• Өнөөдөр 2024-04-25

ЭХ ОРОНДОО ҮЙЛДВЭРЛЭВ: Хонины ноосыг эцсийн бүтээгдэхүүн болгож буй бүсгүй С.АЛТАНТУЛГА

2021-06-11,   1683

Эргэлт.мн мэдээллийн сайт энэ удаагийн “Эх орондоо үйлдвэрлэв” булангийнхаа зочноор “Cute felt toy” хэмээх монгол эсгий тоглоом урлаач С.Алтантулгыг урьлаа. Түүний хувьд монгол хонины ноосыг боловсруулан түлхүүрийн оосор, нялх хүүхдийн тээг, гацуурын чимэглэл гэх мэт зүйлсийг эсгийгээр урлаж эхлээд хоёр жил болж байгаа юм.
-Өдрийн мэнд хүргэе. Манай “Эх орондоо үйлдвэрлэв” буланд зочноор оролцож байгаад баярлалаа. Уншигчдад маань өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Урьсанд баярлалаа. Намайг С.Алтантулга гэдэг. Философийн багш мэргэжилтэй. Гэхдээ одоогоор гэртээ хүүхдээ харж, хажуугаар нь өрхийн үйлдвэрлэл явуулж байгаа ээж байна.

-Анх хэрхэн эсгий тоглоом урлаж эхэлсэн бэ гэдгээс хоёулаа яриагаа эхэлье?-Би хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа гэртээ зүгээр суухгүйн тулд юу хийж болох уу гэдгийг судалж эхэлсэн. Тэгээд санаандгүй байдлаар хоэсгий тоглоом урлаач А.Чанцалдулам гэдэг эмэгтэйтэй танилцаж, найзууд болсон. Найзынхаа хийсэн, хийж байгаа эсгий тоглоомуудыг нь харсаар нэг л мэдэхэд дуртай болж эхэлсэн. Тэгээд л тэр найз эмэгтэйтэйгээ хамтраад эсгий тоглоом хийх болсон. Эсгий урлал хийгээд хоёр жил болж байна.

-Хамгийн анх эсгий урлал хийж эхлээд ямар тоглоом урлаж байв?
-Эсгий тоглоом урлахад жигд хатгах нь чухал байдаг. Би оюутан байхдаа дээлийн шилбэ хаддаг байсан. Тийм болохоор жигд хатгаж оёж сурсан байсан минь надад их хэрэг болсон доо. Хамгийн анх цаа буга, гацуурын чимэглэлийн оймс хоёр оёж байсан юм байна. Анхны юм болоод ч тэр үү тэр хоёртоо маш их хайртай. Одоо  оёдлыг нь харахад эв хавгүй, инээдтэй л дээ. Гэхдээ анхны оёсон зүйлээсээ сайхан мэдрэмж авч байсан болохоор л одоог хүртэл эсгийгээр юм хийж байна даа.
-Одоо хэдэн төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна?
-Түлхүүрийн оосор, нялх хүүхдийн тээг, үсний хавчаар, ээмэг, номын ууж, зөөврийн комъпютерийн гэр, тоглоомон тэмээ, хүүхдийн сэвлэгний уут, цүнх гээд олон төрлийн бүтээгдэхүүн бий. Миний хувьд хүмүүс ийм зүйл хийлгэмээр байна гээд зургийг нь явуулахад хийгээд л өгөхийг боддог.
-Бүтээгдэхүүнийхээ загварыг яаж гаргадаг вэ?
-Ихэвчлэн өөрөө гаргана. Мөн хүүхдүүдийн үзэх дуртай хүүхэлдэй гэх мэт зүйлсээс санаа авах үе ч бий. Хүүхдийн тээгний үнэгийг л гэхэд монгол уламжлалаараа гүйж байгаа үнэгний дүрстэйг хийх гээд нэг шөнийн турш сууж загвараа гаргаж байлаа. Ер нь нэг шинэ загвар гаргах, нэг тоглоом урлаад дуусахад маш сайхан мэдрэмж авдаг.
-Таны урласан эсгий тоглоомуудыг “Cute felt toy” гэх пэйжийн тань нэрээр хүмүүс илүү мэддэг шүү дээ. Брэндийн нэр шиг л. Энэхүү пэйжээ анх хэзээ үүсгэн байгуулсан бэ?
-Би 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн “Cute felt toy” пэйжээ ажиллуулж эхэлсэн. Түүнээс хойш өрхийн үйлдвэрлэлээ явуулж, энэхүү пэйжээрээ дамжуулан борлуулалтаа хийж байгаа. Нэг ёсондоо миний бүтээгдэхүүний брэнд нэр гэх үү дээ. Уг нь 2020 оны арваннэгдүгээр сард эсгий тоглоомуудаа гэртээ хийхээ больж, урлангаа нээсэн боловч коронавирус дотоодод тархсанаас болоод урлангийн маань үйл ажиллагаа зогсож буцаад өрхийн үйлдвэрлэл рүүгээ шилжээд байна.
-Гэртээ суугаад эсгий тоглоомоо оёх, урландаа суугаад оёх мэдээж ялгаатай байх. Гэртээ үйлдвэрлэл явуулахад хүндрэлтэй зүйл байдаг уу?
-Гэртээ болохоор яг урлан шиг тав тухтай биш ч хүндрэлтэй зүйл байхгүй. Нөхөр маань хийж байгаа зүйлийг минь дэмждэг учраас амар байдаг. Нөхөр маань өрхийн үйлдвэрлэлийг минь анхнаас нь дэмжиж, пэйж нээх, түүхий эдээ авах гэх мэт бүхий л зүйлд тусалсан.
-Түүхий эдээ хаанаас авдаг вэ?
-Бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдээс авдаг. Дотоодын үйлдвэрүүд будганд оруулж, ариутгасан ноос зардаг. Тэндээс ноосоо аваад гэртээ эсгийгээ дардаг. Эхлээд эсгийгээ өөрөө дарж чадахгүй бэлэн эсгий авдаг байлаа. Харин Г.Бумдарь гэдэг эсгий урлаач эмэгтэйгээр эсгий дарах аргыг заалгаж, туршлагажаад одоо түүхий эд бэлтгэлээс эхлээд хэрэглэгчийн гарт хүргэх бүх л шат дамжлагыг өөрөө гардан хийж байна.
-Нэг килограмм ноосноос ойролцоогоор хэр хэмжээний эсгий гаргаж авах уу?
-100 грамм ноосноос л 50х50 хэмжээтэй эсгий гаргаж авдаг. Гэхдээ захиалга их үед эсгийгээ дарж амжихгүй бэлэн эсгий авах үе ч байна. Тэр үедээ “Bobuya” гэдэг урлангаас эсгийгээ авдаг.
-Ямар үед захиалга их байдаг вэ?
-Манайх гацуурын чимэглэл хийдэг учраас шинэ жилээр захиалга их байдаг. Мөн сэвлэг үргээхэд сайн өдрөөр захиалга их орж ирнэ.
-Бага насны хүүхэдтэй хүн өрхийн үйлдвэрлэл явуулахад тийм ч амар биш нь мэдээж. Захиалга ихтэй үедээ дэргэдээ хүн ажиллуулдаг уу?
-Нэг тусалдаг дүү маань бий. Би хүүхдээ харангаа хийдэг учраас эхлээд яг ганцаар хийх боломжгүй байсан. Ачаалалтай үедээ дүүгээрээ туслуулаад захиалга бага үед хүүхдүүдээ унтаж, тоглож байхад нь хийдэг. Саяхнаас л хүүхдүүд маань мэддэг болоод байна даа. Бага хүүгээ зургаан сартай байхад хийж эхэлсэн зүйл маань хувийн болон гэр бүлийн санхүүд минь нэмэр болж байна.
- “Cute felt toy” пэйжээсээ гадна борлуулалтын ямар сувгууд ашиглаж бүтээгдэхүүнээ борлуулж байгаа вэ?
-Фэйсбүүк болон инстаграм хуудсуудаар захиалгаа авч, хүргэлтийн компанитай хамтарч ажилладаг. Мөн барилгачдын талбай хажууд байрлах үндэсний үйлдвэрлэгчдийн барааг зардаг “Дулаан сэтгэл” гэдэг дэлгүүрт захиалгаасаа илүү гарсан бүтээгдэхүүнээ борлуулдаг. Гадуур дэлгүүрт нийлүүлэх гэхээр гучин хувийн шимтгэл авдаг учраас үнээ нэмэх хэрэгтэй юм байна лээ. Тэгэхээр сошиал сувгаараа дамжуулан борлуулалтаа хийх нь илүү хялбар, бас хүртээмжтэй байж чадаж байгаа.
-Эсгий бүтээгдэхүүн хэрэглэгчид хэр олон байна?
-Эсгий бүтээгдэхүүн өөрөө 100 хувь эко бүтээгдэхүүн учраас сүүлийн үед манайхан их хэрэглэдэг болж байна. Нөгөөтээгүүр, өмнө нь эсгийгээр хийсэн бүтээгдэхүүн ч цөөн байж. Эсгий бүтээгдэхүүн гэхээр углааш гэх мэт зүйлс л байдаг байлаа шүү дээ. Харин одоо эсгийг боловсруулаад олон төрлийн зүйлс хийж болохыг жижиг дунд үйлдвэрлэгчид харуулж байна. Үүнийгээ дагаад хүмүүсийн хэрэглээ ч өссөн.
-Цар тахлын нөлөөлөлд өртөв үү. Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарынханд хүнд тусаж байх шиг?
-Манайх ер нь бол гайгүй шүү. Цар тахлын үед захиалгаар огт тасраагүй. Хамгийн гол нь гэрээсээ ажиллах бүрэн боломжтой учраас ямар ч асуудал үүсээгүй. Бүтээгдэхүүнүүд маань хийц хэмжээнээсээ хамаараад үнэ нь боломжийн байдаг учраас худалдан авалт ч буураагүй.
-“Cute felt toy” цаашид юу төлөвлөж байгаа вэ?
-Би “Cute felt toy” гэсэн бяцхан үйлдвэрлэлээ цаашид ажлынхаа хажуугаар хийнэ гэсэн бодолтой байгаа. Гэхдээ улам өргөжүүлэх болно. Эхлүүлсэн урлангаа ахин нээх хүсэлтэй байгаа. Хамгийн ойрын төлөвлөгөө гэвэл шинэ жилээр гацуурынхаа чимэглэлийг хүүхдүүдтэйгээ хамт хийх хүсэлтэй ээжүүдэд зориулж жижиг тоглоомын бэлдэц гаргах бодолтой байна.
 

ЭХ ОРОНДОО ҮЙЛДВЭРЛЭВ: Хонины ноосыг эцсийн бүтээгдэхүүн болгож буй бүсгүй С.АЛТАНТУЛГА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188