• Өнөөдөр 2026-05-16

Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ

      Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд бүтээн байгуулсан Монголын анхны Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэх ёслолын арга хэмжээ 2026 оны тавдугаар сарын 15-ны өдөр боллоо. Усны Компакт хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ ойрын ирээдүйд учирч болзошгүй усны хомсдолоос сэргийлэх зорилго бүхий Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг нээх ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Дан Пийтри тэргүүтэй хоёр орны төр, засгийн өндөр дээд түвшний зочид, нийслэл, АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монголын Мянганы сорилтын сан, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, төслийн гүйцэтгэгчид, хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцов.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн энэ арга хэмжээ зөвхөн нэг үйлдвэрийн нээлт биш, Монгол Улсын ирээдүйн тогтвортой хөгжил, ард иргэдийн маань ая тухтай амьдралыг баталгаажуулах, нийслэл Улаанбаатар хотын өргөжин тэлэх суурь нөхцөлийг бүрдүүлж буйг илэрхийлэх түүхэн ач холбогдолтой арга хэмжээ юм. Усны Компакт хөтөлбөр Монгол Улсын усны салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг цогцоор нь харж, хоорондоо нягт харилцан уялдаатай хатуу болон зөөлөн дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж салбарын хөгжлийг шинэ түвшинд хүрэхэд бодитой дэмжлэг үзүүлж чадсанаараа онцлог юм. Миний бие хөтөлбөрийн хүрээнд бүтээн байгуулсан хоёр том үйлдвэрийн шавыг нь тавихаас эхлээд үүдээ нээж, үйл ажиллагаагаа эхлүүлэх хүртэлх энэ бүх хугацаанд Та бүхэнтэй хамт байж, түүхэн үйл явдлын гэрч болж байгаадаа ихэд баяртай байна” хэмээн онцлоод, “2000-аад оны үеэс эхлэн эрдэмтэн судлаачид Улаанбаатар хот усны хомсдолд орох эрсдэл бодитоор нүүрлэж байгааг анхааруулж, төр, засгийн зүгээс энэ асуудлыг шийдвэрлэх гарц шийдлийг эрчимтэй хайж байсан тэр үед бид АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай хамтран Монголын Усны Компакт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь Монгол Улсын Засгийн газрын хувьд алсыг харсан, стратегийн шийдвэр байсан юм. Урт хугацаанд бодит үр өгөөжөө өгөх, улс орныхоо ирээдүйн хөгжлийг баталгаажуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх томоохон хөтөлбөрийг Монгол, Америк Улс хамтран амжилттай хэрэгжүүллээ гэж өнөөдөр энд итгэл төгс зарлаж байгаадаа Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд сэтгэл дүүрэн байна. Усны Компакт бол Монгол Улс, АНУ-ын стратегийн түншлэлийн бодит илэрхийлэл, хамтын амжилтын бэлгэ тэмдэг мөн” хэмээн тодотгов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Дан нар Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн ус хүлээн авах хүрдийг нээж, үйлдвэрийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ. АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Дан Пийтри энэ үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улс хувийн хэвшилд тулгуурлан эдийн засгаа төрөлжүүлж буй энэ үед найдвартай дэд бүтэц нэн чухал. Усны Компактын үр дүнд урт хугацааны ус хангамжийг баталгаажуулснаар үйлдвэрлэлийн шинэ салбаруудыг дэмжиж, эдийн засгийн өсөлтийг хязгаарлах эрсдэлийг бууруулан, Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, хөгжлийг дэмжих чухал баталгаа болж байна.

     Компакт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр бид хөгжлийн хамтын ажиллагаанаас бодит үр дүн рүү, бүтээн байгуулалтаас ашиглалт руу, хамтран бүтээн байгуулагчаас эдийн засгийн өсөлтийн түншүүд болох шинэ үе шат руу шилжиж байна. Эцэст нь, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Та бүхэнд талархлаа илэрхийлэхийн сацуу энэхүү Компакт хөтөлбөр нь бидний хамтын түншлэл, эдийн засгийн боломж, өсөлтийн төлөөх нийтлэг зорилгын бат бөх бэлгэ тэмдэг болон үлдэхийг хүсэн ерөөе” гэв. Харин АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган “Дэд бүтцийг барьж байгуулахдаа тогтвортой, нямбай, ил тод зарчимч хандвал иргэдэд бодит үр өгөөжөө өгдөг билээ. Оновчтой төлөвлөлт, манлайлал, бат бөх хамтын ажиллагааны илэрхийлэл болсон энэхүү Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр нь манай хоёр орны хамтын ажиллагааны тод томруун жишээ юм” хэмээн тодотголоо. Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн хүрээнд Биокомбинат, Шувуун фабрикийн орчимд 30 гүний худаг гаргаж, Монгол Улсад анх удаа дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг шугам хоолой, хяналт удирдлагын системийн хамт байгуулаад байна.

     Ус хангамжийн баруун эх үүсвэр нь жилдээ 50 сая шоо метр усыг нийслэлийн унд ахуйн хэрэглээнд нийлүүлэх найм дахь эх үүсвэр буюу Улаанбаатар хотын ус хангамжийн хамгийн том ундны усны эх үүсвэр болох юм. Сонгинохайрхан уулын зүүн бэлд баригдсан тус үйлдвэрийн бүтээн байгуулалт 2021 онд шав тавьснаас хойш эрчимтэй өрнөж, ийнхүү өнөөдөр нээлтээ хийлээ. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн үйл ажиллагааг хариуцан ажиллах Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын 27 инженер, техникийн ажилтан үйлдвэрийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт тохируулгын шатнаас эхлэн дадлагажиж, 2025 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс ажилдаа томилогдон орсон юм. Монголын Мянганы сорилтын сан нь АНУ-ын МСК-ын буцалтгүй тусламж болон Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаас бүрдэх нийт 461 сая ам.долларын санхүүжилтээр нийслэлчүүдийн усны эрэлтийг урт хугацаанд, тогтвортой хангахад чиглэсэн Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр, түүний дотор Ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, Хаягдал ус дахин боловсруулах, Усны салбарын тогтвортой байдлыг хангах гэсэн харилцан уялдаа бүхий гурван томоохон төслийг товлосон хугацаа, батлагдсан төсөвтөө багтаан амжилттай хэрэгжүүлж дууслаа.


Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188