• Өнөөдөр 2024-04-25

Алиагаа алдаж дууслаа даа, Ардчилсан нам

             Ардчилсан нам алиагаа алдаж, бүлэг нь булайгаа чирч  дууслаа даа. Тавхан сарын өмнө төв талбайд тас тэврэлдэн хамт хонож, аяга цайгаа хувааж уун, амьсгалаараа нэгнээ дулаацуулж асан УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн хөнжил дотроо хөлөө жийлцэж, хэдэн хэсэг тарж орхилоо. 
 
Тодруулбал, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Ганбат өнгөрөгч долоо хоногт АН-ын Үндэсний бодлогын хорооны шийдвэрээр УИХ-ын гишүүн Ц.Тувааныг бүлгээсээ хөөж байгаагаа зарласан. Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг бүлэгтээ оруулахгүй гэж мэдэгдсэн. Үргэлжлүүлэн, өнөөдөр өглөө УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь хоёрыг мөн адил бүлгээсээ хөөж байгаагаа зарласан. 
 
Гэтэл УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан тэргүүтэй долоон гишүүн нь сөрж хуралдаад, УИХ-ын гишүүн Б.Ганбатыг өөрийг нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын суудлаас нь түдгэлзүүлж байгаагаа мэдэгдлээ. Одоо УИХ-ын гишүүн Б.Ганбат дахин гарч ирээд "Бүлгээс хөөгдсөн гишүүд хуралдаад намайг бүлгийн даргаас буулгасан шийдвэр гаргаж гэнэ. Тэр нь угасаа хүчингүй" гэж мэдэгдэх биз. 
 

Товчхондоо, УИХ-ын гишүүн Б.Ганбат УИХ дахь АН-ын бүлгийн даргын хувиар Н.Ганибал, Ц.Туваан, Ж.Батсуурь нарыг бүлгээсээ хөөсөн бол зөрүүлээд Н.Ганибал, Ц.Туваан, Ж.Батсуурь нар Б.Ганбатыг УИХ дахь АН-ын бүлгийн даргын суудлаас нь “хөөлөө”. Ардчилсан намын жинхэнэ дарга нь хэн бэ гэдэг тааврын хариуг өнөө хүртэл олж чадаагүй байтал УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга нь хэн бэ, хэн нь бүлгийн гишүүн, хэн нь бүлгийн гишүүн биш вэ гэдэг шинэ тааврууд гараад ирлээ. 

 
         Уг нь эвт шаазгай буга барьдаг үгтэй юм. Гэтэл эрх баригч МАН-ын эсрэг эвтэй, хүчтэй сөрөг хүчин байх ёстой Ардчилсан нам өнгөрсөн хавраас хойш л Ц.Элбэгдорж ба Х.Баттулга, С.Эрдэнэ ба Ц.Туваан, М.Тулгат ба О.Цогтгэрэл гэж талцаж, тамга тэмдгээ булаалдаж яваа. Намын даргын төлөөх талцал хуваагдал, хэрүүл тэмцэл нь багадаад УИХ дахь бүлэг дотроо ийнхүү “зодолдоод” эхэллээ. Хоёр сонгууль угсраа ялагдал хүлээж, хамраараа газар хатгасан Ардчилсан намын гол асуудал ерөөсөө энэ л байж. Тэдэнд нийтлэг ашиг сонирхол, нийтийн эв нэгдэл гэж алга. Амин хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлж л байвал амиа өгөхөөс, хань хамтрагчаа хаяхаас буцахгүй шунал тэдний хэн хэнд нь бий аж.
 
Хонхны дуугаар түмнийг сэрээж, хорь гаруй жил улс төрийн тайзнаа гол дүр байсан Ардчилсан нам ингээд амар амгалангийн орноо залрах нь. Монголын улс төрийн хоёрдогч хүчин гэдэг статусаа ч ХҮН-д албан ёсоор шилжүүлж өгөх цаг нь болов бололтой.
 

Алиагаа алдаж дууслаа даа, Ардчилсан нам
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 17:19:45
    kk: RIP
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 15:23:45
    зочин: эв эеэ олоочээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 15:23:45
    зочин: эв эеэ олоочээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188