• Өнөөдөр 2025-05-20

МАН-ЫНХАН Н.АЛТАНХУЯГИЙГ АЛАГ ҮЗЭЖ, АВЛИГАТАЙ АЛГУУР ТЭМЦЭЖ БАЙНА УУ

2022-05-31,   618

   "Н.АЛТАНХУЯГИЙГ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХЭЭС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ, БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНИЙГ ЗҮТГҮҮЛНЭ" ГЭВ ҮҮ

       МАН-ынхан салхи л гарвал Н.Алтанхуягийг авч шидчих гээд байдаг болжээ. Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдож, хилээр гарах эрхээ хаалгасан яллагдагч нараа хүртэл алаг үзээд байна уу гэмээр хэд хэдэн үндэслэл сүүлийн үед бий боллоо. Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг МАН-ын томчуудтай харьцуулахад "жараахай"-даа орно. Харин Н.Алтанхуяг нь Ерөнхий сайд байсан, улс төрд илүү олон оймс элээсэн гэдэг утгаараа ядаж зиндаархмаар байтал нөгөө хэдээсээ түрүүлж "нисчих" гээд байдаг нь учиртай. Тодруулбал, “УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн бүрэн эрхийг түдгэлзүүлбэл, оронд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийг томилно” гэх яриа хүртэл гараад байна. Мөн нэр бүхий гишүүдээс хамгийн эхлээд Н.Алтанхуягийг хилээр гарахыг хориглож, түүнийг ганцаараа Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон мэтээр үзэх хандлага олны дунд мэдрэгдэж байна.

    МАН-ынхан мөрдөн шалгах байгууллага нь Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарыг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнийг тогтоож, прокурорууд нь яллагдагчаар татах тогтоол баталчихаад байхад олонхоороо эзэрхэж, гишүүдээ авч үлдэж, хууль, хяналтынхныг ямар ч хүчгүй, хэн нэгний эрх ашигт “өлгийтэй” байдаг гэдгийг харуулж байв. Энэ нь МАН-ынхны хэн нь ч ямар ч хэрэгт холбогдсон данхайгаад л гараад  ирдэг, цаашид ч ирэх сүр хүчийг дээрх жишээгээр баталсан гэхэд болмоор. 

-ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ГИШҮҮДЭЭ ХААЦАЙЛАХГҮЙ ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН-

      МАН өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Хүний эрхийг дээдэлсэн, шударга ёсны төлөө дэвшилтэд улс төрийн хүчин болно” гэж  мэдэгдсэн байдаг. Мөн "Гэмт хэрэгт холбогдсон гишүүдээ хаацайлахгүй, олон нийтийг бухимуулсан, ёс суртахууны асуудал гаргасан хэнд ч цаг алдалгүй хурдан арга хэмжээ авна” гэдгээ МАН-ын удирдлагууд мэдэгдэж байсныг уншигч та санаж байгаа болов уу. Харин бодит байдал дээр МАН-ынхны баталсан дүрэм журмаа хэрэгжүүлж чадах эсэх нь эргэлзээтэй. Үүнээс гадна  МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Өрийг нь өөрөөр нь төлүүлье. Хэрвээ Хөгжлийн банктай холбогдсон гишүүдийг хуулийн байгууллага албан ёсоор шалгах шаардлагатай бол МАН-ын гишүүнээс түдгэлзүүлнэ" гэж байв. Харин эрх баригч МАН-ынхан эхнээсээ хэлсэн амандаа хүрч чадахгүй, бүдэрж буй юм. Харин дараагийн удаа МАН-ынхан ямар нүүдэл хийхээр санаархаж, ард түмнийг, хууль, шүүхийн байгууллагыг доромжлох гэж буйг таах аргагүй. 

         Юу ч хийсэн хэнээс ч айдаггүй, цагдаа, шүүх, хуулийн байгууллагынхныг мөнгөөр “зодож” аргалдаг УИХ-ын гишүүдэд “Манай улсад хууль үйлчилдэг шүү” гэдгийг мэдрүүлэх л үлдэж буй юм. Хэрвээ тэгж чадахгүй бол эрх мэдэлтнүүд та бүхний ажлыг цаас, зоос төдийхнөөр харж, таныг болоод танай байгууллагынхныг тоглоом болгон нааддаг болох нь ээ. 

МАН-ЫНХАН ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН ГИШҮҮДДЭЭ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ  БАЙСААР НАМРЫН ЧУУЛГАН ХҮРГЭХ ҮҮ

       МАН-ынхан хэрэгт холбогдсон гишүүддээ долигонож тал зассаар байгаад арга хэмжээ авахаасаа бүр өнгөрлөө. Дээрх дөрвөн гишүүнд  болоод тэдний хийсэн хэрэгт нь хөндүүр юм шиг холуур тойрсоор хэчнээн ч хугацаа өнгөрөв, бүү мэд. Үнэхээр “Хэрэгт холбогдсон гишүүдээ хаацайлахгүй, заавал арга хэмжээ авна” гэх үгэндээ хүрдэг байсан бол эртний асуудал болох байсан биз. Ядаж л Ерөнхий прокурор УИХ-ын даргад дээрх гишүүдийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн цаг мөчөөс л асуудал нэг тал руугаа шийдэгдэж эхэлсэн байх ёстой байтал өнөөдрийг хүртэл хилийн хориг тогтоож аргалсан шигээ наадам хүргэчих санаатай сууцгаах юм. МАН-ынхан иймэрхүү байдалтай Хөгжлийн банкны болон авлигын хэрэгт холбогдсон гишүүддээ цаг хугацаа, боломж, эрх мэдэл олгож давраасаар намрын чуулган хүртэл дамнуулахаар болсон гэдгийг эх сурвалжууд онцолж байлаа. Үүнээс гадна, МАН-ынхан ямар ч хэрэгт алгуур хандаж, хэнд ч хуулийн хариуцлага хүлээлгэхгүй асуудлаар асуудлаа дарж, системтэй ажлаа тарамддаг болоод удаж байна.


МАН-ЫНХАН Н.АЛТАНХУЯГИЙГ АЛАГ ҮЗЭЖ, АВЛИГАТАЙ АЛГУУР ТЭМЦЭЖ БАЙНА УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188