• Өнөөдөр 2024-05-19

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ФОНД”-Д ЦУГЛАСАН ХАНДИВЫН МӨНГӨӨР БАРИГДАХ БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСЛИЙГ СОЁЛЫН ДЭД САЙД М.БАТБАЯРЫН КОМПАНИ 1.3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ГҮЙЦЭТГЭСЭН ҮҮ

2022-03-16,   842

           Засгийн газрын 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Хүүхдийн төлөө фонд” байгуулахаар болсон билээ. “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг сэргээж байгаатай холбоотойгоор хуримтлал үүсгэх “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан байдаг. Фондын анхны хандив болгож Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс тухайн үеийн Ерөнхий сайд  У.Хүрэлсүх нэг тэрбум төгрөг хандивласан юм. Харин шууд нэвтрүүлгийн төгсгөлд хандивын дансанд хоёр тэрбум 222 сая төгрөг цугларсан гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.

2021.05.21-ний өдөр.

            “Хүүхдийн төлөө фонд” төрийн бус байгууллагад хандивын тоглолтоор цугларсан хоёр тэрбум 25 сая төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хүүхдийн төлөө санд албан ёсоор хүлээлгэн өглөө.

            “Хүүхдийн төлөө фонд” ТББ-ын гүйцэтгэх захирал, жүжигчин Г.Ундармаа “Фондод цугласан 2.2 тэрбум төгрөгийг таван банканд хадгалагдаж байгаа. Энэ данс руу өдөр бүр мөнгө ордог бөгөөд нэг төгрөг ч эдгээр данснаас гараагүй. Таван банкнаас тодорхойлолт авснаа хамтад нь хүлээлгэж өгнө. 43 мянган ААН, иргэнээс хандив цугласан. Хандив өргөсөн хүмүүст баярлалаа”  гэсэн юм.

             Соёлын дэд сайд М.БАТБАЯР “Тэртээ 1972 онд “Хүүхдийн төлөө фонд”-ыг тухайн үеийн БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн шийдвэрээр байгуулж, түүнээс хойш маш олон бүтээн байгуулалтуудыг хийсэн байдаг. Сүүлийн 30-аад жил хүүхдэд зориулсан олон бүтээн байгуулалт хувьчлагдаж, устаж үгүй болсон. Өнгөрөгч 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Соёлын яамнаас санаачлан цахим хандивын тоглолт зохион байгуулж, 350 гаруй уран бүтээлчид оролцсон. Тухайн үдэш нийт 43 мянган хүний хандалттай, арилжааны таван банкны дансанд хоёр тэрбум 25 сая төгрөг цугларсан. Засгийн газрын Тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэд тусгай сан байгуулснаар цугласан хандиваа албан ёсоор шилжүүлнэ гэдгээ хэлж байсан. Өнөөдөр УИХ-аар хууль батлагдаж, шилжүүлж өгөхөд бэлэн боллоо. Энэ хугацаанд 1.1 га газрыг хотын захиргаанаас шийдвэрлэж, Хүүхэлдэйн театр, номын сан байгуулах барилгын загвар зургийг боловсруулж, батлагдсан” гэсэн байдаг. 

2021.10.25-ны өдөр.

         “Хүүхдийн төлөө фонд” ТББ-ын дансанд цугласан хандивын мөнгийг “Хүүхдийн төлөө сан”-гийн дансанд  албан ёсоор шилжүүлэв. Энэ талаар  ХНХ-ын сайд А.Ариунзаяа фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан юм. Тэрбээр "2.051.172.968 төгрөг “Хүүхдийн төлөө сан” Засгийн газрын тусгай сангийн дансанд шилжин орж ирлээ. “Хүүхдийн төлөө фонд” ТББ нь цаашид үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд “Хүүхдийн төлөө сан”-д бүх хандив, амлалтыг шилжүүлэв. Батлагдсан хууль, тогтоомжийн дагуу зарцуулалт хийгдэх болно. Сангийн мөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улс, тив дэлхийн соёл урлаг, спортын уралдаан, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах болон олон улсын наадам, тэмцээнд оролцох бэлтгэл хангаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлд зарцуулна" хэмээн бичиж байлаа.

             Энэ өдрөөс хойш цахим тоглолтын үеэр цугласан хандивын мөнгөний талаарх мэдээлэл “таг” алга болсон гэж хэлж болно. Олон хүн “Өвчтэй, зовлонтой хүүхдүүдэд эмчилгээний төлбөр өгөх хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг барих шаардлагатай байна. Хандиваар цугласан мөнгө хаачсан бэ” хэмээн шүүмжилж байсан юм.

             Тэгвэл “Хүүхдийн төлөө фонд” цугласан хандивын мөнгийг Хүүхдийн соёл, урлагийн цогцолбор буюу Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театрын зураг төслийн гүйцэтгэлд зарцуулсан тухай мэдээлэл цахим орчинд хөвөрч эхэллээ. Бүр тодруулбал, “Хүүхдийн төлөө фонд”-д олон нийтээс цугласан 2.2 тэрбум төгрөгийн 1.3 тэрбумаар нь Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театрын зураг төслийг гаргуулахаар болжээ. Мөнгөнийх нь тал хувь нь явчихлаа шүү дээ. Энэ зураг төслийг хийсэн компани нь Соёлын яамны дэд сайд М.Батбаярын үүсгэн байгуулсан компани гэв үү. Энэ хэрэг чинь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг юм биш үү. Соёлын яамны дэд сайд нь Соёлын яамнаас зарласан тендерт албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендер цөлмөх ньгэх мэтээр бичиж байна.  

СОЁЛЫН ДЭД САЙД М.БАТБАЯР ӨӨРИЙН ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИДАА ИЛТ ДАВУУ БАЙДАЛ ОЛГОЖ, “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ФОНД”-Д ЦУГЛАСАН МӨНГӨӨР ӨНДӨР ДҮНТЭЙ БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ГҮЙЦЭТГЭСЭН ГЭВ ҮҮ

         Бидэнд олдсон мэдээллээр Соёлын яамны дэд сайд М.Батбаяр өөрийн хамаарал бүхий компани болох “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-аараа дамжуулан, 1.3 тэрбум төгрөгийн өндөр дүнтэй Хүүхдийн номын сан,  Хүүхэлдэйн театрын барилгын зургийг төслийг хийсэн байж болзошгүй гэнэ. Тэрбээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанидаа илт давуу байдал олгож, тендер зарлахгүйгээр зураг төсөл гүйцэтгэх ажлыг зах зээлийн үнээс хоёр дахин их үнэлгээгээр хийсэн гэх бор шувуу Соёлын яамны саарал байшинд “жиргэж” эхэлжээ. Гэхдээ энэ хэдийн болоод өнгөрсөн асуудал бөгөөд албаныхан уг асуудлыг Соёлын дэд сайдад хамааралгүй болгох тохироо, тохиролцоог ч хийсэн гэх.

       Тэгвэл Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театрын зураг төслийг 1.3 тэрбумаар хийсэн гэх  “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК нь хэний компани болохыг судалж үзлээ. Тус компани нь улсын бүртгэлд Чойсүрэнгийн Бат-Эрдэнэ гэж хүний нэр дээр бүртгэлтэй байдаг. Одоо Ч.Бат-Эрдэнэ нь тус компанийн гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. Харин тус компанийн жинхэнэ эзэн нь Мөнхөөгийн Батбаяр. М.Батбаяр нь одоо компаниа зөвлөх нэрийн дор удирддаг аж.

М.БАТБАЯР: БИ “ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭЛЭН” ХХК-ИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛСАН НЬ ҮНЭН. ГЭХДЭЭ 2016 ОНД ХҮНД ШИЛЖҮҮЛСЭН

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Соёлын дэд сайд М.Батбаяртай холбогдож, тодрууллаа.

          Тэрбээр “Миний хамаарал бүхий компани “Хүүхдийн төлөө фонд”-оор цугласан хандивын мөнгөөр баригдах барилгын зураг төслийг гаргаагүй. Тийм зүйл байхгүй. Би өмнө “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-д ажиллаж байсан нь үнэн. Одоо зөвлөхөөр нь ажилладаггүй. Одоогийн байдлаар Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театрын барилгын зураг төслийг миний ажиллаж байсан болон хамаарал бүхий компани гаргасан гэх мэдээллийг би олж уншаагүй. Би “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-д 2016 оны наймдугаар сарын 3-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад, ажлаа хүлээлгэж өгсөн. Би тус компанийг үүсгэн байгуулсан нь үнэн. Гэхдээ 2016 онд хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлж, хүнд шилжүүлсэн. Нэр дурдагдаад байгаа барилгуудтай холбоотой тендерийг Соёлын яамнаас зарлаагүй” гэлээ.

МӨНХӨӨГИЙН БАТБАЯР ГЭЖ ХЭН БЭ

Тэрбээр дээрх асуудлыг үгүйсгэсэн тайлбарыг өглөө. Тэгвэл Соёлын яамны дэд сайд Мөнхөөгийн Батбаяр гэж хэн бэ гэдгийг хүргэе.

          Тэрбээр, архитектор мэргэжилтэй. Монгол Улсын Зөвлөх архитектор цолтой. 2000-2011 он хүртэл “Идеал групп” ХХК-д архитектораас гүйцэтгэх захирал хүртэл ажилласан. Тус “Идеал групп”ХХК нь дээр дурдсан “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Бат-Эрдэнийн нэр дээр бүртгэлтэй. М.Батбаярын хувьд 2011 оноос “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажилласан эхэлсэн. Гэхдээ компанийнхаа бүртгэлд өөрийн нэрээ оруулаагүй, оруулдаггүй. Учир нь, тэр байсхийгээд л төрийн албан тушаалд томилогддог. Тухайлбал, Барилга хот байгуулалтын яаманд нэг жил газрын даргаар, зөвлөхөөр хоёр жил ажилласан. Мөн нэг жил Монгол Улсын Шадар сайдын зөвлөхөөр, дахиад нэг жил Боловсрол, шинжлэх ухааны яамны Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирлаар ажилласан. Иймээс “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК өөр хүний нэр дээр бүртгэлтэй явдаг аж.

 

 


“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ФОНД”-Д ЦУГЛАСАН ХАНДИВЫН МӨНГӨӨР БАРИГДАХ БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСЛИЙГ СОЁЛЫН ДЭД САЙД М.БАТБАЯРЫН КОМПАНИ 1.3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ГҮЙЦЭТГЭСЭН ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-16 08:33:04
    Zochin: Одоо ТЭЗҮ, зураг төсөл хийж байна гэж хэдэн тэрбумаар нь идэж, уудаг аргатай болсон. Тэгээд төсөв батлагдах бүрд шинэчилнэ гэж дахин өчнөөн тэрбумаар нь идэж уудаг аргатай болсон энэ төрийн байгууллага, төрийн өмчит компаниуд.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188