• Өнөөдөр 2025-05-19

Д.ЭНХБОЛД: 569.8 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэх, эрсдэлд орсон 237.8 тэрбум зээлд арга хэмжээ авахыг даалгасан ч хэрэгжээгүй

2022-03-29,   258

   Хөгжлийн банкны асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол хийж байна. Энэ үеэр Монгол Улсын хөгжлийн банкны зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд хийсэн аудитын шалгалтын талаар Үндэсний аудитын газрын гуравдугаар газрын захирал Д.Энхболд танилцууллаа.
 
   Тэрбээр “Үндэсний аудитын газраас 2014, 2015, 2019 онуудад Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой гүйцэтгэлийн аудитыг хийсэн байгаа. Аудитаар Хөгжлийн Банкны 2012-2017 оны үйл ажиллагаа, 2012-2018 оны зээлийн үйл ажиллагааг хамарсан. Тухайн үед хууль хяналтын байгууллагад шилжсэн шалтгаанаар "Мон лаа", "Эгийн голын УСЦ", Хөгжлийн банкны Мэдээлэл түгээхтэй холбоотой баримт бичгүүдээс бусад зээл, үйл ажиллагаанд аудит хийснийг тайлбарлалаа. Ингэхдээ аудитаар, Эрх зүйн зохицуулалт хангалтгүй, эрсдэлийн тогтолцоо бүрэн бүрдээгүй гэж үзсэн байна. Тухайлбал, гадаад томилолт, орон тоо бүтэц, цалин зэрэг зардал өндөр байснаас гадна маш их хэмжээний зар сурталчилгааны ажлыг хийсэн байна. Жилд хамгийн багадаа 720 тэрбум, ихдээ 1.2 их наяд төгрөгийг банкны үйл ажиллагааг олон нийтэд түгээхэд зарцуулсан.
 
   Үйл ажиллагаанд хамааралгүй зардлуудыг Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу зарцуулснаас тухайн банкны арвилан хэмнэлттэй ажиллах зарчим хангагдаагүй гэж дүгнэжээ. Мөн Худалдан авах ажиллагаанд мөрдөх журам хангагдаагүй гэж үзсэн. Тухайлбал, Хөгжлийн Банкны байрыг 20 орчим тэрбум төгрөгөөр, шууд худалдан авалтаар авсан. Тус байртай адил А бүсэд, МУИС-ийн Номын сангийн 15 мянган ам метр талбай бүхий байрыг 14 тэрбум төгрөгөөр босгосон байхад Хөгжлийн Банкны барилгыг шууд гэрээгээр өндөр үнээр авсан нь ашиг сонирхлын зөрчил орсон байж болзошгүй хэмээн дүгнэгдсэн. Иймд тухайн худалдан авалттай холбоотой 12.2 тэрбум төгрөгийн хэргийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж байжээ. Улмаар УИХ-д дараах хоёр асуудлыг зөвлөмж болгосон. Зээл олгох үйл ажиллагааг улсын хөгжлийн бодлоготой уялдуулахад анхаарах, Банкны худалдан авах ажиллагааны журмын эрх зүйн зохицуулалтад анхаарах, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт төсвийг арвилахад анхаарах зөвлөмж өгсөн байна.
 
   Ингэхдээ Хөгжлийн Банк тооцоо, судалгаагүйгээр эх үүсвэр татаж, мөнгөн хөрөнгийн удирдлагыг зохисгүй хэрэгжүүлснээр их хэмжээний алдагдал хүлээсэн. Тодруулбал,  Бэлтгэл бүрэн хангалгүйгээр бонд гаргасан. Зарим бонд гаргах үйл ажиллагааны зардал хэт өндөр байсан нь бодит хүү нэмэгдэхэд хүргэсэн. 2012-2015 онд мөнгөн хөрөнгийн удирдлагыг зохистой хэрэгжүүлээгүйгээс их хэмжээний орлого олох боломжийг алдаж, 102 тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээсэн. Арилжааны банкуудад зарим хадгаламжийг Монголбанкны хүү, эх үүсвэрийн хүүгээс бага хүүтэй байршуулснаас 14.9 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдсан зэрэг нь тооцоо судалгаа хангалтгүй, ямар төсөлд ямар хөрөнгө татан төвлөрүүлэх нь тодорхойгүйгээр зарцуулсны үр дүн тул банканд активын зохистой удирдамж хэрэгжүүлэх шаардлагатай байна гэдэг дүгнэлт өгсөн.
 
   Улмаар төслийн үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт иж бүрэн бус, зээл олголтод мөрдөгдөх дүрэм журам хангалтгүй, зарим зээл зорилгод нийцээгүй, УИХ-аас батлаагүй төсөл, хөтөлбөрт арилжааны банкаар дамжуулж зээл олгосон, зээлийг зориулалт бусаар ашигласан, зээлийн эргэн төлөлт хангалтгүй гэх мэт зөрчил илэрсэн байна.  2014 он хүртэл дотоод аудитыг томилоогүй, түүнээс хойш дотоод аудитруудыг байн байн сольж иржээ. Өөрөө өөртөө хяналт тавих тогтолцоо бүрдсэн бол хөндлөнгийн хяналтын тогтолцоо хангалтгүй байгааг тухайн үед өгсөн байна.
 
    2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн 28 зээлдэгчийн 569.8 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийн төлүүлэх, эрсдэлд орсон 237.8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй гурван зээлд анхаарч, зээлийг хугацаанд нь төлүүлэх, эрсдэлийг бууруулах талаар арга хэмжээ авахыг даалгаж байсан ч өнгөрсөн гурван жил хэрэгжүүлээгүй өнөөдрийг хүрсэн" гэв. 

 


Д.ЭНХБОЛД: 569.8 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэх, эрсдэлд орсон 237.8 тэрбум зээлд арга хэмжээ авахыг даалгасан ч хэрэгжээгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188