Эргэлт.мн мэдээллийн сайт орон нутгийн сонгуулийг угтан аймаг, дүүргийн удирдлагууд хийгээд ИТХ-ын төлөөлөгч нарын хийсэн ажил, мөрийн хөтөлбөрт “дүн” тавьж байгаа билээ. Тэгвэл энэ удаа Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарыг онцолж байна. Тус аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчийн 21 нь МАН, 19 нь АН-аас сонгогдсон бөгөөд нэг бие даагчтай. Гэвч бие даан сонгогдсон төлөөлөгч Н.Дашдондов 2022 онд АН-д элсэж, тооны харьцаа 21х20 болсон юм. Аймгуудын өрсөлдөх чадварын индексээр Завхан аймаг 35 оноогоор 21 аймгаас хойноосоо хоёрт жагсан сүүл мушгиж байна. Мөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Завханыг хөгжүүлэх учиртай төлөөлөгчид аймгаа “зайдагнан” тендер түүж, хөрөнгө, орлого нь л огцом өсжээ.
Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Алтай-Улиастайн Эрчим хүчний систем” ТӨХК-ийн салбарын дарга Гомборагчаагийн Бадамхатан нь МУИС, ХААИС-ийг төгссөн, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Ажлын гараагаа Завханы "Эрдэнэт тэгш" ХХК-д эдийн засагчаар эхэлж, МУИС-ийн Завхан сургуульд Эдийн засгийн онолын багш, тэнхимийн эрхлэгч, Азийн хөгжлийн банкны төслийн мэргэжилтэн, Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэгийн бизнес хөгжлийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, “Завхан баялаг” ХХК-ийн зөвлөх, Завхан аймгийн Худалдаа аж үйлдвэрийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан.
АТГ-т мэдүүлсэн түүний хөрөнгө, орлогын мэдээллийг харвал, 2019 онд өөрийн орлого нь 19 сая төгрөг байсан бол өнгөрсөн 2023 онд 39 сая төгрөг болж, 20 сая төгрөгөөр нэмэгджээ. Мөн гэр бүлийн орлого нь 8.7 сая төгрөгөөс 26 сая төгрөг болж нэмэгдэн, 22 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй болсон байна. Харин есөн сая төгрөгийн мал нь 7.4 сая, 15.5 сая төгрөгийн хадгаламж нь 11.2 сая төгрөг болж буурчээ. Бусад зүйлд өөрчлөлт ороогүй буюу 193 сая төгрөгийн амины нэг, нийтийн нэг орон сууц, нэг гарааштай, 64 сая төгрөгийн хоёр автомашинтай, 28.5 сая төгрөгийн хоёр газар, 55 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэвээрээ хэмээн мэдүүлсэн байгаа юм. Тэрбээр мөн “Тэсийн бүрд”, “Тэргүүн саруул” ХХК-ийг эзэмшдэг. Тодруулбал, Усны эрэл хайгуул, өрөмдлөг, ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Тэсийн бүрд” ХХК нь 2005 онд үүсэн байгуулагдсан. Гомборагчаагийн Бадамхатан, Шаандарын Сүхзагд, Сэдээгийн Пүрэвжав нар хамтран эзэмшдэг бөгөөд гүйцэтгэх захирлаар нь Ш.Сүхзагд ажилладаг. Тэгвэл тус компани 2017 оноос хойш долоон жилийн хугацаанд 3.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 18 тендерт шалгарчээ. Шалгарсан тендерүүддийг он цагийн дарааллаар нь хүргэе.
Лхүндэвийн Сандагсүрэн нь МУБИС, “Глобал” дээд сургуулийг төгссөн бөгөөд Улиастай сумын гуравдугаар сургуульд багш, 2017 оноос тус сумын Богдын гол багийн Засаг даргаар, 2020 оноос Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн байдаг. АТГ-т 2019 онд хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ өөрийн орлогоо 10 сая хэмээн мэдүүлсэн бол 2023 онд орлого нь 510 сая төгрөг болж, 51 дахин нэмэгдсэн байдаг. Харин гэр бүлийн орлого нь 33 саяас орлогогүй болтлоо буурчээ. Мөн 215 сая төгрөгийн нийтийн нэг орон сууц, үйлчилгээний зориулалттай нэг барилгатай байсан бөгөөд 2023 онд үйлчилгээний зориулалттай барилга нь байхгүй болж, нийтийн нэг орон сууц нь 320 сая төгрөг болсон байх юм. Түүнчлэн машингүй байснаа 27 сая төгрөгийн машинтай болж, 15 сая төгрөгийн газар нь 2023 онд хасагджээ. Тэрбээр “Үйлсийн их орд” ХХК-ийг эзэмшдэг. 2019 онд 274 сая төгрөг байсан орлого нь өнгөрсөн жилийн байдлаар 857 сая төгрөгт хүрч, гурав дахин нэмэгдсэн байна.
Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгч Шаравдоржийн Мянганбаяр нь МУИС-ийг төгссөн, төрийн захиргааны магистр зэрэгтэй. Завхан аймаг дахь “Хас” банкинд зээлийн эдийн засагч, салбарын захирал, Хан-Уул дүүрэг дахь “Капитал” банкны салбарын захирал, Завханы Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Засаг даргын орлогчийн албан тушаалыг тус тус хашиж байсан. Түүний орлого 2019 онд 20 сая, гэр бүлийн орлого нь 48 сая байсан бөгөөд 2023 онд хоёр дахин нэмэгдэж, 120 сая төгрөг болсон байдаг. Мөн 115 сая төгрөгийн үнэтэй амины нэг, нийтийн нэг орон сууц нь 2022 оноос нийтийн хоёр орон сууц болж, нийт 180 сая төгрөгөөр үнэлэгдэх болжээ. Түүнчлэн 33 сая төгрөгийн хоёр машин нь 73 сая төгрөгийн дөрвөн машин болсон байгаа юм. Цаашлаад малгүй байсан тэрбээр 65 сая төгрөгийн малтай болж, нэг сая төгрөгийн хадгаламж нь 30 сая болж “үржжээ”. Үүнээс гадна бусдаас авах 20 сая төгрөг нь 120 сая болж, зургаа дахин нэмэгдсэн байна. Тодруулбал, 2019 онд 277 сая төгрөг байсан хөрөнгө, орлого нь 2023 онд 638 сая төгрөг болж нэмэгджээ.
Төлөөлөгч Гэлэг-Ёндонгийн Баттүшиг нь 2019 онд мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдээлэлдээ, өөрийн орлогыг долоон сая, гэр бүлийн орлогогүй хэмээсэн байдаг. Гэтэл 2023 онд өөрийн орлого нь 45 сая, гэр бүлийн орлого нь 53 сая болж, 14 дахин нэмэгджээ. Мөн нэг хашаа байшин, үйлчилгээний зориулалттай хоёр барилгаа 130 сая төгрөгөөр үнэлсэн хэвээр байна. Харин 15 сая төгрөгийн нэг машинаа 173 сая төгрөгийн гурван машин болгон шинэчилжээ. Түүнчлэн 47 сая төгрөгийн мал нь 80 сая төгрөг болж, эзэмших, өмчлөх дөрвөн газрыг 35 сая төгрөгөөр үнэлсэн хэвээр бөгөөд 25 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 2019 онд 23 сая байсан хадгаламж нь өнгөрсөн жил 93 сая болж нэмэгджээ. Том зургаар нь харвал, 2019 онд 282 сая төгрөг байсан хөрөнгө, орлого нь өнгөрсөн 2023 онд 634 сая төгрөг болон нэмэгдсэн байна.
Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгч Дамдинбазарын Уужимсанаа нь ШУТИС, ОХУ-ын Санкт-Петербург хотын Уул уурхайн их сургуулийг төгссөн, техникийн ухааны магистр зэрэгтэй. 2020 онд АТГ-т өөрийн орлогоо 68 сая, гэр бүлийн орлогоо 18 сая төгрөг гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл өнгөрсөн онд өөрийн орлого нь 25 сая төгрөг болж буурч, гэр бүлийн орлого нь 90 сая болж, тав дахин нэмэгджээ. Нийтийн хоёр орон сууц, нэг хашаа байшингаа 189 сая төгрөгөөр үнэлсэн бол өнгөрсөн жил хашаа, байшин нь хасагдаж, хоёр орон сууц нь 225 сая төгрөг болжээ. Мөн 27 сая төгрөгийн нэг машин нь 166 сая төгрөгийн хоёр машин болж, 26 сая төгрөгийн мал нь 37 сая төгрөг болж өссөн байна. Тэрбээр мөн 180 сая төгрөгийн авлагатай болжээ. Өөрөөр хэлбэл, Д.Уужимсанаагийн 2019 онд 344 сая төгрөг байсан хөрөнгө, орлого нь 742 сая төгрөг болж нэмэгдсэн байх юм.
Төлөөлөгч Гомбожавын Цогзолмаа нь нүдний эмч бөгөөд Завхан аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төвд өрхийн эмч, аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний эмч, чанарын албаны дарга, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан. АТГ-т 2019 онд мэдүүлснээр, өөрийн орлого нь 20 сая, гэр бүлийн орлого нь долоон сая төгрөг байсан бол 2023 онд өөрийн орлого нь 86 сая, гэр бүлийн орлого нь 22 сая болж, дөрөв дахин нэмэгдсэн байдаг. 145 сая төгрөгөөр үнэлэх амины нэг, нийтийн нэг орон сууцаа 2023 онд хоёр болгож, үнэлгээ нь 215 сая төгрөг болжээ. Мөн машингүй байсан тэрбээр 15 сая төгрөгийн машинтай болж, 150 сая төгрөгийн эзэмших нэг газар нь 175 сая төгрөгийн хоёр газар болсон байна. 2019 онд түүний хөрөнгө, орлого 400 сая төгрөг байсан бол 2023 онд 583 сая төгрөг болжээ.
Батсайхан Төрмөнх нь МУИС-ийг төгссөн бөгөөд Завхан аймгийн АН-ын ХЭГ-т улс төрийн ажилтан, Тосонцэнгэл сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын зөвлөх, УИХ-ын гишүүний зөвлөх, бие төлөөлөгч, 2023 оноос Завхан аймгийн АН-ын даргаар ажиллаж эхэлсэн байдаг.
2019 онд өөрийн орлого нь найман сая, гэр бүлийн орлого нь 13 сая төгрөг байсан бол өнгөрсөн жил өөрийнх нь орлого 20 сая, гэр бүлийнх нь 30 сая төгрөг болжээ. 28 сая төгрөгөөр үнэлэх нэг хашаа байшинтай байснаа өнгөрсөн онд 113 саяар үнэлэх хоёр гэр, нэг хашаа байшин, нэг зуслангийн байшинтай болсон байна. Мөн машингүй байсан тэрбээр 200 сая төгрөгийн үнэ бүхий гурван машинтай болсон байгаа юм. Түүнчлэн 20 сая төгрөгийн мал нь 31 сая болон үржиж, гурван сая төгрөгийн газар, 19 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Тэрбээр мөн бусдаас 11.4 сая төгрөгийн авлагатай бөгөөд нэг тэрбум орчим төгрөгийн зээлтэй болжээ. Зээл авахын тулд заавал барьцаа хөрөнгө шаардлагатай бөгөөд зээлийн эх үүсвэр нь юу вэ гэх асуулт эндээс урган гарч ирж байна. Б.Төрмөнх нь “Танд энержи”, “Гүн-Урлал”, “Хурд хүч чадал” ХХК-ийн хувь эзэмшдэг. Түүний хөрөнгө, орлого нь 2019 онд 91 сая төгрөг байсан бол 2023 онд 429 сая төгрөг болж, 986 сая төгрөгийн зээлтэй болсон байдаг.
ХӨГЖЛӨӨРӨӨ ХОЙНООСОО ХОЁРТ ЖАГСДАГ ЗАВХАНЫГ “ЗАЙДАГНАСАН” ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД |
|
2024-11-08 15:15:32
2024-11-08 14:59:24
2024-11-08 14:19:06
2024-11-08 13:48:24
2024-11-08 13:31:57
2024-11-08 13:17:09
2024-11-08 13:08:44
2024-11-08 12:47:46
2024-11-08 12:40:00
2024-11-08 12:02:14
2024-11-08 11:54:57
2024-11-08 11:48:26
2024-11-08 11:36:58
2024-11-08 11:31:03
2024-11-08 11:21:02
2024-11-08 11:10:29
2024-11-08 11:09:23
2024-11-08 10:40:22
2024-11-08 10:30:40
2024-11-08 10:26:11
2024-11-08 10:12:23
2024-11-08 10:05:51
2024-11-08 09:32:48
2024-11-08 09:00:00
2024-11-08 08:53:37
2024-11-08 07:44:14
2024-11-08 07:00:00
2024-11-08 07:00:00
2024-11-08 07:00:00
2024-11-08 06:00:00
2024-11-08 06:00:00
2024-11-07 19:04:52
2024-11-07 18:41:56
2024-11-07 17:52:19
2024-11-07 17:18:50
2024-11-07 16:00:33
2024-11-07 15:13:00
2024-11-07 14:57:13
2024-11-07 14:40:00
2024-11-07 13:27:50
2024-11-07 12:46:09
2024-11-07 12:44:59
2024-11-07 12:41:41
2024-11-07 11:36:38
2024-11-07 11:34:04
2024-11-07 11:14:15
2024-11-07 10:28:14
2024-11-07 10:27:22
2024-11-07 10:10:21
2024-11-07 10:07:45
2024-11-07 09:55:55
2024-11-07 09:54:39
2024-11-07 09:48:11
2024-11-07 09:30:33
2024-11-07 09:29:55
2024-11-07 09:20:36
2024-11-07 09:15:36
2024-11-07 08:54:40
2024-11-07 08:25:34
2024-11-07 07:00:00
2024-11-07 06:00:00
2024-11-07 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |