• Өнөөдөр 2024-04-26

Бүтэн улсын Ерөнхий сайдад биш Бэрх тосгоны захирагчид л тэнцэх байж дээ, ТЭР

           2050 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг тархиндаа зурчихсан гэгдэж Ерөнхий сайд болсон Л.Оюун-Эрдэнэ жил хүрэхгүй хугацаанд тараа таниулж, тахимаа өгөх нь шиг. Сүүлийн үеийн үг, үйлдлийнх нь хэлбэр агуулгыг ажвал, Ерөнхий сайдын ажлаас халгаж, хулгаад, халирч, халшраад эхэлсэн бололтой юм.

              Л.Оюун-Эрдэнэ саяхан мэдэгдэл хийх үеэрээ “Заримдаа надад ийм төсөөлөл төрдөг юм. Мөстэй гөлгөр замд машин бариад, хайртай хүмүүсээ суулгаад, нойрмоглохгүйн тулд залуураа чанга атгаж явсаар гар бадайрдаг тийм мэдрэмж байдаг даа. Надад яг тийм мэдрэмж төрж байна. Маш түвэгтэй цаг үе юм. Хэн нэгэн хүнийг Ерөнхий сайд болоход цаг хугацаагаа сонго гэдэг бол би хэзээ ч энэ цаг хугацааг сонгохгүй байсан. Үнэнээ хэлье” гэж уйлан дуугарч, уруулаа унжуулан урваганаж харагдсан.

Ерөнхий сайдынхаар бол Монгол Улс машин. Ард түмэн арын суудал дээр нь дугжирцгааж, харин Л.Оюун-Эрдэнэ жолоо барин, хөр цасанд суучихгүй, гөлгөр мөсөн дээр халтирчихгүй гэж хичээж яваа байх нь л дээ. Улсын эзэн болох амбицдаа хөтлөгдөж, чин өөрийн хүслээр Ерөнхий сайд болоогүй, харин Харвардын боловсролтой, хөгжүүлье, бүтээе гэсэн зүтгэлтэй болохоор нь Ерөнхий сайд болж, хүнд цаг үеийг хохирол багатай туулах хатуу даалгавар өгсөн мэт ярьж суух юм.

               Тэгээд өөрт оногдсон энэ даалгавраа биелүүлж, түмнээс ядуурлаас аварч, төрд улсаа хөгжүүлэхэд гэтэл харвардын боловсрол нь багадаад байгаа бололтой юм.

Хоёр хоногийн өмнө үе үеийн Ерөнхий сайдуудыг Төрийн ордонд цуглаж уулзав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн уулзах урилгыг Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, М.Энхболд, С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нар хүлээн авч, очжээ. Харин Ерөнхий сайд асан Д.Содном, Р.Амаржаргал нар хүндэтгэн үзэх хувийн шалтгаантай, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ-д амьдарч байгаа, Ерөнхий сайд асан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа зэрэг шалтгаанаар уулзалтад оролцоогүй. Ингэж уулзсан зорилго нь Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөл гээчийг байгуулж байгаа юм байх. Л.Оюун-Эрдэнэ өөрөө даргалж, дэд даргаар нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат ажиллах гэнэ. Тус зөвлөл улс орны нийгэм, эдийн засгийн чухал асуудлуудаар санал солилцож, судалгаа дүгнэлт гаргаж, Л.Оюун-Эрдэнэд зөвлөмж өгч байх аж.

Юу харагдаж байна гэхээр,

Нэгдүгээрт, “Ах нь сургаж, дүү нь сонсдог” гэх зарчмаар, нам харгалзахгүй эв нэгдлийг хангаж ажиллаж байгаа гэж ард олонд харагдаж, алдагдаж буй нэр хүндээ бага ч атугай өсгөх гэсэн башир аргын нэг хэлбэр гэж харагдаж байгаа юм. Үнэндээ цар тахлын хямрал хоолойд нь тулаад эхлэхээр нь “Ах нар аа, та нарын туршлага төрд хэрэгтэй байна” гээд гүйж байгаа болохоос биш түүний энэ хүртэл явж ирсэн замнал үе үеийн Ерөнхий сайдуудтай “зодолдож”, ах нараа “дэвсэлж” л ирсэн. Ямар сайндаа түүний урилгаар Төрийн ордонд цугласан Ерөнхий сайдуудаас Н.Энхбаяр, С.Баяр, Ж.Эрдэнэбат, М.Энхсайхан нарын дөрөв нь шорон суугаад ирсэн, Ц.Элбэгдорж, С.Батболд тэргүүтнүүд хууль хяналтынханд ээрэгдээд удаж байх вэ.

Тухайлбал,

1.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа буюу өнгөрсөн оны гуравдугаар сард хэвлэлийн хурал хийж, “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хуулийн байгууллага шалгаж байгаа” гэж мэдэгдэхийн сацуу зарим баримтуудын талаар ярьсан байдаг.

            Тэрбээр “Ардчилсан нам зугтаагаад гарч явсан Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нараа олж ир ээ. Монгол Улсын төрийн нууц тээж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс ингэж гадаадад амьдарч болох уу. Тэр байтугай, Ц.Элбэгдоржийн ойр тойрны найзууд “Нэгдмэл найзууд” гэсэн компани байгуулсан. Энэ компанид хууль хяналтын байгууллагын удирдлагууд, зарим нэг улс төрч холбогдож, оффшор бүсээс мөнгө угаасан нь нотлогдож байгаа. Магадгүй ил болсон энэ баримттай холбоотойгоор Ц.Элбэгдорж эх орондоо ирж чадахгүй байгаа. “Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очно” гээд бүлтрээд байсан хүн хаана. Одоо ирээд шалгуулах хэрэгтэй” гэж мэдэгдэж байв.

          Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хариуд нь “Нэг юм санав. Таны сургуульд сураад ирлээ, шийрийг тань хатаана, номоо дурсгая гээд дал мөрөөр тэврэхэд би “Миний фээврит” гэж бодож суусан шүү ах нь. Ажлаа сайн хийгээрэй” гэж ёжилж байв.

2.УИХ-ын дарга асан М.Энхболдыг дагаж, “долоох” нь холгүй тахин шүтэж явсан Л.Оюун-Эрдэнэ гэнэт л зангаа хувиргасан. УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан гарын үсэг цуглуулж, чуулгандаа суухгүй бойкотлож, төв талбайд баахан гэр эгнүүлэн “МАНАН дэглэмийн эсрэг” гэх нүсэр жагсаалыг зохион байгуулж, өөрсдийгөө “Шударга тав” гэж өргөмжилж, ер нь л М.Энхболд л огцорчихвол Монгол Улс хөгжих юм шиг ярьж явсаар эцэст нь М.Энхболдын улс төрийн карьерыг дуусгасан.

Тухайн үед Л.Оюун-Эрдэнэ “Миний хувьд М.Энхболдыг одоо хангалттай гэж бодоод байгаа юм. Заавал өндөгөөр шидүүлж, заавал иргэдийг бухимдуулж, дахиж улс төрд битгий хэл монголд амьдрахад хэцүүгээр улс төрийн карьераа дуусгаж яах гээд байгаа юм бэ. Би хувьдаа ойлгохгүй байна. Өчигдрөөс эхлээд баахан л хүн чанар ярьсан постууд над руу явууллаа. Ер нь бол залуучууддаа хүн чанар ярих эрхтэй хүн бол биш ээ. Энхийн цагаан тагтаа юм шиг жүжиг тоглоод хэрэггүй. Эв нэгдэлгүй байгаа энэ бүх нөхцөл байдлын эхлэлийг энэ хүн өөрөө л анх тавьсан. Өөрөө л бизнес, эдийн засгийн бүлэглэлтэйгээ хамтарч системийн гажуудал үүсгэсэн. Одоо ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр хүн чанар яриад байх хэрэггүй” хэмээн нэгэн цагт дүү нь байгаагүй юм шиг мэдэгдэл хийж байв. Дөрөв нь шоронд нь хоригдож байсан.

3.Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох эсэх асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байх үед танхимаас “Оюутолгойн асуудалд Монгол Улс өрөнд ороод дуусах юм байна. Та ЗГХЭГ-ын даргаар сүүлийн хоёр жил ажиллахдаа энэ асуудлаар юу хийсэн юм бэ” гэдэг асуулт гарсан.

           Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ “Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг Ч.Сайханбилэг Ерөнхий сайд асангаас асуу. Яагаад Ерөнхий сайд байхдаа эрх мэдлээ хэтрүүлж, өөрийнхөөрөө захирамж гаргасан юм бэ гэдгийг асуу. Яагаад 11 асуудлыг өөрчилж, өнөөдөр татварын ногдол ашиг авахгүй болсныг асуу. Өөрсдөдөө зориулж Өршөөлийн хууль баталсныг, Эрдэнэтийн 49 хувийг асуу. Энэ бүх завхралыг засах гэж өнгөрсөнд хугацаанд хичээж ирлээ” гэж байв.

           Харин Ерөнхий сайд болсныхоо 100 хоног дээр “Ерөнхий сайд гэдэг хүн асуудал шийдсэн бол өөрөө зугтаад бусдыгаа шоронд оруулдаг байж болохгүй. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд та одоо эх орондоо ир. Б.Бямбасайхан зэрэг олон залуус хөлд чинь чирэгдлээ” гэж байв.

Ч.Сайханбилэг “Улс төрөө бага хий, PR бага хий, урдах ажлаа нугал, урагшаа харж ажилла. Тэртэй тэргүй та бүхэнд дайсан зөндөө олдоно” гэсэн бий.

Л.Оюун-Эрдэнэ энэ мэтээр улс төрийн замаа засах зорилгоор үе үеийн Ерөнхий сайдууд руу дайрч давшилж, заримыг нь түлхэж унагаж байснаас биш мэдлэг, туршлага, толгойг нь улсаа хөгжүүлэхэд ашиглая гэж бодож, сэхээрч байсан гэхэд эргэлзээтэй.

           Хоёрдугаарт, цар тахалд нэрвэгдсэн цөвүүн цагт улс орныг удирдан чиглүүлэх ухаан өөрт нь дутаад байгаа учраас үе үеийн Ерөнхий сайд нарыг дэргэдээ зөвлөл нэрээр татан авчирч, толгойг нь ашиглах мэргэн арга сэдэж ээ гэж харагдаж байна. Ялангуяа, Оюунтолгойн асуудлаар “Рио Тинто”-той хэлэлцээрийн ширээнд суух, эс бөгөөс цуцлах асуудал хурцаар яригдаж буй энэ цаг үед Ерөнхий сайд асан С.Баярын мэдлэг туршлага, сийрэг толгой Л.Оюун-эрдэнэд зайлшгүй хэрэг болж таарна. Л.Оюун-Эрдэнийг намынхаа гал тогоонд туслах тогооч байхад С.Баяр Оюутолгойг судалж, гэрээг нь үзэглэж байлаа шүү дээ. Бас Ерөнхий сайд асан М.Энхсайхан энэ улсыг их хямралаас гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсанд хүнд тооцогддог. Дэлгүүр, эмийн сангуудын лангуу хэзээ мөдгүй хоосрох болчихоод байгаа энэ цаг үед М.Энхсайханы туршлага түүнд хэрэг болно.

            Гуравдугаарт, цар тахлын хүнд үеийг асар их хохиролтойгоор даван туулсан, Оюутолгойн гэрээг ахиад ашиггүй байгуулсан муу нэр түүхэнд дан ганц Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнийн нэр дээр бус үе үеийн Ерөнхий сайдуудын байгуулсан зөвлөлийн нэр дээр унах нь л дээ. Өөрөөр хэлбэл, цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх, Оюутолгойн төслийг шинэчлэх зэрэг чухал хариуцлагатай үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ толгой мэдэн шийдвэр гаргаагүй буюу дэргэд нь үе үеийн Ерөнхий сайд нарын зөвлөл байсан, тэд Л.Оюун-Эрдэнэд зааж, зөвлөж байсан гэж түүхэнд үлдэх биз. Алсын хараа нь энэ бус уу.

 

 


Бүтэн улсын Ерөнхий сайдад биш Бэрх тосгоны захирагчид л тэнцэх байж дээ, ТЭР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-14 20:21:35
    зочин: Оюун-эрдэнэ тосгоны захирагч, харин нийтлэлч чи өөрөө галч цэвэрлэгч нь болбол тохирно
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188