Хөгжлийн банкнаас зээл авсан “Эрэл” ХХК-наас мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус компаны ТУЗ-ын дарга Ж.Эрдэнэбат “Өнөөдөр улс даяар хөгжлийн банкны асуудлыг шалгаж байна. Энэ ч утгаар нийгмийн анхаарлын төвд байна. Мэдээж энэ шалтгалтыг сайн хийх хэрэгтэй. Хамгийн гол нь хар цагааныг зөв ялгаж, Хөгжлийн банкнаас зориулалтын дагуу зээл авсан нь 66 аж ахуйн нэгжээс хэд нь вэ, зориулалтын бусаар авсан нь хэд байна гэдэг жагсаалтыг зөв зүйтэй жагсаах нь зүйтэй. Энэ дагуу УИХ-аас ажлын хэсэг ажиллаж байна. Мөн Хөгжлийн банк өөрөө дотоод аудит, Монгол банкны хяналт, шалгалт гээд хянаж байна. Үүнд эхэлж гарч байгаа зарим нэгэн мэдээллүүдээс алдаа, оноотой буруу зөрүү мэдээлэл өгөөд, нийгэмд буруу хагарал үүсгээд, зарим нь зохион байгуулалттай, тодорхой компани, аж ахуй нэгж, хамт олон руу чиглэсэн мэдээлэл явж байгаад харамсаж байна.
Тиймээс өнөөдөр Хөгжлийн банкнаас зээл авсан “Эрэл” компаны талаар бодит мэдээллийг өгье. "Эрэл" компани 2013 оны тавдугаар сард Засгийн газраас Улаанбаатар хотын иргэдийг орон сууцжуулах тогтоол гаргасан. Чингис бондын эх үүсвэрээс 13 сая ам.долларыг Эрэл компанид олгохоор болсон. Ингэхдээ гэр хорооллын 180 мянган өрхийг орон сууцжуулж тухайн үеийн ханшаар худалдаж авахаар тохирсон. Улмаар манай компанид найман жилийн хугацаатай 14 сая ам.долларыг өгсөн. Би бондоос тухайн үеийн ханшаар 20 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ зээл 2020 оны найман сард хугацаа нь дууссан. Би дараа нь 2014 онд 13.1 сая еврогийн зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан Германы банкнаас авсан. Дараа нь 2015 онд 9 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банкнаас авсан. Энэ нь Засгийн газрын тогтоолоор олгогдсон. Энэ зээлийн хугацаа 2022 оны аравдугаар сард дуусна. Ингээд нийт Хөгжлийн банкнаас гурван удаа зээл авсан. Ингэж байж гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлсэн. Улмаар Байшин угсрах комбинат дахь үйлдвэр ашиглалтад орсныг Засгийн газраас сайшаасан. Үйлдвэрийн хувьд ганц байшин барьдаггүй сургууль, цэцэрлэгтэй нь барьдаг. Манай зээл, үйл ажиллагаа бүх шалгалтаар ороод батлагдчихсан. Асуудал байхгүй. Найдваргүй зээлдэгч биш" гэсэн юм.
Ж.ЭРДЭНЭБАТ: "Эрэл" компани Хөгжлийн банкнаас гурван удаа зээл авсан |
|