• Өнөөдөр 2025-05-20

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: УИХ-ын чуулганы хуралдаанаар дөрвөн гишүүнээ авч үлдэж, Н.Түвшинбаярт холбогдох хэргийг хойшлууллаа

2022-04-30,   539

       Эргэлт.мн мэдээллийн сайт өнгөрсөн долоо хоногт  улс төр, эдийн  засаг, эрэн сурвалжлах, нийгэм, соёл урлагийн салбарт болж өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрсөн долоо хоногт Улсын Ерөнхий прокурор УИХ-ын дөрвөн гишүүнийг гишүүнийх нь бүрэн эрхээс түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулсан боловч УИХ-ын чуулганаар тус дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголыг эцэслэн баталж, Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралыг хойшлуулсан юм. 

УИХ-ЫН ЧУУЛГАНААР ДӨРВӨН ГИШҮҮНИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ САНАЛЫГ ДЭМЖСЭНГҮЙ 

     УИХ-ын чуулганаар Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг өчигдөр хэлэлцлээ. Хуралдаан хаалттай болсон бөгөөд нууц хуралд оролцсон гишүүдийн ихэнх нь гишүүдийг түдгэлзүүлэхийг дэмжсэнгүй. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан энэ сарын 28-нд УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулсан. Прокурорын саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй юм. Өөрөөр хэлбэл, гишүүдийн бүрэн эрхийг заавал түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой гэж үзсэн юм.Тэгвэл УИХ-ын нэгдсэн чуулганаар гишүүн тус бүр дээр нууц санал хураалт явуулж олонх гишүүн прокурорын саналыг дэмжсэнгүй, дөрвөн гишүүнээ авч үлдлээ. 

Н.ТҮВШИНБАЯРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГТ ГЭРЧ ОРОЛЦУУЛЖ ШАЛГАНА

       Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Тус хэлэлцүүлгийг шүүгч Д.Доржсүрэн удирдаж, хуралд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц, хохирогч, талийгаач улсын начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг, түүний өмгөөлөгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар оролцлоо. Түүний шүүх хурлын талаар талийгаач Э.Энхбатын өмгөөлөгч О.Санчирбал “Хуулийн үндэслэл зааврынхаа дагуу гэрч оролцуулах хүсэлт гаргасан. Дээрх хүсэлтийг шүүх шийдвэрлэж нэр бүхий гэрч нарыг оролцуулж, шүүх хуралдааныг хаалттай явуулахаар шийдвэрлэсэн. Тиймээс шүүх хурлыг тавдугаар сарын 12-нд товлосон. Өнөөдөр Н.Түвшинбаяр шүүх хуралдаа оролцсон. Түүнийг хуулийн дагуу 12-20 жил эсвэл бүх насаар хорих заалттай байгаа” гэсэн юм. 

ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

      УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр хийлээ.Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудтай холбогдуулан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн эдийн засгийн үзүүлэлтэд тусгагдсан Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2022 онд 4.280.3 тэрбум төгрөг гэснийг 4.296.3 тэрбум төгрөг гэж өөрчлөх санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувийн саналаар дэмжсэн гэлээ. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүдээс асуулт гараагүй бөгөөд Байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын нэг томьёоллоор санал хураалт явуулан, хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГАД Х.НЯМБААТАР САЙД ҮҮРЭГ ӨГСӨН

 Иргэн Т.Ганболд, эхнэр Х.Янжингаад нарын салалттай холбоотой асуудлаар Хууль зүйн, байнгын хорооны сайд Х.Нямбаатар мэдээлэл хийсэн. Тэрбээр “Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргад уг асуудалтай холбоотой танилцуулга бэлдэж ир” гэсэн үүрэг өгсөн. 2016 онд иргэн Т.Ганболд, эхнэр Х.Янжингаад нар гэрлэлтээ батлуулсан гэрлэлтийн бүртгэл хийгдсэн юм билээ. 2021 онд харин Ганболдын зүгээс “Би биеэр очиж гэрлэлтээ бүртгүүлээгүй, Монгол Улсын хуулийг уг гэрлэлтийн бүртгэл хийгдсэн” гээд улсын хяналтын ахлах байцаагчид гомдол гаргасан. Улсын хяналтын ахлах байцаагч уг гомдлын дагуу шалгалтын ажил хийхэд тухай үед гэрлэлтийн бүртгэлийг биеэр хийгдээгүй гэсэн нь тогтоогдсон гэсэн танилцуулгыг надад өгсөн. Өөр мэдээлэл байхгүй байна. Гэр бүлийн эрхзүйд гэрлэлт гэдэг сэтгэл хөдлөл шаардсан харилцаа байдаг. Энэ ч утгаар гэрлэлтийн бүртгэл хийх, төрийн үйлчилгээг авахдаа заавал гэрлэгчид биечлэн очих ёстой гэсэн шалгуур тавьдаг.

   Улсын бүртгэлийн байгууллага бол одоогийн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн том  датаг цуглуулсан байгууллага. Тавдугаар сарын 1-нээс эхлээд цахимын багц хуулиа хэрэгжүүлж эхлэх гэж байна. Тэгээд бүх нийслэлийн есөн дүүрэг, төвүүд, 21 аймгийн төвөөр эхэлж, тоон гарын үсэг олгох ажлыг компанижуулж эхэлнэ. Тавдугаар сарын 15-наас эхлэн бүх хорооны улсын бүртгэлийн ажилтнууд, бүх сумын улсын бүртгэлийн ажилтнуудаар дамжуулж компанчилж цахим тоон гарын үсэг олгох ажиллагааг хийнэ. Тэгэхээр энэ нь бүх мэдээлэл тухайн иргэндээ нээлттэй болно гэсэн үг” гэв.

 

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: УИХ-ын чуулганы хуралдаанаар дөрвөн гишүүнээ авч үлдэж, Н.Түвшинбаярт холбогдох хэргийг хойшлууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188