Ergelt.mn сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл” энэ удаад шатахууны бизнес эрхлэгчид шатахуун, дизель түлшиндээ ус хольж, автомашинтай иргэдийг хохироодог ноцтой асуудлыг эрэн сурвалжиллаа. Нефть импортын компанид ажилладаг эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр шатахуун, дизель түлшинд ус хольж, зарах луйвар бүх ШТС-д хавтгайрчээ. Ялангуяа өнгөрсөн хавраас эрчимжсэн гэнэ. Жишээ нь, нэг литр шатахуунд 100 гр ус холилоо гэж бодоход 10 литр тутамд нэг литр, 100 литр тутамд 10 литрийн цэвэр ашигтай ажиллана гэсэн үг юм. Шатахууны бизнес эрхлэгчид ингэж ус зарж, луйвар хийдэг аж. Түүнчлэн эх сурвалж “Ус холих үйл явц их, багаасаа хамаарч хоёр дамжлагатай явагддаг л даа. Удирдлагууд шатахуундаа ус хольж, арвижуулах үүрэг өгвөл нөөцийн агуулах дээрээ холино. Нэмээд нафта, керосин гээд хүмүүсийн мэддэг нэмэлтүүд хольж, шатахуун ус хоёроо уусгана. Мөн салбар ШТС-ын ахлах, түгээгч нар ч ус холино. ШТС-уудад тооцоо дутах асуудал гардаг. Тиймээс тооцоогоо нийлүүлэхийн тулд өөрсдийн дутаасан шатахуунаа усаар нөхдөг гэсэн үг л дээ” гэсэн юм. Тэрбээр “Энэ асуудал маш өндөр нууцлалтай байх ёстой, хэрвээ задруулбал ажлаа алдахаас ч хэцүү юм болно” гэсэн тул түүний нэр, ажил, албан тушаалыг нууцалсан болно.
Шатахуун, дизель түлшиндээ ус хольж зардаг луйвар ингэж нууцлалтай явагддаг байсан ч өнгөрсөн есдүгээр сард ШӨХТГ-ын шалгалтаар илчлэгдсэн юм.Тухайлбал, Өнгөрсөн есдүгээр сарын 3-нд ШӨХТГ, МХЕГ, ЦЕГ тэргүүтэй байгууллагууд хамтран ШТС-уудад гэнэтийн шалгалт хийх явцдаа “Тэс петролиум” ХХК, “Шунхлай” ХХК, “Синчи ойл” ХХК, “Петрожамп” ХХК гэх дөрвөн ААН-ийн ШТС-уудын нөөцийн савнаас ус, лаг илрүүлсэн байдаг. Тухайлбал,
“Тэс Петролуим” ХХК-ийн ШТС-7-ын дизель түлш болон АИ92 авто бензиний хоёрдугаар савнаас бохирдол буюу ус илэрсэн.
“Шунхлай” ХХК-ийн ШТС-32 АИ95 авто бензиний савнаас ус, лаг илэрсэн.
“Синчи Ойл” ХХК-ийн ШТС-2-ын АИ92 авто бензиний хоёрдугаар савнаас ус илэрсэн.
“Петрожамп” ХХК-ийн ШТС-2-ын АИ92 авто бензиний савнаас ус илэрсэн нь тогтоогдсон юм.
Дээрх дөрвөн аж ахуйн нэгжийн ШТС-уудын нөөцийн савнаас ус илэрсэн нь ингэж нотлогджээ. Өөрөөр хэлбэл, ус холилдсон шатахуун зараад байна гэдэг нь илэрсэн хэрэг. Гэвч хэрэглэгчийн эрхийг хамгаалдаг, хянадаг, шалгадаг эрх бүхий байгууллагууд шалгалт хийгээд ус илрүүлсэн тухайгаа ингэж зарлаад байхад дээрх компаниуд харин хүлээн зөвшөөрөхгүй, хариуцлага тооцуулахгүй “заргалдаж” байгаа. Жишээ нь, дээрх дөрвөн аж ахуйн нэгжийн нэг “Синчи-ойл”ХХК-иас шатахууны савнаас нь ус илэрсэн асуудлыг тодруулахад “Ямар ч ус байхгүй” хэмээн эрс няцаасан юм.
ШТС-ын шатахууны нөөцийн саванд нь ус орох ямар ч боломжгүй, өөрсдөө ус холиогүй юм бол ШӨХТГ, МХЕГ-ын “Ус илэрсэн” гэх хариу хаанаас гарсан хэрэг вэ. ШӨХТГ, МХЕГ-ын байцаагчид нь худал мэдэгдэл хийсэн үү. Эсвэл дөрвөн аж ахун нэгж шатахуундаа ус хольсноо нууж, ус илрэх боломжгүй гэж гүрийгээд, эрх мэдэл, нөлөөллөө ашиглан хэргийг хаахаар санаархаж байна уу.
“Тэс петролиум”ХХК, “Шунхлай”ХХК, “Синчи ойл”ХХК, “Петрожамп”ХХК-иуд бол нефтийн импортоор дагнан үйл ажиллагаа явуулаад 12-20 жил болж байгаа, удаа дараа үнээ нэмсэн, чанаргүй шатахуун худалдаалсан хэрэгт холбогдож байсан хар түүхтэй компаниуд. Тиймдээ ч устай шатахуун худалдаалж байснаа хүлээн зөвшөөрөхгүй гүрийж, УУХҮЯ, Ашигт малтмал газрын тосны газар нөлөөлөх замаар энэ хэргээ тэгсхийгээд намжаах оролдлого хийж байна гэж хардах хэд хэдэн өнцөг байна.
ӨНЦӨГ 1
ШӨХТГ, МХЕГ-аас өнгөрсөн долдугаар сард гааль дээр шалгалт хийж, хилээр орж ирж буй нефтийн бүтээгдэхүүнүүдээс дээж авч, УУХҮЯ-ны харьяа Ашигт малтмал, газрын тосны газрын лабораторид хүргүүлсэн байдаг. Гэвч одоог хүртэл дээжийнх нь хариуг гаргаж өгөхгүй байгааг ШӨХТГ-аас мэдэгдсэн. Хэрвээ тэр хариугаа гаргаж өгвөл хилээр орж ирж байгаа болон дотоодод жижиглэнгээр зарж байгаа шатахууны чанарыг хооронд нь тулгаад ямар нэг хольц орсон эсэхийг тогтоох боломжтой аж. Гэтэл Ашигт малтмал газрын тосны газар уг шинжилгээний хариуг гаргаж өгөхгүй удааж байгаа нь цаанаа нефть импортлогчдын булхайг нуух ашиг сонирхол юм биш биз гэх хардлагыг бий болгоод байгаа юм.
ӨНЦӨГ 2
Өнгөрсөн есдүгээр сарын 10-нд МХЕГ-аас хийсэн мэдэгдэлд сүүлийн хоёр жил хилээр их хэмжээний нафта, керосин зэрэг бодис орж ирж байгаа тухай дурьдсан байдаг. Энэ төрлийн бодисуудыг манай улсад дангаар нь хэрэглэж, худалдаалдаггүй. Тиймээс шатахуунд хольж зардаг байж болзошгүй гэж МХЕГ-аас хардаж байгаа юм.
ӨНЦӨГ 3
Устай шатахуун автомашины банканд орвол тухайн автомашин хүчгүй болох, мотор нь доголдох зэргээр шууд нөлөө үзүүлж, эцэст нь бензин нацос нь ажиллалагаагүй болдог гэдгийг техникийн наад захын мэдлэгтэй хүмүүс шууд хэлнэ. Усны хольцтой, чанаргүй шатахуунаас болж автомашин нь эвдэрсэн тохиолдол олон байдаг ч заргалдаад ямар ч нэмэргүй байдаг. Тиймдээ ч автомашин нь эвдэрсэн бол засварын газар засуулаад, устай шатахуунаар банкаа дүүргээд чимээгүйхэн явахаас өөр ямар ч сонголтгүй.
ӨНЦӨГ 4
“Тэс петролиум”ХХК, “Шунхлай”ХХК, “Синчи ойл”ХХК, “Петрожамп”ХХК-иудын ШТС-уудаас ус илэрсэн тухай шалгалтын хариуг олон нийтэд зарламагц Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ШӨХТГ-т албан бичиг илгээж, дээрх дөрвөн компанийн асуудлыг чимээгүйхэн дарах оролдлого явуулж эхэлсэн тухай эх сурвалж мэдээлсэн. ШӨХТГ-аас энэ талаар тодруулахад “УУХҮЯ-наас албан бичиг ирсэн нь үнэн боловч, задруулах боломжгүй” гэх тайлбарыг өгч байлаа.
Дээрх өнцгүүдийг бүтэн зургаар нь харвал “Тэс петролиум”ХХК, “Шунхлай”ХХК, “Синчи ойл”ХХК, “Петрожамп”ХХК-иуд жижиглэнгийн шатахуундаа ус хольж арвижуулдаг, нафта, керосин зэрэг зүйлс хольж хямд үнэтэй чанаргүй шатахуунаа чанартай мэт болгож зардаг дүр зураг харагдаж байгаа юм. Түүнчлэн энэ булхайгаа нуухын тулд УУХҮЯ, Ашигт малтмал газрын тосны газар зэрэг шатахууны асуудал хариуцсан төрийн байгууллагуудыг өөрсдийн талд ашигладаг нь харагдаж байна.
Тэгвэл ШТС-ынх нь нөөцийн савнаас ус илэрсэн, цаашлаад шатахуундаа ус холиод зарж байсан байж болзошгүй “Тэс петролиум”ХХК, “Шунхлай”ХХК, “Синчи ойл”ХХК, “Петрожамп”ХХК-иудын цаад эзэд ямар эрх мэдэлтэй, нөлөөтэй эрхмүүд байдгийг танилцуулъя.
“Тэс петролиум”ХХК нь 2000 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үүсгэн байгуулагч, цаад эзэн нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөр. Түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт “Тес петролиум”ХХК-иас гадна “Ойр бирж”, “Мондем”ХХК, “Жэй Эм Ойл”ХХК зэрэг олон компани байдаг. Тэрбээр 2018 оны аравдугаар сард өөрийн эзэмшдэг “Мондем”ХХК-иараа дамжуулан ЖДҮХС-гаас 300 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нь тогтоогдож байсан. ЖДҮХС-тай нэр холбогдсон УИХ-ын 14 дэх гишүүн. Түүнчлэн Шинэчлэлийн Засгийн газрын үед Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс “Ойн бирж”ХХК-даа 7.2 тэрбум төгрөгийн зээл авч байсан ч шатахууны үнээ буулгаагүй хар түүхтэй. ШТС-уудаараа устай бензин зарж мэдэх хуудуутай, тэр нь илэрмэгц хав дарах хэмжээний эрх мэдэлтэй, нэр нөлөөтэй эрхэм.
“Шунхлай”ХХК нь 1993 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үүсгэн байгуулагч нь УИХ-ын гишүүн агсан Г.Батхүү. Одоо “Шунхлай” группыг түүний дүү П.Батсайхан толгойлж буй. Мөн удирдлагын түвшинд Г.Батхүү агсны хүү Б.Гөнхөлөг болон түүний дүү П.Батчимэг нар ажиллаж буй. Тус группийн салбар компаниуд нь Монголын топ аж ахуйн нэгж, шилдэг татвар төлөгч гээд олон гуншинтай, сайн нэртэй байж болох ч шатахууны бизнес дээрээ сайн нэртэй байгаагүй. Тухайлбал, 2012 онд Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс 35 тэрбум төгрөг авсан хэрнээ жилийн дараа буюу 2013 онд шатахууны үнээ нэмсэн. Улмаар ШӨХТГ-аас торгуулж байсан удаатай. Түүнчлэн 2018 оны арванхоёрдугаар сард стандартын шаардлага хангаагүй АИ92 автобензин борлуулсан асуудлаар есөн сая төгрөгөөр торгуулж байсан.
“Петрожамп”ХХК нь 2008 онд “Жамп”ХХК-ний охин компани болж байгуулагдсан. Толгой компани болох “Жамп”ХХК нь 1996 оноос уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд үүсгэн байгуулагч нь Нефть, хийн үндэсний ассациацын тэргүүн Л.Цэрэндаваа агсан. Тус компанийн нэр дээр уул уурхайн 69 лиценз бүртгэлтэй байсан нь ил болж, алдарт 30 гэр бүлийн нэгд тооцогдож байсан. Түүнчлэн 2012 онд улсад найман тэрбум төгрөгийн татварын өртэй, татвараас зугтсан, лицензүүдээ охин компаниуд руугаа шилжүүлсэн зэрэг хууль зөрчсөн олон асуудалтай гэдгээрээ зард гарч байсан компани. “Петрожамп”ХХК нь 2012 онд үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс 1.3 тэрбум төгрөг авсан ч төд удалгүй шатахууны үнээ үндэслэлгүй нэмсэн шалтгаанаар торгуулж байсан.
“Синчи-ойл”ХХК нь 1999 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. Тус компанийн үүсгэн байгуулагч нь Ц.Элбэгзаяа. Удирдлага нь Элбэгзаяагийн Баярмаа, Мөнгөншагай нарт байдаг бөгөөд гэр бүлийн бизнес гэдэг нь харагддаг. Тус компани нь 2012 онд үнэ тогтворжуулах төлбөрөөс хоёр тэрбум 80 сая төгрөг авч байсан. Гэхдээ өнгөрсөн хугацаанд үнээ үндэслэлгүй нэмсэн асуудалд удаа дараа холбогдсон. Түүнчлэн 2018 онд чанаргүй АИ92 автобензин худалдаалсан асуудал нь ил болж, есөн сая төгрөгөөр торгуулаад өнгөрч байсан.
Дээрх дөрвөн аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулагч, цаад эзэд нь дандаа эрх мэдэлтэй, Монголын тэргүүн баячууд гэдэг нь харагдаж байна. Товчхондоо устай шатахуун зарж байгаагаа тас нуух, илэрсэн ч нам дарах чадалтай, эрх мэдэлтэй, нөлөөтэй эрхмүүд юм.
ТӨРИЙН ДЭЭР САНДАЙЛСАН ШАТАХУУНЫ ШАГЧДАД ХЭН ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ?
Манай улс нефтийн баялаг нөөцтэй ч нефть боловсруулах үйлдвэргүй учраас ОХУ-аас шууд хараат байдаг. Энэ сул талыг ашиглан ашиг хүртэгчид нь нефть импортлогчид. Шуудхан хэлэхэд, ОХУ-аас хямдаар шатахуун аваад дотооддоо авчирч элдэв төрлийн юм хольж хутгаад зардаг шагчид. Гэхдээ тэд шатахуунаа зарахгүй бол монголчууд явгарна гэсэн үг. Тиймдээ ч шатахууны бизнес эрхлэгчид төрийн дээр сандайлж, хуулийг гууль болгож яваа. Эцэстээ шуналаа дийлэхээ болиод устай шатахуун зарж эхэлсэн нь энэ. Зөрчлийг нь арилгаад торгоод өнгөрөх төдий бус, тусгай зөвшөөрлийг нь цуцлах ёстой ноцтой асуудал байтал хэн ч тэдэнд хариуцлага тооцохгүй байна. Тэд шатахуун нэрээр ус зарж баяжаад, жирийн иргэд нь шатахуун гэж итгээд автомашиндаа ус хийж эвдээд байх шударга явдал уу. УУХҮЯ, Засгийн газар алинд нь ч хариуцлага тооцохгүй хэрэг үү.
Шатахуунд ус хольсон хэргийн мөрөөр... |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |