• Өнөөдөр 2024-03-29

Биеийн бэрхшээл сурч, хөгжихийн бэрхшээл биш

2019-11-03,   530

Дэлхийн 7.5 тэрбум гаруй хүн бүгд биеэсээ ямар нэгэн зүйлээр өөр, ялгаатай. Гэхдээ маш олон зүйл хүн төрөлхтнийг нэг зорилго, нэг тэмүүлэлд нэгтгэж, бүгд өөр өөр арга барилаар тавьсан зорилго, мөрөөдсөн мөрөөдөлдөө хүрдэг. Өөрөөр хэлбэл, хүн бүхэн тэмүүлэлдээ хүрэх арга зам, цаг хугацаа нь өөр ч хүрэх хүсэл, зорилго нь магадгүй нэг л цэг, нэг л туганд хүрэх байдаг билээ. Ингэж бодвол яг энэ цаг үед бол ойролцоогоор 7.5 тэрбумуулаа амжилт, бүтээл, сайн сайхан, ямар нэг зүйлийг хийж сурахын төлөө өөр өөрийнхөөрөө зүтгэж байгаа гэсэн үг. Жишээ нь, нэг настнууд алхаж сурахыг, зургаан настнууд үсгээ цээжлэхийг, 18 настнуудын олонх нь их, дээд сургуульд тэнцэхийг гэх мэтээр хязгааргүй үргэлжилнэ.

Онцлог нь бүгд нэг гараанаас эхэлж болох ч нэгэн жигд урагшлах боломжгүй. Учир нь хүн төрөлхтний амьдрал газар зүйн байршил хийгээд амьдарч буй орчин нөхцөл, нийгмийн гарал угсаа, өвчин, олон нийтийн нөлөөлөл гэх мэт олон зуун шалтгааны улмаас тэгш бус, өөр өөр. Хэн нэгэнд “А” үсгийг нүдэлж, бичиж сурахад ердөө гуравхан цаг хангалттай бол заримд нь гурав хоног, гурван долоо хоног, магадгүй түүнээс ч урт хугацаа шаардагдаж мэднэ. Хэн нэгэн эзэмшсэн мэргэжлээрээ амжилтад хүрэхэд гурван жил зарцуулж байхад зарим нь 30 жилийн дараа тэр дайны амжилтад хүрч ч болно. Өөрөөр хэлбэл, өөрөөс хийгээд гаднын нөлөөнөөс шалтгаалан амжилт хийгээд бусад зүйлс харилцан адилгүй цаг хугацаанд үр дүнд хүрдэг. Гэхдээ энэ нь хэн нэгэн сурахгүй, хөгжихгүй гэсэн үг биш, өөр өөр цаг хугацаанд, өөр арга барил, оролдлого, хүчин чармайлтын дүнд хүссэндээ хүрдэг гэсэн санаа. Энэ ялгаа хүн бүхэнд мэдэгддэг ч хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт хүүхдүүдэд илүүтэй мэдрэгддэг байхыг үгүйсгэх аргагүй.

Учир нь эдгээр хүүхдэд бусдаас арай илүү анхаарал халамж, дэмжлэг, нэг зүйлийг шантралгүй, тэвчээртэйгээр дахин дахин хийж, оролдох зайлшгүй шаардлага ихэвчлэн тулгардаг. Хэн нэгний хэдийнээ чаддаг болсон зүйл, хүрсэн амжилтад хүрэхийн тулд өөрийнхөөрөө чармайж байгаа тусгай хэрэгцээт болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, багачуудад бидний хэчнээн нь урам өгч, тусалж, дэмжиж чаддаг бол. Ялангуяа хөгжиж буй орны тоонд зүй ёсоор ордог Монголын хувьд тусгай хэрэгцээт хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулж чаддаг бил үү.

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн дунд судалгаа явуулахад оролцогсдын 82 хувь нь “Ерөнхий боловсролын сургуульд суралцах эрхтэй ч тусгай сургуульд явуулах нь хүүхдэд минь илүү дээр” хэмээн хариулсан байдаг. 

Үүний учир шалтгааныг үе тэнгийнхнийх нь ялгаварлан гадуурхалт, үл ойлгох хандлага, төвөгшөөх, шоглох, багш, сургуулийн ажилтнуудын чадавх, тэдний сургалтын арга зүй дутмаг байдал, мөн төвөгшөөдөг, ойлгодоггүй хандлагаас гадна ерөнхий боловсролын сургуульд тусгай хэрэгцээт болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд шаардлагатай, ээлтэй орчин байдаггүйтэй холбон тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхдийн сурах хүсэл, эрмэлзлээсээ бус хүрээлэн буй орчин, гаднын нөлөөнөөс үүдэлтэйгээр эцэг, эхчүүд хүүхдээ ерөнхий боловсролын сургуульд суралцуулахаас татгалздаг байна. Гэвч энэ нь эргээд тухайн хүүхдийнхээ хөгжил, сурч, боловсрох боломжийг удаашруулах, зарим тохиолдолд бүр сонирхолгүй болгох тохиолдол ч болдог гэдгийг эцэг, эхчүүд хэлдэг. Жишээ нь, нийслэлийн 65 дугаар сургуульд өнгөрсөн намраас хүүхдээ элсүүлсэн нэгэн ээж “Охин маань хараа, сонсголын бэрхшээлтэй. Ерөнхий боловсролын сургуульд элсүүлбэл охиныг маань хүүхдүүд шоглох байх гээд тусгай сургуульд анх элсүүлсэн. Гэвч охины маань сурах хүсэл, тэмүүлэл өдөр ирэх тусам багасаж, хараа, сонсгол нь улам бүр муудаж эхэлсэн. Иймд ерөнхий боловсролын сургуульд элсүүлж үзье гэж аавтай нь ярилцаж байгаад 65 дугаар сургуульд оруулсан. Одоо охин минь цовоо сэргэлэн гэж жигтэйхэн, сургуульдаа явах дуртай, ангийнхантайгаа найзалж, нөхөрлөөд тоглож гүйгээд огт өөр болсон. Тусгай сургуулийг муу гэж байгаа юм биш шүү. Хүүхдэд орчин, хамт олны нөлөө маш чухал гэдгийг эндээс ойлгосон” хэмээн ярьж байв. Эндээс хүүхдээ үүрээд итгэл муутайхан сургуулийн хаалгаар ороод ирж байгаа аав, ээжид итгэл найдварын гэрэл гэгээ сэтгэлд нь асаах төрийн бодлого, орчин нэн шаардлагатай байгааг харж болно. Дэлхий нийтийн боловсролын зарчим нь хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах төдийгүй ялангуяа тусгай хэрэгцээт хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд заавал хамруулах байдаг. Харин манайд дээр дурдсан шалтгааны улмаас өнгөрсөн хугацаанд тусгай хэрэгцээт хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 80 орчим хувь нь ерөнхий боловсролын сургуульд элсдэггүй, хамрагддаггүй. Энэ байдлыг халах, хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах үүднээс Хүүхдийг ивээх сангаас БСШУСЯ, НХХЯ, Насан туршийн боловсролын төв тэргүүтэй байгууллагатай хамтран “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төсөл санаачлан хэрэгжүүлж буй. Энэхүү төсөл хэрэгжсэн эхний жилд л гэхэд тусгай хэрэгцээт цөөнгүй хүүхэд ерөнхий боловсролын болон Насан туршийн боловсролын төвд хамрагдаж, амжилттай суралцаж, өмнөхөөсөө хэд дахин их хүсэл тэмүүлэлтэй, биеэ даах чадвартай болж байгааг багш, эцэг эхчүүд нь ярьж байна. Мөн өмнө нь хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байсан багшлах боловсон хүчнийг чадавхжуулж, тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй хэрхэн ажиллах арга зүйгээр хангаснаар боловсролд тэгш хамруулж чадахгүй байсан нэг гацаа арилж эхэлж байгааг онцлох хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, тусгай хэрэгцээт хүүхдүүдэд юу хэрэгтэйг тодорхойлж, тэдгээр хүүхдэд жаахан л анхаарал тавьж, дэмжлэг үзүүлэхэд Монголын 35 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн олонход итгэлийн гэрэл асаж, тусгай хэрэгцээт олон арван хүүхэд сургуульд суралцах хүсэлтэй болж буй сайн үр дүн өнгөрсөн нэг жилийн хугацаанд гарсан гэж болно. Мөн багш, эцэг эхчүүдийг тусгай хэрэгцээт хүүхэдтэй хэрхэн харилцах, ямар арга барилаар хичээл заах зэрэг арга зүйн сургалтад хамруулж, үе тэнгийнхнийх нь дунд “Тусгай хэрэгцээт хүүхдэд бусдаас ялгаатай зүйл огт байхгүй. Тэд аливаа зүйлийг арай өөр арга барилаар, зарим нь илүү их хүчин чармайлтаар сурч, хийдэг. Үүнд нь ангийн найз нөхдийнх нь дэмжлэг хамгаас чухал” гэсэн хандлагыг хэдхэн сарын хугацаанд түгээхэд л өмнө нь нуугдмал, нуугдахыг хичээдэг, хаалттай гэж болохоор байсан хүүхдүүд бусадтайгаа хөл нийлүүлэн алхаж эхэлж байна. Үүний тод жишээ бол төсөл хэрэгжиж буй нийслэл, орон нутгийн ерөнхий боловсролын найман сургуульд элсэн суралцаж буй сурагчид юм. Дээр нь Насан туршийн боловсролын төвд суралцаж буй хүүхдүүдийн тодорхой хувь нь ирэх намраас ерөнхий боловсролын сургуульд суралцах боломжтой болсон гэх багш нарынх нь үнэлгээ нэмэгдэнэ. Нэг үгээр хэлбэл тусгай хэрэгцээт хүүхдүүдэд өөрсдөөс нь шалтгаалах бус нийгмээс, бусдаас ирэх тусламж, дэмжлэг, зөв хандлага үгүйлэгддэг, үгүйлэгдэж ирсэн гэсэн үг.

Хүүхэд бүрийн суралцах хэрэгцээ, чадамжид нийцсэн, тэдний тэгш хүртээмж, оролцоог дэмжсэн, хүүхдийн эрхэд суурилсан чанартай боловсролыг тэгш хамруулан сургах зарчим гэдэг. Энэ зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө Хүүхдийг Ивээх Сангаас “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийг гурван жилийн хугацаанд Японы Гадаад хэргийн яамны санхүүжилтээр БСШУСЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Төслийн #ӨөрӨөр аяныг хэрэгжүүлж байгаа бөгөөд хүмүүст эерэг, гэгээлэг мэдлэг мэдээлэл, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хэрхэн сурч, хөгжиж, ажиллаж, нийгэмд хувь нэмэр оруулж яваа сайн сайхан жишээнүүдийг түгээж эхлээд байгаа билээ. Нэгэн жишээ татъя. Энэ жил 18 нас хүрч байгаа Болд Ховд аймгийн төвд аав, ээжийнхээ хамт амьдардаг. Тэрбээр саажилттайгаасаа болж үе тэнгийнхэнтэйгээ тоглодоггүй, гэрээсээ гардаггүй, бие дааж хувцсаа өмсөж, гутлаа углаж ч чаддаггүй, тэр ч бүү хэл нусаа арчиж суралгүйгээр ээжийнхээ халамжид 17 жил амьдарсан байна. Дээрх төслийн хүрээнд тусгай хэрэгцээт хүүхдүүдийг олж илрүүлэн боловсролд тэгш хамруулах үеэр түүнийг тус аймгийн Насан туршийн боловсролын төвд суралцуулахаар болсон байна. Эхэндээ эцэг, эх нь төвөгшөөнгүй байсан ч хүүхдийнхээ ирээдүйг бодоод Насан туршийн боловсролын төвийн холимог бүлгийн бага ангид элсүүлсэн аж. Сургуульд хамрагдсан 18 настай хүү нь гуравхан сарын дараа тод өнгөнүүдийг ялгаж, заадаг болохоос гадна үзэг, харандаагаа зөв барьж сурч, багшийн заасан зураас, татлагуудыг зөв зурахыг хичээж, өөрөө нусаа арчдаг болж, хичээлдээ гоё хувцастай явмаар байгаагаа илэрхийлж, тэр бүхэл сургууль руугаа ганцаараа явахыг оролддог болсон байна. Хүүгийнхээ энэ өөрчлөлт, хүсэл тэмүүлэл, биеэ дааж байгаа байдлыг ээж нь “Хүү минь өдөр бүр хөөр баяртайгаар сургууль руугаа яаран явахыг харах, шинэ зүйл сурсаар байгаад, хамгийн гол нь биеэ дааж хувцсаа өөрөө өмсөхийг оролдож, нусаа арчиж, ямар хувцас өмсмөөр байгаагаа илэрхийлдэг болсонд үнэхээр баяртай байна. Бид өмнө нь хүүтэйгээ хэрхэн ажиллах, түүнд ямар дэмжлэг үзүүлэхээ мэддэггүй байж. Хүүд минь төдийгүй манай гэр бүлд аз жаргал, шинэ хүсэл мөрөөдөл нэмсэн ийм сайхан сургалт зохион байгуулж байгаад баярлаж байна” хэмээн ярьсныг ХИС-ийн Төслийн мэргэжилтэн Ц.Оюунтунгалаг ярьсан билээ. Болд бол хоолоо өөрөө халбагадаж идэх, нусаа бусдаар ичин ичин цэвэрлүүлэх бус өөрөө арчих, үсээ хүссэнээрээ самнах, балын харандаагаа зөв барьж сурахыг хүсэж буй мянга мянган хүүхдийн нэг нь л. Гэхдээ хамгийн чухал нь тэр олон зүйлийг сурч, хөгжих боломжтой гэдгээ өдөр ирэх тусам гэрийнхэндээ болон ангийнхан, багш нартаа харуулсаар байгаа. Энэ чинь л аливаа зүйлийг сурахад цаг хугацаа, арга барил нь бусдаас арай өөр ч хүн бүхэнд сурах, бүтээх, амжилтад хүрэх боломж бий гэдгийн тод жишээ билээ.


Биеийн бэрхшээл сурч, хөгжихийн бэрхшээл биш
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188