• Өнөөдөр 2024-04-25

Наадмын дараа монголчууд бүсээ чангалж, улсын төсөв “уйлна”

2021-06-03,   1560

            МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд зориулан иргэдэд таалагдахаар байдгаа барж байна. Эдийн засаг элгээрээ хэвтсэн цар тахлын амаргүй цаг үед баруун солгойгүй мөнгө тарааж, халамжаар туйлж буй. 
 
         Угтаа бол улсын төсвийг улайтал нь шавхаж, зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуульд л татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж байгаа гэхэд хилсдэхгүй ээ. МАН 100 жилийнхээ тэгш ой дээр Ерөнхийлөгчтэй болж, сүүлийн хэдэн удаагийн сонгуульд ялагдсан шархаа нөхөхөөр юу ч хийхээс буцахгүй улайрч байгаа нь илт. Тэд Ерөнхийлөгчтэй болчихвол цаашдаа хэрхэх нь огтоос сонин биш байгаа бололтой. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялчихвал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн засаглалттай болно гэх явган яриа ч бий.
 
УЛСЫН ТӨСӨВ УЛАЙЖ, ӨРИЙН ХЭМЖЭЭ ТЭНГЭРТ ХАДНА
 
          Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад өрийн хэмжээ тоо томшгүй их хэмжээгээр нэмэгдэж, зээл тусламж хэрээс хэтэрсэн. 2021 оны төсвийг 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Үүнээс өмнө 2020 оны оны төсөвт тодотгол хийж, 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан гээд урд хормойгоо хойд хормойгоороо нөхсөөр өнөөдрийг хүргэж буй.
Эдийн засагчдын тооцооллоор манай улсын гадаад өр 2023 он гэхэд 10 их наяд төгрөгт хүрнэ гэх судалгаа бий. Гэвч, эрх баригчид өр зээлээ дарахаас илүүтэй өөрсдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьжээ.
Сүүлийн хоёр сарын хугацаанд гэхэд л нийт гурван удаа иргэдэд бэлэн мөнгө тараах арга хэмжээ зохион байгууллаа. Тодруулбал, хөл хорионы үед иргэдийн орлогыг хамгаалах нэрээр иргэн бүрд 300 мянган төгрөг олгож, хөл хорио тогтоосон. Иргэдэд бэлэн будаа аманд нь халбагадаж өгчихөөд санаа амар сонгуульдаа бэлдэж эхэлсэн нь нууц биш юм.
 
ХАЛАМЖААР ДУЛДУЙДСАН БОДЛОГО
 
 Удалгүй “Вакцин ирчихсэн байхад вакцинаа хийлгэхгүй байна. Дэлхий бусад улсад хийлгэх вакцин байхгүй байхад бид дураараа дургиж байгаа” хэмээн иргэд рүү буруугаа чихэж, үүгээрээ далимдуулж, дараагийн бэлэн мөнгө тараах ажилдаа ханцуй шамлан орсон. Бодит байдал дээрээ иргэд вакцин хийлгэхээр хөл хорионы дэглэмээ зөрчиж, дархлаажуулалтын цэгт уртаас урт дараалал үүсгэж байсан өдрүүдийг ор тас үгүйсгэж, нэг л өдөр бүгд вакцин хийлгэхгүй алга болчихсон гэх агуулгатай мэдээлэл тараагаад дахин бэлэн мөнгөөр туйлж эхэлсэн удаатай.
 
          Ингэхдээ вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэдэд 50 мянган төгрөг өгч, дархлааг нь дэмжинэ гэх “үлгэр” ярьж, тэр даруйд нь иргэдийн данс руу мөнгийг нь шилжүүлж эхэлсэн. Сангийн сайдаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар өнгөрсөн өвөлжин "Иргэдэд тараах бэлэн мөнгө байхгүй. Улсын төсөв хүнд байгаа" хэмээн удаа дараа мэдэгдэж байсан ч шинэ сайд Б.Жавхлан төсвөө ёстой гарынхаа салаагаар урсгаж эхэллээ.

      Саяхан гэхэд л Засгийн газрын 100 хоногийн тайланг танилцуулах үеэрээ вакцины эхний тунгаа хийлгэсэн бүх хүнд 50 мянган төгрөг өгнө гээд зарлачихлаа. Нэг ёсондоо Ковид-19 цар тахал МАН-ынхны хувьД аз болж, Ерөнхийлөгчийн суудалтай болоход улам бүр дөхөм болсон гэхэд хилсдэхгүй. 

            Түүнчлэн тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн эрхийн бичиг олгосноор сонгуулийн ирцэд хамгийн их нөлөө үзүүлэх хэсгийг өөрийн талд урвуулах ажлыг дэс дараатай хийж буй. Ийн эрх баригч намынхан 100 жилийнхээ ойг Ерөнхийлөгчийн суудалтай нижгэр угтахаар яаравчилж байгаа энэ аж.  
 
МАН-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БА НААДМЫН БЭЛТГЭЛ
 
         Олны хэлж буйгаар МАН-ынхан 2021 онд намаасаа Ерөнхийлөгчтэй болно хэмээн бат итгэж, Ерөнхийлөгчийнхөө наадмаар өмсөх дээлийнх нь загварыг нь хүртэл гаргасан сурагтай. Тэд Үндэсний баяр наадмаас өмнө иргэдээ бүрэн вакцинжуулж, Ардын хувьсгалын 100 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэнэ. Наадмаар 1024 бөх барилдуулж, үзэгчтэй наадам хийнэ хэмээн ам алдчихсан. 

         Одоо тэд баяр наадмынхаа бэлтгэлд гарчихсан урьд хожид байгаагүй өргөн дэлгэр тэмдэглэхээр бэлтгэлээ хангаж байгаа сурагтай. Ингэхдээ яам болгонд ажлын хэсэг байгуулж, хөрөнгө санхүүжилт төсөвлөчихсөн бэлтгэлээ хангаж эхэлсэн гэнэ. Батлан хамгаалахын салбарынхан гэхэд салбараараа өдөр, шөнөгүй бэлтгэлд гарч, наадмаар парад алхах их ажилд бэлтгэж эхэлсэн аж. Үүнд Тэмүжин өрлөг сургуулийн сурагчдыг хүртэл дайчилж, парад алхуулахаар цэргийн хувцсаар жигдрүүлэхээр загварыг нь хүртэл гаргаад, захиалчихсан гэх.  

          Ийн ганцхан У.Хүрэлсүх гэдэг Ерөнхийлөгчтэй болохын тулд МАН улсын төсвийг улайтал нь хоосолж байгаа сурагтай. Тэд Ерөнхийлөгчийн суудлаа л авчихвал хандив, зээл тусламжаар төсвөө бүрдүүлнэ гэх тооцоолол хийжээ. Гэвч дэлхий нийтээрээ цар тахлын хүнд үеийг даван туулж буй энэ үед манайд өгөх бэлэн мөнгөтэй чинээлэг улс ховор л байх болов уу. Үүнээс харахад наадмын дараа монголчууд бүсээ чангалж, элгээрээ хэвтэх нь тодорхой байна. 
 

Наадмын дараа монголчууд бүсээ чангалж, улсын төсөв “уйлна”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188