эхэлснээс хойш Эрдэнэт үйлдвэрээс 79 сая төгрөг гаргуулж, байрандаа засвар хийлгэсэн гэх дуулиан дэгдэж байлаа.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ О.НОМИНЧИМЭГ

       Хотын дарга Х.Нямбаатар хоёрдугаар орлогч О.Номинчимэгийг Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг буюу X тойрогт сойж байгаа аж. Түүний хувьд УИХ-ын дарга Г.Занданшатарын хуулий асуудал хариуцсан зөвлөхөөр томилогдож, улс төрийн гараагаа эхлүүлсэн ч хотын дарга Х.Нямбаатартай “Оюу толгой”-н төсөл дээр хамтран зүтгэж баг болсон. Ийн Х.Нямбаатар сайдын суудлаас бууж, хотын даргаар очиход өөрийн багтаа авч, хоёрдугаар орлогчоороо томилон ажилуулж байна. Хотын даргын орлогчоор томилогдсоноос хойш  Чингэлтэй, Сүхбаатарын тойргийг тордож эхэлсэн.

       Говь-Алтайн гаралтай ч хотын дүүрэгт зүтгэж буй. Нэг ёсондоо авлига албан тушаалын хэргээр хуулийн байгууллагын “үүд сахиж” байгаа Ж.Сүхбаатар, Т.Аюурсайхан нарын тойрогт өрсөлдөхөөр горилж эхэлсэн гэсэн үг. Клубын болон Токиогийн их сургуульд мэрэгжил дээшлүүлсэн. Хуульч мэрэгжилтэй тэрбээр хуулийн фирмд багшаар ажиллаж байсан. Сонирхуулахад, Хотын орлогч О.Номинчимэгийн дүү О.Оргилмаа нь Монголбанканд Ахлах хянан шалгагч, нөхөр Д.Амарбаясгалангийнх нь дүү Д.Амармэнд Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газрын кадастрын мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн гэх мэтээр гэр бүлээрээ төрд ажилладаг аж.

ОЮУТОЛГОЙН ТУЗ-ЫН ГИШҮҮН Ж.ТАНА

      Элчин сайд асан Ц.Жамбалдоржийн охин Тана УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтад багтах улстөрчдийн нэг гэгдээд буй. Оюу толгойн ТУЗ-д 13 жил суусан Ерөнхийлөгч асан Н.Багабандийн оронд Ж.Таныг томилсон нь олны анхаарал татаж байлаа. Ж.Тана нь АНУ-ын Юта мужийн "Васач Академи" бүрэн дунд сургуулийг дүүргэж, Харвардын их сургуулийг эдийн засаг, Зүүн Ази судлалаар бакалаврын зэрэгтэй төгссөн.

      Мөн дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шэйпэрс нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлгийг хүртэж, Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистраар суралцаад Рио Тинто компанийн Австрали дахь салбар болон Монголын Оюу Толгой компанид ажиллаж байсан намтартай. “Эрдэнэс Монгол” ХК-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан. Түүний ажлын түүх аавынх нь эрхэлж байсан ажлуудтай салшгүй холбоотой. Жишээ нь, Ц.Жамбалдорж 2001 онд АНУ-ын Вашингтон дахь ЭСЯ-нд зөвлөхөөр томилогдож 2007 он хүртэл ажиллаж үед Ж.Тана тэнд дунд сургуулиа төгссөн. Ц.Жамбалдорж 2009-2013 онд Австрали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож ажиллах хугацаанд Ж.Танын “Рио Тинто”-гийн Австрали дахь салбарт шинжээч байсан гэх мэтээр үргэлжилнэ. Өдгөө Элчин сайд асан Ц.Жамбалдорж нь УИХ-ын Г.Занданшатарын шууд удирдлага дор хэлтсийн даргаар ажиллаж байна.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД Б.СОЛОНГО

      Б.Солонго нь Улаанбаатар хотын уугуул. 2024 оны сонгуульд Хан-Уул дүүргээс горилж байгаа аж. 2007 онд Унгар Улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургууль төгссөн. Мөн 2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль,  2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, англи, унгар хэлтэй ажээ. Б.Солонго нь  2011-2017 онд "Хоган Ловеллс" олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч,  2017 оноос  "Авинекс партнерс" өмгөөллийн компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Тэрбээр ЗГХЭГ-т дэд даргаар ажиллаж байхдаа "Рио Тинто" компанитай холбоотой асуудлаар "Оюутолгой" ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан.

      Засгийн газраас санаачилсан “5Ш” ажиллагааны “Шүгэл” ажиллагаанд хотын дарга Х.Нямбаатартай хоршиж ажилласан хүний нэг. Б.Солонгоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Харвардын найз. Тэд 2015 онд Харвардын их сургуулийг хамт төгссөн. Улмаар 2020 онд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа Б.Солонгоог ЗГХЭГ-ын дэд даргаар томилж, дэргэдээ авсан. Харин Ерөнхий сайд болсныхоо дараа Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилсон билээ.

ХОТЫН ОРЛОГЧ АСАН Н.БАЯРЧИМЭГ

        Хотын дарга асан Д.Сумъяабазарын хоёрдугаар орлогчоор ажиллаж байсан НИТХ-ын хурлын төлөөлөгч Н.Баярчимэг Сонгинохайрхан дүүрэгт горилж байгаа бололтой. Дорноговь аймагт төрсөн, нийслэлийн Хүмүүн цогцолбор сургуульд суралцаж, МУИС-д хууль зүйн чиглэлээр баклаврын зэрэг хамгаалсан, АНУ-ын Калифорни мужийн Пэсифис Стэйтс Их сургуульд бизнесийн удирдлагаар суралцаж, МУИС-д мэргэжил дээшлүүлсэн намтартай. 2002–2003 онд Розенблатт Ассосэйтс Канадын хуулийн фирмийн Монгол дахь төлөөлөгчийн газар, эрх зүйн зохицуулалт хариуцсан менежер 2003–2006 онд Мобиком корпораци ХХК, мэргэжилтэн, салбарын захирал, 2016–2017 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн албаны мэргэжилтэн, Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга,  2017 – 2018 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, мэргэжилтэн, Хуулийн хэлтсийн дарга, 2018–2020 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК, Хууль зүйн газар хариуцсан дэд захирлаар ажиллаж байжээ.

      Түүний хувьд хотын дарга асан Х.Нямбаатарын улс төр, бизнесийн ойрын хамтрагч. Н.Баярчимэг нь Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нарын эзэмшдэг “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-нд 2011 онд хуульчаар ажилд орж, 2016 он хүртэл ахлах хуульч, хэлтсийн дарга болтлоо ажилласан. Улмаар 2016-2017 онд Үндэсний хөгжлийн газрын хуулийн хэлтсийн даргаар ажилласан байдаг. .Баярчимэг 2017 оны аравдугаар сард Д.Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдоход тус яамны Хуулийн хэлтсийн даргаар нь томилогдож, мөн л дагаж явсан. УУХҮЯ-ны Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад хоёр жил орчмын дараа буюу 2018 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн дэд захирал болсон.  Ахиад жилийн дараа буюу 2019 оны долдугаар сард Засгийн Газраас тогтоол гарч “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компани болох “Эрдэнэс тавантолгой майнинг” ХК-ийг байгуулахад мөн л дэд захирал нь болсон байдаг. Тухайн үед үед “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан ажиллаж байлаа.  Н.Баярчимэг “Эрдэнэс тавантолгой майнинг” ХК-ийн дэд захирлаар жил орчим ажиллаад Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн орлогч болсон. Сонгинохайрхан бол Д.Сумъяабазарын тойрог, Ж.Сандагсүрэн бол Д.Сумъяабазарын “туслах” байсан, цэвэр түүний хүн. Ингээд Ж.Сандагсүрэнгийн орлогчоор ажиллаж байгаад СХД-ээс НИТХ-ын төлөөлөгч болон дэвшиж, Д.Сумъяабазарын орлогч болж албан ёсоор дэргэд нь ирсэн.

Ийн МАН-аас Их хуралд горилж буй эмэгтэйчүүд тойргоо тордож явна. Одоогийн парламентад суугаа эмэгтэйчүүдийн олонх нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүд бол ирэх сонгуульд Харвардын гэх тодотголтой хуульч эмэгтэйчүүдээр бүл нэмэх нь бололтой.

 


МАН-ААС СОНГУУЛЬД ГОРИЛОГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 14
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-30 13:21:41
    Зочин: дан луйварчид одоо болиочээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-29 20:57:37
    Зочин: Сарангэрэл гэгч заваардаг бузрын эмэгтэй одоо болио.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-29 20:45:43
    Зочин: За Оюунхорол, Сарангэрэл гэсэн алтан загасний эмгэчүүл юүхэвээ. Та нарын насны болоод хулгайн лимит дууссан шүү. Хөгшчүүл зүгээр л гэртээ сайхан цэцэг тариад сүүтэй цайгаа уугаад амар.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-29 19:54:04
    Zochin: Ц..Мөнхцэцэг гишүүн мэдлэгтэй боловсролтой цэвэр бодлого ярьдаг арай дөнгүүр нь шдээ. Яагаад жагсаалтад байхгүй байгаа юм бэ? Хамгийн зөв ярьж попорлгүй ажлаа хийдэг гишүүн шд. Мэдлэгтэй даруу хүнийг үнэлдэггүй төр юмдаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-29 17:30:17
    Зайл: Болормаагийн гэр бүл бол ёстой төрөөс төрсөн тэр бумтан. Эцэг нь байгаль орчны үнэлгээний байгууллагатай түүгээрээ дамжуулаад оюу толгойд үнэлгээ хийсэн гээд улирал тутам хэдэн зуун саяыг авч суудаг. Гэтэл Болормаа нь цалингаа цуглуулад би тэрбумтай болсон гээд хуцаад Монголчуудыг бүр тэнэг гээд итгэчихсэнд нь дургүй хүрмээр
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-29 17:06:23
    Зочин: ХҮН намынхан 40 хувь нь докторын зэрэгтэй, ажлын туршлагатай хүмүүс дэвшүүлнэ гэж байдаг. МАН-н энэ хэд дотор гэтэл нэг ч эрдмийн цолтой хүн байхгүй юмуу, баахаа л татаасны бачка нар харагдах юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-29 16:25:49
    зочин: БАТЦЭЦЭГ, ОЮУНЧИМЭГ бас боломжийн шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-29 16:23:18
    зочин: Булгантуяа, Болормаа, Солонго, Номинчимэг нарт АМЖИЛТ, АМЖИЛТ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-29 16:04:01
    Хм: Ишшшш бас л мөн ч сонголтгүй сонгууль байхнээ. Энэ хэдэн балай дээр нь бас өнөө МАН-н түмний бор алдарт яашка Нямжав, Алтайгийн маанаг Зулаа, айконы яйжгий эрүүт Болортуяа нар байгаа гэсэн үү ха ха
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-29 15:58:15
    Зочин: МАН ч одоо ийм боловсон хүчин муутай юмуу. Ёстой олигтой амьтан алгаа. Баахан татаасны балайнууд. Батцэцэг нь л арай дээршүү юмуу даа, бас казиночин хүнд гар гээд байгаа биз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-29 13:24:54
    [зочин: Мөнгөний амт үнэр авсан Өнөрболор, Ундрам, Тана, Үүрийнтуяа, Номин мэтийг бүү сонгоорой. Цаашдаа эвгүй юм хийх хүүхнүүд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-29 13:03:00
    Доржоо: Хамгийн боломжтой нь Булгантуяа байна сайхан эмэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-29 10:51:12
    Zochin: Yana daa yana. Khugjikhgyi ee khugjikhgyi
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-29 07:46:06
    Зочин: Дутуу бна.ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж Саулe
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188