Эргэлт.мн мэдээллийн сайт өнгөрсөн долоо хоногт улс төр, эдийн засаг, эрэн сурвалжлах, нийгэм, соёл урлагийн салбарт болж өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болж, Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол хийж, Хөвсгөл аймагт онц ноцтой хүн амины гэмт хэрэг гарч, дөрвөн хүүхэд өнчирсөн зэрэг онцлох үйл явдлууд болж өрнөсөн билээ.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар өнгөрсөн пүрэв гарагт АН-ын ирүүлсэн “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцэж, Улсын дээд шүүхийн 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 05 дугаар тогтоолд заасан зөрчил арилсан, уг нэмэлт, өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангаж, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэж шийдвэрлэсэн билээ.
Нийт шүүгчийн хуралдаанаас Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын “..үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх”, “тусгай хэрэгцээнд авах”, “тусгай зөвшөөрөл олгож болно” гэдгийг хэрхэн ойлгох, нөхөх олговрыг шийдвэрлэх асуудлыг нэг мөр ойлгох талаар тайлбар гаргаж, тогтоол баталсан байна.
Үүнтэй холбоотойгоор С.Эрдэнэ даргатай АН-аас хэвлэлийн бага хурал зарлаж, мэдэгдэл хийсэн. Хэвлэлийн хурлын үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “АН сөрөг хүчний үүргээ хангалтгүй гүйцэтгэж байгаагаа хүлээн зөвшөөрөх ёстой. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хуучны комунист нийгэм шиг иргэд үзэл бодлоо илэрхийлэх, жагсахад маш хэцүү байсан. Энэ үеэр ч АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэхэд ч гэсэн хэцүү байлаа. Монгол Улс төртэй, хуультай улс. Хуулийн этгээд АН-ын гутаан доромжлох нь хууль бус.Бид нэгдсэн, нэгдмэл байдалтай байж улс орноо хөгжүүлнэ” гэв.
Мөн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Улсын дээд шүүхээс манайхыг АН гэж тодорхойлсон. Бид хуулиа дагана. Харин “Хууль ёсны дагуу” гэж хууль бусаар сунгаа зарласан хүмүүст хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ёстой” гэсэн юм.
Хөгжлийн банкны асар өнгөрсөн мягмар гарагт Төрийн ордонд нээлттэй сонсгол хийсэн. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сард УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, Хөгжлийн банкны асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол зохион байгуулах үүргийг УИХ-ын ажлын хэсэг болон хуулийн байгууллагуудад өгсөн. Нээлттэй сонсголыг Хөгжлийн банкнаас хэн, хэчнээн хэмжээний хөрөнгийг, ямар зорилгоор, хэрхэн авсныг олон нийтэд ил тод болгох ёстой гэдгийг УИХ-ын дарга хаврын чуулганы нээлтийн үеэр онцолсон билээ. Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулах энэхүү сонсголын үеэр Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээллийг танилцуулсан.
Дашрамд сануулахад, Хөгжлийн банкны хэрэг нийтэд зарлагдсанаас хойш буюу энэ оны нэгдүгээр сарын 20-ноос гуравдугаар сарын 14-ний хооронд нийт 104 тэрбум 420 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн байна. Хуулийн байгууллагаас мэдээлснээр Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчидтэй холбоотой хэрэг АТГ-т 10, Эрүүгийн Цагдаагийн газарт гурав, дүүргийн цагдаагийн газарт хоёр, шүүхийн шатанд 25, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт найм, хяналтын шатанд зургаан хэрэг шалгагдаж байгаа аж.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт 31 настай эрэгтэй хамтран амьдрагчаа хоёр хүүхдийнх нь дэргэд хөнөөсөн ноцтой хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, гуравдугаар сарын 28-ны 21:10 цагт цагдаагийн байгууллагын шуурхай дуудлагын утсанд “Хүн хутгалаад хөнөөчихлөө” гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид хэргийн газарт очиход тус аймгийн Мөрөн суманд оршин суух хаягтай 31 настай эрэгтэй Б нь хамтран амьдарч байсан эмэгтэй Э болон түүний найз 31 настай Ц-г хөнөөсөн байжээ. Талийгаач Э нь 5-7 насны хоёр хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд хэрэг гарах үед тус газар хамт байсан гэх. Цагдаагийн байгууллагын урьдчилсан шалгалтаар хардалтаас үүдэн дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй байгаа гэнэ. Талийгаач хоёр эмэгтэй хоёр, хоёр хүүхэдтэй байсан учир нэгэн зэрэг дөрвөн хүүхэд өнчирсөн аймшигтай хэрэг гарсан.
Оросын Холбоны Улсын Засгийн газар 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдөр №656 тогтоол баталж Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэн байна. Энэ талаар Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагийн 11:00 цагт №36/кодтой ноот бичгээр мэдэгдсэн тул лхагва гарагийн 12:00 цагаас эхэлж хоёр улсын авто замын бүх боомтоор иргэд харилцан зорчих нөхцөл бүрдэж буйг мэдээлсэн билээ. ОХУ-д зорчих Монгол Улсын иргэд 48 цагийн дотор хийлгэсэн PCR-ын шинжилгээний хариутай тохиолдолд улсын хилээр саадгүй нэвтрүүлэх талаар ОХУ-ын ЭСЯ-наас мэдэгдсэн юм.
ЭРГЭЛТИЙН ТОЙМ: С.Эрдэнэ Ардчилсан намаа атган үлдэж, балмад этгээд нэгэн зэрэг хоёр эмэгтэйн амийг хөнөөж, дөрвөн хүүхэд өнчирсөн онц ноцтой гэмт хэрэг гарав |
|
2025-05-19 10:14:17
2025-05-19 10:06:40
2025-05-19 09:38:25
2025-05-19 09:35:24
2025-05-19 09:17:33
2025-05-19 08:56:39
2025-05-19 08:46:13
2025-05-19 07:00:00
2025-05-19 07:00:00
2025-05-19 07:00:00
2025-05-19 07:00:00
2025-05-19 07:00:00
2025-05-19 07:00:00
2025-05-18 16:43:03
2025-05-18 16:09:34
2025-05-18 11:43:13
2025-05-18 11:12:40
2025-05-18 10:31:03
2025-05-18 09:49:58
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |