Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад, төлөөгүй удсан компаниудыг олон нийтэд ил болгосон. Үүний дараахан зарим компанийн удирдлагуудыг цагдан хорьсон. Түүний нэг нь “Бэрэн групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхтөр юм. Үүнтэй холбоотойгоор түүний охин “Бэрэн групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Цэлмэгийн "Өдрийн сонин"-д өгсөн “Аавын минь Гангийн үйлдвэр барих 20 жилийн зүтгэл зогсох ёсгүй” хэмээх ярилцлагаас онцлох найман эшлэлийг уншигч танд хүргэж байна.
-Хөгжлийн банкнаас “Гэр хорооллын дахин төлөвлөлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй дэд төсөл болох “долдугаар хорооллын Ё блокын 720 айлын орон сууцны барилга” болон “Эрдэнэтийн төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” төслийн хүрээнд хэрэгжиж буй дэд төсөл болох “Барилгын арматурын үйлдвэр” төслүүдэд зориулж 11.7 сая ам.доллар болон 27.2 сая ам.долларын санхүүжилтийг 2014-2018 онд төслүүдийн ажлын гүйцэтгэлтэй уялдуулан үе шаттайгаар тус тус олгосон. Зээл тус бүрийн Зээлийн болон Барьцааны гэрээнүүд байгуулагдах үед Монголбанк болон Хөгжлийн банкны холбогдох дүрэм журамд нийцүүлэн зээл, барьцаа хөрөнгийн харьцааны шаардлагыг бүрэн хангаж, зургаан үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж, ашигт малтмал ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрөл, 38 үл хөдлөх хөрөнгө, төслүүдийн хөрөнгийг барьцаалуулсан. Эндээс барьцаа хөрөнгө хангалттай тавьсан нь харагдах байх.
-Манайх хөнгөлөлттэй зээл аваагүй, биенесийн зээлд хамрагдсан. Манайд олгосон Хөгжлийн банкны ам.долларын зээл нь 8.6 болон 9.3 хувийн хүүтэй, дээрээс нь нэмэгдүүлсэн хүү 20 хувиар тооцогдож байгаа. Зээлийг дан валютаар буюу ам.доллараар авсан. Барилгын арматур болон орон сууц нь дотооддоо борлуулагдаж, төгрөгийн орлого олох байсан тул анх төгрөгөөр зээл авах хүсэлт гаргаж байсан ч ам.доллараар зээл олгогдсон. 2014 онд ам.долларын ханш 1.700 орчим төгрөг байсан, харин одоо 3.000 төгрөг гараад явж байна, энэ бол асар их зөрүү. Одоогийн байдлаар зөвхөн үндсэн зээл дээр л гэхэд 30-аад тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээгээд байгаа. Цаашид ханш тогтворжихгүй бол дахин хичнээн хэмжээний ханшийн алдагдал хүлээхээ мэдэхгүй байна. Хөгжлийн банкинд хандаад ам.долларын зээлээ төгрөг рүү хөрвүүлэх хүсэлт гаргахад хүлээж авдаггүй.
-Гангийн үйлдвэр дээр авсан зээлийн хугацаа дуусаагүй байгаа. Харин Хангай хотхоны Ё блокт зориулсан 11.7 сая ам.долларын зээлийн төлөх хугацаа 2021 онд дууссан болохоор энд зээл төлөгдөөгүй гэх асуудал үүсээд байгаа юм. Одоо Хөгжлийн банкин дээр үүссэн асуудал юу вэ гэхээр зээлээ зориулалтын бусаар зарцуулсан уу, зээл авахдаа авлига хээл хахууль өгч, хууль бусаар авсан уу гэж шалгаж байгаа. Бидний буруу болоод байгаа зүйл гэвэл барилга дээр авсан зээлийнхээ тодорхой хувийг гангийн үйлдвэртээ оруулсантай холбоотой. Үнэндээ хавар дөрөвдүгээр сард хүссэн зээл маань өвөл 11 дүгээр сард шийдвэрлэгдсэн. Өвөл манайд барилгын ажил зогсдог болохоор өндөр хүүтэй зээлээ тэр чигт нь таван сар хадгалаад байх боломжгүй. Бизнесийн зарчмаараа л групп дотроо гангийн үйлдвэр рүүгээ зээлийн тодорхой хувийг шилжүүлсэн хэрэг.
-Манай компанийн бүхий л дансыг хаасан, хөрөнгийг битүүмжилсэн байгаа. Тэр бүү хэл, манай хүүхдийн хадгаламжийн дансыг хүртэл хаасан нь хачирхал төрүүлж байна. Манай дүү тархины хорт хавдрын дараахь урт хугацааны эмчилгээнд байдаг талаар түрүүн ярьсан. Одоо компанийн болоод бидний бүх дансыг битүүмжилсэн болохоор дүүгийн эмчилгээний төлбөрийг ч төлөх боломжгүй болоод байна.
-Мөрдөн шалгах ажиллагаа гэдэг нэрийн дор хүний эрхийг хөсөр хаяж, нэг компани, нэг гэр бүлийг тэр чигт харлуулах, айлгах ажиллагааг давхар хийгээд байна уу даа гэж харж байна. Манай компани зээл авсан нь үнэн, зээлийн төлөх хугацаа хэтэрсэн нь үнэн. Гэхдээ энэ зээлээ бүрэн төлж барагдуулах нь ч үнэн. Бид залилан хийгээд оргон зугтаагүй, гэмт хэрэг хийгээгүй.
-Ер нь Хөгжлийн банкны энэ шуугиан бизнест маш сөрөг, хортойгоор тусч байна. Хангай хотхны Ё блокийн барилгын борлуулалтад ч сөргөөр нөлөөлж байна. Банкны барьцаанд байгаа орон сууцаа борлуулах гэж байна гээд манай харилцагч, худалдан авагч, нийлүүлэгчид гээд маш олон түвшинд харилцааны болон үйл ажиллагааны доголдолд оруулж байна.
-Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд Хөгжлийн банкнаас манайхтай ямар ч харилцаа тогтоогоогүй. Манайхаас явуулсан албан бичгүүдэд хариу өгдөггүй байсан. Яагаад ингэж холбогдоогүйг нь одоо бодоход өнөөдрийн асуудал л үүсэх гээд байж.
Их олон муу зээлдэгчтэй, тэрийгээ зөв цагт нь зарлаж улс төр хийх гээд байжээ л гэж харж байна. Үнэндээ зээл өгсөн банк нь харилцахгүй, өрөө нэхэхгүй байсан. Зээлээ төлөх нь үнэн тул бид барилгын ажлаа үргэлжлүүлээд одоо ашиглалтад оруулж байна гэсэн үг шүү дээ.
-Хөгжлийн банкны удирдлагууд солигдож, шинэ удирдлагуудтай болсон. Үүний дараа “Бэрэн групп” ХХК-ийг дампууруулна, барьцаанд байгаа хөрөнгийг нь улсад авна” гэсэн яриа гарсан. Энэ юу гэсэн үг вэ. Бидний хичнээн жилийн хүч хөдөлмөрийн үр дүнгээр бий болсон компанийг үнэгүйдүүлж, төр хувийн өмчийг нэг дуулианаар далимдуулан авах гээд байгаа юм уу. Яг ямар зорилгоор, хаанаас ийм үг яриа гаргаад байдаг юм бол гэдэг асуулт гарч ирж байгаа юм.
Зээлээ төлүүлэх гээд байгаа юм уу. Хөрөнгийг нь хурааж авах гээд байгаа юм уу, ойлгомжгүй байна. Бид нэгэнт том бүтээн байгуулалт эхэлсэн юм чинь, үлдэгдэл хөрөнгө оруулалтаа хийгээд үйлдвэрээ ашиглалтад оруулчихвал зээлээ төлөхөд асуудалгүй болно.
“БЭРЭН ГРУПП”-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ М.ЦЭЛМЭГИЙН ЯРИЛЦЛАГААС ОНЦЛОХ НАЙМАН ЭШЛЭЛ |
|
2025-05-19 10:06:40
2025-05-19 09:38:25
2025-05-19 09:35:24
2025-05-19 09:17:33
2025-05-19 08:56:39
2025-05-19 08:46:13
2025-05-19 07:00:00
2025-05-19 07:00:00
2025-05-19 07:00:00
2025-05-19 07:00:00
2025-05-19 07:00:00
2025-05-19 07:00:00
2025-05-18 16:43:03
2025-05-18 16:09:34
2025-05-18 11:43:13
2025-05-18 11:12:40
2025-05-18 10:31:03
2025-05-18 09:49:58
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |