• Өнөөдөр 2024-05-17

Гавьяатын ард Ерөнхийлөгч бий юү

          Улс төрийн тайзнаас Увсынхны шийдвэрээр урлагийн тайз руугаа буцсан С.Жавхлан тэмцэгчийн дүрээр эргэж ирлээ. Төв талбайд “УИХ тар, Засгийн газар огцор, Ерөнхийлөгч ажлаа хий” гэх лоозон барьж суулт хийгээд гурав хонож байна. Ингэхдээ алтан бүрмэл шонхортой булган малгай, хурган дотортой хүрэн торгон дээл, бугын арьсан гутал өмсчихсөн, дороо ширмэл эсгий олбог дэвсэж, дэргэдээ домботой цай тавьж, мөнгөн аягаар оочсон шигээ их л “тансгаар” суулт хийж буй. Зарим жагсагчид төв талбай руу ноорхой туурга, салбархай брезент, эвхдэг майхан оруулах гэж цагдаатай булаалдаад үйлээ үздэг бол мань гавьяат харин төв талбайд домботой цай, ширмэл олбогоо хүртэл авчраад тов хийтэл тохижоод амжжээ. 
 
            Гол нь С.Жавхланг чухам хэн, ямар ашиг сонирхол бүлтийтэл нь гангалаад, “огцор, тар” гэдэг хэдэн үг “цээжлүүлээд” төв талбайд авчраад суулгачихав аа. Урлагаа хөөгөөд жил тойрч буй С.Жавхлан улс төрийн намрын “синдром” эхэлчихсэн энэ өдрүүдэд гэнэт төв талбайд гарч ирсэн нь зүгээр нэг тохиолдол гэж үү. Уг нь тэрбээр одоогоос сар гаруйхны өмнө хэвлэлийн хурал хийж “Сүүлийн үед Ардчилсан нам маш их хэрүүл, уруултай байх болсон. Миний зан, зарчимд нийцэхгүй байгаа учраас өнөөдөр АН-аас гарч байгаагаа зарлаж байна. Цаашид өв соёлоо хамгаалж, уран бүтээлээ хийх зорилгоор АН-аас гарч байна” гэж мэдэгдсэн. Хэвлэлийнхнийг цуглуулан сүр бадруулж, улс даяар “Урлагаа хөөмөөр байгаа тул Ардчилсан намаас гарч, улс төрөөс холдож байна” гэж зарлачихаад ердөө сар гаруйхны дараа “УИХ, Засгийн газар огцор” гээд гараад ирсэн нь сонирхол татаад байгаа юм. 
             
          Өнгөрсөн хавраас У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр түнжин хагарч, тогоо, хөнжлөө тусгаарласан тухай яриа гарах болсон.  У.Хүрэлсүх уурхайн жижигхэн тосгоны Л.Оюун-Эрдэнэ гэдэг галчийг улсын Ерөнхий сайд болтол нь дэмжиж, дагуулж явсан ч эцэст нь ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгч болсон тухай энэ эмгэнэлт жүжиг улс төрийн тайзан дээр тоглогдоод удаж байгааг учир мэдэх хүмүүс батлаад л байгаа. Өөрөөр бол, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болмогцоо  хууль хяналтаас эхлээд салбар бүрд хүмүүсээ шургуулан хүчээ зузаалж, илтэд бие даасан. Тэгсэн мөртөө гарыг нь ганзагад хүргэсэн ганц сайн ахыгаа үл ойшоож эхэлсэн нь У.Хүрэлсүх таалагдаагүй хэрэг л дээ. Тиймээс “барын зулзагыг бага дээр нь” гэх зарчмаар Л.Оюун-Эрдэнийг дийлдэхээ болихоос нь өмнө Засгийн газартай нь унагаж, дарж авах төлөвлөгөө У.Хүрэлсүхийн өврийн бор дэвтэрт зурагдсан гэх юм билээ. Хэрвээ У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагавал, ард нь албан тушаалдаа очиход хэзээд бэлэн Ч.Хүрэлбаатар, Д.Сарангэрэл тэргүүтэй хуучин фронтынхон бий. 
 

Тэгвэл С.Жавхлан гавьяатын Засгийн газрыг огцруулах эл тэмцлийн захиалагч, дэглэгч нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байж болох уу. Өөрөөр хэлбэл, С.Жавхлангийн “Засгийн газрыг огцор” гэдэг суулт нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Л.Оюун-Эрдэнийг унагах төлөвлөгөөний оршил гэж харагдаад байгаа юм. Манай төрийн тэргүүний энэ төрлийн гүйлгээ ухаан их сайн гэдгийг бид эс андах. Жагсагч А.Отгонбаатараар өөрийнхөө эсрэг халаад, углааштай жагсаал “захиалж” хийлгээд, “Ард түмэн намайг огцор гэлээ” гэж огцормогцоо Ерөнхийлөгч болоод мандсан хүн шүү дээ. Гавьяатаар домботой жагсаал хийлгээд, Засгийг огцруулмагцаа хуучин фронтынхоо оруулж ирэх жүжгийн зохиол бичсэн байхыг үгүйсгэх аргагүй юм. Нэгэн цагт нийтийн дууны ханхүү гэгдэж явсан С.Жавхланг дэмжигчид тоймгүй олон. Бас болоогүй дээл өмсдөг, ам нээвэл л  “Монгол” гэж ярьдаг учраас “Монгол” гэж цээжээ дэлдэгсэд үг дуугүй аялдан дагалдана. Засгийн газрыг огцруулах жагсаал хийлгэхэд өнөө цагийн хамгийн тохиромжтой “дүр” ч байж болох.

 
          Цаг хугацааг ухраавал, 2017 онд У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохоор зориг шулуудаж, намын даргынхаа эсрэг тэрслэн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулахад бие даагч С.Жавхлан дэмжиж кноп дарж байлаа. Ингээд УИХ-ын чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдсоныг зарлахад бие даагч С.Жавхлан “Шадар сайдаар ажиллаж байхдаа өмнөх сайд нараас сайн ажилласан гэж үзэж байна. Ерөнхий сайдын албандаа сайн ажиллаарай. Зөв шийдвэр гаргаж, түмэн олныхоо төлөө ажиллаарай гэж хүсье. Монгол түмэн үүнийг л хүсэж байгаа” хэмээн тал засаж байв. 
 
Жилийн дараа буюу 2018 оны сүүлээр эрх баригч МАН-ынхан У.Хүрэлсүхийн Засгийн газрын огцруулахаар дотроосоо гарын үсэг цуглуулж, УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан байдаг. Сөрөг хүчин буюу АН-ын бүлгийн гишүүд, МАХН-ын ганц гишүүн О.Баасанхүү хүртэл дэмжихээ илэрхийлж дэмжихээ илэрхийлж байлаа. Ингээд парламент үндсэндээ хоёр хуваагдаж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн 37, дэмжихгүй байр суурьтай 37 гишүүн болж, бие даагч С.Жавхлангийн кноп үнэд орж байв. Тэрбээр байнгын хорооны хурал дээр “Засгийн газрыг огцруулах нь зөв” гэх байр суурь илэрхийлж, харин хэвлэлийнхэнд “Ямар кноп дарах нь миний эрхийн асуудал” хэмээн таавар таалгах байдлаар кнопынхоо үнийг өсгөж байлаа.  Улмаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж, санал хураахад 73 гишүүн санал өгснөөс 40 гишүүн нь огцруулахаас татгалзаж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдэж байв. Уг 40 гишүүний нэг нь С.Жавхлан. Үндсэндээ С.Жавхлан, Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарын санал У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч байсан. С.Жавхлангийн кноп тэр өдөр хоёр тэрбум төгрөгт хүрсэн гэнэ лээ. Дараахан нь У.Хүрэлсүхийн явуулгаар УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах бичигт С.Жавхлан мөн гарын үсэг зурж л явсан. 
 

Ингээд харвал, С.Жавхлан, У.Хүрэлсүх хоёр хэдэнтээ тохирч байж. Одоо ч гавьяат С.Жавхлан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Л.Оюун-Эрдэнийг унагах төлөвлөгөөний оршил болоод төв талбайд сууж байхыг үгүйсгэх арга алга. 

 
        Ноцтой нь, С.Жавхлан Засгийн газрыг огцруулах тэмцлээ эхлээд гуравхан хонож байгаа ч дэмжигчид нь хэдэн арваар нэмэгдэж байна. Тэгээд ч болоогүй “Босоо хөх монгол”-ын П.Шинжээравдан, машинтай жагсаалаар танигдсан, жагсагч Б.Цэгмэд, Чингис хаан, сонгуулийн хар машинаар танигдаж буй Г.Ган-очир, Төр овогт А.Отгонбаатар тэргүүтнүүд С.Жавхлан дээр нэг нэгээрээ ирж, туганд нь нэгдэхээ илэрхийлж байна. Өөрөөр бол, Төв талбайд жагсагчдын мөрөөдлийг баг бүрдэх гээд байгааг, С.Жавхлангаар эхэлсэн жагсаал цаг алдах тусам бүх нийтийг ч хамарч мэдэхийг тэд зориудаар сануулж, Засгийн газрыг шахамдуулж байх шиг. 
 
          Хэрвээ энэ бүхний захиалагч У.Хүрэлсүх байвал Л.Оюун-Эрдэнэд  мад тавилаа гэсэн үг. Угаас унхиагүй сайд нараасаа болж эмзэг байгаа Л.Оюун-Эрдэнэ “сайн ах” У.Хүрэлсүхийнхээ маднаас хэрхэн бултах нь ойрын өдрийн сонирхолтой үйл явдал байх биз ээ. 
 
 

Гавьяатын ард Ерөнхийлөгч бий юү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 12:18:09
    Irgen: HÙTGAN UIMUULEHEE BOLIJ UZ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 12:18:08
    Irgen: HÙTGAN UIMUULEHEE BOLIJ UZ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 12:18:07
    Irgen: HÙTGAN UIMUULEHEE BOLIJ UZ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 12:17:02
    Irgen: Olbog chin maikhan yum uu haritsuulah yumaa olj dee tenegle
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 11:34:09
    zochin : xxa za bas arai2 hun unemshmeer ym bich ergelt.mn site uhaantai ym bol oligtoohn medee beltge hogiin sav shig huurnuud ve
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 10:58:26
    иргэн: ерөнхий сайдаар бүү оролд
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188