• Өнөөдөр 2025-01-16

Дуучин Ч.БАТЦЭНГЭЛ: Ц.Пүрэвдорж багш алсуур, хүний ухаан руу нь юм хийдэг хүн байсан

2024-10-06,   475

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, "Учиртай гурван толгой" дуурийн шилдэг дүрийн улсын уралдааны тэргүүн байрын шагналт дуучин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Чулууны Батцэнгэлтэй ярилцлаа. Тэрбээр “Очирваань уулын цагаан үүл”, “Хүүдээ”, “Гэгээн наранд ойрхон өслөө би”, “Дорнын намуухан Отгонтэнгэр”, “Бадархундага”, “Отгонтэнгэр шүтээн минь”, “Эхийн сэтгэл” зэрэг олон сайхан дууг гайхалтайгаар дуулж олонд хүргэсэн билээ. Мөн 2005 онд “Очирваань уулын цагаан үүл”,  2006 онд “Дуул юу” сонгодог концерт, 2009 онд “Гэгээн наранд ойрхон өслөө” бие даасан тоглолт, 2012 онд “Дорнын сонгодог” Б.Шаравын бүтээлээр сонгодог концерт, 2016 онд “Дорнын намуухан Отгонтэнгэр”төсөл кино концертыг хийж байлаа.

-Таныг  Дархан хотоос СУИС-ийн драмын жүжигчний ангид шалгалт өгөхөөр хотод ирээд огт санамсаргүй байдлаар дуулаачийн ангид орсон гэж сонссон.  Тэр үед яагаад тийм гэнэтийн шийдвэр гаргах болсон юм бэ?
         -Тийм шүү. Тэр бол миний хувьд уран бүтээлийн зам мөрөө анхлан гаргах, амьдралын жим хаашаа чиглэх вэ гэдгийг шийдсэн том эргэлт болсон. Би Дарханы "Залуучууд" театрт 1993 оноос драмын жүжигчнээр ажиллаж байлаа. Хүүхэд байх даа драмын дугуйланд явж, дараа нь театрт дагалдан жүжигчин болж жүжгийн олны хэсэгт гараад л, театр дээрээ хоночихоод л гүйж явдаг байв. Драмд тэгж л их дурлаж байсан. Жүжигчин болохын төлөө их ч зүтгэсэн. Тэгээд 1996 онд хотод ирж СУИС-ийн жүжигчний ангид шалгалт өгсөн.


       Шалгалтадаа "Тогосын цагаан овоо" дууг дуулсан юм. Тэгсэн чинь Лхасүрэн багш "Чи хоёр давхарт гарч дуулаачийн ангид шалгалт өг" гэсэн. Гайгүй дуулсан юм байлгүй. Тэгээд л тэр намар нь хичээлдээ ирээд нэг хэсэг багшгүй яваад байлаа. Би Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, зууны манлай дуурийн дуучин Цэвэгжавын Пүрэвдорж багш дээр л очно гээд зүтгээд байсан. Багш маань нас дээр гарсан тул манай ангиас ганц хүүхэд авсан. Тэр нь дуучин Д.Хишигбаяр. Гэтэл харин Баянхонгороос ирсэн нэг хүүхэд чөлөө авч, би азаар багшийн гар дээр очсон. Ингээд Д.Хишигбаяр бид хоёр ангиасаа хоёулаа тэр агуу дуучны шавь болж таван жил хичээллэсэн.


-XX зууны манлай дуурийн дуучны шавь болно гэдэг ховор аз завшаан шүү. Багшдаа хэр загнуулдаг байв?
         -Манай багш их сайхан хүн. Ёстой л их мөрөн дөлгөөн гэдэг тэр байх. Бидэнд олон юм яриад, загнаж үглээд байдаггүй. Багш нар шалгалтын дараа энэ өнгөн дээр алдлаа, ингэлээ тэглээ" гээд шавь нараа загнаж байдаг. Харин манай багш бол тэгэхгүй. Юу ч дуугарахгүй чимээгүй л гараад явчихна. Тэгээд маргааш нь хичээл орж байх даа, яг тэр алдсан өнгөн дээр ажиллаад эхэлдэг. Бидэнд ингэж юм мэдрүүлдэг  байсан. Дуулаачийн хичээл заана гэдэг их тэвчээр шаарддаг юм байна гэдгийг тэгж мэдсэн. Илүү дутуу хоосон чалчиж, үглээд байхгүй. Ингэж заавал энэ хүн илүү ойлгох байх гэж боддог байсан санагддаг.


      Би нэг удаа багшид Сэтгэл судлал гэж балай хичээл орох юм аа гэсэн чинь "Уран бүтээл гэдэг сэтгэл судлал юм шүү дээ. Би ч гэсэн та нарын  сэтгэл  зүйг судалж л байгаа хэрэг" гэж билээ. Тийм ухаантай хүн байсан. Дүн тавихдаа хүртэл их сонин ханддаг хүн байв. Би шалгалт дээр өөрийгөө тун гайгүй дууллаа гэж бодоход сайн тавьчихсан байдаг. Манай багш л хамгийн бага дүнг тавьсан байдаг байв. Сүүлд бодоход энэ нь багшийн зөв байдаг.

-Дуурийн театраасаа яагаад гарчихсан юм бэ?
         -Багш болох сонирхолдоо хөтлөгдөөд гарсан.  “Сити” дээд сургуульд дуулаачийн чиглэлээр багшлах сонголт хийгээд гарсан. Түүний дараа Монгол улсын Хөгжим бүжгийн консерваторийн дуулах ур зүйн багш  ажилласан. Ер нь

сайн дуучин бэлтгэн гаргах хүсэлдээ хөтлөгдсөн. Шавь нартайгаа яах аргагүй Ц.Пүрэвдорж  багшийнхаа арга барилаар ажиллах гээд байгаагаа мэдэрсэн шүү. Багш тэгж сургасан учраас шавь нартайгаа олон юм яриад байдаггүй. Алдаан дээр нь чимээгүй л өнгөрдөг. Намайг манай найзууд их даруухан багш гэдэг. Тэр бол Ц.Пүрэвдорж багшийн минь арга барил л даа. Миний багш алсуур, хүний ухаан руу нь юм хийдэг хүн байсан.

-Багшдаа тоогдсон үе хэзээ вэ. Тэр том дуучнаас урмын үг сонсоно гэдэг том шагнал биз?
     -Багш зохиолын дуу мэтийг бол ойшоохгүй. Өөрөө дэлхийн дуурийн урлагт Монголын нэрийг гаргаж, мөрөө үлдээсэн хүн. Спортоор бол олимп гэж хэлж болох П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын "А" зэрэглэлийн том тэмцээний шүүгчээр Монгол хүн сууж байсан нь гайхамшиг шүү дээ. Тийм том хүн нийтийн дууны талаар, тэгээд бидэн шиг хүмүүстэй нэг их ярьдаггүй байсан. Намайг тоосон нь гэвэл багшийн өөрийнх нь нэрэмжит дуурийн дуулаачдын тэмцээн болсон юм. Түүнд би өөрийгөө голоод оролцоогүй. Гэтэл багш дараа нь хүнд хэлсэн байсан. "Манай Б.Баттөр, Ч.Батцэнгэл хоёр оролцсон бол юм дуулгах байлаа" гэж. Энэ үгнээс их урам авсан.

       Гэхдээ нэг талаар нэрэмжит тэмцээнд нь оролцолгүй багшийнхаа сэтгэлийг гонсгор үлдээсэн болов уу гэж харамсдаг. Багшийгаа сэрүүн тунгалаг байх үед нь нэг их тэмцээн наадамд оролцож байгаагүй. Бурхан болсных нь дараа "Учиртай гурван толгой" дуурийн шилдэг дүрийн улсын уралдаанд оролцож тэргүүн байрт шалгарч байлаа. Тэр үед багш минь байсан бол гэж бодогдож байсан шүү. Багшийг сэрүүн тунгалаг байхад нь би тоглолтоо хийх гэж байх даа телевизийнхэнтэй гэрт нь очсон юм. Тэр үед багш "Одоо миний хүүхдүүд тоглолтоо хийх цаг болсон. Би аль ч орны тайзан дээр гологдхооргүй дуучид гаргасан гэж боддог" гэж хэлж байсан. Багшийн тэр үгэнд их баярласан. Энэ бол том үнэлэмж, том урам юм.


-Багшийнхаа хэлснээр гадаадын улс орнуудын тайзан дээр хэр олон дуулсан бол?
        -Дуулж байсан. ОХУ-ын Буриадын  Ким Базарсадаевын нэрэмжит наадамд оролцож тусгай "шагнал хүртсэн. Гэхдээ санаандаа хүртэл дуулж чадаагүй. Уг нь тэр наадамд би өөр юм хөтөлнө гэж бодож ногт ганзагалж очсон. Тухайн өдрийн од тийм байсан байх аа. Гол нь гадаадын тайзан дээр гарч, өөр улс орны дуучдыг сонсоно гэдэг чухал юм. ОХУ-д очоод ангийн анд Н.Мөнхзулаараа үнэхээр бахархсан. Н.Мөнхзул маань Буриадад гайхалтай сайхан дуулж байсан. Тэндээ их нэр хүндтэй юм байлаа. ОХУ-ын Буриадын театрт олон жил дуулсан. Олон тэмцээнд амжилттай оролцсон гэсэн. Аливаа тэмцээнд оролцоход Буриадын театрын дуучин гэдэг нэрээр явдаг ч тайзан дээр гарахдаа Монгол Улсын дуучин гэж л дуудуулдаг байж билээ. Тэр бүхнийг хараад найзаараа бахархаж л байлаа.

-Танай ангиас Н.Мөнхзул, Д.Хишигбаяр та нараас өөр ямар дуучид төрсөн бэ?
    -Манай ангийнхан их сайн яваа. Рок, попынхноос Т.Дэлгэрмөрөн, нийтийн дууныхнаас Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа, Д.Хишигбаяр, дуурийн урлагт МУГЖ Ө.Уянга гээд олон сайхан дуучид байна. Манай Ө.Уянга мундаг дуулж байгаа.

-"Хүүдээ" дуу  тань нэг үе олны дуулах дуртай хит дуу болж байлаа. Энэ дуу таны анхны бүтээл байх аа?
-Төгсөх курст байх даа энэ дууг дуулсан. Олонд хүрээд арав гаруй жил болж байна Миний дараа МУГЖ С.Жавхлан авч дуулсан байдаг юм.
7
-Клип нь өвөрмөц болсон санагддаг?
         -Сэтгэлээс гарсан дуу болохоор хүмүүс сайхан хүлээж авсан болов уу. Найруулагч Ж.Сэнгэдорж бид хоёрын хэн хэн нь аавыгаа алдаад удаагүй байсан үе л дээ. Тэгээд л аавууддаа зориулж сайхан клип хийе гэж зорьсон. Дууны маань клип их амархан бүтсэн. Төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатар ах аавынхаа зургийг бариад л хүрээд ирж байх жишээтэй. Ж.Биндэр ах мөн аавынхаа зургийг барьчихсан ирээд зурганд орсон. Бүгд л тайз, дэлгэцэнд мөнхөрсөн аавуудаа дурссан. Тэр хүмүүсийн буянаар дуу маань олонд маш сайхан хүрсэн.

-Олны сэтгэлд хоногшсон нэгэн сайхан дууг та сэргээн дуулсан. Клип хийлгэж амжсан уу?
         -Сүүлийн жилүүдэд хийсэн бүтээлүүдээ эргээд харахад, ер нь өнөөгийн залуусын дуунуудыг сонсоход ч тэр гэрэл гэгээтэй сайхан зүйлийн тухай өгүүлсэн дуу ховор санагдсан. Тиймээс нэг сайхан гэгээлэг дуу хийх юмсан гэдэг бодол төрсөн л дөө. Төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбарын шүлэг "Гэгээн наранд ойрхон өслөө" гэдэг дууг би сонсох дуртай. "Чингис хаан" хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан энэ дууны хөгжмийг бичиж, өөрөө дуулсан байдаг. Жагаа ахын цомгийг их сонсдог байсан. Энэ дуу их сайхан үгтэй, аялгуу нь бас гоё. Сонссоны дараа бүр нэг дотор уужраад явчихдаг юм. Уул ус, байгаль дэлхийдээ ойртоод ирдэг. Тэгээд үүн шиг сайхан дуу дуулъя гэж бодсон.

        Шинэ дуу хийх гэж үзсэн л дээ. Сүүлдээ ерөөсөө энэ дууг сэргээж дуулбал яадаг юм бол гэж бодсон. О.Дашбалбар агсны шүлэг гэхээр бүр сайхан, бэлгэ дэмбэрэлтэй санагдсан. Х.Сүглэгмаа докторын гаргасан "Очирбатын Дашбалбар" номыг уншиж энэ хүний тухай илүү ихийг мэдэж авсан. Бүтээлээс нь гадна дотоод хүнтэй нь илүү танилцсан гэхэд болно. Энэ хүн юуны төлөө шаналж, зовниж, яаж ганцаардаж явсан юм гэдгийг мэдэрсэн. Ингээд л дууг нь дуулсан. Бичлэгийг нь "Логик фильм" продакшн хийсэн. Клипэнд нь нэг их сүрхий чамин зохиомж хийхийг зориогүй. Хүн үзээд ийм сайхан эх оронд төрж, ийм сайхан байгальд ойрхон өссөн гэдгээ мэдрээсэй, бахархаж, омогшоосой гэж л бодсон.

-Дуурьт дуулахсан гэж мөрөөдөж байсан дүр бий л байх даа?
-"Ламбугайн нулимс"-ын Лодон гэвшийн дүрдээ хайртай. Энэ бол баритон хоолойтнуудын мөрөөдөл болсон дүр. "Учиртай гурван толгой"-н Юндэнгээс ч илүү гоё дүр шүү. Энэ дүрд дуулсандаа баярладаг. "Ламбугайн нулимс"-ыг анх тавьснаас хойш 25 жил болоход долоон хүн л Лодон гэвшид дуулсан байдаг юм билээ.
- “Очирваань уулын цагаан үүл” дуу хэрхэн төрөв?
      -Яруу найрагч Ц.Бавуудорж бид хоёр Завхан аймгийн Шилүүстэй сумынх. Очирваань уул минь орчлонд намайг түшиж явдаг гэж боддог. Манай сум Нарванчин гэгээн, Андиа гэгээн гэж хоёр хутагтын төрсөн нутаг. Андиа гэгээнтэй Ц.Бавуудорж бид хоёр их ойр байсан. Тэр том гэгээнтний авшиг, адисыг хүртэж хүн болсон улс л даа. Одоо хүртэл би Андиа гэгээнийхээ арцаар ариулж явдаг. Дуучин хүний хувьд нутгаасаа төрсөн олон хутагт хувилгаадаа дуулахсан гэж боддог.

      Ц.Бавуудоржтойгоо хамтарч Ялгуусан хутагтын тухай дуу хийсэн.  Мөн Андиа гэгээний тухай дуу хийж дууллаа. Андиа гэгээн бол Дилав хутагт зэрэг хутагтуудыг амьд сэрүүн байхад тодорсон хутагт. Гэвч цаг цөвүүн болсон тул ширээндээ залагдаж чадаагүй юм. Хар хүний амьдралаар амьдарч энх цагтай золгоод 1995 оны үед жанч халсан. Андиа гэгээнийг Мял Богдын дүр, Цагаан Дарь-Эхийн бүрэлбаа гэж үздэг. Ц.Бавуудорж бид хоёр Андиа .гэгээнийхээ тухай чи, бид хоёр л дуу хийхгүй бол хэн хийх вэ гэж ярилцаж, бүр зорьж байж энэ дууг хийж байлаа.



 


 

 


Дуучин Ч.БАТЦЭНГЭЛ: Ц.Пүрэвдорж багш алсуур, хүний ухаан руу нь юм хийдэг хүн байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188