• Өнөөдөр 2025-11-10

Н.АЛТАНХУЯГ: Өмнө нь Ц.Элбэгдорж зохиол бичиж байсан, энэ удаагийнх хэний зохиол юм мэдэхгүй байна

2022-04-25,   901

      УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг  өнөөдөр 16:00 цагаас Авлигатай тэмцэх газарт өөрийн биеэр очиж мэдүүлэг өгөхөөр болсон.
 
     Тэрбээр АТГ-аас гарч ирээд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Н.Алтанхуяг "Өнөөдөр би мэдүүлэг өгсөнгүй. Ер нь бол яллагдагчаар татах прокурорын тогтоол ирсэн байна. Уг тогтоолтой танилцаарай гэсэн юм ярьж байна. Тэгээд би арван хэдэн хуудас материалтай энэ богино хугацаанд танилцах хэцүү юм байна. Тэгэхээр нь өмгөөлөгчөө аваад, хэд хоногоос ирээд танилцъя гээд гарч ирлээ. Хөгжлийн банкийг шалгаснаас хойш тус банктай холбоотой ямар нэгэн асуудлаар урьдчилаад гэм буруутан болгох гээд янз бүрээр яригдаад байсан юм. Өнөөдрийнх бол Хөгжлийн банктай шууд холбоотой ч биш Загийн газрын шийдвэртэй холбоотой юм шиг байна. Би материалтайгаа бүрэн гүйцэт танилцаагүй гарч ирлээ. Ер нь 2014 онд намайг огцруулаад маргаашнаас нь эхлээд хууль хяналтын байгууллагын хаалга татуулаад, би тухайн үед гэрч, сэжигтэн, яллагдагч болж явсан. Тэгээд 2017 оноос эхлэн намайг яллагдагч болгоод явж байна.
 
    Ц.Элбэгдоржийн хууль хяналтын байгууллагад тавьсан тавиулууд нь алга болоод, дарга нар нь солигдоод 2020 оны эхээр над дээр үүсгэсэн янз бүрийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм байна гэсэн. Түүнээс хойш яллагдагч гэж байхгүй болсон. Гэхдээ гурван жил шахам яллагдагч нэртэй явсан. Өнөөдөр юу болоод байгааг сайн мэдэхгүй байна. Үнэн үг хэлэхээр олон хүний дургүй хүрдэг, эрх барьж байгаа намын нэлээд нь дурамжхан байдаг. Тэгэхдээ намайг дуугүй болгох төлөвлөгөө зохиож, зохиол бичиж байгаа гэсэн. Өмнө нь Ц.Элбэгдоржийн зохиолоор явдаг байсан. Одоо хэн зохиол бичээд байгааг мэдэхгүй байна. Гэхдээ би үнэн тодорно гэдэгт итгэлтэй байгаа. Сарын өмнө байгалийн баялагийг ард иргэд тэгш эзэмших ёстой юм, цөөхөн хүн идэж, олонхи нь ядуурдагаа болье гэж хэлсэн. Ядаж Эрдэнэтийн зэсийн хүдэрийг Эрдэнэтийн ард иргэд , үйлдвэр нь  тэнцүүхэн хувь эзэмших тогтоолын төсөл барьсан. Тэгэхээр тэд наана нь янз бүрийн нэр хоч зүүж байгаад миний дуу хоолойг багасгах гэж байгаа юм болов уу гэж бодож байна. Би хийсэн хэрэг байхгүй учраас ном журмын дагуу явна" гэв. 

Н.АЛТАНХУЯГ: Өмнө нь Ц.Элбэгдорж зохиол бичиж байсан, энэ удаагийнх хэний зохиол юм мэдэхгүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188