• Өнөөдөр 2024-04-25

Үрээ гэсэн ээжийн хайр, тэсвэр тэвчээр бөхийх ёсгүй

2019-11-13,   1788

Үрийнхээ төлөө хамгаа зориулсан ээжийн түүх яасан олон бэ. Дуу, шүлэгт дүрслэгддэг арван сар үрээ тээж, ангир уургаа шимүүлсэн гэх “мэдээлэл” төдийхөн мөр, бадаг эхийн өгөөмөр их хайрын дэргэд өчүүхэн, будааны нэгэн ширхэг ажээ. Үхлээс үрээ булааж, дэнчинд нь өөрийгөө тавих эх хүний түүх бишгүй. Өр эмтэлж самсаа шархируулсан 27-хон настай Н.Саранчимэг ээжийн түүхийг хүн бүхэн мэднэ. Наймхан сартай мантгар бор хүүгээ тэвэрсээр Сэлэнгэ мөрний усанд урсаж орхисон эгэл монгол ээжийн түүх эрхгүй нулимс бөмбөрүүлдэг. Хүүгээ чөмөг хага ташсан Сэлэнгэ мөрний усанд нэг хором ч болов оруулахгүй гэхдээ ширээний тавцан  чинээ мөсөн дээр аврал эрэн урссаар хил даваад одсон байдаг. Ингэж урсаж явахдаа “Ядаж хүүг минь амьд дээр нь аварчих л даа” гэж гуйсаар эрчилсэн их давалгаанд туугдсаар бидний дундаас явчихсан. 27-хон настай залуухан ээж ийн аврал эрж урсаж явахдаа хүүгийнхээ төлөө хамгийн сүүлчийн удаа хийж чадах үйлдэл нь өөрийн хайр энхрийллээ мэдрүүлэх байж. Залуухан ээж дээлийн энгэрийн товчоо тасар татан ярж үрээ халуун цээжиндээ наагаад бумбагар гарт нь мөөмийг нь бариулаад аманд нь халуун сүүгээ амлуулсан байдаг. Ээж хүү хоёр ийн сүүлчийн мөчид бие биенээ тас тэвэрсээр одчихсон. Цэлэлзсэн их мөрний ус Г.Шинэбаяр хүүгийн хамаг биеийг хучихад ээжийн бүлээн сүү ам дүүргэж бээрсэн цээжийг нь хэрхэн дулаацуулж байсан бол.
Тэртээ 2012 онд ийм нэгэн өгөөмөр ээжийн түүх монгол хүн бүрийн сэтгэлд хайрын цучил асааж орхисон юм. Үрийнхээ төлөө үхэж чадах зориг зөвхөн монгол ээжүүдэд л бий гэчихвэл ертөнцийн ижий нар гомдох л байх. Гэвчиг яагаад ч юм монгол ээжийн өгөгдөл тэр юмсан уу, хорвоогийн жам ёсны өмнө өөрийн амь нас, эрүүл мэнд, аз жаргалаа золиослох халуун зориг ямагт лугших цусанд нь буцалдаг аж. Ийм жишээг дахиад хэдэн зуугаар нь бичих баримт хангалттай байна. Өгөөмөр, уужуухан ээжийн төлөөлөл  болсон Ц.Уугансарнай бүсгүйг уншигч танд танилцуулъя.

Өрцнийх нь цаана өөр нэг зүрх цохилсон цагаас  эхэлсэн эхийн хайр үрээ сунайсан том залуу, гунхсан сайхан бүсгүй болсон ч бөхөж, унтардаггүй юм байна. Хүүхдийнхээ хөл, хүзүүнийх нь зөөлөн сайхан үнэрээр зүрхээ тэжээчихсэн ээж хүний амь төгсдөггүй  юм шүү.  

Цэцэгсүрэн гэж айл дөрвөн хүүхэд өсгөн бойжуулсны ууган охин нь Уугансарнай. Өдгөө 37 насны босго алхахдаа тэрбээр өөрийгөө азтайд тооцож явжээ. Хойно, Оросод боловсрол эзэмшиж, уул уурхайн маркшейдр гэх мэргэжил эзэмшээд ирсэн даруйдаа ханьтайгаа танилцаж гал голомтоо бадраажээ. Хоёр ч их, дээд сургууль төгсөж хос мэргэжил эзэмшжээ. Эрдэм номын мөр хөөсөөр үеийнхнээсээ нэлээд хожуу хань бүлтэй болсон ч олон хүүхэд төрүүлсэн өнөр айлын эзэгтэй болно хэмээн өөртөө амласан байна. Ингээд 2015 онд анхны охиноо төрүүлжээ. Бөөн баяр, хөөр. Хүүхэд гэж ямар гэгээн тунгалаг ертөнц болохыг тэгэхэд л мэдэрчээ. Амин хайртай охиндоо хошуугаа дэвсэж хүн болгов. “Олон хүүхэдтэй болно” гэсэн хүсэл улам бүр ундарсаар. Ингээд хүүхэдтэй болох хүслийг нь бурхан ерөөв үү гэлтэй өрцнийх нь цаана дахин нэг бяцхан зүрх цохилж эхэлжээ. Хөл газар хүрэхгүй баярлаж. 37 насанд минь гэрэл нэмж ирэх энэ бяцхан амь хүү байгаасай хэмээн ханьтайгаа залбирсан байна. Өдрөөс өдөрт томрох гэдсээ илж хэвлийнхээ наана, цаанаас хүүтэйгээ ярилцсаар нэг л мэдэхэд долоон сар тээжээ. Гэтэл яг энэ үеэс толгой нь таллаж өвдөөд, үе үе дотор нь эвгүйрч эхэлсэн байна. Нүд нь  харанхуйлж, хөл, гар нь татвасхийн шархирах зовуурь лавширсаар л байсан гэдэг. Бие нь тавгүйрхэн нэг л биш болоод байгааг энэ л үеэс Ц.Уугансарнай мэдэрчээ. 

СОГТУУ ГЭЖ АНДУУРСАН ЭМЧ Ч БИЙ 

Тэрбээр бага багаар өөрийгөө хянаж чадахгүй, дайвж гуйваад байгаагаа эхэндээ ер анзаараагүй байна. “Хожуу үеийн хордлого аюултай гэсэн. Эмнэлэгт л хандъя” хэмээн бодоод том гэдэстэй жолооны ард суужээ. Гэтэл эмнэлэгт хүрэх замдаа хяналтаа алдаж машиныхаа жолоог хаашаа эргүүлээд байгаагаа ч мэдрэхээ больсон байна. Золтой л осол гаргалгүй хажуугаар өнгөрч явсан машинд тулаад зогсчээ. Гэтэл уурссан жолооч нар “Цагдаа дуудаарай. Давхар биетэй байж ингэтлээ архи уучихсан явна” хэмээн тал талаас нь бүчээд авчээ. Ухаан санаа нь эрүүл ч биеэ яагаад удирдаж чадахгүй байгаа өөрийгөө гайхсаар арай гэж хүнд байдлаас гарсан байна. Авто зам дээр үүсэж болох аюулаас арайхийн мултарсан тэрбээр харьяалах эмнэлгийн эмч дээрээ очтол мөн л “Согтуу байгаа юм уу” хэмээн бүсгүйг сонжжээ. Хэл нь ээдэрч, дайвж гуйвсаар эмчдээ өөрийгөө ойлгуулж чадсан байна. Ингээд л түргэн авч тархины нарийн мэргэжлийн эмнэлэгт ханджээ.

ХҮҮГЭЭ ЭСЭН МЭНД ТӨРҮҮЛЭХ ГЭСЭН ЭЭЖИЙН ШИЙДВЭР 

Аливаа жам ёсны өмнө зүрхээ чангалсан эх хүний шийдвэртэй бурхан ч тэрсэлж чаддаггүй аж. Хүний тархинд юу үүссэн, ямар үр нөлөө үзүүлээд байгааг алган дээр тавьсан мэт оношилж чаддаг эмнэлэг Монголд бий. Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн Тархины мэс заслын тасгийн эмч нар хэзээ мөдгүй төрөх тогоо шиг гэдэстэй бүсгүйг уриалгахан хүлээн авсан байна. Юуны учир биеэ удирдах чадамжгүй болсныг нь, тархиных нь яг төв хэсэгт шүдэнзний хайрцгийн чинээ хавдар ургасан, өөрөөрөө төрөх ямар ч боломжгүй гэх хатуу бөгөөд үнэн мэдээ дуулгажээ.  Тэр амьдралын хатуу  үнэнтэй нүүр тулжээ. Хэдхэн хоногийн өмнө хэвлийд нь цаг минутаар томрон  бүрэлдэх үрээ хэрхэн төрүүлэх талаар мөрөөдөн  догдолж, “Хүү минь аавыгаа дуурайсан байгаасай. Сайхан хүүтэй хүн жаргадаг юм гэнэ лээ” хэмээн бодож явсан түүний жаргалтай үе зогсчих шиг л болжээ.  Төрөх хугацаагаа хүлээвэл дахиад сарын зай бий учраас Ц.Уугансарнай бүсгүй Бор-Өндөрт суугаа ижий аавдаа хэл дуулгажээ. Шинэ мэндлэх үрээ хүлээж суусан охиноо аймшигт мэдээ сонсгоно чинээ бодоогүй явсан буурлууд ах, дүү нарыг нь дагуулсаар хоногтоо хотод хүрээд иржээ. Ухаан санаа балартсан хөдөөгийнхөнд хавдар гэх онош хана мөргөх шиг санагдсан тул “Ураг яах вэ, охины минь амийг л авар” гэж эмч нараас гуйсан байгаа юм. “Өөрөөрөө төрөх ямар ч боломжгүй. Хүүхдээ төрүүллээ гэхэд өвчний явц түргэснэ” гэдгийг эмч нар энэ хугацаанд Ц.Уугансарнай болон ар гэрийнхэнд нь сануулсаар байж. Үхэл, амьдралын туйлын энэ шугам дээр зогсож байгаа бие давхар бүсгүй яг л энэ үед хэний ч зөвлөмжийг дагасангүй. “Би хүүгээ төрүүлнэ. Ээж ээ, би та нартаа уйлдаггүй, өвдөж хүн зовоодоггүй, өлчир, чийрэг сайхан хүү төрүүлж өгнө. Миний амь нас яах вэ. Хүү минь энэ хорвоод мэндлэх ёстой. Ханьдаа би хүүг нь төрүүлж өгнө” хэмээн инээмсэглэсэн байна. Юутай их зориг, ямар халуун хайр вэ. Үрээ гэх эхийн хайр ийм өгөөмөр. Үхлийн өмнө амь насаараа дэнчин тавихдаа тэрбээр юунаас ч айсангүй. Айх нь бүү хэл дүрэлгэр алаг нүднээсээ нулимс унагасангүй ээ.  Амьдралын хатуу үнэнтэй нүүр тулсан эмэгтэй хэний ч үгэнд оролгүй, зөвхөн биеэс нь бие болон ургасан үрээ эсэн мэнд төрүүлнэ гээд зүтгэчихжээ. Ц.Уугансарнай алтан гартай эмч нарт итгэж найдан  төрөх эмнэлгийн орон дээр гарлаа.  Хэдхэн хормын дараа төрөх тасгийн өрөөнд нялх үрийнх нь дуу хадах нь тэр ээ. Хүүгийнхээ час хийн уйлах дууг сонсоод “Эмч ээ миний хүү эрүүл саруул биз дээ” гэж асуусан  байдаг.  Эмч “Эрүүл саруул сайхан хүү төрлөө” гэж намуухнаар хэлсэн гэдэг. Ээж болох нандин зүйлийг дахин мэдэрч, “Би хүүгээ эсэн мэнд төрүүлж чадлаа” хэмээн  сэтгэлдээ, зүрхэндээ  өмрөн бодож хэвтэх Ц.Уугансарнайгийн хацар дээгүүр бүлээн нулмис урсаж байсан гэдэгт огт эргэлзэхгүй байна.  Энэ цаг үед  дөнгөж нярайлсан ээж аюулт  өвчнөө  ор тас мартаж ямархан жаргалтай байсан бол.     Өдгөө ч түүний хөөрхөн бор царайнд  айдас хургасан шинж ер алга. “Хүүгээ хөхүүлээгүй. Бие болоод хөдөлгөөнөө хянаж чадахгүй байгаа болохоор нялх үрээ гэмтээчих вий гэж айж байна” гэж тэр хэлсэн. Үхлээс ч айдаггүй өнөөх зоригт ээжийн айдас энэ аж. Манцуйндаа үнэгчлэн нойрсох хүүг Энхтүвшин гэдэг. Хүний хорвоод эхийн халуун хэвлийгээс гарч ирээд яг нэг сар болж байна. 

ЭНЭТХЭГ ЭМЧ НАР АВРАЛЫН ОД БОЛОН ГИЙЖЭЭ 

Хүүгээ төрүүлсэн ээжийн бие огцом муудсан байна. Хавдар гэх аюулт өвчний хамгийн хорон шинж энэ билээ. Оношлогдсон даруйдаа тухайн хүнээ цаг, минутаар бөхөөж байдаг хавдрын аюулыг анагаах ухаан зогсоох аргыг эрсээр л байгаа. Бүсгүй хүүгээ кесорова хагалгаагаар төрүүлсэн бөгөөд хагалгааны дараах оёдлоо авахуулахаар эмнэлгээр явж байхдаа ёстой л бурхны элч гэмээр цагаан нөмрөгтнүүдтэй учирчээ. Тодруулбал, Ц.Уугансарнайг эмч эмчийн хаалга татаад явж байх яг тэр үед Монгол Улсад Энэтхэг улсын тэргүүлэх эмнэлгийн шилдэг тархины мэс заслын багийнхан Гуравдугаар эмнэлэгт зочилсон байв. Тэд Монголд “Эмчлэгдэх боломжгүй” гэх оноштой ганцхан өвчтний түүхийг судалж, улмаар Энэтхэгт мэс ажилбар хийж амийг нь аврах хүсэлтэй ирцгээсэн нь Ц.Уугансарнай бүсгүйд амьдрах итгэлээ алдахгүй байх од болон гийгүүлжээ. Энэтхэг эмч нар Монголоос хайсан нэг хүнээ олж, Ц.Уугансарнайг сонгожээ. Тэд 130 сая төгрөгийн үнэтэй хагалгааг өндөр үр дүнтэй хийнэ гэж хэлсэн нь олон хүнийг баярлуулав. Хүүхдийн заяа түшнэ гэдэг л энэ биз ээ. “Хүүдээ амьдрал бэлэглэнэ” хэмээн анагаах ухаантай хүртэл тэрсэлж чадсан ээжийг бурхан ийнхүү шагнаа юм болов уу.      Өнөөдөр түүний эмчилгээний зардлыг бүтээх хандивын тоглолт “Улаанбаатар палас”-т болно. Гэвч өчигдрийн байдлаар “1000 ширхэг тасалбар зарагдаагүй, хаана, хэнд хандахаа мэдэхгүй юм” хэмээн аргаа барсан бүсгүй хэлнэ билээ. Эх үрийг хагацал рүү түлхэхгүй байх боломж энэ өдөр тохионо. 

ХОРВООД ГАНЦХАН ЭЭЖҮҮД

“Хүү минь амьдрах ёстой” хэмээн хувь заяаны өмнө том амьдрахын үлгэр болсон залуу бүсгүйн шийдвэр зөв байсан. Яг ийм шийдвэрийг хорвоод ганцхан ээжүүд л гаргаж чадна байх гэсэн бодол эрхгүй төрөх юм. Өөр хэн ийм шийдвэр гаргалаа байз, бодоцгооё. Аан тийм, монголчууд нийтээрээ одоо ч тэр эмэгтэйг дурсдаг. “Ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог л байхгүй юү” хэмээх хүчтэй үгийг бидний дунд сийлчихээд явчихсан Б.Тунгалаг гэх бүсгүйг бид мэддэг. Хоёр тэрсхэн хүүгээ үлдээх зайлшгүй сонголтын өмнө тэрбээр мөн л Ц.Уугансарнай ээж шиг, Н.Саранчимэг ижий шиг монголчуудын зүрхэнд эхийн хайрын мөн чанарыг ойлгуулаад буцсан. Тэгвэл сайхан сэтгэлт монголчууд минь Ц.Уугансарнай гэх үрийнхээ  төлөө  өвчинтэй, үхэлтэй тэмцэлдэж яваа эгэл жирийн тэр  эмэгтэйд чадах чинээгээрээ тус дэм болъё. Түүнд ангир бяцхан хүүгээ гараас нь хөтлөөд жаргалтай алхах  боломж олгоё. Хайртай эхнэрээ аюулт өвчнөөс салгачих юмсан гэж дотроо өмөрч яваа түүний нөхөрт тус болмоор байна. Тэр нэгэн гэр бүл хоёр хүүхэдтэйгээ ширээ тойрон суугаад хамгийн жаргалтайгаар  элэг бүтэн инээлдэн суух нь та биднээс шалтгаална. Үрээ гэсэн тэр ээжийн хайр, тэсвэр тэвчээр бөхийх ёсгүй. Өрцнийх нь цаана өөр нэг зүрх цохилсон цагаас эхэлсэн эхийн хайр үрээ сунайсан том залуу, гунхсан сайхан бүсгүй болсон ч бөхөж, унтардаггүй юм байна. Хүүхдийнхээ хөл, хүзүүнийх нь зөөлөн сайхан үнэрээр зүрхээ тэжээчихсэн ээж хүний амь төгсдөггүй  юм шүү.  


Үрээ гэсэн ээжийн хайр, тэсвэр тэвчээр бөхийх ёсгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188