• Өнөөдөр 2024-05-19

ЗГ: Тяньжин боомтод саатаад байгаа 4575 чингэлэг ачааны асуудлыг өвлөөс өмнө шийдвэрлэхээр боллоо

2021-10-12,   342

               Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай цахим уулзалт хийлээ.
 
Уулзалтын үеэр Ерөнхий сайд нар хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах талаар санал нэгдлээ.
 

Энэ хүрээнд халдвар хамгааллын арга хэмжээг сайжруулсны үндсэн дээр худалдааны голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулахыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт хилийн боомтод саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрлээ. Түүнчлэн Тяньжин боомтод  саатаад байгаа Монголын 4575 чингэлэг ачааг өвлөөс өмнө шуурхай шийдвэрлэхээр боллоо.

 
              Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын худалдааны эргэлт, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд авто зам, төмөр замаар харилцан холбогдох нь чухал болохыг тэмдэглэж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах санал дэвшүүлэв. Хоёр тал Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын хоёр улсын хил  огтлолын цэгийг эцэслэн тохирч, холбогдох боомтуудад ногоон гарц нээх ажлыг идэвхжүүлэхээр санал нэгдлээ.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгаль орчны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг Ерөнхий сайд нар тэмдэглэж, хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсоны дагуу цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх томоохон төслийг хамтран хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
 
 
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

ЗГ: Тяньжин боомтод саатаад байгаа 4575 чингэлэг ачааны асуудлыг өвлөөс өмнө шийдвэрлэхээр боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188