XVII жарны Сайжруулагч хэмээх усан бар жилийн шинийн нэгний өдөр тохиож байна. Эргэлт.мн мэдээллийн сайт Цагаан сарын баярыг тохиолдуулан төрийн түшээд түмэн олондоо сар шинийн ямар мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.
Эрхэм хүндэт ард иргэд ээ!
Элэг нэгт монгол ахан дүүс ээ!
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Буянт буурлууд, ахмад настнууд маань энх тунх, амар түвшин, идэр залуус нь ухаан хурц, ажил үйлс арвин, хүүхэд багачууд минь эрүүл саруул, эрдэм билигтэй байж сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
Монголын Цагаан сар бол монголын ард түмний шинэ жилийн баяр, хүн бүр нас нэмсний баяр, хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж, урган төлжихийн эх, урин хавартай золгож буйн баяр юм.
Монголчууд бид сар шинээр эцэг тэнгэр, эх дэлхийгээ дээдлэн шүтэж, газар нутаг, уул усандаа сүслэн мөргөж, өтгөс буурлуудынхаа алтан сургаал, амин захиасыг дээдлэн сонсож, үгийн сайныг хэлэлцэж, үйлийн сайныг урлаж, өвөг дээдэс, өндөр настнаа хүндлэн золгодог сайхан уламжлалтай ард түмэн билээ.
Монголын Цагаан сар бол Хүннү гүрнээс уламжлан, хүндэтгэн ёсолж ирсэн монгол угсаатны олон зүйлийн зан үйл, ёс заншил, уламжлалт өв соёлыг шингээсэн монгол үндэстний нэн ихэд дээдэлдэг баяр ёслол юм.
Их Монгол Улсын үед Эзэн богд Чингис хаан шинийн нэгний өглөө мөнх тэнгэрт мөргөн, эжийдээ золгож, Хубилай хааны үед хотол олноороо цагаан дээл өмсөж, цайвар зүсмийн морь унаж, цагаан сэтгэлийн бэлгэдэл болгон цагаан хадаг барин золгодог байсан түүхтэй.
Монголчууд сардаа сайн явсан нь мэндлэхэд мэдэгдэнэ, жилдээ сайн явсан нь шинэлэхэд мэдэгдэнэ гэлцдэг.
Тиймээс ураг төрлөөрөө учран золгож, удам судраа хэлэлцэж, аливаа саар бүхнээ хуучин жилдээ орхиж, айлчлан ирж буй шинэ ондоо сэтгэл ариун, итгэл дүүрэн, энх амгалан, элбэг дэлбэг, буян заяа тэгш дүүрэн байхыг бэлгэдэн ерөөж, хотол олноороо сайныг бэлгэшээж, сайхныг ерөөдөг учиртай.
Өвөг дээдсээс уламжлан ирсэн энэ ёс төр нь монгол хүний оюун санааны өвөрмөц өв соёл билээ.
Цагаан сар, Улсын их баяр наадам зэрэг уламжлалт баяр ёслол, зан заншил нь монголчууд бидний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл, өв соёл, оюун санааны дархлаа юм.
Монгол хүн, монгол үндэстэн, монголын түүх соёл бол нүүдлийн соёл иргэншлийн давтагдашгүй үнэт зүйлс, дэлхий ертөнцөд ялгарах бидний ондоошил, монголоороо омогшин бахархах эх сурвалж, дундаршгүй баялаг юм.
Морилон ирж буй “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилд Их Монгол Улсыг үүсгэн байгуулагч Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойг орон даяараа тэмдэглэж, мянганы суут Чингис хааны аугаа үйл хэрэг, суу алдар, билиг сургаалыг ард түмэн, үр хүүхэд, хойч үедээ өвлүүлэн түгээж, дэлхий ертөнцөд мөнхжүүлэн алдаршуулах учиртай.
Монголчууд бид Цагаан сарын баяраа зуд турхан, хүнд хэцүү цаг үед ч зохих ёсоор тэмдэглэн, цагаалах ёс төр, шинэлэх зан заншлаа үйлдэж ирсэн түүхэн уламжлалтай ард түмэн.
Өнөөдөр хэдийгээр амаргүй цаг үе байгаа хэдий ч ард түмнийхээ уламжлалт ёс заншил, Цагаан сарын баяраа гэр бүлийнхээ хүрээнд халуун ам бүлээрээ ёслон тэмдэглэж, зан үйлийн уламжлалт өв соёлын дархлаагаа хадгалан бэхжүүлэх нь зүйтэй юм.
Миний монголын ард иргэд ээ,
Даян дэлхийд тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ,
Улиран одож байгаа “Цөөвөр” хэмээгч Төмөр үхэр жилд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 74 мянган үр хүүхдээр ам бүл нэмж, монголчууд бид 3 сая 400 мянгуулаа боллоо.
Хэдийгээр дэлхий нийт цар тахалтай тэмцсэн хүнд бэрх цаг үеийг туулж байгаа ч монголчууд бидний хувьд дэлгэр зун, өнтэй өвөл тохиож, мал сүргийн тоо 68 саяар тоологдож, сүүлийн 30 жилд байгаагүй арвин ургац авч, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахын төлөө ард түмэн, төр, засаг хамтдаа хичээн зүтгэсэн нэгэн жилийг үдэж байна.
Ирж буй жилдээ монголчууд бид эв эеэ эрхэмлэн дээдэлж, бие эрүүл, сэтгэл өөдрөг, итгэл төгс, эрч хүч дүүрэн байж, хамтын зүтгэлээр хэвийн амьдралдаа эргэн орж, улс орон, ард түмний маань ажил амьдрал дэвжин дээшилсэн сайхан жил болно гэдэгт итгэл дүүрэн байна.
Мянга мянган жилийн түүхтэй нүүдлийн соёл иргэншлийн үнэт өвийг тээж яваа малчин түмэндээ өвлийг өнтэй давж, урин хавартай урамтай золгосны баярын мэндийг мэдэж, тарган тавтай хаваржиж, дэлгэр зунтай золгохын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сар шинийн баяраар дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчид, энхийг сахиулах үйлсэд зүтгэж буй эрэлхэг дайчид, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, улс орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа, онцгой байдлынхандаа Сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж, тусгайлан гүн талархал илэрхийлье.
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилдээ морин дэл дээр ассан монгол хүний цог хийморь галын дөл шигээ өөдөө байж, төр түвшин, түмэн олноороо энх амгалан, элбэг хангалуун, тэгш дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
Тэнгэр шигээ тэнүүн сэтгэлтэй түмэн олон минь айл хотлоороо амар амгалан, аливаа үйлс нь бүтэмж төгс, аз хийморь нь өөдрөг бадрангуй, алс ирээдүй нь гэгээн саруул байж сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мөнхөд мандан бадрах болтугай!
Амархан сайн байна уу?
Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
Эх орныхоо дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа эрхэм Монголчууд,
Энэ дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй элэг нэгт Монгол ахан дүүс, Монгол туургатнууд аа!
Та бүхэндээ арван долдугаар жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний мэндийг дэвшүүлье!
Улиран одож буй үхэр жил зөвхөн Монголчууд та бидний хувьд төдийгүй, хүн төрөлхтөн Цар тахалтай хамтын хүчээр тэмцсэн цаг хугацаа байлаа.
Өнгөрсөн нэг жилд та бид вакцинжуулалтын ажлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж чадсаны үр дүнд өнөөдрийг хүртэл хатуу хөл хориог тогтоолгүйгээр эдийн засгаа алхам алхамаар нээж, энгийн амьдралдаа хэмнэл хэмнэлээр шилжиж, цар тахлаас улбаалж -5.3 хувь хүртэл унасан байсан эдийн засаг 3.6 хувийн өсөлттэй болж, Монгол Улсын төсвийн орлого 102.7 хувийн биелэлттэй гарч, нийгмийн даатгалын сангийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 300 гаруй тэрбум төгрөгөөр давж биеллээ.
Оюутолгойн хэлэлцээрийн эхний үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюу толгой төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирж, удтал хүлээсэн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг дэлхий дахинд дахин сэргээж чадлаа.
Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар нэгдмэл бодлогоор нягт хамтран ажиллаж чадсаны бодит үр дүн билээ.
Эдийн засагт гарч буй эерэг үзүүлэлтүүдийн үр дүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл болгосны дагуу ахмад настнуудын тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг хүртэл өсгөж, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг Засгаас газраас гаргаж, Монгол Улсын Их Хурлаар батлуулан хэрэгжүүлж эхэллээ.
Эх орон, ард түмэн, үр хүүхдүүдийнхээ төлөө залуу насаа бүхэлд нь зориулсан ахмад настан, азай буурлуудын маань хувьд олон жил хүлээсэн энэхүү шийдвэр нь цаг үеэ олсон бодит дэмжлэг болж чадна гэдэгт итгэж байна.
Эрхэм Монгол ахан дүүсээ!
Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж, урин хавар эх оронд маань айлчлан ирлээ. Өдрөөс өдөрт цаг дулаарч, цас хайлж, цөн түрж, ногоо соёлж, байгаль дэлхий өнгөө зассан Ирж яваа цагийн бэлгэдэл хаврын улирлыг хүн бүхэн хүсэн хүлээдэг билээ.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомилогдсон боомтуудаа авто зам, төмөр замаар холбох, эрчээ алдсан эрчим хүчний салбараа сэргээх, аж үйлдвэржилтийн үндэсний бодлогоо дахин сэргээх, суусан хотоо алхаатай хот болгох, цахим үндэстэн болж, авилга, хүнд суртлыг бууруулан, шударга ёсыг бэхжүүлж, төрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн их бүтээн байгуулалт энэ хавар эхлэх болно.
Цар тахлын эдийн засгийн хүндрэл, тээвэр логисктикийн хямралт байдал, түүнээс үүдсэн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэргийг бид гагцхүү эдийн засгийн эрчимтэй өсөлтөөр л даван туулах боломжтой билээ.
Тиймээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх их үйлсэд иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсье!
Эрхэм Монголчууд аа,
Хэдийгээр хоёр жилийн дараа та бид Сар шинийн уламжлалт баяраа хатуу хөл хориогүйгээр тэмдэглэж байгаа ч халдварын эрсдлээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж, гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэж, цахимаар золгож, гаднаас бараа таваар худалдан авахаас илүүтэйгээр Үндэсний мөнгөн тэмдэгтээ бие биедээ бэлэглэж, улсын валютын нөөцөө хамгаалж, эдийн засаг хүнд үед эх оронч байхыг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хичээнгүйлэн уриалж байна.
Учран золгож буй “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилд хүн төрөлхтөн аюулт цар тахлыг ялан дийлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Билгийн тооллын 17 дугаар жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн сар шинийн мэндийг Монгол түмэндээ өргөн дэвшүүлье. Өргөн их золголт хийлгүй, ахмад буурлуудаа хүндэтгэн дээдэлж, хүүхэд багачуудаа 100 хувь танхимаар хичээллүүлэх боломжийг хамтдаа бүрдүүлж Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байх болтугай.
Эх орноо батлан хамгаалах үйл хэргийн төлөө оюун ухаан, мэдлэг, ур чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулсан азай буурлууд, ахмад дайчид, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч, ажилтан албан хаагчид Та бүхэндээ Билгийн тооллын XVII жарны буян түгээгч “Сайжруулагч” хэмээх усан Бар жилийн сар шинийн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Улиран одож буй шороон Үхэр жилд бид бүхэн хуулиар хүлээсэн үндсэн үүргийнхээ зэрэгцээ түүхт их ойнуудаа амжилт бүтээлээр дүүрэн угтсан, Зэвсэгт хүчний бүтцэд Тусгай хүчний цэргийн командлал, Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газрыг шинээр байгуулсан, Зэвсэгт хүчний дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг батлуулсан, гадаад хамтын ажиллагаагаа идэвхжүүлсэн, энхийг дэмжих ажиллагааны оролцоог улам өргөжүүлэх алхмуудыг амжилттай хэрэгжүүлсэн, цэргийн зориулалттай техник, хэрэгслийг өөрийн оронд анх удаа үйлдвэрлэж хүлээн авсан, улс орныхоо стратегийн бүтээн байгуулалтын ажилд манлайлан оролцсон, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудаа жишиг хотхон болгох, эко орчныг бүрдүүлэх зэрэг ажлуудыг эхлүүлсэн хамтын хөдөлмөр, хичээл зүтгэлийн амжилттай ажиллалаа.
Зэвсэгт хүчин маань түүхт 100 жилийнхээ ойгоор Монгол төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан одон” хүртсэн нь Монгол Улсын төр засаг, ард түмэн Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үйл хэргийг хэрхэн үнэлж буйн тод илэрхийлэл боллоо. Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Зэвсэгт хүчний өмнө тулгамдсан зэвсэглэл, техникийн шинэчлэл, бэлэн байдал, сургалт бэлтгэлийн түвшнийг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний алба хаах орчин, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болголоо. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх, өвчний дэгдэлт, тархалтыг таслан зогсоох, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд манай цэргийн эмч, эмнэлгийн ажилтнууд тэргүүн эгнээнд ажиллаж, 10 гаруй мянган хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн төдийгүй коронавирусийн шинэ хувилбаруудын халдварын эсрэг хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн төр засгаас даалгасан үүргийг хариуцлагатай биелүүлж байгааг бахархан тэмдэглэж байна. Өнгөрч буй жил төр улс, цэргийн түүхэнд онцгой ач холбогдолтой Богд хаант Монгол Улсын Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам буюу Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсэн байгуулагдсаны 110, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн ойнууд тохиож, ёслол төгөлдөр хамтдаа тэмдэглэлээ.
Цагаан сар бол төрт ёс, зан заншлаа хүндлэн дээдэлдэг түүхэн уламжлалтай, өтгөс буурлаа хүндэтгэж, сургаал, ерөөлийг нь сонсдог ухаан билигт Монгол түмний өвлийг өнтэй давж, урин дулаан хаврын улиралтай учран золгосны эрхэм дээд баяр билээ. Айлчлан ирж буй Бар жилийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Батлан хамгаалах талаар туссан зорилт, арга хэмжээнүүдийг бодит ажил хэрэг болгосон, мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчинтэй болох стратегийн зорилгыг хэрэгжүүлсэн, их бүтээн байгуулалтын ажил өрнөсөн, зэвсэглэл, цэргийн техникийн шинэчлэл хийгдсэн амжилт бүтээлээр арвин жил болно хэмээн бэлгэшээж байна. Угтан золгож буй XVII жарны буян түгээгч “Сайжруулагч” хэмээх усан Бар жилд Та бүхний минь санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхны дээдээр бялхахын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Эзэн чингис xааны байгуулсан эртний түүxт иx гүрний үргэлжлэл, эрx чөлөөт, туурга тусгаар, ардчилсан Монгол Улсынхаа эзэн нь болсон эрxэмсэг Монгол xүн танд болон даян дэлxийд тарxан суусан элэг нэгт нийт Монголчууддаа айлчлан ирж буй XVII жарны “буян үйлдэгч” хэмээx усан бар жилийн сар шинийн мэндийг xүргэе!
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
Эрхэм хүндэт дорноговьчууддаа XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн Сар шинийн мэндийг алд цэнхэр хадаг, амар мэндийн ерөөлийн хамт өргөн дэвшүүлье.
Цагаагчин үхэр жил улиран одож, эд элбэг, хүмүүн жаргалтай, эв эе, бат бэхийг бэлгэдсэн усан бар жилтэй золгож байна.
Улсын Их Хурал эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтад онцгой анхаарч, ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО–ыг баталснаар стратегийн ач холбогдол бүхий мега төслүүдийг цаг алдалгүй явуулж байна.
Дорноговь аймаг нь эх орны эдийн засагт чухал хувь нэмэр оруулах дэд бүтцийн зангилаа, хөдөө аж ахуй болон аж үйлдвэрлэлийн бүс нутаг болон хөгжиж байна.
Усан бар жилийн босгон дээр Нутгийн хөдөлмөрч ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын уйгагүй зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр бид 2021 ондоо 21 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр АНХ УДАА ТЭРГҮҮЛСНИЙГ онцлон зарлалаа.
Дорноговь аймаг нь 2021 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр мал сүрэг таван төрлөөр өсч, 2,7 сая толгой мал тоологдсон нь өмнөх оноос 6,1 хувь буюу 155,2 мянган толгойгоор өслөө.
Сар шинийг угтан “УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН” нэг, “МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН” дөрөв, “АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭД” гурав тус тус тодорлоо.
Сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар ТЭТГЭВЭР НЭМЭХ ТӨСЛИЙГ өргөн барьж, Улсын Их Хурал амжилттай хэлэлцэж дууслаа.
Ирж буй усан бар жилээ айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, хотлоороо элбэг дэлбэг, түмэн олноороо түвшин жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Та бүхэн уламжлалт ёс заншлаа дээдэлж, цар тахлаас сэргийлэх журмыг сайтар баримтлан, гэр орондоо, халуун ам бүлээрээ Сар шинийн баяраа сайхан тэмдэглээрэй.
Сүүлийн үед Хөгжлийн банкнаас олгосон зарим зээлийг зориулалтын бусаар зарцуулсан, зориудаар хугацаа хэтрүүлж төлөхгүй хойш сууж байгаа бусармаг этгээдүүд олон нийтийг бухимдуулж байна.
Үүний хажуугаар Хөгжлийн банкны хуульд бүрэн нийцсэн, зээл нь хэвийн байгаа хөгжлийн төслүүдийг хоморгонд нь оруулж гутаан харлуулах үйлдэл хэрээс хэтэрлээ.
Тухайлбал баруун бүсэд цемент, барилгын материалын үнийг хоёр дахин хямдруулах Ховд эко цементийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хийж буй Вестерн Холд компаний Хөгжлийн банкнаас авсан зээлийг надтай холбон илт зохион байгуулалттайгаар харлуулах болсон тул няцаалт хийлээ.
Үр ашгаа улс оронд, ард иргэдэд өгөх төслийг, үрж завшсан, үрэн таран хийсэн, хугацааг нь хэтрүүлж хулхидсан хулгай луйвартай албаар хольж хутгаж, будилуулж байгаад эгдүүцэж байна.
Намайг Монголд УЦС хэрэгтэй гэж дуугардаг, зүтгэдэгт, улс төрд өөрийн зарчимтай, чимээтэй явдагт хорссон гадна дотны явуулга гэж хардаж байна.
Хоёр ч Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2019 онд шавыг нь тавьж эхлүүлсэн, баруун бүсийн хөгжилд хэрэгтэй, хүн зоны амьдралд тустай энэ төслийн бүтээн байгуулалт өнөөдөр 90 хувьтай үргэлжилж дуусах шатандаа орсон.
Монголд Эрдэнэбүрэнгийн УЦС барьж эрчим хүчний хараат байдлаас гаргах, баруун бүсэд Эко цементийн үйлдвэр байгуулж барилгын материалын үнэ хямдруулах ажлаа эхлүүлсэн шигээ эцсийн үр дүнг нь гартал тууштай зүтгэнэ.
Хөгжлийн төслийг хөгийн хулгай луйвар шигээ санаж хөөдөж харлуулахыг хүлцэхгүй тэмцэх болно.
Үнэн худлыг ус сүү шиг ялгах ухаантай иргэд та бүхэн минь сайхан битүүлээрэй.
Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ!
Монгол эх орныхоо, Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж ирсэн ахмад буурлууд, тэдний түүхийг үргэлжлүүлэн бичиж байгаа идэр залуус, хүүхэд, багачууд та бүхэндээ XVII жарны Сайжруулагч хэмээх усан бар жилийн Сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Улиран одож буй үхэр жил Улаанбаатар хотын иргэд бидэнд ээл, өгөөжөө хайрласан дэлгэр сайхан жил байлаа. Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа дагалдах 19 хууль, тогтоолын хамт шинэчлэн баталсан нь эрх зүйн шинэчлэлийн эх үндэс төдийгүй Улаанбаатар хот эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжийг бүрдүүлсэн. Энэхүү хууль болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын дагуу “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г улаанбаатарчуудынхаа санал, хүсэлтэд тулгуурлан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна. Энэ бүхнийг боловсруулахдаа 30 мянга гаруй нийслэлчүүдийн саналыг авч, нэн тэргүүнд шийдвэрлэх хотын асуудал бэрхшээлийг иргэдийнхээ хүсэлтэд тулгуурлан эрэмбэлж, тодорхойлсон билээ. Иргэд идэвхтэй, оролцоотой байна гэдэг хүсэл зорилго нэгдмэл байгаагийн илэрхийлэл юм. Мөн Улаанбаатар хотын дүрэм, хотын стандартын баримт бичгүүдийг боловсруулах шатандаа явж байна.
2021 он, төмөр үхэр жил Улаанбаатар хотын хувьд шинэ эргэлтийн он жил байлаа. Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэлээс улсын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийг хотын түгжрэлийг цогцоор нь шийдэхэд зориулахаар болов. Энэ бол хотын хөгжлийг дэмжсэн түүхэн шийдвэр төдийгүй эдийн засгийн хувьд хүндрэл бэрхшээлээ шийдвэрлэх санхүүгийн бодит дэмжлэг. УИХ-д анх удаа Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог байгуулж, нийслэл төдийгүй орон нутгаас сонгогдсон 26 гишүүн нам үл харгалзан нэгдэж, хотын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн, Улаанбаатар хотоо төрийн бодлогоор дэмжиж эхлээд байна.
Мөн Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн зургийг зурж, цахим шинэчлэлийг эрчимжүүлж, 2022 оны босгон дээр хүнд суртлын үүр уурхай болох 74 зөвшөөрлийг цуцаллаа. Ингэснээр хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр 74 төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл боломжийг иргэд, аж ахуйн нэгж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд нээж өгсөн. Энэхүү шийдвэр цар тахлын дараах их сэргэлтийн бодлогод нийслэлийн зүгээс оруулж буй хувь нэмэр, иргэдэд дэмжлэг болох учиртай юм. Нийслэлийн удирдлагын баг бүхий л салбарт ажлын байр нэмэгдүүлэхэд анхаарч, хөдөлмөрлөсөн хүнийг, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсээр байх болно.
Угтан золгож буй Сайжруулагч хэмээх усан бар жил Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулан, нэг төвт хотоос олон төвт метрополис тийш чиглэх их ажлын гарааны жил, их бүтээн байгуулалтын эхлэл он байх болно. Бид түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах чиглэлээр эрчимтэй ажиллаж, иргэн төвтэй хотыг цогцлоохын төлөө хичээнгүйлэн зүтгэнэ.
Сайжруулагч хэмээх усан бар жилд төр маань түвшин, түмэн олон минь амар амгалан байж, нийслэл Улаанбаатар хотын хөгжилд дэвшил авчирсан сайхан жил байхыг билгэдэн ерөөе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Иргэн бүрд ээлтэй их хотын хөгжлийг хамтдаа бүтээцгээе.
ТӨРИЙН ТҮШЭЭД ТҮМЭН ОЛОНДОО ЯМАР МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛСЭН БЭ |
|
2025-05-18 11:43:13
2025-05-18 11:12:40
2025-05-18 10:31:03
2025-05-18 09:49:58
2025-05-17 15:34:53
2025-05-17 14:35:17
2025-05-17 13:14:30
2025-05-17 11:47:23
2025-05-17 11:34:11
2025-05-17 09:43:40
2025-05-17 09:33:25
2025-05-17 09:17:29
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |