• Өнөөдөр 2025-05-18

Хотын дарга Д.Сумъяабазар орлогч Д.Ихбаяртаа хариуцлага тооцож чадах уу

2022-01-17,   661

         Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар хотын утааны асуудалд хариуцлагагүй хандсан үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанг дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболдтой нь хамт үүрэгт ажлаас нь чөлөөлж орхилоо. Н.Уртнасангийн хувьд Улаанбаатар хотын утааны асуудлаар “Сайжруулсан шахмал түлшний үнэ хямд байгаа учраас гэр хорооллын айлууд их түлж байна. Их түлж байгаагаас үүдэж утаа ихэссэн” гэх тайлбар хийж, олон нийтийн шүүмжлэлд өртсөн. Мөн Засгийн газраас Н.Уртнасан, Н.Тавинбэх нарт Улаанбаатар хотын утаа ихэссэн шалтгааныг олж тогтоох, гарц, гаргалгаа олох долоо хоногийн хугацаа өгсөнтэй холбоотойгоор “Улаанбаатар хотын дээгүүр дрон нисгэж, утаа их гаргаж байгаа айлуудыг олж тогтоон, холбогдох мэргэжилтнүүдээ илгээнэ” гэх мэдэгдэл хийсэн нь ч шүүмжлэл дагуулсан билээ. Н.Уртнасангийн энэ мэт мэдэгдэл, тайлбарууд нь Засгийн газрыг чадамжгүй харагдуулахын сацуу утааны асуудалд шийдэл эрэлхийлэхгүй байгаа гэж ойлгогдсон. Тиймдээ ч Н.Уртнасанг сайдын суудлаас нь чөлөөлчихлөө. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мөн утааны асуудалд хариуцлагагүй хандсан агаар орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүддээ хариуцлага тооцохыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт үүрэг болгосон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө утааны асуудлаар Н.Уртнасан болон түүний багийнхныг ажлаас нь чөлөөлөх байдлаар хариуцлага тооцмогцоо Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг багийнхандаа ямар хариуцлага тооцохыг шахаж байгаа хэрэг. 

      Тэгвэл хотын дарга Д.Сумъяабазар утааны асуудлаар чухам хэнд, ямар хариуцлага тооцох вэ гэдэг нь анхаарал татаж байна.  Хамгийн эхэнд хариуцлага тооцох ёстой хүн нь Д.Ихбаяр гэж олон нийт харж байгаа. Тодруулбал, Д.Сумъяабазарын Ногоон хөгжил, агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогчоор НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр ажилладаг. Д.Ихбаярын хувьд Улаанбаатар хотын утаа ихэссэн шалтгааныг Н.Уртнасантай санал нэгтэйгээр буюу “Сайжруулсан түлшний үнэ хямд байгаа учраас утаа ихэссэн. Нэмээд айлуудын зуухны стандарт алдагдсан, галлагаа нь буруу байна” гэх иргэдийг буруутгасан тайлбар хийж, шүүмжлэлд өртсөн нэгэн. Удалгүй энэ тайлбартаа цахим хаягаараа дамжуулан гэр хорооллын иргэдээс уучлал гуйж, цаашид хариуцлагатай ажиллахаа “амласан” байдаг. Чухамдаа утааны асуудлаар Н.Уртнасандаа “хөтлөлцөөд” орлогчийн суудлаа өгөх болзлоо хангачихсан нөхөр. Харин Д.Сумъяабазар түүнд ямар хариуцлага тооцохыг харах л үлдэж байна. 
 

Хотын дарга Д.Сумъяабазар орлогч Д.Ихбаяртаа хариуцлага тооцож чадах уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188