• Өнөөдөр 2024-03-19

Б.Үйлст: Эхийг эсэн мэнд амаржуулсны дараа багаараа инээгээд суух хамгийн сайхан

2019-11-11,   750

Олон мянган хүүхдийг өлгийдөн авч “хүйн” ээж болсон энэ хүний хорвоод мэндлүүлсэн нярай хэдийнэ 20 гаруй мянгад хүрчээ. Амьдралынхаа 45 жилийг төрөх өрөөнд өнгөрүүлж буй Б.Үйлст эмч нялхасын дуунд тэтгэгдэж, тэжээгдэж, ажил мэргэжилдээ дурлаж өнөөдрийг хүрчээ. 
Анагаах ухааны салбарт бүхий л амьдралаа холбосон түүний хөдөлмөрийг төр үнэлэн Монгол Улсын Ардын эмч хэмээх цолыг хоёр жилийн өмнө хүртээжээ. Энэ бол хорвоод хүн болж, дуу хадаан ирсэн олон мянган үрсийн сайхан энерги шингэсэн нүдээ олсон шагнал билээ.  

-Ухамсарт амьд­ра­лынхаа 45 жилийг эрүүл мэндийн салбарт тэр дундаа төрөх тасагт та өнгөрүүлжээ. Багаасаа л эмч болохыг  мөрөөдсөн үү? 
-Би малчин айлын хүүхэд. Бага нас маань эцэг эхийн гар дээр хүмүүжсэн. Найман настай сургуульд орж, бусдын л адил сурч төгссөн. Биднийг аравдугаар анги төгсөх жил анх удаа комисс очиж, конкурс авсан юм. Багаасаа эмч болно гэж бодож байгаагүй. Дунд сургуулиа төгссөн жил анагаахын сургуулийн хуваарь авч таарсан. Ингээд Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас ирж, Анагаах ухааны дээд сургуульд зургаан жил сурч, төгслөө. Дараа нь нарийн мэргэжлийн курс дүүргээд нэг мэдэхэд 44 жил эрүүл мэндийн салбартай амьдралаа холбочихжээ.
Сургуулиа төгсөөд хөдөө орон нутагт хуваарилагдсан. Монгол орны хамгийн алслагдсан сум болох Завханы Тэсэд 2-3 жил ажилласан юм. Гэхдээ гэр бүлийн хүнтэйгээ нэг дор амьдрахаас өөр аргагүй болохоор хот руу шилжиж ирээд нэгдүгээр төрөхөд орж бүх насаараа ажилласан гэх үү дээ. “Өргөө” амаржих газарт 33 жил төрөх өрөөнөөс холдолгүй ажиллажээ. Тэндээ л ажилласан. Би тушаал дэвшиж дарга болъё гэж огт бодож байгаагүй. Эмчийн мэргэжил сайхан шүү дээ. Гэхдээ эмч дотроо төрөх өрөөнийх байна гэдэг онцлогтой. Одоо ч гэсэн би төрөх өрөөнд голдуу ажиллаж байна. Нээрээ Батзаяа аа, би сүүлийн 10 жилд хувийн хэвшилд “Гурван гал” эмнэлэгт  ажиллаж байна. 

-Төрөх өрөөнөөс өөр газар ажиллая гэж бодож байгаагүй юу. Зах зээлийн нийгэмд шилжихэд эмч, багш нар олноороо ажлаасаа гарч байх үед ч та мэргэжилдээ үнэнч үлджээ?
-Үе үеийн олон сайхан хамт олон, багш, эмч нар, дунд үеийнхэн, миний залгамж халаа болсон залуустай ажиллаад 45 дахь жил рүүгээ орж байна. Миний ажил хүнд, эрсдэл өндөртэй, хоёр ба түүнээс дээш хүний амь хариуцдаг чухал алба. Тийм ч учраас төр засгаас бидний ажлыг үнэлдэг. Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарыг урамшуулдаг, гавьяа шагнал өгдөг, шийтгэхдээ ч шийтгэдэг. “Цаг наргүй, хариуцлага өндөртэй ажил учраас энэ мэргэжлээр тасралтгүй ажилладаг хүн ховор юм байна даа” гэж одоо бодож сууна. Өнгөрснөө хараад байхад надтай хамт ажиллаж байсан зарим эмч “Багш болдог ч юм бил үү. Эсвэл өөр тасагт ажилладаг юм уу” гэж эрсдэлээс зайлсхийж байжээ. Би мэргэжилдээ үнэнч байж, хатуу байр суурьтай явж ирсэн гэж боддог.
-Та ярианыхаа эхэнд суманд ажиллаж байгаад гэр бүлтэйгээ хамт байхын тулд хот руу шилжсэн тухайгаа хэллээ. Хань тань бас эрүүл мэндийн салбарын хүн юм уу?
-Би Анагаахын дээд сургууль төгсөөд гэр бүлийнхээ хүнтэй нийлсэн. Бид анагаахын нэг төгсөлтийнх. Сургуулиа төгссөнөөсөө хойш би эх барих, эмэгтэйчүүд, манай хүн хавдар судлалын чиглэлээр бүх насаараа ажиллалаа. Одоо цөөхөн цагаар ажиллаж, залуусаа дэмжиж байна. Залуус сайн ажиллаж, хөдөлмөрөө үнэлүүлэх хэрэгтэй гэж боддог. Манайх охин, хүү хоёртой. Охин маань эх барих, эмэгтэйчүүдийн эмч. Одоо “Өргөө” амаржих газар ажилладаг. Миний мэргэжлийг бүү сонгоосой гэж боддог байсан. Гэтэл хүний эрх юм байлгүй “Таны мэргэжлийг сонгоно” гээд эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр төгссөн, муугүй ажиллаж байгаа гэж боддог. 
-Төрөх өрөө бол баярламаар бас сандарч, айх мэдрэмж төрүүлдэг газар. Энэ өрөөнөөс та хэчнээн мянган хүүхэд эх барьж авав даа?
-Эх барьж авсан хүүхдийн тоо 21000 хүрсэн. Нялхасын дуу хоолой сонсч яваа болоод ч тэр үү би сэтгэл өндөр явдаг. Тэд нараасаа үргэлж баясал авдаг юм. Эхчүүд, хүүхдүүддээ анхаарал тавьдаг ч заримдаа хүндрэл гарчих гээд байна. Хүмүүс ч эрүүл мэнддээ тэр бүр анхаарахгүй юм. Төрөх насны эмэгтэйчүүд социализмын үеийнх шиг эрүүл саруул байгаа нь цөөхөн болчихжээ. 


-Энэ бүхэн юунаас болж байна вэ?
-Янз бүр л дээ. Гэхдээ ихэвчлэн хоол хүнс, суудлын ажил, хөдөлгөөний дутагдал, стресс бухимдлаас үүдэлтэй. Хүмүүс амьдрах гэж тэмцэж, зүтгэж байна. Тэр бүхэн нөлөөлнө. Хүн гэдэг амьтан тайван амгалан байх нь маш чухал. Ингэж байж л эрүүл саруул өвчингүй амьдарна. Ховор байсан өвчнүүд Монголд маш их болчихлоо. Сахарын диабет, янз бүрийн хавдар, элэгний вирусийн өвчлөл, хүндрэл зэрэг өвчин төрөх насны эмэгтэйчүүдэд тодорхой хэмжээгээр оношлогдож байна. Жилээс жилд хүн амын эрүүл мэнд доройтож байгааг төрөх насны эмэгтэйчүүдээс тод ажиглагддаг. Дээхнэ үед хагалгаагаар төрүүлэх тохиолдол тун ховор байлаа. Одоо төрж чадахгүй нь ч байна, төрүүлж чадахгүй нь ч байгаа. Эх, хүүхэд хоёрыг эсэн мэнд амаржуулахын төлөө боломжтой бүрийг л хийж байна. 
-Хоёр нийгэмд та ажиллаж, амьдарч байна. Социализмын үеэс ямар ялгаатай байна вэ. Эмч нар болоод эрүүл мэндийн салбарт ахиц дэвшил гарсан уу? 
-Одоогийн нөхцөл байдал миний ажиллаж байх үеийнхээс тэс өөр. Бидний үед модон чагнуур, резинэн бээлийтэй бүх зүйлтэй улаан гараараа тулдаг байлаа, Одоо улс хөгжөөд сайхан боллоо. Тоног төхөөрөмж, эхо аппарат, эм хангамж, мэдээлэл сайн болсон зэргээс харахад одооны эмч нарт бидний үеэс илүү боломж байгаа. Чихээрээ чагнаж, гараараа бариад үзэж, эмчилж, төрүүлдэг байсан үе ард хоцорч одоо ургийн эхний үеэс хянаж, үздэг болсноороо давуу талтай. Төрөх үед тусламж үйлчилгээ үзүүлэхэд ч өөр болсон. Гэхдээ эмнэлгийн тусламж, үйлчилгээ зах зээлд шилжих гээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг социализмын үед байсан шигээ тийм эв дүйгүй яваад байна. Ард түмний амьдрал ч сайнгүй байгаа энэ үед бүхнийг төрөөс зохицуулах гэж оролдож байгаа. Тэр нь зөв байх. Гэлээ гэхдээ нийгмийн ухамсар, хувь хүний хариуцлага заавал хэрэгтэй. Бүх зүйл эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн нуруун дээр явдаг хэвээр байна. 
-Эмнэлгийн техник, тоног төхөөрөмж сайжирсан гэж та ярьж байна. Үүнийг дагаад эмч нар техник хэрэгсэлд хэт найдаж байгааг юу гэж боддог вэ?
-Хариуцлага суларсан, эмч нар мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх нь багассан сул тал бий. Гэхдээ авхаалжтай нэг нь илүү сайн сурахын төлөө хичээж зүтгэж, хөдөлмөрлөж байгааг бас үгүйсгэхгүй. Ихэнхдээ эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг мэргэжил сайнгүй, ялангуяа хариуцлагагүйн алдаа их гаргаж байна. Мэргэжлийн хувьд ганц нэг алдлаа гэж бодоход ёс зүйн хувьд алдаж хэрхэвч болохгүй. Бид тангараг өргөсөн эмч гэдгээ л хамгийн сайн ухамсарлах ёстой. Эмнэлгийн мэргэжлийн хүний нөөцийн бодлого алдагдсантай холбоотой ийм зүйлүүд гарч байна гэж хардаг.
-Тодорхой жишээ хэлж өгөөч?
-Маш олон сургуульд анагаах ухааны чиглэлээр эмч, мэргэжилтэн бэлтгэж байна. Тэнд нь дадлага олгох бааз эмнэлэг байхгүй, мэргэжлийг нь дагуулаад сургаж байгаа эмчгүй байж яаж эмч бэлтгээд байгааг гайхаад байдаг юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд жилд 12 их, дээд сургуульд 3000  эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэж байна гэсэн тоо байна лээ. Эдний олонх нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байгаа. Энэ мэргэжлүүдээр их, дээд сургуульд элсүүлдэг босго оноо нь ч бага. Жишээ нь, сувилагч байсан хүн эмч болж төгслөө ч ажил олдохгүй байх жишээтэй. Энэ сургуулиудаас дадлага хийгээгүй, онош тогтоож үзээгүй эмч, хүний судас хатгаж үзээгүй сувилагч төгсч байна. Одоо манай улсад сувилагч эрэлт ихтэй байгаа. Манай улс эмчийн тоогоороо хүн амтайгаа харьцуулахад дэлхийд тэргүүн байрт, эмнэлгийн орны тоогоороо дөрөвдүгээрт бичигдэж байна шүү дээ. 
-Эмч, эмнэлгийн орны тоо нэмэгдээд байгаа хэр нь яагаад хүн амдаа хүрч үйлчилж чадахгүй байна вэ. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нийслэлд лав хангалтгүй байгаа шүү дээ. Асуудал юунд байгаа юм бэ?
-Бодлого алдагдсаных. Ор нэмж тавиад, эмнэлэг шинээр нээгдээд байгаа ч хүн амдаа хүртээмжгүй байгаад байдаг. Дээр нь иргэд өөрсдөө өвчнөөс урьдчилан сэргийлэхгүй байна. Болж өгвөл эмнэлэгт хэвтдэг, эсвэл жилдээ 2-3 удаа сувилгааны журмаар эмнэлэг, сувилалд хэвтэснийгээ өөртөө анхаарч, өвчнөөс урьдчилан сэргийллээ гэж бодоод байна. Нөгөө талаар хувийн хэвшил, улсынх ялгаагүй хөнгөн хэлбэрийн хэвтүүлж эмчлэх шаардлагагүй өвчтнийг хэвтүүлээд эрүүл мэндийн даатгалын сангаас санжүүжилт аваад ажиллаж байна. Үүнд маш бодитой, анхааралтай хандахгүй бол гажуудал үүсч байна шүү дээ. Монголчууд эмнэлэгт хэвтэх дуртай. Үүн дээр нь дөрөөлж болохгүй. Хүмүүс эрүүл мэндээ анхаарахгүй явж байна. Анхаарч байна гэхээрээ эмнэлэгт хэвтэх ёстой гээд ойлгочихсон. Хөнгөн хэлбэрийн эмнэлэгт хэвтэлгүйгээр эмчлүүлэх боломжтой хүн хэвтээд байхаар эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаа юм. 
-Одоо тэгэхээр яах ёстой вэ? Нэг ёсондоо төр, хувийн хэвшил гэлтгүй эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авахын тулд менежментээ хүндээ хүргэж чадахгүй байна гэсэн үг үү?
-Эрүүл мэндийн даатгалыг замбараагүй олгодог байдлыг болих ёстой. Яалт ч үгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүсээ л төр, хувийн хэвшил аль нь ч бай хэвтүүлж, эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг баймаар байна. Манай иргэд ч амьдралын хэмнэл, хэвшилдээ анхаарч өөрсдөө өвчнөөс урьдчилан сэргийлэх ухамсартай болох ёстой. Хүн бүр идэж байгаа хоол хүнс, орчин тойрондоо анхаарч, өвдөхгүй байх нь өөртөө оруулж буй том хөрөнгө оруулалт. Нөгөө талаар хүн амын өвчлөл, нас баралт өндөр байна. Анхнаасаа төр улс орноо буруу жолоодож авч явжээ. Жишээлбэл, нийслэлд хүн амын 48 хувь амьдарч байна гэсэн мэдээ байна лээ. Энэ их төвлөрөл өвчлөлийн эх үүсвэр болж байна. Хүн амын нягтрал, агаар, хөрс, хүнсний аюулгүй байдлаа төр барьж, тогтоож авч чадсангүй. Үүнээс үүдэж бид хүн амынхаа өвчний хойноос нь хөөцөлдөж байна. Төвлөрөлийг яагаад сааруулж болохгүй гэж. Энэ талаар жилийн жилд ярьдаг ч дорвитой ажил хийхгүй юм. Их, дээд сургуулиудыг хотоос гаргавал төвлөрөл саарна. Нийслэлд 140-150 мянга гаруй оюутан суралцаж байна гэж байгаа. Үүнийг дагаад их нүүдэл орж ирсэн шүү дээ. Их нүүдэлд дорвитой бодлого гаргаж ажиллаагүйгээс өнөөдрийн энэ байдал үүссэн. Жил бүр их, дээд сургуулиудыг хотоос гаргана, нүүлгэнэ гэж ярьдаг ч хэрэгждэггүй. Энэ бол төрийн өндөр албан тушаалтнууд их, дээд сургуулийн Удирдах зөвлөлд байдаг учраас тэгж дургүйцдэг, ажил хэрэг болгодоггүй байх гэж би боддог. Ашиг сонирхлын зөрчилгүй бол дагуул хот хөгжинө. Их, дээд сургуулиа хотоос нүүлгээд, дагуулаад томоохон эмнэлэг цогцоор нь байгуулчихвал их нүүдэл татарна, төвлөрөл ч саарна. Улаанбаатарын хөрс, ус, агаар хэцүү болсон. Одоо хотыг нүүлгэж, анхнаас нь зөв төлөвлөж явахаас өөр аргагүй. Нийслэлийг нүүлгэнэ, төвлөрлийг сааруулна гэдэг яриа гарснаас хойш миний мэдэхийн бараг 20 жил өнгөрч байна. Ямар ч ахиц дэвшил гараагүй. Хүн амын нягтрал ихсэх тусам өвчлөл нэмэгддэг. 

-Хөрс, усны бохирдлыг бууруулах ямар ч арга зам байхгүй юу?
-Улаанбаатар хотын аль нэг хэсэг газар цианат натри илэрсэн, мөнгөн усаар алт угаасан гэсэн мэдээ сонсогдох юм. Тэгэхээр яаж халдварт өвчин, хортой, хоргүй хавдрын өвчлөл багасах юм бэ. Нягтрал их байх тусам өвчлөл, өвчлөл их байх тусам нас баралт ихэснэ. Үүнийг эмнэлэг хойноос нь хөөж гүйцэхгүй байна. Эмчилж ч гүйцэхгүй байгаа. Урьдчилан сэргийлэлт байхгүйгээр өвчнийг эрт илрүүллээ ч эмчилж дийлэхгүй. Манайхны замбараагүй, ухамсаргүй байдал өвчлөлд маш их нөлөөлж байна. Хамгийн наад зах нь, авто осол, гэмтэл их болсон. Хүн амын нас баралтын шалтгааны дээгүүр байрт авто замын осол орж  байна. Эрх л яриад байдаг үүргээ ухамсарладаггүй замбараагүй байдал газар авчихлаа. Эрүүл мэндийн салбарт төрөөс багагүй мөнгө төгрөг зарцуулж байна. Дээр дурдсан шалтгаанууд байгаа учраас дорвитой өөрчлөлт байхгүй, хүндээ, иргэндээ эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжгүй байгаа юм.
-Манай улсад нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол ямар байна вэ. Таны түрүүнд дурддаг эмх замбараагүй байдал хүн амын нөхөн үржихүйн боловсролд мөн хор уршгаа тарьж байгаа харагддаг. Монголчууд нэрэлхүү зангаасаа болдог ч юм уу энэ талаар барагтай бол дуугардаггүй. Гэтэл статистик мэдээллээс харахаар нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалд хүн бүр хариуцлагатай хандах цаг нь ирсэн..?
-Энэ талаар дорвитой дуугарах цаг болсон. Бэлгийн замын өвчлөлөөс үүдэлтэй эх, ургийн хүндрэлүүд бишгүй гарч байгаа. Социализмын үед ийм өвчлөл бараг байгаагүй. Бэлгийн замын өвчлөл, сүрьеэ яагаад их нэмэгдэв гэхээр өнөө л хүн амын төвлөрөл, замбараагүй байдлаас үүдэлтэй. Залуусын ухамсаргүй байдалтай ч холбоотой. Тэд мэдэхгүйдээ биш хэрэгжүүлэхгүй байна. Эмч нар нэг үеэ бодвол маш их зөвлөгөө, мэдээлэл өгдөг болсон. Ерөнхий боловсролын сургуулийн программд энэ жилээс нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол хичээл орж эхэлсэн. Хэр үр дүнтэй вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна. Тэр хичээлийг IV-V, X-XI ангийн хүүхдүүд харилцан адилгүй хүлээж авна, тэр бүгдэд тааруулсан программ хөтөлбөр хийсэн байлгүй дээ. Энэ асуудлыг БСШУЯ хариуцдаг учраас бид сургагч багш нарыг сайн бэлдсэн байх гэж найдахаас өөр аргагүй. Ер нь нийгмийн ухамсар 100 жилээр төлөвшдөг. Харин нийгмийн ахуй хэдхэн арван жилийн дотор өөрчлөгддөг зүйл. Тэгэхээр нийгмийн ухамсар гэхээр бидэнд маш их цаг хугацаа хэрэгтэй болж байна. Жишээлбэл, Улаанбаатарт зун болохоор агаар нь цэвэр, орчны бохирдолгүй байж байгаад намар болохоор хамгийн их бохирддог. Их, дээд сургуулиуд нийгмийн ажилтантай хэр нь яагаад залуустай ажиллахгүй байна вэ гэдгийг гайхдаг. Их, дээд сургуулийн орчинд хамгийн бохир, тамхины иш, зэрлэг ургамалтай байна. Залуус манлайлмаар байна, тэд хогоо хаа хамаагүй хаяж түүнийг нь ТҮК-ийн ажилтнууд цэвэрлэж байна шүү дээ. Ингээд ярихаар хэт их эрхтэй залуустайгаа хариуцлага тооцдог болмоор байна. Хууль журмынх нь дагуу л явж байж нийгмийн ухамсар сэргэнэ. Ардчилал гэдгээ зөв хөгжүүлмээр байна, хүний эрх яриад байхаас үүрэг хариуцлагыг хэн ч ярихгүй, хөндөхгүй юм.
-Ураг өсөлтгүй болсон гэх яриа түгээмэл гарах болжээ. Шалтгаан нь юу байна вэ?
-Өсөлтгүй жирэмслэлт маш олон шалтгаантай. Яг тэрнээс энэнээс гэж оноож хэлэхэд хэцүү. Хөдөөд ч өсөлтгүй жирэмслэлт байна. Хүн амын дархлаа, эмэгтэйчүүдийн эрүүл мэндтэй ч холбоотой. Дахин дахин хэлэх зүйл гэвэл, хүн бүр өвчнөөс урьдчилан сэргийлж, амьдралын хэмнэл хэвшилдээ, хоол хүнсэндээ анхаармаар байна. 
-Та зүрхний эмгэгтэй эхийг төрүүлэх чиглэлээр мэргэшиж ажиллаж байсан. Одоо ийм эмгэгтэй эх багассан уу. Техник тоног төхөөрөмж, эрүүл мэндийн үйлчилгээ эрт илрүүлэлт, оношилгоо сайжирсан учраас энэ талаар тодотгож асуугаад байгаа юм л даа?
-Би зүрхний эмгэгтэй эхийг төрүүлэх чиглэлээр 23 жил ажилласан. Одоо ийм эхчүүдийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчилдэг. Тэнд тасаг нээгдэж, сүүлийн 10 гаруй жил тэр чиглэлийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Гэхдээ дээр үеийнх шиг зүрхний архаг хэлбэрийн хүнд өвчтэй хүн төрөхөө больсон. Орчин үед техник технологи хөгжөөд зүрхний тусламж үйлчилгээ сайн болсонтой холбоотойгоор харьцангауй багассан шүү. Намайг энэ чиглэлээр ажиллаж байх үед хөдөө орон нутгаас амьсгалж чадахгүйд хүрчихсэн эх онгоцоор их ирдэг байлаа. 
-21000 бяцхан зүрхийг хорвоод хүн болж ирэхэд нь анх гар дээрээ авах тэр мэдрэмжийн тухай та хуваалцахгүй юу?
-Түүн шиг сайхан мэдрэмж байхгүй. Мэргэжилдээ үнэнч байж 44 жил төрөх өрөөнөөс холдоогүйнх тэр мэдрэмжийг авсантай л холбоотой байх. Хэцүү, хариуцлагатай мэргэжлээр дагнахгүй өөр тасагт хөнгөхөн шиг ажиллаад яваад байж болох л байсан. Эх, хүүхэд хоёр хүндрэлгүй төрвөл сайхан мэдрэмж төрнө. Хүндэрвэл дагаад сэтгэл санаа хямарна. Урам хугарах үе зөндөө таарч байсан. Энэ олон жилд юу эсийг үзэх билээ дээ. 
-Тэр үеийг яаж даван туулж, өнөөдөрт ирэв?
-Хүний төлөө зүтгэсээр байгаад гарсан алдааг хүмүүс ойлгодог юм. Хариуцлагагүй, хүнээ үзэхгүй, анхаарал хандуулахгүй байж байгаад хүндрэл гарвал хэн ч биднийг уучлахгүй. Эмч хүнийг уучлах үедээ уучилна, уучлахгүйгээ ч уучилдаггүй, манай ард түмэн. Маш хүнд нөхцөлөөс эхчүүдээ аврах сайхан. Баярлаад маргааш нь тэмдэглэж байсан үе ч залуу байхад бидэнд байлаа. Хүндрэлтэй төрөлтийн ард гарчихаад тасгаараа, багаараа ширээний ард сууж инээж хөхрөөд аяга цай уух л хамгийн сайхан мөч. Энэ мэт сайхан тохиол алийг тэр гэх вэ. Тэр бүгдийг тоочиж барамгүй юм даа. 
-Орчин үеийн эмэгтэйчүүд кесарево  төрөх нь их  болжээ. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?
-Зайлшгүй эмнэлгийн заалтаар төрдөг нь ч бий. Гэхдээ сүүлийн жилүүдэд кесарево  хагалгаагаар төрж байгаа эмэгтэйчүүд нэмэгдэж байгаа. Улсын хэмжээнд нийт төрөлтийн 26-27 хувийг эзэлж байна. Энэ янз бүрийн л шалтгаантай. Эх, хүүхдийн байдлаас шалтгаалж, зарим тохиолдолд эмч нар хүндрэлээс болгоомжилж кесарево    хагалгааг хийж байна. Гэхдээ эцсийн дүндээ эх, хүүхэд хоёр эсэн мэнд л байх ёстой. Кесарево  хагалгаа хийгээд хүүхэд нь эндэх тохиолдол хааяа гардаг. Үүнээс л сэргийлэх шаардлагатай. Нөгөөтэйгүүр олон удаа хагалгаагаар төрвөл сорвиороо нимгэрдэг учраас эмч нарын хувьд хариуцлага өндөртэй ажил. Хувийн хэвшилд дандаа боломжтой хүмүүс хандахгүй шүү дээ. Саяхан гэхэд таван удаа хагалгаагаар төрсөн эх манай “Гурван гал” эмнэлэгт хандаж “Зургаа дахь төрөлтийг маань эсэн мэнд төрүүлж өгөөрэй” гэсэн. Байнгын хяналтад байлгаж, эх, хүүхэд хоёрыг эсэн мэнд төрүүлсэн. Хувийн эмнэлэгт боломжийн амьдралтай хүмүүс төрж байна гэх ойлголт нийгэмд байдаг. Би сүүлийн 10 гаруй жил хувийн хэвшилд ажиллаад ажиглаж байхад бас ч тийм биш юм байна. Ар гэрийнхнээрээ сахиулах, асаргаа шаардлагатай хүмүүс ч хувийн эмнэлэг бараадаж байна. Улсын эмнэлэг ачаалал ихтэй учраас тэр болгон боломжгүй шүү дээ. Хагалгааны давтамж нэмэгдэх тусам эрсдэл ихэсдэг. Эхэс буруу байрлал, сорвины нимгэрэлт, цус алдалт гээд янз бүрийн хүндрэл гарна. Тэр бүрт эмч нар туршлагажих хэрэгтэй.     
-Эмч нарыг мэргэшүүлэх ажил учир дутагдалтай байна гэсэн үг үү?
-Саяхан эмч нарын гуравдугаар их хурал болсон. Тэр хурал дээр эмч нар их тодорхой ярилаа. Эмч бэлтгэх сургууль БСШУСЯ-ны харьяа, төгсөлтийн дараах сургалт буюу эмч болсны дараа мэргэших сургалт Эрүүл мэндийн яамны харьяа байна. Тэгэхээр БСШУСЯ-ны харьяа олон их, дээд сургууль анагаахын анги нээгээд эмч бэлдээд байдаг. Энэ чинь тогтолцооны буруу жишиг байгаа биз дээ. Үүнийг эмч бүр саяын хурлаар ярьсан учраас тодорхой шийдвэр төр засгаас гаргах байлгүй гэсэн хүлээлттэй байна. Сургуулиа төгсөөд хөдөө орон нутагт эмч болж очиж байгаа хүмүүс мэдлэг ур чадвар эзэмшээгүй байна гэсэн асуудал хөндөгдсөн. Нийслэлд ажиллахаар үлдсэн нь мэргэшсэн эмч нар байгаа учраас хажуунаас нь харж бага сага суралцдаг биз. 
-Та охиндоо хэр зааж байна вэ. Таны мэргэжлийг өвлөөд багагүй хугацаанд ажиллачихсан байх аа?
-Охин маань 15-16 жил эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байна. Эхэн үедээ зааж, зөвлөдөг л байлаа. Одоо ч өөрөө биеэ даасан. Интернэтээс янз бүрийн мэдээлэл авдаг биз. Гадаад, дотоодын янз бүрийн сургалтад суудаг шиг байна лээ. Гэхдээ янз бүрийн ховор хүнд тохиолдлууд гарах үед санаа оноогоо хуваалцаж, ярилцах үе бишгүй гарна. 
-Нярайн шарлалт их болжээ. Энэ ер нь юунаас болдог юм бэ. Тэр шарлалтыг хурдан арилгахгүй бол тархинд нөлөөлдөг аюултай гэх юм билээ?
-Нярайн шарлалт сүүлийн жилүүдэд нэмэгдээд л байх юм. Орчин тойрны вирусийн халдвар, чихрийн шижин, дутуу төрөлтөөс болж байна. Дутуу төрсөн нярайн шарлалт удаан үргэлжлэх юм. Нярайн эмч нар энэ талаар их судалгаа хийж байгаа. Өрхийн эмнэлгүүд нярайн шарлалт хэмждэг тоног төхөөрөмжөөр хангагдсан байна лээ. Өрхийн эмч нар нярайгаа гэрээр нь эргэж, болохгүй нэгийг нь хэвтэж эмчлүүлдэг болсон. Нярайн шарлалт гүнзгийрэх тусам хүүхэд унтамхай болдог. Түүнийг нь мэдэлгүй унтаад байна гээд баярлаад байх нь бий. Нэг, хоёр сарын дараа хүүхэд нь орилоод үзүүлэхээр нярайн шарлалт тархинд нь нөлөөлсөн байна гэх нь бий. Нэг хэсэг ийм хүүхдүүд байсан ч одоо эмч нар үзлэг сайн хийдэг болсон байна лээ.  
Энд нэг зүйлийг нэмж хэлмээр байна. Эмийн зохистой хэрэглээ гэж манайд байхгүй болжээ. Эмийг хоол шиг хэрэглэж болохгүй. Гудамж тойроод нэг буланд эмийн сан байна. Эмийн бизнес хэтэрч байгаа юм биш үү. Хүн бүр дуртай эмээ авч ууж, хэрэглэж болохгүй. Энэ бол хүний эрүүл мэнд, дархлаанд маш муу. Төр засгийн түвшинд үүнийг ярьж л байгаа, мэдэж буй хэр нь үүнийгээ цэгцэлдэггүйг гайхдаг. Хязгаарлалт хийх боломжтой зүйлээ хязгаарлахгүй байгаа нь цаанаа ямар нэг ашиг сонирхол байгаа гэсэн үг. Манайхаас бусад улс оронд эмчийн жоргүйгээр бараг бүх эмийг өгдөггүй шүү дээ. Эмийн замбараагүй хэрэглээгээ танаж, хүн ардаа бодох цаг болсон.


Б.Үйлст: Эхийг эсэн мэнд амаржуулсны дараа багаараа инээгээд суух хамгийн сайхан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188