• Өнөөдөр 2024-04-24

УИХ-ын гишүүн С.Амарсайхан, “Моннис групп”-ийн ерөнхийлөгч Б.Чулуунбаатар нарын хэрэгт ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийг шалгаж байна

2020-11-02,   3000

УИХ-ын гишүүн С.Амарсайхан болон Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, “Моннис групп”-ийн ерөнхийлөгч Б.Чулуунбаатар нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тэднийг нийслэлийн нийтийн тээвэрт хийж байгаа парк шинэчлэл болон сургуулийн автобустай холбоотойгоор эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм. 
 
Тэд нийслэлтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулж  200 автобус авч, үйлчилгээнд явуулахаар болсон. Эдгээр автобусыг оруулж ирэх эрхийг “Моннис” группийн харьяа “Моннис моторс” ХХК авсан бөгөөд нэг бүрийг нь 130 мянган ам.доллароор оруулж ирсэн гэдэг. Гэвч олон нийт “Хямд үнэтэй автобусыг өндөр үнээр шахсан байна” хэмээн ундуйцаж, Хятадын “Алибаба” гэх мэт худалдааны сайтад ийм төрлийн автобус 40-70 мянган ам.доллароор зарагдаж байгааг баримттай дэлгэж эхэлсэн. Мөн БНХАУ-аас концессийн гэрээгээ худалдан авч буй  цахилгаан автобусны  урьдчилгаа төлбөр болох 21 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөв болон Хөгжлийн банкнаас тендер зарлахгүйгээр  хийхээр төлөвлөжээ. Энэ мэт  гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдэл болон иргэдээс ирсэн гомдол, хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн С.Амарсайхан болон Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, “Моннис групп”-ийн ерөнхийлөгч Б.Чулуунбаатар нарыг АТГ шалгаж байгааг албаны эх сурвалж онцолж байлаа.  
 
Тэгвэл дээрх хэрэгт Тагнуулын ерөнхий газрын дарга асан Д.Гэрэлийг холбогдуулан шалгаж эхэлснийг өөр нэгэн эх сурвалж бидэнд мэдээллээ. Түүнийг тендер зарлахгүйгээр автобусны урьдчилгаа төлбөр төлөх асуудалд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, хөндлөнгөөс нөлөөлсөн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн гэнэ. “АТГ-т энэ талаар тодорхой баримт олдсон. Тэр дагуу мөрдөн шалгах ажиллагаа өрнөж буй” гэдгийг прокурорын нэгэн эх сурвалж  онцолсон юм.  
 
Мөн түүнийг ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг нууцаар тагнаж, чагнасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.  Дээрх хэрэгт ТЕГ-ын  тусгай гүйцэтгэх ажиллагааны гурван ч ажилтан холбогдон шалгагдаж байгаа. ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийг төрийн өндөрлөгүүдтэй хамаатан садны холбоотой, тэдний дэмжлэгээр өндөр албан тушаалд очдог гэх яриа улс төрийн хүрээнд өрнөдөг бөгөөд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан нь ч төрийн өндөрлөгүүдийн захиалга байж болзошгүй гэх хардлага байгаа юм.  
 
 
 

УИХ-ын гишүүн С.Амарсайхан, “Моннис групп”-ийн ерөнхийлөгч Б.Чулуунбаатар нарын хэрэгт ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийг шалгаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-05 00:38:15
    Шунал: Амарсайхан увайгүй шуналтан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-03 01:27:59
    зочин: аавын хүүхэдүүдээс яамрыг нь хорьж шалгадаг яамрыг нь ямба эдлүүлж өчигөө өрөө тасалгаандаа тохирч суудгыг шудрага баймаар юм энэ их эрх мэдэл рүү үхэн хатан зүтгэдэг нэг учиртай энэ холбогдсон нөхдүүдийн хөрөнгө зоорь бүгд шудрага хөдөлмөрөөр олсон гэвэл түүн шиг худлаа юм байхгүй хулгайч нарыг хориод шалгахад наадуул чинь нарсны амьдрал үзээгүй нялцгайнууд үлгэрээ уншиж эхлэнэ дээ хууль шудрага тэнцвэртэй байя аавын хүүхдүүдийг алаг үзээд яахав дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188