• Өнөөдөр 2024-04-27

Эх орондоо үйлдвэрлэв: ХУРЫН ШИМ

2021-03-29,   1472

Энэ удаагийн "Эх орондоо үйлдвэрлэв" буланд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг "Хурын шим" компанийн үүсгэн байгуулагч Ж.Чинбат оролцлоо.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Уншигч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Ж.Чинбат гэдэг. Сэтгүүлч мэргэжилтэй боловч сүүлийн зургаан жил газар тариалангийн чиглэлээр ажиллаж, эрүүл мэндэд ач тустай бүтээгдэхүүн хөгжүүлж байна.

-Анх хэрхэн бизнесийнхээ санааг олж байв. Хэр удаан бодож, биелэлээ олов?

-Хэрэв Монголд хүн нэг л ажил хийхэд хангалттай, залууст цалин хангамж нь ирээдүйгээ сайнаар төлөвлөхөд хүрэлцдэгсэн бол би өнөөдөр ч сэтгүүлчээ л хийх байсан. Нөгөөтэйгүүр сэтгүүлч мэргэжлийг заавал бичиж, нийтлэхгүйгээр өөр үлгэр дуурайлал байдлаар хүмүүст хүргэж болно гэдгийг би 2014 онд олж харсан. Тэр үед “Нүүдэлчин” гэдэг нэртэй хөдөө аж ахуйн салбарт шинэ боломж, бололцоо юу байгааг гүнзгий сонирхсон сэтгүүлийн хэдэн дугаар хэвлүүлсэн юм. Үр дүнд нь “ГЕГ-ийн экспорт, импортын тоон үзүүлэлт гэдэг бол бизнесийн эрэлтийг хайж олох гол цонх юм” гэдгийг ойлгож хоёр бүтээгдэхүүнд сонгож судалсан. Тухайлбал 2014 онд Монгол улс 500 мянган ам доллароор зөгийн бал ХБНГУ болон ОХУ-с авч байсан бол энэ тоо 2019 онд 1,1 сая ам доллар хүртэл өсжээ. 2020 онд харин 600 мянган ам доллар болж буурсан байна. Эдгээр тоонууд бол цалингаас цалингийн хооронд явдаг залуучуудад боломж гэж би боддог. Тэгэхдээ зүгээр л, “Хэрэв чи өөрийн бизнестэй болмоор байгаа бол газар тариалан сонирхвол яадаг юм бэ, Монгол жилд 4,7 сая ам доллароор сонгино, сармис урдаас авдаг шүү дээ” гэж хэлбэл хэн ч тоохгүй, сонирхохгүй. Харин би өөрөө туршаад, хэрэглэгчтэй болж зараад, хүмүүст мэдээлэл хүргэж танигдаад ирэх явцад энэ салбарыг сонирхдог олон зуун мянган хүнийг олж нээсэн. Улмаар 2016 оноос хойш зургаа дахь удаагийн тариалалтын ажилдаа одоо гарах гэж байна.

Өнгөрсөн хугацаанд өөрийн гаргасан алдаа, мэргэжлийн хүмүүсээс сонсон туршлага, мэдээлэл зэргийг нэгтгээд 1000 гаруй хүнд “Монгол органик сармис хэрхэн тарих вэ” сэдэвт сургалт явуулж, Архангай, Өвөрхангай, Говь-Алтай зэрэг аймгуудад сармис тариалалтыг нэмэгдүүлэхэд бага ч атугай хөдөлгөгч хүчин зүйл болж оролцсондоо баяртай байдаг.

-Бизнесээ эхлүүлэхэд ямар саад бэрхшээлүүдтэй тулгарч, түүнийгээ хэрхэн даван гарч байв?

-Анхны жил өдөрт нь шилэн оффист ажиллаж, оройд нь хувцсаа солиод газар шорооны ажил хийдэг байлаа. Өөрт ширхэг хүрз ч байгаагүй тул цалин болон амралтын мөнгөөрөө бизнесийн гараагаа эхлүүлж, жилийн 36 хувийн хүүтэй ББСБ-ын зээл авсан. Тэр бяцхан хуримтлал элсэнд хийсэн ус болсон. Багаасаа компьютер их тоглосон тул аливаа зүйл эхэндээ хэцүү, адармаатай гэдгийг аль эрт мэддэг болсон юм. Тиймдээ эхний хоёр жилд өдрийн цагаар сэтгүүлчийн ажлаа хийгээд орой нь таксинд яваад ч болов зээлээ төлж, газар тариалангийн ажлыг би хийж чадах уу, үгүй гэдэг эхний туршилтын ард гарч байлаа. Одоо ч олон бэрхшээл тохиолдоно. Тэгэхдээ “Мөрөөдсөн юм бол мөлхөөд ч байсан ард нь гар” гэж өвөө нарын маань сургасан хандлага, зүглүүлж хэлсэн сургааль хамгийн их дэм болсон доо.

-Та ажлынхаа онцлогийг хэрхэн харж байна вэ?

-"Netflix" дээр “Kiss the ground” гээд нэг баримтат кино бий. Утга агуулга нь газар тариаланг зөв, буруу хийхээс шалтгаалж дэлхийн дулаарал, агаарын бохирдолд маш их хор хөнөөл авчирдаг тухай. АНУ-д гэхэд одоо 60-хан удаа тариа тарих хугацаа үлдсэн. Цаашдаа Калифорнид юу ч ургахгүй. Эртний соёл иргэншлүүд ч мөн адил газар тариаланг он удаан буруу ашигласнаас болж хүнс үйлдвэрлэх чадамжгүй болж мөхсөн байдаг. АНУ, Энэтхэг, Хятад энэ л замаар явж байна. Энэ хавар тохиосон Монголоос босож Сөүл хүрсэн циклон шороон салхи бол санамсаргүй нэг зүйл биш. Би ажлынхаа онцлогийг юу гэж хэлэх гээд байна гэхээр, бид ямар нэгэн ургамал тариад, түүнийг хэрэглэгчийн гарт хүргэх бол энгийн, өдөр тутмын үйл ажиллагаа. Яг хүн амьсгал авч, гаргахдаа түүртдэггүй шиг. Тэгэхдээ яг энэ бүхний цаана нь Монгол орны хөрсний үржил шимийн доройтол, цөлжилт гэсэн асар том зүйл бий. Магадгүй би хөрсийг хэрхэн хамгийн үр бүтээлтэйгээр ашиглаж, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон үндэстэн бий болгох вэ гэдэгт суралцах гэж л энэ цаг үед газар тариалан хийж байгаа байх.

Миний алсын хараа бол Монгол орон гадаргын усаа өөрсдөө хуримтлуулж чаддаг, дэлхийн дулаарлаас үл хамаарч хүнсний хэрэгцээгээ эрүүлээр бий болгож чаддаг болоход ямар нэгэн байдлаар оролцох юм.

-Танай байгууллага анх хэдэн ажилтантай эхэлж, одоо хэд болж өргөжив?

-Анх нэг найзтайгаа ажлаа эхлүүлж байсан. Нийт дүнгээр 2016 оноос хойш 1000 орчим хүнд өдрийн цалин олгоод байна. ХАА салбар улирлын чанартай тул тогтмол ажилтныг торгоон барин гэдэг эхэн үедээ санхүүгийн их чадамж шаарддаг юм байна.

-Бизнесээ өргөжүүлэх ямар шинэ санаа, төсөл хэрэгжүүлж байна вэ?

-Анх 2016 онд Дэнжийн мянгад ногоо ургах боломжгүй хадархаг хөрстэй хашаанд гарааны туршилтаа хийж байсан бол энэ 2021 онд 2100 м2 шилэн хүлэмж, 2400 м2 зуны хүлэмж болон нэг га орчим ил талбайн тариалалт руу шилжиж байгаа. Энэ хэмжээндээ тогтож ажиллана гэдэг хүний нөөц талаасаа их хүндрэлтэй, сорил ихтэй ажил. Тэгэхдээ энэ шатыг даваад гарчих юм бол алсын хараандаа хүрэхэд тус болох хэд хэдэн төсөл хөгжүүлж байна.

-Үйлдвэрлэл хэрхэн явагддаг талаар уншигчдад товч сонирхуулбал?

-Ерөнхийдөө яг л загварын салбартай адилхан “хавар, зун” ба “намар, өвөл” гэсэн байдлаар хоёр төрлийн бүтээгдэхүүн хүмүүст санал болгодог. Тэр нь дуусдаг, тодорхой тоо хэмжээтэй. Зөгийн бал болон органик монгол сармисан дээр суурилсан “Монгол барагшунтай зөгийн бал”, “Монгол сармистай зөгийн бал” зэрэг хэдэн төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлж байна. Тиймээс хавраас намарт бол тариалалтын ажил явагдана. Зөгийн бал нийлүүлдэг гэрээт аж ахуйн үйл ажиллагаатай зуны цагт явж их танилцана. Намар ургац хураалт болон бал хураалт дууссаны дараа тухайн ургацын жилийн бүтээгдэхүүнүүд гарна. “Намар, өвлийн цуглуулга” гэдэг шиг тодорхой хэдэн төрлийн бүтээгдэхүүн санал болгодог. Хавар, зуны хувьд бол навчит ногоо, нарийн ногоо түлхүү гаргадаг даа.

- Ижил төрлөөр бизнес эхлэгчдээс танай бүтээгдэхүүн ямар онцлогтой вэ?

-Бид бол зүгээр л суралцагчид. Сэлэнгэ, Дархан, Төв, Хэнтий, Өмнөговь гээд олон аймагт маш мундаг, чадварлаг тариаланчид, зөгий үржүүлэгчид бий. Анх тэдгээр хүмүүсийн хийж бүтээснийг харж урам аваад л, өөрөө ийм мундаг зүйл хийхсэн гэж зорьсон. Харин яг Улаанбаатарт төвлөрсөн бизнес хийж буй залуучуудаас бид нэг хандлагаараа ялгарна. Тэр бол аливаа ургац, үйл ажиллагааг зөвхөн ашиг гэж харж, янз бүрийн гадны хор бордоо ашиглах, найдваргүй үр сортыг хямдыг харж авах ч юм уу тийм бодлогоос татгалздаг. Нэгэнт "Хурын Шим" болон бидний хамтрагчдын гараас гарч буй бүтээгдэхүүн хүнд хүнс болж очих учир аль болох л эрүүл, чанартай байлгахыг эрмэлздэг.

-Алсын хараагаа хэрхэн харж байна вэ?

“Монгол органикийг дэлхийд” гэж алсын харааг тодорхойлдог. Гэвч энэ хүртэл 10 ба 20 жилийн аль нь ч орж болно. Ерөнхийдөө Голланд, ХБНГУ, Франц зэрэг хөдөө аж ахуйн өндөр хөгжилтэй орнуудын хийж бүтээсэн туршлагыг Монголд буулгасан, усыг хамгийн их хэмнэж, хөрсний тэг технологи руу тэмүүлсэн, ухаалаг, дижитал газар тариаланд мэргэшсэн, хүн амын нэг хувьд нь чанартай хүнс нийлүүлдэг, өөрсдийн гэсэн сургалт, судалгааны хүрээлэнтэй байгууллага байгаасай гэж зорьдог.

-Шинэ залуу бүтээгч хийгээд манай уншигчдад өгөх зөвлөгөө танд бий юу?

-2019 оны зун, 33 хэм хүртэл халсан нэг өдөр талбай дээрээ би их л урамгүйгээр зэрлэг зулгаагаад сууж байлаа. Монголд хамтрагч олно гэдэг хэцүү, бас залуучуудыг хөдөө аж ахуйн ажилд барилга, уул уурхайн ажлаас илүү цалин санал болгоод авчрах хэцүү байдгаас тэр л дээ. Тэр үед "Unlock Podcast"-ийн хэдэн дугаарыг дараалж сонссон юм. Сэтгэлд их ханьтай байсан нь одоо ч мартагддаггүй. Би залуучуудад ингэ, тэг гэж номлох нь юу билээ. Харин тэгж чадахуйц мэдээллийг бүхий ном уншиж, хүртэж байвал хэрэгтэй юм уу л гэж.

Нөгөө талаар Монголд их сургуульд суралцаж төгсөгчдийн 50 хувь нь бизнесийн удирдлагаар сурсан байхад хөдөө аж ахуйн салбарт 10 хүрэхгүй хувь нь оногдож байгааг НҮБ-ийн суурин төлөөлөгчийн газар саяхан судалж гаргасан байна. Угтаа бол Франц, Германаар хөндлөн гулд яваад харахад хөдөө аж ахуй нь эдийн засгийн үндсэн суурь болж, хүн ам нь түүнийгээ бизнес болгосон байдаг тул олон маркетер хэрэг болдог юм билээ л. Монголд харин үйлдвэрлэл байхгүй хэр нь бараа зардаг, хүн удирддаг нь хэт олширчээ. Ер нь бол манай оронд хүний нөөцийн удирдлагын хямрал нүүрлэсэн. Тиймдээ ч үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхээс илүү сүлжээний бизнест залуучууд хайран цагаа зориулж яваа нь хэр зөв бэ гэдгийг бодууштай санагддаг.

“Хүн хүсч байгаагаа хийж чадахгүй бол хийж чадаж байгаагаа л хийх хэрэгтэй” гэж нэг үг байдаг. Нөгөө талаар, “Давуулж харвах нь байгаа онохгүй байхаас ялгаа юу вэ” гэж ч бий. Тиймээс нөгөө нэг, “Мөрөөдөгч бай, Том сэтгэ, Нөлөөлөгч бол, Чи ганц амьдарна, Өөрөө бүхнийг манлайл, Бусдаас бүү хоцор” гэсэн стереотип бол тохирох хүндээ л бий болохоос биш хүнд бүрт таарах биш. Бараг утопи үзэл. Тиймээс залуу та эхлээд өөрийн үндсэн чадваруудаа олшруулж, мэдлэгээ л практик үйлдлээр сайн зүлгээрэй л гэж хэлмээр байна.


Эх орондоо үйлдвэрлэв: ХУРЫН ШИМ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188