• Өнөөдөр 2024-05-17

ТЭД ЭРГЭЖ ИРВЭЛ...

             Өнөөгийн Монголын улс төр шалихгүй хэрүүл, ялихгүй маргаантай уйтгартай, унтаа байна аа. Алс хэтийн бодлогын төлөө бус ахуйн хүрээний л асуудлаа ярьцгааж, хэрэлдэж, уралдаж өнжих. Гал тогооны эсвэл явган улс төр гэх юм уу. Нэг нам дангаараа ноёрхоод, сөрж зогсох сөрөг хүчингүй болчихоор ийм байдаг бололтой юм. Өөрөөр бол, Монголын улс төрд сонин, содон дүрүүд, сонирхолтой үйл явцууд дэндүү үгүйлэгдэж байна. 
 
Ялангуяа дээрх таван “эрхэм”-ээс эх орондоо ирэх нь ирээд, эргэж улс төрд орох нь орчихвол ихээхэн сонирхолтой үйл явцууд өрнөх гээд байна. 
 

Ж.БАТЗАНДАН

 
             Ж.Батзандан бол Монголын улс төрийн нэг сонирхолтой дүр. Хэдий гол дүр биш, байх боломжгүй боловч талбай гэх тайзаа мэдэрч чаддаг, жагсагч, тэмцэгч, поп өгүүлэмжийг тултал гаргаж чаддаг, дотортой туслах дүр. Одоогийн улс төрд түүн шиг дүр үнэхээр л үгүйлэгдэж байна. Үнэндээ ийм дүр нэг их заавал хэрэгтэй биш боловч, улс төрд өрнөж буй үйл явцыг сонирхолтой болгож байдаг. Монголын өнгөрсөн цагийн бүхий л сүрт жагсаалууд түүний оролцоотой дэглэгдэж байлаа шүү дээ. 
 
     Алс Австралид зөвлөхөөр очиж, анхаарлын төвөөс түр гарсан Ж.Батзандан сүүлийн үед эх орноо, элдэв жагсаал, цуглаанаа санасан бололтой, эргэж хургаж байгаагаа цахим орчноор илэрхийлдэг болов. Албадлагаар Австралид очсон мэт л аяглахыг нь яана. Саяхан даа “Цөллөгийн газраас бичсэн тэмдэглэл” гэж бичвэр нийтлээд, жиргээ хавиар хэдэн өдрийн ярианы сэдэв болж харагдсан. Өөрийгөө цөллөгт яваа мэт өөрөө ойлгуулж биччихээд нохой шуугиад эхлэхээр нь “Австрали чинь Америкийн цөллөгийн газар байсан юм, энийг ойлгохгүй улстөржүүлээд байгаа хүмүүс байна, би өөрийгөө цөллөгт байгаа гэж хэлээгүй” хэмээн тайлбар бичсэн байсан. Бас Австралид элчингээр биш, зөвлөхөөр очсондоо бага зэргийн гомдол тээсэн бололтой юм билээ, лавтай нэг удаа “Би Монгол Улсыг албан ёсоор төлөөлөх элчин сайд биш, зөвлөх
нэртэй ажилтан болохыг зөвөөр ойлгоно уу” гэж харагдсан. 
 
         Гол нь Ж.Батзандан үе үе “Эргэж очно, тэмцлээ үргэлжлүүлнэ, энд их юм сурч, чих онгойж, нүд нээгдэж байна, очоод хэргийг нь гаргана” гээд байгаа юм. Өөрийг нь Монголын төр албан тушаалаар шагнасандаа биш, гадаадад галуу шувууны мах идүүлэхийн хажуугаар ном эрдэмд гэгээрүүлж, гадаад орны хөгжлийн “ноу хау”-г судлуулахаар “тусгай даалгавар”-тай илгээсэн гэж нийтэд ойлгуулах гэж ядаад л яваа бололтой юм билээ. “Шударга тав” нэр зүүж, хөхөө өвлийн хүйтэнд хацраа хайруулан, хоолойгоо сөөтөл “Манан”-гийн эсрэг гэж жагсаж асан зогсохдоо У.Хүрэлсүхийн өндөрлөгт хүрэх замыг нь засаж өгч байсныг нийтээр хожим мэдсэн. Тиймдээ ч Австрали руу албан томилолт өвөрлөхөд нь “шагналаа аваад явлаа даа, энэ жагсагч” гээд үдсэн. Харин Ж.Батзандангийн У.Хүрэлсүхтэй хийсэн тохирооных нь хугацаа дууссан уу, эсвэл эргэж очих нүүрээ бодож, “нүх”-ээ ухаад эхэлсэн үү, ямартай ч одоо байгаа газраа “цөллөгийн газар” гэж тодорхойлоод, өөрийгөө тэнд эрх мэдэлд заларч биш, эрдэм номд шамдахаар очсон гэж илэрхийлээд байгаа юм. 
 
            Хэлэх гээд байгаа санааг нь ухаж ойлговол, түүнийг эргээд ирвэл төв талбайд өрнөдөг, Төрийн ордон руу хашхирдаг элдэв жагсаал, цуглаанууд ахисан түвшинд, өөрөөр бол олон улсын түвшинд гарах бололтой юм билээ. Хүлээж л байхаас. 
 

Х.БАТТУЛГА 

            Өнгөрсөн хаваржин Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Ардчилсан намыг булаацалдаж байна гэж, МАН-ынхан тэг дундаас нь гал дээр тос нэмж байна гэж улс төр хэсэгтээ л бужигнаантай байсан. 
 
           Ерөнхийлөгчөөс буумагцаа АН-ыг гартаа авахаар эхлүүлснээ гүйцэтгэх нь үү гэсэн тэгээгүй. Албан тушаалаа өгснөөсөө хойш “Токио” олимп дээр харагдсан. Удаахан нь "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллах боллоо" гэж “шуугиулсан”. Харин тэрнээс хойш нэг их үзэгдсэнгүй. Өнгөрсөн дөрвөн жил тэр өөртөө өстөн дайсан олон бэлдсэн байх гэх таамгаар улс төрд заавал эргэж ирнэ, тэгж байж улс төрийн ямар нэг хамгаалалтад орох байх гэж нийтээр хүлээсэн. Тэгвэл өчигдрөөс УИХ дахь АН-ын бүлгийнхэн төсөөлөөгүй байдлаар тангараг тасарцгааж, гурван ч гишүүнээ бүлгээсээ хөөчих нь тэр. Сонсох нь ээ, АН-ыг булаалдсан Х.Баттулга тэргүүтнүүдийн тулаан дахиад эхэлсэн гэх. 
 
Угаас улс төрийн тоглолтоо ил явуулдаг нь Х.Баттулгын л онцлог шиг байгаа юм. Гэхдээ хөшигний ардах үйл явцад оролцоотой л явдаг шиг. Ямартай ч ойрын хугацаанд АН-ын дотоод хагарлын үйл явц хэрхэн үргэлжлэхээс хамаарч, Х.Баттулга улс төрд эргэн ирж байна уу, үгүй юу гэдэг нь харагдах бололтой. Ерөнхийлөгч асан Х.Баттулга бол Монголын улс төрийн нууцлаг атлаа хүчтэй дүрүүдийн нэг. Наанаа намбалаг, аливаад уужуу харагддаг боловч цаанаа “загалмайлсан эцэг”-ийн дүртэй л гэцгээдэг. Одоогийн жаалхан улс төрд түүн шиг дүр байхад илүүдэхгүй.
 

Ч.САЙХАНБИЛЭГ

           Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эх орондоо ирчихвэл Монголын улс төр хэсэгтээ л сонин, содон, сонирхолтой үйл явцаар дүүрэн байх хүлээлттэй байгаа. Тэр одоогоос хоёр жил гаруйн өмнө эрүүл мэндийн шалтгаанаар гэж эх орноосоо “оргох” шахам гарч одсон, өдий хүртэл эргэж ирээгүй яваа. Хаана, хэрхэн амьдарч байгааг нь хуулийнхан хүртэл олж, мэдэж ядаад Интерполоор хүртэл эрэн сурвалжилсан. Гэхдээ тэр өнгөрсөн хугацаанд өөртэй нь холбоотой улс төр нэг биш удаа өрнөхөд “Би удахгүй очно, гэтэл Баттулга чинь намайг хорих гээд...” хэмээн бичлэг явуулж, бас захидал илгээж, амьд яваагаа дуулгаж байсан. Сонсох нь ээ, нэртэй, үнэтэй хуулийн фирм хүртэл хөлслөөд, өөрийгөө үнэхээр хууль зөрчсөн эсэхээ нягтлуулж, цаашид яах тухай зөвлөлдсөн гэх.  
 
           Түүнийг “эх орондоо очвол хоригдоно” гэдэг айдас нь нааш зүглүүлдэггүй гэж бид ойлгож ирсэн. Өөрөө ч нааш нь бичлэг, захидал илгээх бүрдээ Х.Баттулга тэргүүтнүүд өөрийг нь онгоцны буудалд буумагц нь аяганы амсар зуулгалгүй баривчлахад бэлэн байгаа учраас очихгүй байгаа гэж тайлбар ирсэн. Гэхдээ Х.Баттулга одоо юун Ч.Сайханбилэгийг шоронд суулгах, өөрөө суучихгүй бол зол гэж бодож яваа л байлтай. Гэсэн ч Ч.Сайханбилэг ирсэнгүй. Өнөөх л “Би удахгүй очно” гэдэг мэдээгээ сэвүүлдэг хэвээрээ. Тэгэхээр өөр зүйл хүлээцнэж байж болох юм. Уг нь өөрийнх нь туган дор явсан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, М.Энхсайхан тэргүүтнүүд тус тусын хариуцлагаа үүрээд, гарах нь гарцгаасан. Одоо тэр л дутуу байгаа. Нэг талаас эргэж ирэхгүй байгаа нь өөрт нь ногдох хэргийг улам хүндрүүлж, улам л илүү анхаарлын төвд оруулаад байгаа. Нөгөө талаас эргэж ирээд бусад шигээ 5, 10 жилийн ял сонсоод, хуулийн цоорхой, элдэв өршөөл, уучлалаар суллагдчихгүй зугтаад байгаагын цаанаа түүнд бусдаасаа илүү том, ноцтой хэрэг ногдож байх хардлага ч дагуулж байгаа юм. 
 
         Ямартай ч, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эх орондоо ирчихвэл монголын улс төр хэсэгтээ л дуулиан, шуугианаар халгин цалгин байна байх. Бас Дубайн гэрээ гэж үнэхээр байдаг, байдаггүйг, чухам юу тэнд нуугдаж байгаа вэ гэдэг тааврын хариу тайлагдаж, магад, илүү олон хүн дээлээ нөмрөх хэрэгтэй боловч юм бил үү. 
 

Н.НОМТОЙБАЯР

        Дуулиан, шуугиантайгаар аавын хаалга татсан Н.Номтойбаяр гарч ирмэгцээ “Та бүгд сайн байна уу. “Улс төрийн хөл хорио”-нд 307, ажилласны шагналд 57 хоног авч хилс ялыг шоронд дуусгав. Надад итгэсэн баярлалаа. Таны зөв гэдгийг би удахгүй батална. Би та бүгдийн адил сураггүй болсон шударга ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улс төрөөр маш их цангаж байна” гэж мэндчилсэн. Одоогоос зургаан сарын өмнө юм даа. Түүний энэ мэндчилгээ нийтэд “өөрийг нь шоронд суулгасан МАН-тай, ялангуяа өөрийнхөө хэргийг өөрт нь тохсон С.Эрдэнэтэй ана мана, ач тач үзэлцэх нь ээ, улс төрд гал авалцах нь” гэх хүлээлт үүсгэсэн. Гэвч юун улс төрд эргэж орох, хилс ялаа цайруулах гэж төлөө нэхэл дагал болох. Гражинд нь хүлээж байсан хэдэн “бенз”-үүдээ засаж, тордоод хавь ойрын, гадаад дотоодын бүхий л тэмцээн уралдаануудад оролцож эхэлсэн. Тэр шоронд улс төрийг биш, уралдааныг л илүү санасан бололтой юм билээ. 
 
       Хөмсөг зангидаж янз бүр бололгүй, хүйтэн инээмсэглэж, хөмхий зуугаад шорон зүг явсан шигээ гарч ирээд ч тэр янзаараа тэмцсэн бол түүнийг дэмжигчид ёстой цөс нь хөөрөөд босоод ирэх байв. Тэгээд улс төрд халуун үйл явдлууд өрнөх байсан. Гэвч өнгөрсөн зургаан сарын хугацаанд тэр тэгсэнгүй. Аанай л, автомашины уралдаануудад оролцож яваа. 
 
Монголын улс төрд сонирхолтой бөгөөд зоригтой, шийдэмгий дүр үнэхээр үгүйлэгдэж байна. 
 

ТЭД ЭРГЭЖ ИРВЭЛ...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-15 07:31:31
    дэл : Номтойбаярыг хэн дэмжих вэ компанийн хэдэн ажилчин хүчээр дэмжинэ биз дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188